Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт Д.А холбогдох эрүүгийн 2124000750310 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ****************************

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч 2018 оны 07 дугаар сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших дэлгүүрээс химийн хорт болон аюултай бодис болох хөх өнгийн хуванцар савтай 20 литрийн хромын хүчил, бор өнгийн шуудайтай 19,250 грамм хэмжээтэй хромын хүчил, хөх өнгийн хуванцар савтай 10 литр шоргоолжны хүчил зэргийг 250,000 төгрөгөөр хууль бусаар худалдан авч, уг бодисоос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших өөрийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн хашаанд байрлах үйлдвэрийн байранд 2018 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан, мөн уг үйлдвэрийн хашаандаа 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хонины нэхийн боловсруулахдаа хадгалж байсан хромын хүчил, шоргоолжны хүчил зэргийг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 07 дугаар сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших дэлгүүрээс химийн хорт болон аюултай бодис болох хөх өнгийн хуванцар савтай 20 литрийн хромын хүчил, бор өнгийн шуудайтай 19,250 грамм хэмжээтэй хромын хүчил, хөх өнгийн хуванцар савтай 10 литр шоргоолжны хүчил зэргийг 250,000 төгрөгөөр хууль бусаар худалдан авч, уг бодисыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших өөрийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн хашаанд байрлах үйлдвэрийн байранд 2018 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хадгалсан,

мөн уг үйлдвэрийн хашаандаа 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хонины нэхийн боловсруулахдаа хадгалж байсан хромын хүчил, шоргоолжны хүчил зэргийг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан гэх хэргийн үйл баримт нь:

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Тосонцэнгэл сумын төвд Улаантолгой багийн нутаг дэвсгэрт хувиараа хонины нэхий элдэж боловсруулах үйл ажиллагаа явуулдаг Д.А гэх хүний ажлын байран дээр 2020 оны 10 дугаар сараас хойш элдсэн нэхийний оёдол хийдэг ажилтнаар нь ажилладаг юм. Тухайн нэхий угаадаг газрын ажлын байранд Д.У гэдэг хүн бас ажилладаг юм. Д.У бид хоёрыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхий угаадаг ажлын байран дээрээ нэхий угаагаад байж байхад өдөр 14 цагийн үед манай ажлын байраар аймгийн мэргэжлийн хяналтаас шалгалтаар явж байна гээд танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн юм. Тухайн үед тэр хоёр хүн ажлын байрны эзэн нь хаана байна хэн гэдэг хүн ажиллуулдаг юм гээд асуухаар нь Д.А гэдэг хүн ажиллуулдаг. Одоогоор хөдөө явчихсан эзэн нь байхгүй байна гэж хэлсэн юм. Тэгсэн тэр хоёр хүн та нар хортой нөхцөлд ажиллаж байгаа юм байна. Танай үйл ажиллагааг зогсооно гэхээр нь үндсэн эзэн нь байхгүй байна гэсэн чинь за тэгвэл 17 цаг өнгөртөл эзнийг чинь хүлээе гэж хэлээд явсан юм. Тэгээд орой 17:30 цагийн үед мэргэжлийн хяналтаас шалгалтаар явсан өдөр ирсэн нөгөө танихгүй эмэгтэй нэг танихгүй залуугийн хамт хүрч ирээд Д.У бид хоёрыг ажлын байрнаас гаргаад манай ажлын байрыг гадна талаас нь лацадчихаад явсан. Ажлын байрыг лацдах үедээ тэр мэргэжлийн хяналтын эмэгтэй танайх хортой нөхцөлд химийн бодис ашиглаж үйл ажиллагаа явуулж байна гэж хэлээд ажлын байрыг лацадсан. Тэр өдөр ажлын байрыг лацдах үеэр манай ажлын байрны эзэн Д.А хөдөөнөөс ирээгүй байсан. Миний хувьд нэхий угаах ажилд 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр орж ажилласан. Намайг нэхий угаадаг газарт ажиллахад нэхий угаадаг савны хажууд 2 ширхэг хөх өнгийн хуванцар савтай зүйл байдаг байсан. Нэхий угаадаг ажлын байран дотор нэхий хийж дэвтээдэг задгай амтай устай 4 ширхэг сав байдаг бөгөөд тэр савнуудын 2 сав руу нь Д.А 2021 оны 08 дугаар сарын 10-ны үед нөгөө хөх канистртай шингэн зүйлээс шанаганд хийгээд ус руу хийж найруулаад найруулсан усандаа хонины нэхий хийгээд 3 хонуулаад гаргаж ирээд хатааж байсан. Тухайн өдөр нөгөө 2 хөх канистртай шингэн зүйлийн хажууд байсан бас нэг ууттай зүйлээс шанагаар хутгаад нөгөө 2 саванд бас хийж байсан. Нэхий угаадаг газарт байсан 2 ширхэг хөх өнгийн хуванцар савтай зүйлийг Д.А өөрөө надад хэлэхдээ химийн бодис байгаа юм хэрэглэж үзэж байгаа юм гэсэн. Миний харснаар тухайн химийн бодис нь өнгө байхгүй ус шиг Шингэн зүйл байсан юм. 2021 оны 08 дугаар сарын 10-ны үеэр химийн бодис хийсэн 2 савтай усанд тус бүр 25 ширхэг хонины нэхий хийж дэвтээж байсан. Харин тэр химийн бодистой усанд хийсэн 50 ширхэг хонины нэхийг 3 хоногийн дараа гаргаад угааж байсан бөгөөд би тэр үед 10 гаран нэхийг воктой усанд бээлий өмсөөд гараараа угаасан. Би тэр нэхийг угаах үедээ ямар нэгэн хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй зөвхөн бээлий өмсөж байсан. Харин нөгөө химийн бодистой усанд дахиад 50 ширхэг нэхий хийж дэвтээгээд удаагүй ганц нэг хонож байтал мэргэжлийн хяналтаас шалгалт ирсэн. Харин сүүлийн 50 ширхэг нэхийг нөгөө химийн бодистой усанд хийх үеэр нөгөө химийн бодисоос хийсэн эсэхийг би анзаарч хараагүй. Миний хувьд 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр тэр нэхий угаадаг газарт орж ажилласан болохоор өмнө нь тэр химийн бодисоос хэрэглэж байсан эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Би тэр 2 савтай зүйлийг ямар нэртэй химийн бодис байсныг хэлж мэдэхгүй байна. Ажлын байрны эзэн Д.А химийн бодис байгаа юм ойртож болохгүй шүү гэж надад хэлж байсан. Ямар ч байсан өнгө байхгүй ус шиг шингэн зүйл байхыг би харсан. Тэр үед надтай хамт ажиллаж байсан Д.У гэдэг хүн харсан байх гэж бодож байна. Угаасаа Д.У гэдэг хүн яг тэр нэхий угаадаг газарт надаас өмнө ажиллаж байсан учир сайн мэдэж байгаа байх. Би тэр лацадсан өдрөөс хойш тэр нэхий угаалгын газарт очоогүй юм. Би ямар нэгэн гэрээ байгуулаагүй миний хувьд өдрийн хөлсөө 25,000-30,000 төгрөгөөр тохироод өглөө 09 цаг 00 минутаас 18 цаг 00 минутад хүртэл ажилладаг юм. Би тэр 2 савтай зүйлийг ямар нэртэй химийн бодис байсныг хэлж мэдэхгүй байна. Ажлын байрны эзэн Д.А химийн бодис байгаа юм ойртож болохгүй шүү гэж надад хэлж байсан юм. Ямар ч байсан өнгө байхгүй ус шиг шингэн зүйл байхыг би харсан юм. Тэр үед надтай хамт ажиллаж байсан Д.У гэдэг хүн харсан байх гэж бодож байна. Угаасаа Д.У гэдэг хүн яг тэр нэхий угаадаг газарт надаас өмнө ажиллаж байсан хүн учир сайн мэдэж байгаа байх. Манай ажлын байрыг мэргэжлийн хяналтаас лацдах үед манай ажлын байран дотор тэр 2 савтай химийн бодис гэх зүйл үлдсэн одоо ажлын байранд байгаа байх гэж бодож байна. Би тэр лацадсан өдрөөс хойш тэр нэхий угаалгын газарт очоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/

Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Тосонцэнгэл сумын төвд хувиараа хонины нэхий элдэж боловсруулах үйл ажиллагаа явуулдаг Д.А гэх хүний ажлын байранд ажилтнаар нь ажилладаг юм. Би тухайн нэхий элдэж боловсруулах газарт 2019 оны 06 сараас хойш ажиллаж байгаа юм. Би тухайн газарт хонины нэхийний өөх махыг авах, ажлын байрны дотор талд цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг хүн байгаа юм. Тухайн нэхий элддэг газарт надтай хамт О гэдэг хүн бас ажилладаг. О бид хоёрыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлын байран дээрээ ажиллаж байхад өдөр 14 цагийн үед манай ажлын байраар аймгийн мэргэжлийн хяналтаас шалгалтаар явж байна гээд танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Тухайн үед манай дарга Д.А хөдөө явчихсан байхгүй байсан тул О бид хоёр тэр шалгалтаар явж байгаа гэх 2 хүнд даргыг байхгүй гээд хэлсэн юм. Тэгсэн тэр 2 хүн та нар хортой нөхцөлд ажиллаж байна гээд манай ажлын байрыг лацдах гээд байхаар та нар манай даргыг иртэл түр хүлээгээч удахгүй хүрээд ирэх байх гэж хэлсэн юм. Тэгсэн тэр шалгалтын 2 хүн за тэгвэл 17:30 цаг хүртэл танай даргыг хүлээе ирэхгүй бол танай ажлын байрыг лацадна шүү гэж хэлчихээд явсан юм. Тэгээд 17:30 цаг болоод манай дарга ирээгүй бөгөөд мэргэжлийн хяналтаас шалгалтаар яваа өдөр ирсэн нөгөө танихгүй эмэгтэй нэг залуутай хүрч ирээд О бид хоёрыг ажлын байрнаас гаргаад манай ажлын байрыг гадна талаас нь лацадчихаад явж байсан юм. Ажлын байрыг лацдах үедээ тэр мэргэжлийн Хяналтын эмэгтэй танайх хортой нөхцөлд химийн бодис ашиглаж үйл ажиллагаа явуулж байна гэж хэлээд манай ажлын байрыг лацдаж байсан юм. Манай ажлын байранд намайг ажилд ороход 2 ширхэг хөх өнгийн хуванцар савтай зүйл байдаг байсан. Тэр 2 ширхэг хуванцар савтай зүйлийн хажууд ууттай зүйл байдаг байсан. Манай дарга Д.А энэ жил 2021 оны 08 дугаар сар гарсаар тэр 2 савтай зүйл, ууттай хором гэх бодисоос тус бүр 4 удаа ашиглаад ажлын байран дотор байдаг 4 ширхэг савтай усанд хийж найруулаад дотор нь нэхий хийгээд 3 хонуулаад нэхийгээ гаргаж байсан. Харин тэр химийн бодистой уснаас гаргаж ирээд воктой цэвэр усанд хийгээд гараар болон угаалгын машинаар угаагаад тэгээд нэхийгээ хатааж байсан юм. Тухайн химийн бодист хийж дэвтээсэн нэхийнүүдээс 4-5 ширхэг нэхийг 08 дугаар сар гарсаар мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтаас өмнө дарга өөрөө элдсэн. Тэгсэн дарга их хурдан элдүүр аваад их зүгээр юм байна гэж О бид хоёрт хэлж байсан юм. Манай дарга Д.А тэр савтай зүйлийг ямар нэртэй химийн бодис болохыг хэлээгүй. Харин ууттай зүйлийг хром гэх химийн бодис байгаа юм. Та нар хамаагүй энэ бодисуудад хүрч болгохгүй шүү гэж хэлж байсан. Манай дарга тэр химийн бодисуудыг усанд хийх үедээ амны хаалт зүүгээд та нар хол байж бай гэж хэлээд өөрөө усанд хийж найруулдаг байсан юм. Тухайн химийн бодисуудыг манай дарга Д.А усанд хийж найруулах үедээ 500 граммын хуванцар шанаганд хийгээд усруу хийж найруулдаг байсан юм. Тэр химийн бодис нь ус шиг өнгө байхгүй шингэн зүйл байхыг би харж байсан юм. Манай ажлын байран дотор 4 ширхэг задгай амтай хуванцар сав байдаг бөгөөд 1 саванд ойролцоогоор доод тал нь 25 ширхэг хонины нэхийг хийдэг юм. Тэгэхээр тэр 4 саванд химийн бодисыг тус бүр 4 удаа хийж нэхий дэвтээгээд ашигласан гэхээр доод тал нь 400 ширхэг нэхийг химийн бодистой усанд хийж хатаасан юм. Одоо химийн бодист хийж хатаасан нэхийнүүд нь элдээгүй байгаа. Намайг ажилд ороход ямар нэгэн химийн бодис огт ашиглаж байгаагүй монгол аргаар буюу шар сүү, тараг хоёрыг ашиглаж байсан юм. Харин 2021 оны 08 дугаар сар гарсаар тэр савтай химийн бодисоос манай дарга Д.А 4 удаа ашиглаад байгаа юм. Манай ажлын байрыг мэргэжлийн хяналтаас лацдах үед манай ажлын байран дотор тэр 2 савтай химийн бодис гэх зүйл үлдсэн одоо ажлын байранд байгаа. Манай дарга Д.А болон түүний эхнэр Л нар мэднэ. Мөн надтай хамт ажилладаг О мэдэж байгаа. Угаасаа манай ажлын байранд бид нараас өөр хүн ажилладаггүй юм. Би ямар нэгэн гэрээ байгуулаагүй миний хувьд өдрийн хөлсөө 20,000 төгрөгөөр тохироод өглөө 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг юм. Миний хувьд цалин бага байна шүү гэж дарга Д.Ад хэлдэг юм. Миний зүгээс тэр нэхийг угааж байгаагүй харин О гараараа угааж байсан юм..." гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тосонцэнгэл суманд 2021 оны 08 дугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт хийхэд тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, шир боловсруулах Их-мэргэн хоршооны үйлдвэр нь зөвшөөрөлгүй химийн бодис ашиглаж байна гэсэн мэдээллээр Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газар болон холбогдох албан хаагчид хяналт шалгалт хийж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу экологийн асуудал хариуцсан мөрдөгчийн хамт тухайн арьс шир боловсруулах үйлдвэрт очиход иргэн Д.А нь арьс шир боловсруулахдаа Хром, Шоргоолжны хүчил гэдэг 2 төрлийн бодис ашиглаж байсан бөгөөд том хэмжээтэй хуванцар савнуудад хонины нэхийнүүдийг Хром гэдэг бодистой уусмалд дэвтээсэн байсан бөгөөд холбогдох бичиг баримтыг шалгахад бичиг баримт байгаагүй. Химийн бодис ашиглах ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй тул улсын байцаагчийн акт үйлдэж үйл ажиллагааг нь түр зогсоосон юм. “Их-мэргэн” хоршоотой холбоотой танилцуулга, тайлан холбогдох зөвшөөрлийг шалгахад ямар ч холбогдох бичиг баримт байгаагүй химийн бодисоо Улаанбаатар хотоос худалдаж авсан гэсэн аман тайлбар өгсөн. Би аймаг дээр дуудахдаа холбогдох зөвшөөрлөө аваад ир гэж дуудахад ямар ч зөвшөөрөл байгаагүй. Үйл ажиллагаа явуулахдаа зөвшөөрөл авдаг гэдгийг мэдээгүй гэх тайлбарыг өгсөн. Иргэн Д.А нь өөрөө манайх Их мэргэн хоршоо гэж явдаг тамга тэмдэг байхгүй, 4-5 хүн цалинжуулаад ажилладаг гэж хэлсэн. Ажлын байрны хаяг нь дээрээ Их мэргэн хоршоо, арьс шир боловсруулах үйлдвэр гэсэн хаяг хадсан байсан. Өөр ямар нэгэн холбогдох бичиг баримт байгаагүй би тухайн үед тэмдэглэл хөтөлж тухайн хоршооны ажилтнаар гарын үсэг зуруулсан. Усны тухай хууль, Химийн хорт бодисын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль тогтоомжуудын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Химийн бодис ашиглах үед химийн бодис ашиглах тусгай Зөвшөөрлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авдаг. Мөн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамаар хийлгэх ёстой байдаг. Ус ашиглах зөвшөөрлийг ашиглах усны хэмжээнээс хамаарч орон нутгийн төрийн байгууллагуудаас авна. Хонины нэхий угаах, элдэх боловсруулах үйл ажиллагаа явуулахдаа химийн бодис ашиглаагүй бол тухайн орон нутгийн төрийн байгууллагаасаа холбогдох зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулж болно. Хувь хүн иргэнд олгож болно. Олгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл олгодог юм...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4203 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан хөх өнгийн хуванцар саванд 20 л ногоон өнгийн уусмал, 3 гэж дугаарласан бор өнгийн уутанд шуудайны хамт жин нь 19,250 грамм нунтаг ногоон өнгийн талст бодисын усан уусмал нь хоорондоо ижил, чанарын урвалаар хромын хүчил агуулсан шингэн байв. 2 гэж дугаарласан хөх өнгийн хуванцар саванд 10 л өнгөгүй шингэн нь нягт болон буцлах хэм нь шоргоолжны хүчилтэй ижил байна. Хромын болон шоргоолжны хүчил нь химийн хорт болон аюултай бодисын 3, 2, 1 ангилалд хамаарна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 29-33/

Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 07-04-020/14 дугаартай “...Химийн хорт болон аюултай бодис ашиглаж арьс шир боловсруулах үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээллийн дагуу Тосонцэнгэл сумын Улаан толгой багт байрлах “Их-мэргэн” хоршооны арьс, шир боловсруулах цехийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг тус хоршооны ажилтан С.О, Д.У нарыг байлцуулан 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үзлэг шалгалтыг газар дээр нь хийж гүйцэтгэлээ. Тус цехийн байранд шалгалт хийхэд зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис ашиглаж арьс шир боловсруулах үйл ажиллагаа явуулж байв. Үйлдвэрийн байранд хадгалж байгаа 15 кг хром, 50 л шоргоолжны хүчлийг зургаар баталгаажуулан шалгалтын тэмдэглэл үйлдэв. Шалгалтаар дараах нөхцөл байдал илэрлээ. Тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодис ашигласан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, Ус ашиглах дүгнэлт, эрхийн

Бичиггүй, Ус ашиглах үйлдвэрлэлийн зориулттай инженерийн шугам, сүлжээгүй, Технологийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлдэггүй зэрэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2, 7.3, Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.11, Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавих ерөнхий шаардлага MNS 5480:2014 стандартын 2.1.7, Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавих ерөнхий шаардлага MNS 5480:2014 стандартын 2.1.10 дахь заалтыг тус тус зөрчиж байна...” гэсэн акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-14/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Тосонцэнгэл сумын төвд Улаантолгой багийн нутаг дэвсгэрт хувиараа хонины нэхийг боловсруулан элдэж зах зээлд худалдан борлуулах үйл ажиллагааг 2018 оны 08 дугаар сараас хойш эхлээд явуулж байгаа юм. Манайх хонины нэхий боловсруулах үедээ монгол ахуйн аргаар цагааны ган, шар сүүний ган зэргийг ашиглаж хонины нэхийг дэвтээд элдэж боловсруулах үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Би Улаанбаатар хотоос 2018 оны 07 дугаар сард цайз зах дээрээс хонины нэхий элддэг элдүүрийн машиныг худалдан авч байсан юм. Намайг 2018 онд Улаанбаатар хотоос элдүүрийн машин худалдаж авах үед нэг танихгүй хүн надад үйлдвэр комбинатын тэндээс шоргоолжны хүчил, хром гэж бодис байгаа тэрийг та аваад нэхий элдэж боловсруулах үедээ хэрэглэвэл их зүгээр шүү гэж хэлж байсан юм. Тэгээд би тэр үед сонирхоод хотоос үйлдвэр комбинатын тэндээс нэг дэлгүүрээс хөх өнгийн хуванцар савлагаатай 20 литр шоргоолжны хүчил, мөн 20 литр хром гэдэг бодисыг нийтдээ 250,000 орчим төгрөгөөр худалдан авч байсан юм. Тэгээд дээрх 2 савлагаатай бодисыг би Тосонцэнгэл суманд авчраад огт ашиглаагүй ажлын байрандаа байлгаад байдаг байсан. Надад 2021 оны 06 дугаар сард гутлын үйлдвэрээс 1000 ширхэг элдсэн хонины нэхий авна гэсэн захилга ирсэн юм. Тэгээд би дээрх захиалгыг хийхээр 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3 жилийн өмнө авчирсан дээрх 2 сав химийн бодисыг туршиж үзье гэж бодоод 2 сав бүхий 600 литр цэвэр усанд нөгөө савлагаатай химийн бодисоос тодорхой хэмжээнд хийж найруулаад нэхийгээ дэвтээгээд 3, 4 хонуулаад 2 ширхэг нэхий гаргаж ирээд элдэж үзсэн чинь цагааны гангаас арай дээр юм шиг санагдсан. Намайг хөдөө ажлаар явсан хойгуур манай ажлын байраар мэргэжлийн хяналтын байцаагч нар хүрч ирээд манай 2 ажилтныг ажлын байрнаас гаргаад манай ажлын байрыг лацдаад явчихсан байсан юм. Тэгээд би аймгийн төв рүү очоод мэргэжлийн хяналтын улсын байцаагч Оросоо гэдэг хүнтэй уулзсан юм. Тэгсэн тэр байцаагч намайг зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглаж үйл ажиллагаа явуулсан тул цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж хэлсэн юм. Тэгээд би химийн бодис зөвшөөрөлгүйгээр ашиглаж нэхий боловсруулах үйл ажиллагаа явуулсан гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдах болсон юм. Миний зүгээс хууль дүрмийн дагуу их мэргэн гэдэг хоршоо, аж ахуйн нэгж байгуулсан зүйл огт байхгүй. Харин хашааныхаа гадна үүдний хэсэгт хүмүүсийн анхаарал татах санаатай Их мэргэн ХХК гэдэг хаягийг би өөрөө хийчихсэн байдаг юм. Би үйл ажиллагаа явуулж байгаа байрандаа ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт аваагүй. Миний хувьд дүгнэлт авдаг гэдгийг ч мэдэхгүй өдийг хүрч байна. Би одоо хаанаас худалдаж авсан болохоо санахгүй байна. Тухайн үед өдөржин хайж байгаад л тухайн газрыг олж байсан юм. Тэр газрыг зааж өгч чадахгүй гэж бодож байна. Би өөрөө Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй, үйлдвэр комбинат гэдэг нь хаана байдгийг хүртэл мэдэхгүй. Тухайн үед би ганцаараа явж байсан учраас хүмүүсээс асууж явсаар байгаад л олсон юм. Би тухайн үед 20 литерийн хуванцар савтай Шоргоолжны хүчил, шуудайтай хромын хүчлийг худалдан авч байсан юм. Сүүлд буюу 2021 оны 08 дугаар сарын 10-ны үеэр дээрх бодисуудыг устай найруулж байх үед савнаасаа илүү гараад байхаар нь 20 литрийн саванд юүлж хийсэн юм. Ингээд 2 ширхэг 20 литрийн савтай шингэн зүйл болоод байгаа юм. Шоргоолжны хүчил, хромын хүчил зэргийг 250,000 мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед бэлэн мөнгөтэй явж байсан болохоор мөнгөө тоолоод л өгч байсан. Би өөрөө багцаагаар л хийсэн юм, надад үүний талаар асуух ч хүн байхгүй. Зөвхөн хонины нэхий боловсруулдаг юм. Надад гэрчилгээ байхгүй, би энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад улсын бүртгэлийн гэрчилгээ авдаг гэдгийг огт мэдэхгүй байсан, мөн химийн хорт болон аюултай бодисыг ашиглахад хүртэл тусгай зөвшөөрөл авдаг гэдгийг сүүлд мэдсэн. Эхний ээлжинд хонины нэхийнээс шар мах болон өөхийг нь гараар түүж цэвэрлэсний дараагаар нэхийгээ сайн угааж хатаадаг. Хатаасны дараагаар цагааныхаа ганд хийж 7 хонуулж гаргаад хатсаны дараа нь элдүүрийн машинд хийж элддэг юм. Элдэж бэлэн болгосон хониныхоо нэхийг сумынхаа иргэдэд 1 ширхгийг нь 20,000 төгрөгөөр худалдан борлуулдаг юм. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би тухайн химийн бодисуудыг туршилтын шугамаар хийж байсан юм...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, 2018 оны 07 дугаар сард химийн хорт болон аюултай бодис болох хромын хүчил, шоргоолжны хүчил зэргийг хууль бусаар худалдан авч, хадгалж, ашиглан үйл ажиллагаа явуулсан гэх хэргийн үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Д.А холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.А химийн хорт болон аюултай бодис болох хромын хүчил, шоргоолжны хүчил зэргийг хууль бусаар худалдан авч, хадгалж, ашиглан үйл ажиллагаа явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авсан, хадгалсан, ашиглан үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх 48/

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгав.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа 1 гэж дугаарласан хөх өнгийн хуванцар савтай 20 литр ногоон өнгийн уусмал, 2 гэж дугаарласан хөх өнгийн хуванцар савтай 10 литр өнгөгүй шингэн уусмал, 3 гэж дугаарласан бор өнгийн ууттай, шуудайны хамт жин 19,250 грамм нунтаг ногоон өнгийн талст бодисыг тус тус устгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д.А химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авч, хадгалж, ашиглан үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.А оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа 1 гэж дугаарласан хөх өнгийн хуванцар савтай 20 литр ногоон өнгийн уусмал, 2 гэж дугаарласан хөх өнгийн хуванцар савтай 10 литр өнгөгүй шингэн уусмал, 3 гэж дугаарласан бор өнгийн ууттай, шуудайны хамт жин 19,250 грамм нунтаг ногоон өнгийн талст бодисыг тус тус устгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ