Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

    2022        04          01                                       2022/ШЦТ/241

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Г.Мижиддорж,

хохирогч Б.Т ,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч М.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 2210000000182 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа ТҮЦ-д ажилладаг, ам бүл 2, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 5-18 тоотод бүртгэлтэй, .................. тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон, М.М /РД:................/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 24-32 тоотод Э.Б.Т тэй маргалдан тамхины ишээ зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт дарж унтраан, үснээс нь татаж газар унгааж нүүр үү өшиглөх гараараа цохих, алгадах толгойгоор нь шал мөргүүлэх зэргээр зодож биед нь зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгээс дээш гадна болон дунд чихний хөндий рүү үргэлжилж зүүн чихний алх ясны толгой хэсгийг дайрсан шугаман хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт, зүүн чихний дэлбээ, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалганы цус хуралт, зүүн гуяны түлэгдэлт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн чихний үлэмж хэмжээний сонсгол бууралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч М.Мшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Б.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “......” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  3. Хохирогч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр миний найз Сэрээтэрийн төрсөн өдөр болоод намайг төрсөн өдөртөө урьсан. ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 24 дүгээр байрны 01 орцны 8 давхар тоот дугаарыг нь санахгүй байна. Ингээд Энхтөгсийн гэрт нь ороод сууж байхад гаднаас М.М найз Цэгжээ гэх эрэгтэй хүн орж ирээд бид нар баяр болж байгаа юм чинь гээд вино уугаад 5 лааз пиво хувааж уугаад юм яриад сууж байхад М.М татаж байсан тамхины ишээ миний зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт дарж унтраахаар нь би сэрээд чи одоо битгий давраад байгаарай гэж хэлээд би босох гэтэл миний үснээс татаж газар унагааж нүүр лүү өшиглөж алгадаж байхад би газар ухаан алдаад хэвтэж байсан. ...би маш их гомдолтой байна. эмчилгээнд зарцуулсан мөнгө болон хамрын хагалгааны мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
  4. Гэрч Э.Цигжээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчимд найз Сэрээтэрийн төрсөн өдөр болоод би найз М.М хамтаар очоод архи пиво уугаад сууж байхад Б.Т  ирсэн байсан. ...2021 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн орчимд Энхтөгсийн гэр болох Хан-Уул дүүргийн 24 дүгээр байрны 32 тоот гэрт нь очсон чинь Энхтөгс, Цолмон, Б.Т , М.М нар пиво уугаад сууж байсан. Бид нар хоорондоо юм яриад сууж байсан чинь Б.Т , М.М хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн чинь Б.Т , М.М үснээс зулгааж доош унагаасан ..М.М зөрүүлээд Б.Т гийн үснээс зулгааж унагаасан. Миний мэдэж байгаагаар би нилээн согтуу байсан учраас зарим үйл явдлыг санахгүй байна... М.М Б.Т гийн үснээс зулгааж үсдэж дараад газар унгааж толгойгоор нь шал мөргүүлээд байх шиг байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
  5. Гэрч Б.Энхтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө миний амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 24 дүгээр байрны 32 тоот гэртээ Цолмонгийн хамтаар байж байхад гаднаас Б.Т , М.М хоёр орж ирээд өөрсдийнхөө авч ирсэн пиво уугаад сууж байхад Б.Т , М.М хоёр юм яриад сууж байгаад ...Б.Т  хэрүүлийн чанартай юм яриад байсан. Тэгтэл Б.Т  босож ирээд М.М үснээс зулгаагаад газар унагаасан. Тэгээд бие биенийхээ үснээс зулгаагаад байсан. Тэгээд дундуур нь орж салгаад Б.Т г буйдан дээр хэвтүүлсэн чинь Б.Т  унтсан. Өглөө сэрсэн чинь Б.Т гийн нүүрний зүүн нүд хэсэг нь хөхөрч хавдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)
  6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №122 дугаартай:

“-Э.Б.Т гийн биед зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгээс дээш гадна болон дунд чихний хөндий рүү үргэлжилж зүүн чихний алх ясны толгой хэсгийг дайрсан шугаман хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт, зүүн чихний дэлбээ, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалганы цус хуралт, зүүн гуяны түлэгдэлт, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн чихний үлэмж хэмжээний сонсгол бууралт /30db/ гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгээс дээш гадна болон дунд чихний хөндий рүү үргэлжилж зүүн чихний алх ясны толгой хэсгийг дайрсан шугаман хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт, зүүн чихний дэлбээ, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалганы цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн чихний үлэмж хэмжээний сонсгол бууралт /30db/ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр, зүүн гуяны түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Зүүн талын чамархай ясны шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.

-Зүүн чихний үлэмж хэмжээний сонсгол бууралт /30db/ нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.

-Мед травма эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн толгойн компьютер томограммын шинжилгээгээр зүүн чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугаралтай байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 60-62 дахь тал)

7. Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зүүн талын чамархай ясны шугаман хугарлаас бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн гэмтэлд хамаарна. ...эмчилгээ эдгэрэлтээс шалтгаалан нөхөн сэргээгдэх боломжтой... чамархай ясны хөхлөг сэртэнгээс дээш гадна болон дунд чихний хөндий рүү үргэлжилж зүүн чихний алх ясны толгой хэсгийг дайрсан шугаман хугарал нь нэг удаагийн хүчин зүйл буюу цохих цохигдох өшиглөх гэх мэтийн үйлчлэлээр үүсэх ба хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал)

8. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 138-139 дэх тал)

9. Хохирогчоос гаргаж өгсөн биед учирсан гэмтэлтэй холбоотой баримтууд (хавтаст хэргийн 161-183 дахь тал)

10. Шүүгдэгч М.Ммөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би үснээс нь зулгааж шал мөргүүлсний улмаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө сэрсэн чинь Б.Т  зүүн чих нь улайж хавдаж хөхөрсөн, зүүн нүд нь хөхөрч улайсан байсан. Тэгээд Б.Т  миний чих өвдөөд байна хоёулаа эмнэлэг явъя гэж хэлээд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улсын гуравдугаар эмнэлгийн урд талд байрлалтай нэрийг нь мэдэхгүй эмнэлэгт үзүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах INT мед эмнэлэгт үзүүлж эмч нарын бичиж өгсөн эмнүүд болон үзлэгийн төлбөрийг төлсөн. Эм авч өгөөд эмнэлэгт үзүүлсэн 186250 төгрөгийг би төлсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дэх тал).

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 107 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 102 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 103 дахь тал), хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 109 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 24-32 тоотод Э.Б.Т тэй маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг тус тус шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.М нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж хохирогч Э.Б.Т тэй маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, нүүр лүү нь өшиглөх, толгойгоор нь шал мөргүүлэх, гараараа цохих зэргээр зодож гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өшиглөх, гараараа цохих, шал мөргүүлэх зэрэг идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 122 дугаартай дүгнэлт болон мэдүүлгээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б.Т гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт 20 ширхэг баримт /хавтаст хэргийн 141-150, 152-153/ гаргаж өгсөн бөгөөд хэргийн 143 дахь хуудсанд байх 2 ширхэг 130.000 төгрөгийн баримт, 144 дэх хуудас болон 145 дахь хуудасны 3 дахь баримт, 146 дахь хуудасны 14.000 төгрөгийн 2 ширхэг баримтууд тус тус давхацсан мөн 150 дахь хуудасны 1 дэх баримт нь үзлэгийн баримт байх тул дээрх баримтуудыг шүүх үнэлээгүй бөгөөд давхцаагүй 818.660 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзэн хохирол хор уршигт тооцсон бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 850.000 төгрөгийг төлж барагдуулсан буюу баримттай хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан банкны шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 211 дэх тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Харин хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хамрын хагалгааны төлбөрөө нэхэмжилсэн боловч шүүхээс ирээдүйд гарах хагалгааны зардал болон түүнтэй холбоотой зардлыг урьдчилсан тооцоолж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой зардал буюу цаашид гарах хагалгааны зардал болон түүнтэй холбоотой бусад зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг.../, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн, улсын яллагчаас санал болгосон ялын санал буюу 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М ийг 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/  торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч М.Мүйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч М.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М ийг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Шүүгдэгч М.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Мэс нийт 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг хохирогчид нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон түүнтэй холбоотой гэм хорын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.Мд сануулсугай.

       

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР