Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/289

 

 

 

 

 

 

 

 

    2022       04             18                                     2022/ШЦТ/289

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Б.Хурц,

хохирогч О.С ,

шүүгдэгч Н.Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хд холбогдох эрүүгийн 2210000000280 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ..............оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Н.Х /РД:................./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н.Х нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газарт согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч О.С  биед халдаж, түүний биед тархи доргилт, баруун, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, баруун гуянд цус бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Н.Н.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өмнө нь бааранд орж байгаагүй, тухайн өдөр манай найзууд баар үзүүлнэ гэж хэлээд оръё орсон. Манай найз Минт гэх баар үзүүлнэ гэж хэлэхээр нь хамт орсон. Би гэрийн хувцастай явсан болохоор босож чадаагүй. Би ууж чаддагүй болохоор нэг юм өгсөн дарс гэж бодоод уусан боловч виски байсан. Бааранд орж үзээгүй тул хүчтэй дуу чимээ, эргэлдсэн гэрэл байсан. Нэг харахад өндөр хүүхэнтэй муудалцсан байсан. Уучлаарай, энд зогсож байгаадаа ичиж байна. Миний хүү саяхан хагалгаанд орсон. Байнгын асаргаа сувилгаанд байдаг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч О.С  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө буюу шинийн 3-ны өдөр байсан. Би нөхөртэйгөө түүний эрэгтэй найзуудтай хамт VIP-д үйлчлүүлж байгаад хаангуут нь найз охинтойгоо түрүүлээд хаалга руу явж байхад Нандин-Эрдэнэ, Учрал гэх манай нөхрийн найзын дүү нар дуудсан. Би хувцсаа өмсөөд гараад явж байсан. Дуудахаар нь очоод сайн байна уу гэж хэлээд сайхан баярласан уу гэж хэлсэн. Ширээн дээр байсан вискийнээс хундагалж өгсөн. Бид нар ярилцаж байхад бүгд жоохон хүүхэдтэй хүмүүс байсан. Манай хүүхэд 9 сартай гэж хэлэхэд жоохон хүүхэдтэй юм байна ш дээ та 2 ямар гоё юм бэ гэж хэлэхэд харин тиймээ бид нар бие биедээ цаг гаргахгүй бол болохгүй гэж ярьж байтал ардаас үстсэн. Би өндөр өсгийтэй явж байсан. Өндөр өсгийтэй явж байсан тул өвдгөөрөө чанга унасан. Гаран дээр зулгаралт үүссэн бэ гэвэл алтан бөгж зүүсэн байсан. Алтан бөгж зөөлөн болохоор хэлбэр нь алдагдаад гар руу шигдсэн байсан. Энэ хүн өшиглөснөө өөрөө санахгүй байх шиг байна. Би 32 настай, тухайн бааранд өдөр бүр орж гардаг байна уу, хамаагүй.Эмэгтэй хүн өөрөө өөртөө хариуцлагатай байх ёстой, эмэгтэй хүн юу хийж байгаагаа мэддэг байх ёстой. Намайг холбогдохгүй байсан гэж байна. Би чатаар хүүхэдтэй хүн, би чамайг муухай хэлсэн бол одоо яах вэ, муухай хэлэх битгий хэл муухай ч хараагүй. Яагаад надад зодуулсан гэж намайг буруутгаж миний эсрэг гомдол гаргасан юм бэ, Зодуулчихаад босож ирчихээд муухайгаар хэлээгүй. Муухай үг хэлээгүй, босоод үсээ боочихоод холдоод явахдаа бичлэг байгаа юм чинь учиртай гэж хэлсэн. Нандин-Эрдэнэ, Цацрал нар над дэр ирээд уучлаарай, манай найз согтуу байна, уучлаарай гэж хэлсэн. Тэр үед нь цагдаа гэж хэлэх боломжтой байсан. Тэр талаар ямар нэгэн мэдлэг байхгүй, эмэгтэй хүн цагдаад эрүүлжүүлэхэд хононо гэдэгтэй санал нийлдэггүй. Маргааш нь залгаад учраа олох байх гэж бодсон. Надаас уучлалт гуйсан нь үнэн. Би цагдаад өгнө, утсаар ярьж тохиролцмооргүй байна. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авна гэдгээ хэлсэн. Чи битгий цагдаад өгөөч би 3 хүүхэдтэй осолд орсон гэж надаас гуйсан болохоор хүлээсэн. Тэрнээс биш тоохгүй байж байгаад гэнэт гарч ирсэн зүйл байхгүй. Тэр орой ч тэр, маргааш нь тэр надад бичлэгийг өгч байсан. Хүмүүс надад чи ямар тэнэг юм бэ, шууд хэлэх ёстой ш дээ гэж хэлэхээр нь энэ хүн надаас гуйсан ч ш дээ гэж хэлж байсан. Шүүх эмнэлэгт очихгүй байсан шалтгаан нь юу вэ гэхээр цагдаа надад та 2 тохиролцох юм бол наад хүн чинь шүүх рүү очихгүй гэж хэлсэн. Тэгэх юм бол энэ хүнд асуудал гарахгүй. Тохиролцохгүй бол энэ хүн шүүх рүү хэрэг нь явдаг гэхээр нь хүлээсэн. Цагдаа над руу залгаад шүүх эмнэлэг дээр өөрөө очиж үзүүл, энэ хүн чамд зодуулсан гэж мэдүүлэг өгсөн байгаа гэж хэлэхээр нь шүүх эмнэлэг дээр очсон. Шүүх эмнэлэгт 14 хоногийн дараа очиход надад тийм гэмтэл байсан. Одоо хүртэл миний толгой өвддөг. 3 дугаар эмнэлэгт үзүүлж байгаа. Би танд муу үг хэлж үзээгүй, эмэгтэй хүн рүү муухай харж үзээгүй. Маш их гомдолтой байна. Надаас ганц ч уучлалт гуйгаагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  3. Хохирогч О.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би нөхөр Өсөхбаяр болон найз нарын хамт Минт клубт орсон. Тэнд үйлчлүүлж байгаад 00 цагийн үед тараад гарах гэж байтал өөр ширээнд сууж байсан танил Нандин-Эрдэнэ намайг хараад манд мэдээд дуудсан. Тэгээд би ширээнд нь суухгүйгээр хальт зогсоод мэнд мэдэлцээд ойр зуурын юм яриад 1-2 минут болсон. Тэгтэл гэнэт нэг хүн араас намайг үсдэж унагаагаад өшиглөж зодож цохьсон. Тэгэнгүүт тэр ширээнд ь сууж байсан Цацрал гэх зүс таних эмэгтэй болон надтай хамт тэр орой хамт суусан ТҮмээ нар болон клубын хамгаалагч нар намайг тэр эмэгтэйгээс салгаж холдуулсан. Намайг дуудсан Нандин-Эрдэнэ ширээндээ дөрвүүлээ сууж байсан бөгөөд би тэдний хоёрыг нь таних бөгөөд үлдсэн танихгүй хоёр хүний нэг эмэгтэй нь намайг үсдэж зодсон юм. ...намайг үсдэж дараад хөлөөрөө миний хөл гар луу өшиглөсөн. Миний хоёр гар луу өшиглөснөөс хоёр гарын чигчий хуруу хэсэгт шалбарч хөхөрсөн. Учир нь би баруун чигчий хуруундаа алтан бөгж зүүсэн байсан учир зөөлөн металл болохоор өшиглөлтөд хэлбэрээ алдаж хуруу руу шигдсэн. Хөлийн хоёр өвдөг, баруун гуя зэрэг хөхөрсөн байсан. Тэр өдөр өшиглүүлснээс толгой тархи өвдөж мөн нялх хүүхдээ хүнээр харуулж орхисон байсан учраас цагдаад гомдол гаргаж чадаагүй... маргааш өглөө нь намайг уучлаарай би үнэхээр согтуу байсан байна аа гэсэн  ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
  4. Гэрч Н.Түмэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сувдаа тэдний ширээн дээр очоод суулгүй зогсоогоороо мэнд мэдээд яриад 5 орчим минут зогссон. Тэгж байтал тэр ширээнээс нь нэг махлаг намхан эмэгтэй босож ирээд Сувдаагийн араас үснээс нь зулгаагаад хойш нь дараад газар унагаасан. Тэгэнгүүт нь би очоод салгалцсан. Тэр ширээний хүмүүс ч бас босож ирээд салгах гэж оролдсон болов ч хэсэгтээ салахгүй зууралдаад үснээс нь зулгаагаад, энд тэнд нь өшиглөөд тавихгүй байсан. ... салгасны дараа үс нь сэгсийгээд хувцас хунар өмсөж явсан пальто нь шороо тоос болсон, бас чигчий хуруу нь зүүсэн бөгжиндөө шахагдаж зүсэгдээд цус гарсан байдалтай, нүүр дух нь улайсан байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)
  5. Гэрч С.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ширээний хажуугаар Сера явж өнгөрөхөөр нь мэндлээд хундага тулгасан. Гэтэл Н.Х гэнэт босож ирээд Серагийн үснээс нь араас нь зулгаагаад дарж унагаасан. Серагийн найз болон Цацаа бид гурав тэдийг салгасан. ...би үнэхээр ойлгоогүй. Н.Х хэтэрхий согтоод тийм үйлдэл гаргасан байх. Тэрнээс тийм үйлдэл гаргах ямар ч шалтгаан байхгүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал)
  6. “Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №ХУ1-22-242 дугаартай: “...ай ватч сериэс-7 загварын ухаалаг цагны солиулах зардал-600.000 төгрөг, турк улсад үйлдвэрлэгдсэн үнэгэн захтай пальто цэвэрлэгээний хөлс-48.800” төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 44-45 дахь тал)
  7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3191 дугаартай:

“-О.С  биед тархи доргилт, баруун, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

6. Шүүгдэгч Н.Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...манай найз Нандин-Эрдэнэ үсээ улаанаар будсан эмэгтэйтэй дюм яриад байж байхаар нь муудалцаж байгаа юм байх гэж бодоод би очоод ширээний хажууд зогсож байхаар нь тэр эмэгтэйн араас нь үсдээд авсан чинь хойшоо бөгсөөрөө газар унасан. Тэгсэн чинь тэр эмэгтэй яах гэж ийм гуйлгачдыг оруулж ирдэг юм, мэдрэл муутай боловсролгүй гэх мэтээр намайг элдвээр доромжилж орилсон. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал)

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н.Х нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газарт согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч О.С  биед халдаж, түүний биед тархи доргилт, баруун, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, баруун гуянд цус бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Н.Х нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж хохирогчийг шалтгаангүйгээр үсдэж, өшиглөн түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, баруун гуянд цус бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд үсдэх, өшиглөх зэрэг идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3191 дугаартай дүгнэлтээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Н.Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.С  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын мөнгөө гаргуулж авмаар байна гэх боловч хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт хавсаргуулаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй буюу ямар хэдэн төгрөгийн ямар эмчилгээг эрүүл мэнддээ зарцуулсан, ямар эм тариа авч хэрэглэсэн талаар баримт байхгүй байх тул шүүхээс дээрх нэхэмжлэлийг мөнгөн дүнгээр тооцон шүүгдэгчээс гаргах боломжгүй бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

Харин шүүхээс шүүгдэгч нь хохирогчийг зодох явцад түүний зүүж явсан бугуйн цаг эвдэрсэн, мөн хохирогчийн өмсөж явсан хувцас бохирдсоныг хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсэн байдлыг гэмт хэргийн улмаас шууд бусаар учирсан хохирол буюу гэм хорын зардал гэж үзэн хохирогчид учирсан гэм хорыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хэмжээгээр буюу 648.800 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзсэн ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд хохирогчид 648.800 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

  1.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх төлбөргүй,  шүүгдэгчийн хувийн байдал /...30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../, 3-9 насны 3 хүүхэдтэй, тархины өвчтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Хг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н.Хд оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. 

              Харин шүүгдэгч Н.Н.Хгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Н.Н.Хд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Хг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н.Хд оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Н.Н.Хд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Н.Хгаас нийт 648.800 /зургаан зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг хохирогч О.С д нөхөн төлснийг дурдсугай.
  7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Н.Хд сануулсугай. 
  9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Н.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР

 

 

Б.Х