Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 1

 

Э.Ү-, О.Э-,  Б. Г-,  Б.Ө-, Ц.Б-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: 

Прокурор                                      А.Оргилбаяр

Шүүгдэгч                                       Э.Ү-, О.Э-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Л.Оюунсувд, Б.Чинбаатар, А.Мөнхбат

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүээр сарын 24-ний өдрийн 341  дугаар шийтгэх тогтоолтой, Э-ийн Ү-, О-ын Э-, Б-ы  Г-, Б-ий Ө-, Ц-ийн Б- нарт холбогдох, 1818001050103   дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарын өмгөөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай. Т- овогт Э-ийн Ү-,

-Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,   хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай. Б- овогт О-ын Э-,

-Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ы  Г-,

-Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Хороо  овогт Ц-ийн Б-,

-Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Боржигон овогт Б-ий Ө-.

-Шүүгдэгч Б. Г-, шүүгдэгч Б.Ө- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэр Залуучууд театрын ертөнцийн зүгээр зүүн талд хохирогч Б.Б-ын зүй бус үйлдлийн улмаас маргалдан улмаар татаж унагаан нүүрэн тус газар нь гараараа болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Б. Г-, Э.Ү-, О.Э- нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 01 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 017 дугаар хэсгийн 03 дугаар гудамжны 09 тоотод үйл ажиллагаа явуулж буй “Отгонтэнгэр" хүнсний дэлгүүрт орж  1.090.000 төгрөг, бичиг баримт зэргийг хулгайлсан.,  

-Шүүгдэгч Ц.Б- нь өсвөр насны шүүгдэгч Б.Г-, шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарын “Отгонтэнгэр" хүнсний дэлгүүрээс хулгайлсан 1.090. 000 төгрөг, бичиг баримт зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж 60000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн  341 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч  Э.Ү-,  О.Э-, өсвөр насны шүүгдэгч  Б. Г- үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  хулгайлсан.,

-Өсвөр насны шүүгдэгч Б.  Г-, шүүгдэгч Б.Ө- нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.,

Шүүгдэгч  Ц.Б-ийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заснаар шүүгдэгч О.Э-, Э.Ү- нарыг тус бүр 2 /хоёр/ жил хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б. Г-ыг 1 жил хорих ялаар, 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б. Г-ыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Ө-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450. 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ц.Б-ид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсч,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2.т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б. Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 2 /хоёр/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б. Г-од оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхээр,

       -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Ө-ад оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

        -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Б.Ө- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

       -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3.т заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-оос 60.000 /жаран мянга/ төгрөг гаргаж улсын төсөвт шилжүүлэхээр,..

        Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ү-, О.Э-, өсвөр насны шүүгдэгч Б. Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих, шүүгдэгч Ц.Б-, Б.Ө- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарын өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

...Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн үед үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатнаас сайн дураараа нөхөн төлсөн байдаг учраас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй.

Анхан шатны шүүх ялыг хуульд заасан хэмжээгээр багасгаж тэдэнд оногдуулсан хэдий ч өсвөр насны хүүхдэд ял шийтгэл оногдуулж байгаагаа анхааран үзээгүй бөгөөд  гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны хэрэг ч өсвөр насны хүүхдүүдийн хувьд хүлээлгэх хариуцлага нь тэдний нас биед тохирсон эрүүл мэнд ёс суртахуун сэтгэцийн онцлог мөн тухайн хүүхдийн хувийн байдалд тохирсон байх, өсвөр насны хүүхдийг нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэсэн байх ёстой гэж үзэж байгаа болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1.11.д хүүхдийн эрх ашгийг төр хамгаална гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийн 8.1.5.д  шүүх 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж, мөн хуулийн 7.6.д  анх удаа гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж тус тус заасан байх ба энэ хуулийг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Э.Ү-. О.Э- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ бага насны буюу өсвөр насны хүн байсан, үйлдсэн хэргийнхээ учир холбогдол үр дагаварыг бүрэн ойлгож чадаагүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон, цаашид засарч хүмүүжиж эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр хийгээд зөв хүмүүжилтэй иргэн болж төлөвших боломжтой хүүхдүүд юм.

Иймд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, хөдөлмөрлөх зөв арга барилд сургах зорилгоор дээрх хуулийн заалтуудыг удирдлага болгон оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, ял хойшлуулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарын өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

...Өсвөр насны шүүгдэгчид хорихоос өөр төрлийн оногдуулахаар талаар гаргасан  давж заалдах  гомдлоо дэмжиж байна...  гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Ү-ын өмгөөлөгч А.Мөнхбат тайлбартаа:

....Өсвөр насны шүүгдэгчид хорихоос өөр төрлийн оногдуулахаар талаар гаргасан өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна...  гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Ү- тайлбартаа:

...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Э- тайлбартаа:

...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эндээс гарч хөдөлмөр эрхэлж зөв амьдарна гэв.

      Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч Б. Г-ын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

...Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийнхээ хүрээнд Б. Г-ын эрх зүйн байдлыг дээрдүүлж өгөхийг хүсч байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Б. Г-, шүүгдэгч Б.Ө- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэр Залуучууд театрын ертөнцийн зүгээр зүүн талд хохирогч Б.Б-ын зүй бус үйлдлийн улмаас маргалдан улмаар татаж унагаан нүүрэн тус газар нь гараараа болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.,

-Өсвөр насны шүүгдэгч Б. Г-, шүүгдэгч Э.Ү-, О.Э- нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 01 дүгээр сард Дархан- Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 017 дугаар хэсгийн 03 дугаар гудамжны 09 тоотод үйл ажиллагаа явуулдаг  “Отгонтэнгэр" хүнсний дэлгүүрт орж  1.090.000 төгрөг, бичиг баримт зэргийг хулгайлсан., 

-Шүүгдэгч Ц.Б- нь өсвөр насны шүүгдэгч Б. Г-, шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарын   “Отгонтэнгэр" хүнсний дэлгүүрээс хулгайлсан  1.090. 000 төгрөг, бичиг баримт зэргийг  гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж 60.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэг  тус тус   үйлджээ.

Энэ үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтууд болон шүүгдэгчдийн мөрдөн шалгах шат, шүүхийн хэлэлцүүлэгийн үед   өгсөн  мэдүүлгээс гадна хохирогч  Б.Б-, М.Наранцэцэг нарын мэдүүлэг, гэрч  Ж.Боловсон, О.Бадамцэцэг,  Д.Энхтуяа нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 125  дугаар дүгнэлт, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зэргээр   нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв  байна.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон  үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял оногдуулжээ.

Гэвч шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Ү-, О.Э-, Б. Г- нар бусдын эд зүйлийг хулгайлж 1.090.000 төгрөгний хохирол учруулснаа үнэн зөв хүлээн мэдүүлж хохирлыг төлж барагдуулсан,    шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарын бие бялдар нас биеийн  онцлогийг харгалзан үзэж  тэдэнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5.д заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж тэднийг  нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах,  хүмүүжил төлөвшилд чиглэсэн   сургалтанд   хамруулах,  гэмт хэргийн  хор уршгийг ухамсарлуулахад чиглүүлэх нь энэрэнгүй ёсны зарчимд нийцэх тул  энэ талаар  бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой  байна.

              Харин  анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарт  2 жил хорих ял, өсвөр насны шүүгдэгч Б. Г-ыг 1 жил 2 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих шийдвэр гаргахдаа өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан саналыг хэрхэн няцаасан тухай үндэслэлээ тодорхойлоогүй.,   шүүгдэгч Б. Г-, Б.Ө- нар бүлэглэн иргэн Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд  ял оногдулахдаа   ялыг ямар учраас ялгамжтай оногдуулсан  үндэслэлээ заагаагүй., шүүгдэгч Б.Ө-ад оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэрхэн хэсэгчлэн төлөхийг заагаагүй., шийтгэх тогтоолын  удиртгал хэсэгт шүүгдэгч  Б.Ө-ын нэрийг  ...Ц.Өнөрбаяр... гэж буруу бичсэн  зэрэг зөрчил гаргасан байна.

           Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлыг хүлээн авч,  шийтгэх тогтоолд дээрх үндэслээр  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 341 дугаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт  “...Ц.Өнөрбаяр...” гэснийг   “...Б.Ө-...” гэж өөрчлөн, ТОГТООХ хэсэгт:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5.д заасныг журамлан мөн хуулийн  8.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарт оногдуулсан 2 жил хорих ял, өсвөр насны шүүгдэгч Б. Г-од оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ял оногдуулсан мөн хугацаагаар хойшлуулсугай... гэсэн,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Э.Ү-, О.Э- Б. Г-од нар хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдвэл оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй... гэсэн.,

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2., 2.5.д зааснаар шүүгдэгч Э.Ү-, О.Э-, Б. Г- нарыг хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 2 сарын хугацаагаар хамруулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай... гэсэн заалт тус тус нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг :

           -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Ө-ад оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сар бүр  225.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай... гэж   өөрчилж,  тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг хүчингүй болгож,   бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Э.Ү-, О.Э-, Б. Г- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэднийг сулласугай.

4. Шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарын өмгөөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ТУЯА

                                                          ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                              Б.МАНЛАЙБААТАР