Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2015/0483

 

БЦТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х , хариуцагч Т.Ч , Г.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 525 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор БЦТ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ч , Г.О нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 230010474 дүгээр актын Тогтоох нь хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын 763,363,6 мянган төгрөгийн зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 1. 2011 оны 12 дугаар сард ИДЭ ХХК-аас 736,363,636.36 төгрөгийн бараа, материал худалдан авснаар нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан авч төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 230020 дугаар дүгнэлт бичсэнийг Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 379 дүгээр шийдвэрээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, татвар төлөгч 73,636,363.6 төгрөгийг хүлээн зөвшөөрч, татварын дансанд төлсөн байсан. Татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.3-д нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, 74.2-т Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-д Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна заалтыг үндэслэн 73,636,363.6 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж, 22,090,909.10 төгрөгийн торгууль, нөхөн татварыг төлсөн өдрийг хүртэл 13,497,510.00 төгрөгийн алданги ногдуулсан.

2. БЦТ ХХК-ийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх томилолт Татварын улсын байцаагч Т.Ч , Л.Н  нарт 2013 оны 05 дугаар сард өгөгдсөн бөгөөд Татварын албанаас хяналт шалгалт хийх тухай мэдэгдэхэд компанийн захирал Т.Б ы хүү нь тархины хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж байгаа шалтгаанаар татварын албанд ирж уулзаагүй тул 2013 оны хий бичилттэй падааны дүнгээр дүгнэлт бичээд гүйцэтгэх захирал С.Э аар гарын үсэг зуруулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Нийслэлийн прокурорын тогтоол 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гарсан тул шилжиж явсан Л.Н  байцаагчийн оронд татварын улсын байцаагч Г.О 10 дугаар сард томилогдсон. Татварын албанаас хяналт шалгалт хийх тухай БЦТ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э , нягтлан бодогч н.Солонго нарт мэдэгдсэний дагуу санхүүгийн баримтуудаа авч ирж өгсөн. Татварын хяналт шалгалтыг эхлүүлж, компанийн удирдлагуудтай уулзаж, ярилцлага хийхээр дуудахад компанийн захирал Т.Б ы хүү нь тархины хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж байгаа өвчний онош, онгоцны билетийн хуулбар зэрэг баримт материалыг ирүүлсэн тул Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хяналт шалгалт хойшлогдсон. 2014 онд төлөвлөгөө батлагдахад 2 дугаар сард шалгалт хийх томилолт өгсний дагуу татвар төлөгчийг дуудахад эмчилгээ дуусаагүй дахин явсан гээд ирэхгүй байсан тул 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хяналт шалгалтын ажлыг дуусгаж, актыг байгууллага дээр нь хүргэж өгсөн гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БЦТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 230010474 дүгээр актын тогтоох хэсгийн 1.1 дэх заалтыг захиргааны хууль бус акт болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О , Т.Ч  нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Тайлбар 1.1. Татварын улсын байцаагчийн 230010474 дүгээр актаар 763,363,636.36 төгрөгийн барааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа-ны хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй... гэсэн заалтыг үндэслэсэн. Шүүх хурлын материалд татварын улсын байцаагчийн акт, анхан шатны баримтууд авагдсан байгаа.

Тайлбар 1.2. Тус аж ахуйн нэгжид өмнө нь 230020 дугаар дүгнэлтээр 763,363,636, төгрөгийн татвар ногдох орлогыг бууруулсан байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн болно. БЦТ ХХК нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа 73,636,363.63 төгрөгийн татвар төлж улсад учруулсан хохирлоо барагдуулсан тул Нийслэлийн прокурорын газрын 379 дүгээр тогтоолын дагуу БЦТ ХХК-ийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй..., Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн 230010474 дүгээр актыг тогтоосон.

Тайлбар 2.1. БЦТ ХХК нь ИДЭ ХХК-аас 736,363,636,36 төгрөгийн барааг худалдан авсан нь анхан шатны баримтаар нотлогдоогүй, ИДЭ компанид цементийн төлбөр шилжүүлсэн, төлсөн баримт хэрэгт авагдаагүй, эдгээр компанитай тооцоо нийлсэн акт байхгүй, БЦТ ХХК нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа падаан баримтыг хуурамчаар бүрдүүлснээ хүлээн зөвшөөрч 73 636,363,63 төгрөгийн татварыг төлж, улсад учруулсан хохирлоо барагдуулсан тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй... гэсэн заалтыг үндэслэсэн. Татварын улсын байцаагчийн 230010474 дүгээр акт нь 73,636,363,63 төгрөгийн татварыг давхардуулж ногдуулаагүй бөгөөд прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах үед төлсөн татварт нь татварын ногдол үүсгэж, торгууль, алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн акт гаргасан болно.

Тайлбар 2.2. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.4-д тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.3-д Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэсэн заалтыг үндэслэн 736,363,636.36 төгрөгийн зөрчилд 73,636,363.63 төгрөгийн нөхөн татвар, түүний 30 хувь болох 22,090,909.10 төгрөгийн торгууль, татварыг хугацаандаа төлөөгүй саатуулсан хоногт 13,497,510.00 төгрөгийн алданги, (Засгийн газраас 2011 онд тогтоосон алдангийн хэмжээ-0,056) нийт 109,224,782.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоогдсон нь хууль зүйн үндэслэлтэйг нотолж байна. Иймд уг хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч БЦТ ХХК-аас Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 230010474 дугаар актын тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын 736,363.6 мянган төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс 2010-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, БЦТ ХХК-ийг 2011 оны 12 дугаар сард ИДЭ ХХК-аас 736363.6 мянган төгрөгийн бараа, материал худалдан авснаар нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бүрдүүлж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэж үзэж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 230020 дугаар дүгнэлт үйлдэж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн, эрүүгийн журмаар шалгах явцад БЦТ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э  73,636.3 мянган төгрөгийг 2013 оны 03, 05 дугаар саруудад төлснөөр хохирлоо бүрэн барагдуулсан гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 379 дүгээр тогтоолоор С.Э ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Үүний дараа Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 230010474 дүгээр актын 1.1 дэх заалтаар БЦТ ХХК-аар 73,636,363.63 төгрөгийн нөхөн татвар, 22,090,909.10 төгрөгийн торгууль, 13,497,510.00 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нэгэнт төлөгдсөн буюу акт үйлдэгдэхээс өмнө төлөгдсөн татварыг дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын байцаагчийн дээрх акт Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, актын холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

 

Татварын улсын байцаагчийн дүгнэлт болон төлбөр төлөгдсөн нь бүртгэлийн програмд харагдах боломжгүй нь хариуцагч нарыг төлөгдсөн татварыг дахин төлөхөөр акт тогтоох үндэслэл болохгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР