Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2019/0020

 

2019 оны 01 сарын 07 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт тус тус холбогдох

Гуравдагч этгээд: Б.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 08-ны 360 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо /одоогийн 24 дүгээр хороо/ Улаанхуаранд 1990 м.кв газрыг  ХЗ ХХК-д эзэмшүүлсэн, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар А******* ХХК-д, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаар захирамжаар иргэн Б.Б-д газар эзэмшүүлсэн, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох,

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт холбогдох ...газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гг, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З*******йн захирагч хурандаа Ж.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага анх 1994 онд тусгай зөвшөөрлөөр Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт түрэмгийллээс хамгаалах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай байгууллага бөгөөд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн /Тусгай хэрэгцээний газарт/ 16.1.3-д Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанхуаранд байрлах тусгай хэрэгцээний газарт үйл ажиллагаа явуулдаг.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газарт 2004 онд  ХЗ ХХК-д 1990 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгож, 2009 онд АХХК-д 2011 онд иргэн Б.Б-д тухайн газрыг эзэмшүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа, газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн шийдвэр байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн илт хууль бус акт тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан болно.

Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул Нийслэлийн Засаг даргын 2004, 2009, 2011, 2014 онуудад гарсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгоход хамааралгүй гэж үзэж байна.

Мөн иргэн Б.Б нь 2012 онд Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1424 дүгээр шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн 033******* дугаарт бүртгэгдсэн 1990 м.кв газрыг З*******йн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шүүхийн шийдвэр гаргуулснаар улсын тусгай объектод дайран орж хашаа, гэр барьж суугаад байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1424 дүгээр шийдвэр нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр /иргэн Б.Б-д эзэмшүүлэхээр олгосон 1990 м.кв газар нь улсын тусгай хэрэгцээний газартай давхцаагүй гэсэн/ албан бичгийг үндэслэн гарсан байдаг.

Гэтэл Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын манайд ирүүлсэн кадастрын зургаас үзвэл иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 033******* нэгж талбарын дугаартай 1990 м.кв газар нь тус ангийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай болох нь энгийн нүдээр харагдаж байна. Ингэж газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь байгууллагын эрх, хууль ёсны сонирхлыг зөрчиж, манай байгууллын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал болон Засгийн газрын шийдвэрийн дагуу цэргийн анги байгууллагын тусгай хэрэгцээнд олгогдсон газарт Нийслэлийн Засаг даргаас өөр иргэн, аж ахуйн нэгжид газрыг давхцуулан олгох эрхгүй юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360 дугаар, 2009 онд уг газрыг А ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэр, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаар захирамж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дугаар албан бичгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэмэгдүүлэхдээ: Иргэн Б.Б-д газар давхцуулан эзэмшүүлсэн үйлдэл нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, манай байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулж байна. Түүнчлэн орон сууцны зориулалтаар сунгасан байгаа нь манай байгууллагаас гадна иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл бүрдээд байна.

Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал болон Засгийн газрын шийдвэрийн дагуу цэргийн анги байгууллагын тусгай хэрэгцээнд олгогдсон газарт Нийслэлийн Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрыг давхцуулан олгох эрхгүй юм. 2014 онд иргэн Б.Б-д тухайн газрыг эзэмшүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн шийдвэр байна. ... Захиргааны Ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул Нийслэлийн Засаг даргын 2014 онд гарсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгоход хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Анх 2003 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 40 тоот албан бичгээр газар баталгаажуулах тухай албан тоот болон улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, З*******йн газрын тухай албан тоот зэргийг үндэслэн  ХЗ ХХК-д аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх 2004 оны 360 тоот захирамж гарч эзэмшүүлсэн байна.

 ХЗ ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02/29 тоот газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх албан хүсэлт, мөн А******* ХХК-ийн албан хүсэлт болон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримтыг бүрдүүлж өгсний дагуу 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1990 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

А******* ХХК-ийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот албан бичиг, иргэн Б.Бын эрх шилжүүлэх хүсэлт болон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримтыг бүрдүүлж өгсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот захирамжаар иргэн Б.Б-д аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн ба 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Б нь газрын зориулалт өөрчлөх тухай хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар тус газрын зориулалтыг орон сууц болгон өөрчилж 5 жилийн хугацаатайгаар иргэн Б.Б-д олгосон байна.

Иймд З*******йн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй мөн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Б.Б нь өөрийн эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсэхийг шалгуулахаар 2012 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус газарт хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийн хавсралт болох 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хэвлэсэн кадастрын зураг нь ямар солбицлын тогтолцоонд хийгдсэн болох тэмдэглэл байхгүй учир солбицлыг шууд UTM тусгагт байгаа улсын тусгай хэрэгцээний газрын мэдээллийн санд оруулж үзээд давхцалгүй гэсэн хариуг 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1947 дугаартай албан бичгээр өгсөн байна.

Тухайн үеийн кадастрын зураг нь ITRF-97 солбицлын тогтолцоонд хийгдсэн байдаг. Харин улсын тусгай хэрэгцээний газрын мэдээллийн сан нь UTM солбицлын тогтолцоонд хийгдсэн. Иймээс 2 өөр солбицлын тогтолцооноос шалтгаалан 2 км-ийн зөрүүтэй бууж давхцалгүй гэж гарсан байна.

Иргэн Б.Б нь 2013 оны 02 дугаар сарын 18-нд тус газрын давхцлыг дахин шалгуулахаар хүсэлт өгсөн. Хүсэлтийн дагуу газрын кадастрын мэдээллийн сангаас Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах 1864******* нэгж талбарын дугаар бүхий газрыг улсын тусгай хэрэгцээний газрын мэдээллийн санд шалгаж үзэхэд улсын тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай байсан тул 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2/196 дугаартай албан бичгээр давхцалтай гэдэг хариуг өгсөн.

Ер нь бол анхнаасаа 2000 онд давхцалтай байсан. Нэхэмжлэгчээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү 1/1904 тоот албан бичиг утгын хувьд огт өөр албан бичиг төдийгүй энэ албан бичгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Харин иргэн Б.Бын газар бусдын газартай давхцалтай байсан уу гэвэл давхцалтай байсан. Давхцалтай гээд албан бичиг гаргаж өгөөд байхад Нийслэлийн Засаг даргаас газар олгосныг би тайлбарлаж мэдэхгүй байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэг. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны 360 дугаартай шийдвэрээр  ХЗ ХХК-д, 2009 онд А******* ХХК-ийн эзэмшилд шилжиж, тус компани нь иргэн Б.Б-д 2011 оны 04 дүгээр сарын 21-ний 340 дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах 1990 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг. Угтаа тус газар нь анх 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдөр  ХЗ ХХК-д эзэмшүүлж, хуулийн дагуу гэрчилгээ олгоход хууль зөрчихгүй, тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй болохыг үндэслэн олгосон байдаг. Хэрэв тус газрыг олгосны дараа 2010 онд Улсын Их Хурлын тогтоол гарч тусгай хэрэгцээний газарт хамруулан тооцсон бол иргэний газар эзэмших, өмчлөх Үндсэн хуульд заасан эрхийг болон Газрын тухай хуулийг зөрчиж гаргасан гэсэн үг.

Тиймээс иргэн Б.Б-д газар эзэмших эрх олгосон шийдвэрийг илт хууль бус болгохыг тогтоолгох үндэслэлгүй юм. Мөн 2004 онд З*******йн захирагч н.Г******* нь тус газрыг улсын тусгай хэрэгцээний газартай давхцалгүй,  ХЗ ХХК-д газар эзэмшүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэдгээ албан бичгээр Нийслэлийн газрын албанд бичгээр мэдэгдсэн байдаг.

Хоёр. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны 360 дугаар захирамж, 2009 онд А******* ХХК-ийн эзэмшилд шилжсэн шийдвэр, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний 340 дүгээр захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх эрх зүйн актуудыг ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаагаа нэхэмжлэлдээ дурдаагүй, нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт дурдсан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус үндэслэлд хамаарахгүй байна.

Гурав. З*******йн нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 1424 дүгээр шийдвэр, мөн тус шүүхийн 2017 оны 101/ШТ2017/00139 дугаартай тогтоолоор өмнө нь шийдвэрлэгдсэн бөгөөд тус шийдвэр, тогтоолууд хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6 нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэсэн үндэслэлээр захиргааны хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр З*******йн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З******* нь тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо /одоогийн 24 дүгээр хороо/ Улаанхуаранд хамаарах 1990 м.кв газрыг  ХЗ ХХК-д олгосон шийдвэр, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжийн А ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 дугаар захирамжийн иргэн Б.Б-д газар эзэмшүүлсэн, 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/993 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх ба З*******йн нэхэмжлэлтэй, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт холбогдох Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэрэгтэй 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/Ш32018/5432 дугаар захирамжаар нэгтгэн шийдвэрлэсэн болно.

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360 дугаар захирамж, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамж, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/993 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

З******* нь Монгол орны нутаг дэвсгэр, улс эх орныхоо бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг хангах гадны зэвсэгт түрэмгийллээс хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай байгууллага болохын хувьд анх 1994 оны тусгай зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо /одоогийн 24 дүгээр хороо/ Улаанхуаранд 1990 м.кв газрыг Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар уг газрыг тусгай хэрэгцээний зориулалтаар эзэмшин үйл ажиллгаагаа явуулж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Дээрх тусгай хэрэгцээний 1990 м.кв газрыг Нийслэлийн Засаг дарга 2004 онд 360 дугаар захирамжаар  ХЗ ХХК-д аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгож, 2008 оны 352 дугаар захирамжаар Ас ХХК-д, 2011 онд иргэн Б.Б-д аж ахуйн зориулалтаар, 2014 онд Б.Бын газрын зориулалтыг өөрчлөн орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь илт хууль бус болсон байна.

Учир нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна, 16.1.3-д улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 17.1.3-д энэ хуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9-д ... заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох гэж зааж өгсөн байна.

Дээрх маргаан бүхий газар нь бүхэлдээ Улсын Их Хурлын 1994 оны 89 дүгээр тогтоол, 2000 оны 87 дугаар тогтоол, 2010 оны 27 дугаар маш нууц тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд тус тус авагдсан болох нь Батлан хамгаалах яам болон З*******ас ирүүлсэн маш нууцлалтай баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг дарга судалж нягтлахгүйгээр анхнаасаа улсын тусгай хэрэгцээний газрыг бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна.

Мөн Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн болох нь хариуцагч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан иргэн Б.Б нь өөрийн эзэмшлийн газрыг Улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсэхийг шалгуулахаар 2012 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус газарт хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу газрын солбицлыг UTM тусгагт байгаа улсын тусгай хэрэгцээний газрын мэдээллийн санд оруулж үзээд давхцалгүй гэсэн хариуг 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1947 дугаартай албан бичгээр өгсөн. Тухайн үеийн кадастрын зураг ITRF-97 солбицлын тогтолцоонд хийгдсэн байдаг. /2017 он хүртэл ITRF-97 солбицлын тогтолцоонд хийгдсэн байдаг/ Энэ солбицлыг тогтолцоогоор авч үзвэл Б.Бын газар бүхэлдээ тусгай хэрэгцээний газартай давхцалтай байсан. Иргэн Б.Б нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин тус газарт газрын давхцал байгаа эсэхийг шалгуулахаар хүсэлт өгсөн. Хүсэлтийн дагуу газрын кадастрын мэдээллийн сангаас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 1864******* нэгж талбарын дугаар бүхий газрыг улсын тусгай хэрэгцээний газрын мэдээллийн санд шалгаж үзэхэд улсын тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай байсан тул 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2/196 дугаартай албан бичгээр давхцалтай гэсэн хариуг өгсөн. Давхцалтай гэдэг хариуг өгсөөр байхад Нийслэлийн Засаг дарга Б.Бын газрын зориулалтыг өөрчилж түүнд газар эзэмшүүлж байгааг ойлгохгүй байна. Мөн Б.Б нь иргэний хэргийн шүүхэд давхцалтай гэдэг бичгээ өгөлгүйгээр нуусныг сайн мэдэхгүй байна. Ер нь анхнаасаа маргаан бүхий газар нь  ХЗ ХХК-д эзэмших эрх олгох үед бусдын газартай давхцалтай байсан. Гуравдагч этгээдийн одоо эзэмшиж байгаа газар нь тусгай хэрэгцээний газартай бүрэн хэмжээгээр давхцалтай гэх тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хуулийн этгээд гэж Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасны дагуу З******* нь Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцож эрх эдлэх эрхтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актын илт хууль бус болох шинжийг зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт гаргахыг хориглосон байхад Нийслэлийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээний газарт буюу З*******йн 1990 м.кв газрыг 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360 дугаар захирамжаар  ХЗ ХХК-д эзэмшүүлж, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар А ХХК-д шилжүүлж, улмаар 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар иргэн Б.Б-д шилжүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар Б.Б-д олгосон газрын зориулалтыг орон сууц болгон өөрчилж 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус болжээ.

Хэдийгээр 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1424 дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байршилтай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн 033******* дугаартай бүртгэгдсэн 1990 м.кв газрыг хариуцагч Батлан хамгаалах яам-ны З*******йн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж шийдвэрлэсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл анхнаасаа дээрх маргаан бүхий газар нь улсын тусгай хэрэгцээнд, бусдын газартай давхцалтай байсан гэдэг нь нотлогдож байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа З*******йн захирагчаас 1990 м.кв газрыг  ХЗ ХХК-д олгоход татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг үндэслэн энэ газрыг анх олгосон. Архивт хадгалагдсан  ХЗ ХХК-ийн газрын хувийн хэрэгт байгаа албан бичгийн эх хувь нь огт гаргацгүй байсан ч бид шүүхэд хуулбарлан өгсөн. Шүүх гаргах боломжгүй гэж үзэж байгаа бол үзлэг хийж болно гэж тайлбарладаг ч анхнаасаа улсын тусгай хэрэгцээний газрыг Батлан хамгаалах яамнаас асуулгүйгээр З*******йн захирагч дур мэдэн бусдад эзэмшүүлэхээр дэмжсэн албан бичгийг гаргасан нь хууль бус гэж үзсэн учраас үзлэг хийх шаардлагагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд З*******йн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  ХЗ ХХК-д олгосон 360 дугаар захирамж, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А******* ХХК-д шилжүүлсэн 352 дугаар захирамж, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б.Б-д олгосон газрын зориулалтыг өөрчилсөн А/993 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Б.Б нь иргэний хэргийн шүүхэд З*******йн хууль бус эзэмшлээс миний газрыг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Түүндээ 1/1904 тоот албан бичгийг хавсаргаж өгсөн. Шүүх шийдвэрээ гаргахдаа энэ албан бичгийг үндэслэсэн учраас энэ албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ.

Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Б нь анх удаа газрын давхцлын талаар манай байгууллагаар шүүлгэж байгаа явдал биш юм. 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1/1947 тоот албан бичгээр Б.Б-д давхцалгүй гэдэг хариуг өгсөн. Бид 1/1904 албан бичгээр давхцалгүй гэдэг хариу огт өгөөгүй. Энэ албан бичиг нь уг маргаантай огт холбоогүй. Хэрэв нэхэмжлэгч 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1947 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэжээ.

Газрын харилцаа, барилга геодези зураг зүйн газраас иргэн Б.Б-д хаягласан 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 тоот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 1990 м.кв талбай бүхий газрыг мэдээллийн санд солбицлоор нь давхцуулж үзэхэд улсын тусгай хэрэгцээний газартай давхцахгүй байна гэсэн албан бичгийг шүүх нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1424 дүгээр шийдвэртэй иргэний хэргээс хуулбарлан авсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгээс үзэхэд Үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн талаар гэсэн өөр утга агуулагатай албан бичиг болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гуравдагч этгээд Б.Б нь өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо захиргааны байгууллагаас жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү шийдвэр нь хохирол нэхэмжлэхэд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.3, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З*******йн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360 дугаар захирамжийн  ХЗ ХХК-д холбогдох хэсэг, мөн 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжийн А******* ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамж болон 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ