Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00040

 

 

 

 

 

 

 

  "Х.М" ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 811 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: "Х.М" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: "Х.М" ХХК-нд холбогдох

Усан онгоцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.М ХХК-ний захирал Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэг талаас Худалдагч болох Ё.Ж.Г захиралтай Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын байгаль ашиглалтын Байгалын хүрээлэн /ШУ-ны төсвийн байгууллага/, нөгөө талаас Х.М ХХК-ийг төлөөлж М.Х нар Төмөр /хар/ лоом /Дыбовский/ усан онгоц худалдах худалдан авах гэрээ хийж холбогдох баримт бичиг, хөлөг онгоцны гэрчилгээ /№ВС-4-63/ болон бусад баримт материалын хамт худалдах худалдан авах гэрээ байгуулан Х.М ХХК нь өөрийн өмчлөлд шилжүүлж авсан билээ.

Улмаар 2016 оны 8 дугаар сард Х.М ХХК-ийг уг хөлөг онгоцыг ашиглаж байгаа гэх мэдээлэл авч Х. М ХХК -ийн захирал П.Э-тай 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзахад манай өмч бөгөөд Монгол улсын Шинжлэх ухааны академийн зөвшөөрлөөр манай өмч болсон гэх мэдэгдэл өгсөн.

…Гэтэл хариуцагч Х. М ХХК-ний захирал П.Э нь ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...Иймд Дыбовский усан онгоцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгчөөр нь тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч  Х. М ХХК-ний захирал П.Э тайлбартаа: ...Дыбовский гэх усан онгоцыг 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академи нь Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академитай гэрээ байгуулж Хөвсгөл нуур дээр шинжилгээ судалгааны ажилд ашиглахаар Монгол улсад анх оруулж ирж хоёр тал судалгаа шинжилгээ хийж байгаад тухайн усан онгоц эзэнгүй болоод нэг буриад хүн эзэмшинэ гээд нуурын захад тавьснаас болж усан онгоцны ёроол цоорч ус ороод живэлтийн байдалтай болсон байхад нь мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны яамнаас хүмүүс очоод усан онгоцны эзэмшигчийг олох гээд олоогүй байдаг.

...нутгийн захиргаа болон Монгол улсын Шинжлэх ухааны академид санал тавьж хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 2015 оноос эхлэн сэргээн засварлан ашиглаж одоо усан онгоц явах хэмжээнд сэргээн завсарлагдсан. ...миний бие тухайн онгоцыг Х.М ХХК-д шилжүүлэн өгөх эрх байхгүй. Онгоцыг нааш нь авч ирэх болон бусад зардалд 80 орчим сая төгрөг орсон. 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл миний бие уг онгоцыг эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 811 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан Дыбовский нэртэй усан онгоцны өмчлөгч нь нэхэмжлэгч Х.М ХХК  болохыг тогтоон хариуцагч Х.М ХХК-ийн хууль бус эзэмшлээс Дыбовский усан онгоцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5.200 /таван мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х.М ХХК-аас 70.200/ далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.М ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Нэг. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тухай.

ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.4-д “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.” гэж заасан.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 11.30 цагт товлогдсон шүүх хуралд биечлэн оролцохоор шүүх дээр ирж, шүүгчийн туслах Б.М-т ирснээ мэдэгдэн, шүүх хурал хойшлолгүйгээр орох эсэх талаар асуухад: тэрээр “орно, өмнөх шүүх хурал дуусаагүй байна, тэр хурлыг дуусахаар орно” хэмээн хэлсэн байна. ...Гэвч товлосон цаг хэтэрч 11:35 цаг болоход нэхэмжлэгч тал болон шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэхгүй байсан тул уг танхимаас гарч шүүгчийн туслах Б.М-аас тодруулахад: “шүүх хурал иргэний биш эрүүгийн танхимд цагтаа орсон. Та нар хаана байсан юм бэ? одоо шүүх хурал эхэлчихсэн учраас хариуцагчийг оролцуулалгүйгээр шүүх хурал хийж байна” гэж хэлсэн байдаг.

Шүүх ИХШХШТХ-ийн 85 дугаар зүйлийн 85.1, 87 дугаар зүйлийн 87.1, 89 дүгээр зүйлийн 89.1, Шүүхийн захиргааны хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.7, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Шүүхийн байрны нийтлэг шаардлагыг батлах тухай” 100 дугаар тогтоолын Хавсралт №4, №5-д ...дурьдсан хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчиж, хэргийн оролцогчийг эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах шаардлагатай арга хэмжээг авалгүй, хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцохоор ирснийг нь мэдсээр байж, иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд бус, эрүүгийн шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааныг явуулсан.

Хоёр. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт үзэж судлаагүйгээс үндэслэлгүй дүгнэлт гарган нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Худалдагч Ё. Ж. Г захиралтай ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын байгаль ашиглалтын байгалийн хүрээлэн, худалдан авагч М.Х захиралтай “Х.М” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Төмөр хар лоом худалдах, худалдан авах гэрээ”, 2016 оны 6 сар .... /өдөр тодорхойгүй/ “Төмөр лоомын хүлээлгэн өгсөн хүлээн авсан акт” гэх баримтыг гаргаж өгсөн. Энэ баримт нь хавтаст хэргийн 9-11, 16-р хуудсанд монгол хэл дээр орчуулгын тамгатайгаар, 114-115 -р хуудсанд Орос хэл дээр эх хувиар, 121-122-р хуудсанд англи хэл дээр эх хувиар, 153-156-р хуудсанд монгол хэл дээр орчуулгын тамгатайгаар тус тус авагдсан. Шүүх дээрх нотлох баримтаар “Дыбовский” нэртэй усан онгоцны өмчлөгч Ёндон Жамьяновия Гармаев захиралтай ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын байгаль ашиглалтын байгалийн хүрээлэн нь Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг “Х.М” ХХК-нд шилжүүлсэн байна гэж дүгнэсэн.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар Ё.Ж.Г захиралтай ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын байгаль ашиглалтын байгалийн хүрээлэн нь “Дыбовский” нэртэй усан онгоцны өмчлөгч мөн эсэх, маргаан бүхий усан онгоцыг захиран зарцуулах эрхтэй байсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нэхэмжлэгчийн гарган өгсөн орос хэл дээрх баримтуудын эх хувь байхгүй, нэг төрлийн орос хэл дээрх баримтыг монгол хэлрүү хөрвүүлсэн орчуулгын баримтууд нь утга агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүтэй орчуулагдсан тул аль орчуулга нь үнэн зөв болох нь мэдэгдэхгүй байна. Иймээс хариуцагч тал нь нэхэмжлэгчийг уг усан онгоцны өмчлөх эрхийг хууль ёсны дагуу олж авсан талаарх нэхэмжлэлийн шаардлагыг няцаах, эсрэг тайлбар гаргаж чадахгүйд хүрсэн.

... Ийнхүү анхан шатны шүүх нь хариуцагчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчиж, түүнийг эзгүйд шүүх хуралдааныг хуралдуулж, мэтгэлцэх боломж олголгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй болно.

Иймд ...Шүүхийн шийдвэрийг дээр дурьдсан нөхцөл байдлаар хянан үзэж, ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.2,168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х.М” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч “Х.М” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Дыбовский усан онгоцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөнөөс  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.7-д заасан “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт”-ыг хангах, нарийн бичгийн дарга мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “шүүх хуралдааны техник,  зохион байгуулалтын бэлтгэлийг хангах”  чиг үүргээ зохих байдлаар хэрэгжүүлээгүйгээс шүүх хуралдаан товлогдсон танхимаас өөр танхимд явагдаж, хуралдаанд  биечлэн оролцохоор ирсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан  “...шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх хариуцагч, түүний өмгөөлөгчийн “...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх”, “хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан  эрхээ эдлэх боломж, нөхцлөөр хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан  “...хэргийн ...оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж үзэх үндэслэл болжээ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.” гэж заасан бөгөөд орчуулагчийн албан ёсны зөвшөөрөлтэй эсэх баримт хэрэгт авагдаагүй, гэрээний 8 дугаар зүйлийн  3  заалтыг орчуулаагүй орхигдуулсан  нь хуралдаанд оролцогчдын тайлбараар нотлогдож байх тул орчуулагчийн зөвшөөрлийг хэрэгт хавсаргаж, орчуулгыг бүрэн гүйцэт хийсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.”, 44.3-т “Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг ...буцаан өгч болно. Харин уг баримтыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ.” гэж заажээ. Гэтэл шүүх хуульд заасан шаардлага  хангасан нотлох баримтыг хэрэгт үлдээхгүйгээр бичмэл баримтын эхийг буцаан өгснөөс уг баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэх боломжгүй болжээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 811 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                                 ШҮҮГЧИД                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                                       Т.ГАНБАТ