Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/301

 

 

 

 

 

 

 

 

    2022        04          19                                       2022/ШЦТ/301

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.З  нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.З д холбогдох эрүүгийн 2210000000379 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ТЭЦ-4 дамжлагын машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, урьд

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б.З  /РД:................/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З  нь 2022 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 02 цагийн үед 21 дүгээр хороо Ийгл таун хотхоны 429-12б тоот гэртээ хохирогч Э.Ж ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.З гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Б.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байсан чинь 18 цагийн үед танил ах Б.З  утсаар яриад март тэмдэглэе манай гэрт хүрээд ир гэхээр нь би  найз охин Цэрэннадмид болон охин Анударъя /3 нас/ нарын хамт Б.З  ахын гэр болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Ийгл таун хотхоны 429 дүгээр байрны 12 давхрын 12б тоотод 21 цагийн үед очсон. Гэрт нь очиход Зая ах, эхнэр Төгөлдөр болон 9 болон 3 настай хүүхдүүдийнхээ хамт байсан. Тэгээд бид хоол цай идэж уугаад бид нар хамт уусан. Тэгээд үеэл дүү Төгөлдөртэй утсаар яриад 1 шил виски авч ирүүлсэн. Төгөлдөр 01 цагийн үед ирсэн. Зая ахад вискийг өгөөд бид хамт уусан. Тухайн үед би өөрийн машиныг зарах гээд зар тавьсан байсан чинь хүн үзье гээд худалдаж авъя гэхээр нь 01 цагийн үед машинаа үзүүлээд авахаар болоод тохиролцоод байсан чинь дүү Төгөлдөр гарч ирэхээр нь би онгорхой дэлгүүр ороод 1 шил жижиг архи авчих хамт юм яриад сууя гэж хэлсэн. Төгөлдөр архинаас уугаагүй юм. Тэгээд би Б.З  ахын гэрт 02 цагт ороход Б.З  ах уурлаад чи яасан уддаг юм бэ гэснээ танай охин ямар дураараа юм бэ гэх зэргээр хэлээд байхаар нь охиноо өмөөрөөд хүүхэд шүү дээ гэж хэлсэн. Би нилээн согтсон байсан бөгөөд Б.З  намайг гараараа нүүрэн тус газар цохьсон. Манай найз охин болон үеэл дүү Төгөлдөр архи арс хэрэглээгүй. Харин Б.З  ах түүний эхнэр бид 3 хамт архи уусан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал)
  3. Насанд хүрээгүй гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай үеэл Жамбалдорж ах залгаад би найзындаа байна, маргааш ажилтай юм чинь энд хоноод хамт гаръя гэж хэлсэн. Тэгээд би 23 цагийн орчим ахын байгаа айлынд буюу Хан-Уул дүүрэг Нисэхэд байдаг айлын гадна ирээд ахыг дуудсан. Бид 2 цаг хагас машинд сууж байхад Б.З  ах гарч ирээд бид хоёрыг дуудаад тэдний гэрт хамт орсон. Жамбалдорж ахын хүүхэд Амуударъя айл дотор гүйгээд Зая ахын өөдөөс дунд хуруугаа гаргасан чинь Б.З  ах гарч ирээд бид хоёрыг дуудаад тэдний гэрт хамт орсон. Жамбалдорж ахын хүүхэд Амуударъя айл дотор гүйгээд Б.З  ахын өөдөөс дунд хуруугаа гаргасан чинь Б.З  ах Жамбалдоржийг хүүхдээ хүмүүжүүлэхэд яадаг юм муу зан сурсан байна гэсэн чинь Жамбалдорж ахын бага насны хүүхэд юугаа мэддэг юм бэ гээд уурласан. Тэгсэн Б.З  ах шууд босож ирээд баруун гараараа үеэл ахын зүүн шанаа руу алгадсан. Дараа нь араас нь боогоод 3-4 удаа баруун гараараа зүүн шанаа руу алгадсан. Тэгээд үеэл ах 2-3 минут ухаан алдаж байгаад сэрсэн. Би сэрэхээр нь цусыг цэвэрлэж өгөөд дуудлагын жолооч дуудсан. Тэгээд Жамбалдорж ахын амнаас цус гараад байсан бөгөөд уурлахдаа цустай шүлсээ ширдэг дээр нь хаячихсан. Тэгсэн чинь цээжин хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Маргааш нь Жамбалдорж ах сэрээд толгой нүүр хүндүүртэй байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
  4. Гэрч М.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байхад найз залуу маань нисэхэд байдаг Б.З  ахын гэрт очиж юм ярьж сууя гээд байсан. ...Төгөлдөр орж ирээд Б.З  бид нар том өрөөнд нь сууж байхад Амуударъяа жаахан сахилгагүйтгээд гүйгээд байсан. тэгсэн чинь Б.З  ах хүүхдээ хүмүүжүүлээд цэцэрлэгт өгч нийгэмшүүл гэж Жамбалдоржид хэлсэн чинь Жамбалдорж дуугүй сууж байтал дахиад л тийм юм яриад байхаар нь танд хамаагүй, би хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ мэднэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.З  ах буйдан дээр сууж байгаад босоод Жамбалдоржийг алгадчихсан. Би түүнийг тийм үйлдэл хийхээр нь гайхаад сууж байтал үргэлжлүүлээд Жамбалдоржийн нүүр лүү маш хүчтэй 3-4 удаа дарааллаад цохьсон. Тэгсэн чинь Жамбалдорж ах ухаан алдаад хэвтээд өгсөн. Би айгаад сууж байтал Жамбалдорж минут гаран ухаангүй байж байгаад сэрсэн. Тэгээд Б.З  ах угаалын өрөө орсон. Тэгээд буцаж гарч ирээд сууж байхад нь цээж рүү нь өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4147 дугаартай:

“-Б.Ж ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний 1, 2-р шүд, доод эрүүний 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

6. Шүүгдэгч Б.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогчийнхоо бүх хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ маш  их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 45-48 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З  нь 2022 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 02 цагийн үед 21 дүгээр хороо Ийгл таун хотхоны 429-12б тоот гэртээ хохирогч Э.Ж ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.З  нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нүүрэн тус газарт нь цохих идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4147 дугаартай дүгнэлтээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Б.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ж ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх ба шүүгдэгч Б.З  нь хохирогчид 300.000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 52/-аар тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Харин шүүгдэгч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.З  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ТЭЦ-4 дамжлагын машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../, эрхэлсэн тодорхой ажилтай буюу тогтмол орлоготой зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

              Харин шүүгдэгч Б.З гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Б.З д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.З д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч Б.З д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.З д сануулсугай.    

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.    

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.З д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР