Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2022/0260/Э |
Дугаар | 2022/ШЦТ/316 |
Огноо | 2022-04-25 |
Зүйл хэсэг | 11.4.1., 10.1.2.1., 10.1.2.8., |
Улсын яллагч | Г.Батбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/316
2022 04 25 2022/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Г.Батбаяр,
иргэдийн төлөөлөгч Г.Дуламсүрэн,
гэрч Б.Алтантулга, Г.Дуламханд, С.Наранцацрал, Н.Жамух, П.Өлзийдэлгэр, Г.Кадирбек,
шинжээч Я.Ганхүү, Т.Сэлэнгэ, М.Аригуунтөгс,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н , түүний өмгөөлөгч Г.Тамир,
шүүгдэгч Т.Ч , түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо, Н.Тайван нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтуудад тус тус заасан гэмт хэрэгт Т.Ч ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010005190018 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.Ч /РД:..................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 8 дугаар байрны 41 тоотод хамтран амьдрагч Н.Б тэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд баруун шуу, богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө ................. дугаар байрны гадна хамтран амьдрагч Н.Б тэй маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний цээж, нуруу, гар хэсэгт олон тооны шарх гэмтэл үүсгэж, нийт 28 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Ч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр маш тайван, сэтгэл санааны хувьд маш их гомдсон байсан. Миний үгийн санд янз бүрийн хараалын үг байдаггүй. Тэр өдрөө охиндоо бүүвэйн дуу тавиад сонсгож унтуулах гэж байсан. Бөрт маш уур бухимдалтай байсан. Намайг хүүхдээ авч бай гэж хэлэхэд нь алив миний охин наашаа ир гэж хэлсэн. Бөртөө намайг муу новш чинь өөрөө өмхийртлөө унтчихаад гэж хэлэхээр нь унт л даа гэж хэлэхэд новш минь гээд байсан. Хөөе новш минь унт л даа гэхэд юу гэнээ лалар чинь гэж хэлсэн. Тэр өдөр маш их гомдсон гутарсан байсан. Хаалга хаахад өөрөө гүйж ирээд хаалга онгойлгоод хувцсаа өмсөөд явлаа гэхэд нь ийм орой хүүхэд авч явж болохгүй ш дээ, надаас салж байвал маргааш яв гэж хэлсэн. Одоо чи харж байгаарай, гөлөг минь гэж хэлсэн. Чиний эцэг байх эрхийг хасуулж, хүүхдээ өөр дээрээ авна гэж хэлээд намайг цохихоор нь өвдгөөрөө хамгаалсан.Энэ талаар цагдаад үнэн байдлаар хэлсэн. Намайг цохиж зодсон гэхэд чи гарыг нь хугалсан байна гэж хэлсэн. Би хүрээгүй байхад яаж гарыг нь хугалах юм бэ гэж хэлэхэд гараад цагдаа дээр очиж мэдүүлэг өг гэж хэлсэн. 12 сарын 12-нд буюу маргааш нь миний төрсөн өдөр байсан. Сэтгэл санаагаар маш их унасан байсан тул хоол унд ч идэж чадаагүй. Маш их сэтгэлээр унасан байсан. Хүүхдээ аваад гарлаа гэхээр нь надтай эвлэрэх бодолгүй юм байна гэж бодсон. Би сална гэж хэлж байгаагүй. Ээжтэйгээ ирэхэд нь унтаж чадахгүй байна гэхэд арчаагүй царайлчхаад хүүхдээ усанд оруулсангүй гэж хэлсэн. Манай охин унтаж байсан тул хүүхэд өгөөд явуул гэж хэлсэн. Би маш их сэтэл санаагаар унасан. Н.Б урд нь хар тамхи хэрэглэж байгаад баригдаж байсан тул дахиад хар тамхи хэрэглэж байгааг мэдэж байсан. Тэр өдөр гэнэт юу болсон юм мэдэхгүй өөрийнхөө бугуйг хутгаар зүсэх гэж байгаад хутгаа халаасандаа хийгээд явсан. Ахынх нь гэрийн гадаа машин нь байна уу шалгая гэж хэлээд таксины жолоочид хэлээд шалгаад ирсэн санагдаж байна. Н.Б г хүмүүстэй байна гэхээр нь нөгөөдөхөө хэрэглэж байна гэж бодсон. Би таксины жолоочид түр байж бай гэж хэлснээ Н.Б г ганцаараа байгаа юм чинь уулзъя гэж хэлсэн. Очоод уулзахад өөдөөс харааж ерөөгөөд байсан. Надаас уур уцаарын бүх гомдол гарсан. Үйлдэл хийсний дараа хөөш гэж дуудахаар зүүднээс сэрж байгаа юм шиг санагдсан. Очоод таксинд суугаад явж байснаа гэнэт охиноо санаад охин дээрээ очоод хаалгаа онгойлгож орсон. Хутгалахтай зэрэгцээд тухайн үед ямар зүйл болсныг итгэх арга алга. Өөрөө ийм аймшигтай зүйл хийсэн байна. Хэлэх үг алга” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 28-ны орой Жамух ээжээ та хүрээд ирээч гэж хэлэхэд цаг харахад шөнийн 00 цаг болж байхаар нь гайхаад юу болсон юм бэ гэж асуухад та хүрээд ир ирэхээр нь хэлье гэж хэлсэн. Би 4 замын писи молын тэндээс гэртээ харих гэж явахдаа очсон. Гэр рүүгээ очуулахгүйгээр доороос нь намайг хөтөлж аваачсан. Сандарсан байдалтай байхад нь юу болсон юм бэ гэхэд Н.Б г алдчихлаа гэж хэлэхээр нь итгээгүй. Машинд сууж байгаад амь хохирогчийн аавыг дуудахад ирсэн. Цагдаа нар ирээд цагдаагийн газар руу явсан. Мэдүүлгийг өөрийн сонссоноороо өгсөн. Т.Ч ад маш их гомдолтой байна. Амь хохирогчийг жирэмсэн байхад зодож байхад манай байрны хүүхэн Чингэлтэй дүүргийн цагдаад мэдэгдэж байсан асуудал байгаа. Чингэлтэй дүүргийн цагдаад олон дуудагдаж байсан. Маргааш нь амь хохирогч ийм зүйл хийгээгүй гэж булзааруулдаг байсан. Олон дахин давтагдаж байсан болохоор чи хүүхэд алчих юм бол алсан байна лээ гэж хэлүүзэй гэж зөндөө хэлж байсан. Өдий 35 нас хүрчхээд хийсэн ажилгүй хүн. Яагаад сэтгэл гутралд ордог вэ гэхээр хийсэн ажилгүй хүн юм чинь сэтгэл гутралд орохгүй яадаг юм. Өөрөөс нь 11 нас дүү миний охин өөрийгөө тэжээгээд хүүхдээ авч явна, чамаас памперс, хүүхдийн хоолны мөнгийг асуудаг байсан. Өөрийгөө авч явж чадахгүй хүн гутрахаас өөр яах юм гэж зөндөө хэлж байсан. Ажил хийж байсан бол гэр оронд хэрүүл хийх цаг зав гарахгүй. Олон дахин ийм зүйл болж байсан. 13-ны шөнө гар хугардаг асуудалд мөн ийм зүйл болж байсан. Эхэндээ Чингэлтэй дүүрэгт дуудагдаж байсан бол дараа Сүхбаатар дүүргийн цагдаад дуудагдаж байсан. Т.Ч ын гэр нь Сүхбаатар дүүрэгт байдаг байсан. Түүнийг дагаад баахан цагдаагийн дуудлага байгаа. Сүүлдээ Н.Б гийн машиныг барьж байгаад амь хохирогчийг болон хүүхдээ суулгаад надаас зугтааж, араас нь муур хулгана болж байсан удаа байгаа. Би охин руугаа утасдаа Т.Ч ын гэрийн гадаа зогс гэж хэлээд энэ хүнтэй барьцалдаж байсан түүх байгаа. Өөрөө ямар ч хэрэг хийгээгүй юм шиг яриад сууж байгаад гомдолтой байна. Нэг удаа гэнэт болсон зүйл биш. ... Н.Б хааяа гэртээ хүрээд ирдэг. Тэгэхээр араас нь утасдана. Эсхүл 12 цаг өнгөрч байхад согтуу хаалга нүднэ. Би хөгшин аав, ээжтэйгээ амьдардаг. Битгий харанхуй шөнөөр хаалга үүд нүдээд бай гэж хэлж байсан. Манайх 5 давхарт байдаг. Т.Ч утсыг нь аваад зугтана. Ямар учиртайг мэдэхгүй. Хэнтэй чаталсан, яасан ийсэн гээд харддаг. 2-3 даа утсыг авч зугтаж байсан. Эрүүл үедээ хүртэл Т.Ч ыг гэрт байхад утсыг нэхэж авахад намайг алан тална гээд намайг цохих нь холгүй үйл явдал болж байсан. Н.Б г зүгээр алгадаг байсан гэж байна. Намайг хүртэл цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Гэрч Б.Алтантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Н.Б гээс гараа яачихсан юм бэ гэж асуухад хариулахгүй яваад байсан. Угаасаа мэдэж байгаа юм чинь яриад байх юм байхгүй. Бид хоёр муудалцаад намайг түлхсэн чинь гар хугарчихсан байсан гэж хэлсэн. ...Т.Ч өөрийг нь зоддог гэж хэлсэн. ...өмнө нь гэртээ байж байгаад муудалцаад ...Т.Ч гарч ирээд үсдээд авсан гэж хэлж байсан. ...тэрнээс хойш нилээн олон удаа тиймэрхүү юм болж байсан гэж хэлж байсан. Жирэмсэн байхад нь шатнаас өшиглөж байсан гэж хэлж байсан. ...урьд нь намайг харж байхад жирэмсэн байхад нь гэдэс рүү нь өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Гэрч Г.Дуламхандын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Н.Б гээс гараа яачихсан юм бэ гэж асуухад хариулахгүй яваад байсан. Угаасаа мэдэж байгаа юм чинь яриад байх юм байхгүй. Бид хоёр муудалцаад намайг түлхсэн чинь гар хугарчихсан байсан гэж хэлсэн. ...Т.Ч өөрийг нь зоддог гэж хэлсэн. ...өмнө нь гэртээ байж байгаад муудалцаад ...Т.Ч гарч ирээд үсдээд авсан гэж хэлж байсан. ...тэрнээс хойш нилээн олон удаа тиймэрхүү юм болж байсан гэж хэлж байсан. Жирэмсэн байхад нь шатнаас өшиглөж байсан гэж хэлж байсан. ...урьд нь намайг харж байхад жирэмсэн байхад нь гэдэс рүү нь өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
5. Гэрч С.Наранцацралын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т.Ч тай нийлснээсээ хойш гар нь хөхөрсөн, намайг түлхсэн гэж ярьдаг байсан. Гар нь хугараад гипсдүүлсэн байсан. ...гарыг нь Т.Ч хугалсан гэж хэлж байсан. ...байсхийгээд над руу Н.Б ааваа намайг Т.Ч зодоод байна гэж ярьдаг байсан... намайг очиход уйлчихсан гарч ирдэг байсан. Гар нь хөхөрчихсөн байсан. Би түүнийг нь мэдэж байна. Би охиныхоо хувцсыг аваад машиндаа суулгаад явдаг байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
6. Гэрч Н.Жамухын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Б урьд Т.Ч ад зодуулдаг байсан талаараа зөндөө ярьдаг байсан. ...Шалтгааныг нь мэдэхгүй байна. ...хамгийн сүүлд Т.Ч Н.Б гийн гарыг хугалсан гээд гараа боолгуулчихсан явж байсан.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
7. Гэрч П.Өлзийдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад хамтран амьдрагч миний гарыг хугалчих шиг боллоо гэсэн Н.Б гэгчээс дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байсан. ...тайлбар авахад гэр бүлийн маргаантай байсан. ...уг иргэдээс цагдаагийн байгууллагад 3 удаа бүртгэгдсэн байсан. Бүгд гэр бүлийн маргаантай холбоотой байсан. Цаг хугацааны хувьд тухайн гурван зөрчил нь ойрхон байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
8. Гэрч Г.Кадырбекийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэгт алаг тэргээр албан үүргээ гүйцэтгэж байсан. ...3 дугаар хорооны 8 дугаар байранд хамтран амьдрагч миний гарыг хугалчих шиг боллоо гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход эхнэр, нөхөр хоёр маргалдсан байдалтай байсан. ...тайлбар мэдүүлгийг нь аваад 103 дуудаад миний гар хавдаад байна гэсэн учраас үзүүлсэн. ...гар нь жаахан хавдсан байдалтай байсан. ...103 эмч ирээд гар нь ил мэдэгдэхээр хугараагүй байна. Гэхдээ маргааш гэмтлийн эмнэлэгт очоод зургийг нь авахуулаарай гэсэн. ...тухайн үед хамтран амьдрагч гарыг маань өвтгөсөн, зовуурьтай байна гэж байсан. ...хэргийн газрын үзлэгийг манай цагдаа авсан байсан. Би тухайн үед жолоочоор явж байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
9. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Астра вилла хотхоны 207-2 дугаар байрны 2 дугаар орцны ертөнцийн зүгээр баруун урд талд 40-28 УБО улсын дугаартай Ниссан жук маркийн автомашин асаалттай зогсож байх ба автомашины хаалганууд хаалттай түгжээ нээлттэй байх ба автомашины баруун талд 24 настай, эмэгтэй, Наранцацралтын Н.Б гэх эмэгтэй хүний цогцос толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун зүгт харсан, хоёр гараа биеэ дагуулж доош унжуулсан, хоёр хөл хагас алцайж шулуун жийсэн, толгой зүүн мөр дагаж гэлжийсэн, дээшээ харсан байдалтай хэвтэж байв. ...нийт 23 см урттай цагаан өнгийн арзгар гадаргуутай, ажлын хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байх ба хутганы бариул нь цуурч ажлын хэсэг нь мурийсан байдалтай байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 5-13 дахь тал)
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...охин Бөртө нь хамтран амьдрагч Т.Ч ын гэрт нь ирэн очин амьдарч байсан. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Н.Б нь Т.Ч ын гэрт хүүхдийнхээ хамт амьдарч байхад Т.Ч Н.Б г зодож гэмтэл учруулсан тул Н.Б Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Н.Б нь сүүлийн хэд хоног өөрийн төрсөн ах болох Жамухын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингарав гудамж, Астра вилла хотхон 207 дугаар байрны 9 тоотод хамтдаа амьдарч байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчим би хүү Жамух руу залгаад сонин сайхан юу байцгаана гэж асууж ярьтал охин Н.Б нь намайг хүрээд ир гэж хэлэхээр нь 11 цаг өнгөрөөгөөд очсон чинь Н.Б хүүхдийнх нь аав болох Т.Ч надад мөнгө өгсөн, сормуус хийлгэж хумс янзлуулахаар цаг авсан. Т.Ч охиноо өнөөдөр харна гэсэн гэж хэлээд хүүхдийн 100-д Т.Ч ын гэрт очиж хүүхдийг нь хүргэж өгөөд “модны хоёр”-т намайг буулгаж өгөөд Н.Б машинаа унаад явсан. Би ажлынхаа хүмүүстэй хамтдаа байж байсан чинь Н.Б над руу залгаад ээжээ та машины түлхүүр аваад үлдсэн байна. Машин унтарвал асахгүй та дөхүүлээд өгөөч гэхээр нь би дуудлагын жолооч дуудаж машины түлхүүрийг нь өгч явуулаад ажлынхаа хүмүүстэй хамтдаа байж байтал 18 цагийн орчимд таны ажил дууссан уу би яваад очъё гэхээр нь дууссан гэж хэлж, Н.Б намайг ирж аваад хамтдаа Улсын их дэлгүүр орж Н.Б -д гутал цүнх авч өгөөд намайг буцаж ажлын хүмүүс дээр хүргэж өгөх замаараа Н.Б гэрийн гадна байх агуулахаас юм авна гэж хэлээд хамт агуулахын үүдэнд зогсож юм авч байх үед найз Дулмаа нь хамтдаа яваад намайг модны хоёрт ажлын хүмүүс дээр буулгаж өгөөд Н.Б , Дулмаа хоёр явсан. Би ажлынхаа хүмүүстэй юм яриад сууж байтал шөнө 01 цагийн орчим хүү Жамух над руу залгаад ээжээ хаана явж байна яаралтай хүрээд ирээч гэхээр нь би гэр лүүгээ орох гээд явж байна гэхэд та гэртээ оролгүйгээр манай гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь юу болсон юм гэхэд та зүгээр хүрээд ир ирэхээр чинь хэлье гэхээр нь би гэр лүүгээ оролгүйгээр Жамухын гэрийн гадна иртэл намайг байрны гадна хүлээж аваад Н.Б г алдчихлаа гэхээр нь юу болсон юм гэж асуутал намайг гэртээ ирэхэд Н.Б Дулмаатай хамт машинд сууж байсан. Би гэр лүү ороод байж байтал Н.Б гийн хоолой нь чанга дуугарч хашхираад байгаа юм шиг болохоор нь цонхоороо харчихаад гүйгээд гарсан чинь тийм юм болсон байна гэхээр нь яг юу болсон юм гэхэд Т.Ч л ингэсэн юм шиг байна гэж хэлсэн. Н.Б гийн талаар өөр юм яриагүй. Тэгээд Дулмаа яасан юм гэхэд Дулмаа байгаагүй Н.Б ганцаараа байсан гэсэн. Би 01 цаг 20 минутанд Дулмаагийн 94990174 дугаарын утас руу өөрийнхөө 99128214 дугаараар залгаж чи хаана байгаа юм гэхэд би гэртээ байна гэхээр нь Н.Б та хоёр сүүлд уулзаад салахад хамт ямар хүмүүс байсан юм гэхэд Дулмаа Жамухын гадна бид хоёр хамтдаа машинд сууж юм ярьж байгаад Н.Б Ю Би Кап ашиглаж такси дуудаж өгөөд би 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Н.Б ганцаараа үлдсэн гэж хэлсэн. Н.Б ганцаараа үлдсэн гэж хэлсэн. ...Т.Ч нь Н.Б д хэд хэдэн удаа гар хүрч, зодож байсан. ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дахь тал)
11. Н.Жамухын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 20 минутын үед ажлаа тараад 17 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд гэрт хэн нэгэн байгаагүй. Би гэрээс бие тамирын хувцсаа аваад зааланд тоглох гээд явсан. Би заал руу явах замдаа найз охиноо ажлаас нь аваад хамт зааланд очсон. Тэгээд заалнаас 22 цагийн үед гарах үед талийгаач дүү Н.Б манай найз охин Намуун руу залгаад салсан хамтран амьдрагч Т.Ч ын гэрээс хүүхдээ аваад ирээрэй, өдөр хүүхдээ хүргэж өгсөн гэж хэлсэн байсан. тэгэхээр нь би найз охины хамтаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны гадаа очоод Н.Б рүү залгаад байрны гадаа ирчихлээ хүүхдээ гаргаад өг гэж хэлчих гэж ярьсан. Тэгээд хүлээж байсан чинь Н.Б буцааж залгаад хүүхэд унтсан байна, хонуулаад маргааш явъя гэж хэлсэн. Тэгээд би найз охины хамт зайсанд байрлах гэр лүүгээ явсан. Тэгээд би 22 цаг 50 минутын үед гэрийн гадаа очоод зогсоол дээр өөрийн машинаа тавиад найз охины хамт юм яриад сууж байхад талийгаач дүү Н.Б машин дотроо Дулмаа гэдэг найзтайгаа сууж байсан. Тэгээд би машин дотроо 20 орчим минут сууж байхад талийгаач дүү Н.Б над руу залгаад гэртээ орооч гэсэн. Тэгээд би удаагүй найз охиныхоо хамтаар гэр лүүгээ ороход талийгаач дүү Н.Б машин дотор найз Дуламтайгаа үлдсэн. Би гэрт ороод удаагүй 10 орчим минут болсны дараа эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би цонхоор доош харсан чинь манай дүү машиныхаа хажууд хэвтчихсэн, манай дүү Н.Б тэй хамтран амьдарч байсан мөн хүүхдийнх нь эцэг Т.Ч талийгаач дүү Н.Б гийн дээрээс харчихаад цаашаа гүйж байсан. Тэгээд найз охиныхоо хамт гүйж гараад манай найз охин Намуун талийгаач дүү Н.Б дээр очоод би Т.Ч ын араас гүйсэн. Тэгсэн нэг машинтай залуу доошоо нэг залуу гүйгээд явсан гэж хэлсэн. Тэгээд би буцаж очоод дүүгээ харсан чинь дүү Н.Б гийн цээж хэсгээс цус гарчихсан хажуу тийш харсан байдалтай хэвтэж байсан. Ер нь Н.Б ухаангүй болчихсон хэвтэж байсан учир анхны тусламж үзүүлэх гээд оролдсон. Тэгээд шууд түргэн тусламж дуудаж, цагдаад дуудлага өгсөн. Түргэн тусламж ирэх гэж нэлээн удаж байгаад ирээд эмч нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд надад доошоо нэг залуу гүйгээд явсан гэж хэлсэн залуу Т.Ч ын сууж ирсэн таксины жолооч байсан, буцаад надад ирээд хүүхдийн 100-аас суугаад ирсэн гэж хэлж байсан. Тэгэхээр нь тухайн залуугийн утасны дугаарыг нь авч үлдсэн. ...миний сонсож байснаар дүү Н.Б г Т.Ч заналхийлдэг, хэд хэдэн удаа биед нь халдаж, цохиж зодож байсан. Тэгээд цагдаад хүртэл өгч байсан. сүүлд нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр талийгаач Т.Ч нь талийгаач дүү Н.Б гийн гарыг хугалж байсан гэсэн. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 01 дүгээр хэлтэс шалгаж байгаа гэсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал)
12. Гэрч Б.Алтантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад өөрийн 02-33 УАВ улсын дугаартай саарал өнгийн тоёота 31а маркийн машинтай таксинд явсан. Би орой болохоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 100-н орчмоор таксинд явдаг. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100-ийн Варахаус нэртэй ресторан, пабын хажуугаар явахад өвдгөө арай хүрээгүй хар, хөх өнгийн куртка өмссөн, хөх өнгийн нимгэн малгайтай, 25-30 орчим насны залуу гар өргөхөөр нь би зогсоод миний машины жолоочийн хойд талын сандал дээр суусан. Тухайн залуу машинд суухдаа лаазтай Сэнгүүр нэртэй пиво барьчихсан суусан. Тэгээд тухайн залуу машинд орж ирээд зайсан явчихаад ирье, километрийг нь 1.000 төгрөгөөр явчих гэхээр нь би 1.300 төгрөгөөр явъя гэсэн чинь тэр залуу за боломжоороо явчих гээд явсан. Тэгээд явж байхад тухайн залуу машинд чинь тамхи татчих уу гээд их зөөлөн боловсон маягаар надаас асуухаар нь би болно гэж хэлсэн чинь цонх онгойлгоод тамхи татсан. Тэгээд хүүхдийн 100-аар чигээрээ зүүн тийш явж Энхтайваны гүүр даваад 120 мянгатын уулзвар чигээрээ урагшаа явж Зайсангийн уулзвараар зүүн гар тал руу эргээд “Буган халиун” гэх зочид буудлын баруун талаар дээш өгсөж явж байгаа байрны гадаа очсон. Тухайн залуу нь надад баруун, зүүн гэж зам зааж байсан. Тэгээд байрны урд талаас дээш өгссөн чинь тэр залуу буцаж эргээд зогсчих би удахгүй чи намайг хэдэн минут хүлээчих гэсэн. Тэгээд тухайн байрны урд талд буцаж эргээд гарахад бэлдээд уруудаж зогссон. Тэгсэн тэр залуу таксины мөнгө хэд гарч байна гэхээр нь би 7.000 төгрөг болсон байна гэсэн чинь шилжүүлье гээд миний 5034864513 гэсэн данс руу 7.000 төгрөгийг утаснаасаа шилжүүлсэн. Тэгээд тэр залуу чи намайг хүлээчих гээд хаалга онгойлгоод машинаас бууж зогсоод байрны зогсоол руу харж 1 минут орчим зогсож байснаа буцаад машинд суусан. Тэр залуу хоёулаа энд жаахан ажиглая гэж хэлсэн. Тэгж хэлээд 1 минут болоогүй байхад тухайн залуу наад байрныхаа зогсоол руу нь эргээд орчих гэхээр нь байрны зогсоол руу баруун эргээд орсон. Зогсоол руу ороод 3-4 машин өнгөрөхөд хар өнгийн Жук маркийн машин дотор нэг эмэгтэй машины дотор талын гэрлийг асаачихсан сууж байсан. Тэгээд өнгөрөөд зогсоол хойд талд очсон чинь тухайн залуу би буцаж явахаа болилоо гээд машинаас пиво бариад буусан. Тэгээд би тухайн зогсоолын хойд хэсэгт буцаж эргэж байхад эмэгтэй хүн хашхирах чимээ гарсан. Тэгсэн миний машинаас буусан залуу доошоо гүйж байгаа харагдсан. Тэгээд би буцаж эргээд зөөлөн яваад харахад, зогсоол дээр Жук машинд сууж байсан эмэгтэй байхгүй, жолооч талын хаалга нь онгорхой байсан. Ямар нэг хүн харагдахгүй байсан. Тэгсэн миний өөдөөс нэг суудлын жижиг автомашин ороод ирсэн. Тухайн машины дугаар, маркийг сайн анзаарч хараагүй. Тэр машин доошоо ухарч байхад байрнаас нэг залуу гүйж гарч ирээд над руу аймар харахаар нь доошоо нэг залуу гүйгээд явчихлаа гэж хэлсэн чинь байрнаас гарч ирсэн залуу доошоо гүйгээд явсан. Тэгээд би машинтайгаа доошоо зам руу гарах гээд явж байхад байрнаас гарч ирсэн залуутай таараад яасан юу болов гэж асуухад тэр залуу мэдэхгүй харин юу болов гэж хэлчихээд буцаад байр луугаа гүйгээд явсан. Тэгээд би доошоо зам руу гараад уулын зам руу орж байхад миний машинаас буусан залуу уулын замаар зүүн тийш замын хойд талд урсгал сөрж алхаад гараа өргөөд явж байсан. Тэгээд би уулын замаар зүүн эргэж зайсан чиглэлд явсан. Тэгээд би эхнэр лүүгээ фейсбүүк чатаар залгаад саяны болсон зүйлийг хэлсэн чинь эхнэр янз бүр болчихсон юм биш биз дээ буцаж очоод хараач гэхээр нь би буцаад нөгөө байрны гадна очсон чинь Жук маркийн машины хажуу талд нэг эмэгтэй хэвтчихсэн, байрнаас гүйж гарч ирсэн залуу хиймэл амьсгал хийж байсан. Тэгээд би машинаас бууж очоод юу болов яасан зүгээр үү би таксины жолооч байна гэж хэлсэн. Сая миний машинаас буусан залуу энэ доошоо хар хурдаараа гүйгээд явсан. Над руу таксины төлбөрөө дансаар шилжүүлсэн, дансны дугаарыг нь авах юм уу гэж хэлсэн чинь нэг эмэгтэй таны утасны дугаар луу залгая гээд миний утасны дугаарыг авсан. Надаар хүргүүлж ирсэн залуу машинаас буугаад удаагүй эмэгтэй хүний хашхирах чимээ гарсан, тэгсэн тэр залуу доошоо хар хурдаараа гүйгээд явж байсан гэж хэлчихээд би машинтайгаа яваад өгсөн. Тэгсэн удаагүй танихгүй дугаараас залгаад таксины жолооч мөн үү хүний амь эрсэдсэн байна та буцаад хүрээд ирэх боломж байна уу гэж хэлэхээр нь би буцаад ирсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 98-100 дахь тал)
13. Гэрч Б.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Н.Б нь найз залуу Т.Ч тай муудалцаад ээж Г.Н гийн хамт байж байгаад манайд 2021 оны 10 дугаар сарын 24-нд байхаа Бүтэнсайн өдөр ой 2 сартай хүүхдийнхээ хамт хамт байя гээд ирсэн байсан. Жамух бид хоёр ажилтай учраас өглөө гараад орой ирдэг хамт байх хугацаандаа нарийн ширийн зүйл асууж байгаагүй ерөнхийдөө нөхөр Т.Ч тай муудалцаад салах гэж байгаа талаар нь мэдэж байсан учраас асуух шаардлага байгаагүй. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 28- ний өглөө ажилдаа явах гэж байхад Н.Б Жамухтай ярихдаа өнөөдөр охиныгоо аавд харуулна гэж байсан. Тэгээд бид хоёр ажилдаа явчихаад 21 цаг өнгөрч байхад Н.Б над руу яриад та хоёр ирэхдээ Т.Ч дээр очоод охиныг аваад ирээрэй гэхээр нь Т.Ч ын гэр болох хүүхдийн 100-н тэнд байдаг 8 байр 3 орцны гадаа ирчихээд Н.Б рүү залгаад ирчихлээ аавыг нь аваад гараад ир гээд хэлчих гээд 10-20 минут орчим болоход Н.Б өөрөө залгаад охин унтсан гэж байна аа аав өнөөдөр эндээ хараад хоночихъё гэж байна гээд бид хоёрт хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр гэр лүүгээ шууд яваад гэрийн гадна ирэхэд Н.Б өөрийнхөө Ниссан жук маркийн хар өнгийн авто машин дотроо найз охин Дулмаагийн хамт сууж байсан бөгөөд Жамух бид хоёр машин дотроо юм яриад сууж байхад Н.Б залгаад та хоёр гэртээ орох болоогүй юм уу юу хийгээд суугаад байгаа юм гээд маазарч ярьж инээж байсан. Тэгээд бид хоёр гэр лүүгээ ороод хувцас хунараа тайлаад нүүр гараа угаачихаад байж байхад гадаа хүн чанга орилохоор нь цонхоороо харахад Н.Б машиныхаа хажууд газарт хэвтчихсэн машиных нь хаалга онгорхой хажууд нь нэг хүн зогсож байхаар нь Жамух цонхоор хөөш гэж орилоход хажууд нь байсан залуу шууд гүйгээд явахаар нь бид хоёр сандраад шууд гэрээсээ гараад би Н.Б дээр очиход Жамух тус залуугийн гүйсэн газар луу араас нь гүйгээд явсан. Би Н.Б дээр очиход хажуу тийшээ харж хэвтсэн амнаас нь цус гарсан яасан талаар нь мэдэхгүй сандарсан байсан бөгөөд Жамух ирээд хиймэл амьсгаа хийгээд шоконд ороод түргэн тусламж гар утсаараа дуудаад гэрээсээ бүтээлэг аваад гарахдаа жижүүр ах дээр очоод камер шүүмээр байна хаана байдаг вэ гэж хэлээд явсан. Тэгсэн удалгүй таксины жолооч ирээд яасан зүгээр үү гээд ирэхээр нь хардаад асуухад хүн орилох шиг болохоор нь буцаад ирлээ сая хүүхдийн зуугаас нь нэг залуу энд хүргүүлчихээд буцаад гүйгээд явахаар нь ирлээ гэсэн. ...Намайг очих үед нэг сонин амьсгалаад амнаас цус гараад хувцас нь дээшээ сөхөгдсөн хажуу хэсгээр нь аймар цус болсон нуруу цээж хэсэгт нь нүх гарсан харагдаж байсан аймар сандраад хаанаас нь цус гараад байгааг мэдэхгүй аймар хэцүү байсан. Жамух ирээд хиймэл амьсгаа хийгээд сэрээрэй ахын дүү гээд сандраад бид хоёр шоконд орсон байсан. Н.Б гийн биед учирсан гэмтлийг Т.Ч учруулсан гэж бодож байна. Уг хүнээс өөр хүн биед нь халдана гэж байхгүй. ...Ер нь бол миний мэдэхээр байнгын хоорондоо асуудалтай, Н.Б д гар хүрч зодож байсан байхаа ах Жамухдаа намайг Т.Ч дээрэлхээд зодсон гэдэг зүйл ярьдаг байсан. ...саяхан Н.Б Т.Ч ад зодуулаад гараа хугалсан гэж байсан бөгөөд тус асуудлаасаа болоод тусдаа амьдарч салах гэж байсан байх...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал)
14. Гэрч Б.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 хорооллын 8 дугаар байр 45 тоот гэртээ 2 охины хамт байхад миний 88088873 дугаар луу байрны оршин суугч Т.Ч залгаад ачаа ирсэн өнөөдөр заавал ав гээд байна охинтойгоо хоёулаа байна охин унтсан чи орж ирээд чимээгүй гэрт хараад сууж байгаач би хурдан явчихаад ирье гэж хэлэхээр нь зөвшөөрөөд би хоёр хүүхдээ гэртээ үлдээгээд Т.Ч ын гэрт орох үед Т.Ч бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гадагшаа гарахад бэлэн хувцасаа өмсөж гартаа пиво барьсан байхаар нь ачаагаа хаанаас авах гэж байгаа юм гэхэд Амгалангаас авна гэхээр нь яаж явахын гэхэд такси бариад хурдан яваад ирье гэхээр нь чи хүүхдээ орхичхоод арай цаашаа явчих юм биш биз дээ гэхэд яалаа гэж дээ хурдан яваад ирнэ гэж хэлээд гарч явахаар нь би гал тогооны өрөөнд нь утсаа оролдоод сууж байсан чинь 30 минутын дараа пир пар гээд нилээн ширүүн гэртээ орж ирээд гадуур хувцасаа тайлаад миний найз яв гэж хэлэхээр нь гайхаад яасан зүгээр үү гэж асуухад гал тогооны өрөө рүүгээ орчихоод хоёр гараараа хутга бариад өөрийнхөө цээж хэсэг рүү 4-5 удаа дүрэхээр нь очоод яаж байгаа юм бэ болиоч гэж хэлээд гарнаас нь хутгыг салгах гэж хэсэг зууралдаж хутгыг гарнаас нь салгаж хутгыг үүдний гишгүүрийн дор нуугаад буцаад ирэхэд гал тогооны өрөөнөөс дахин хутга аваад баруун гартаа хутга бариад зүүн гарын шууны дотор хэсгийг хутгаар зүсэх үед дахин хутгыг нь авах гэж хэсэг зууралдаж сүүлдээ гуйгаад битгий ингэ тайвшир, хутгаа өгчих гэж нилээн дуу чимээ гарах үед унтаж байсан охин нь сэрээд босоод ирсэн чинь Т.Ч миний охиныг аваад унтуулчих гэхээр нь би хөдлөхгүй зогсож байгаад хутгыг нь булааж аваад үүдний гишгүүрийн дор нуугаад буцаад иртэл том хутга бариад дахин өөрийнхөө зүүн гарын шууг нилээн гүн зүсэхээр нь айгаад гэрээс гарч 102,103 дугаар луу залгахад холбогдохгүй байсан мөн хөрш айлын үүдийг нүдсэн боловч онгойлгоогүй ба энэ үед Т.Ч хаалгаа дотор талаас нь хаагаад орох гэхээр оруулахгүй хэсэг чимээгүй байснаа охиноо гэрээсээ гаргаж өгөөд буцаж хаалгаа хааж ойролцоогоор 5-10 минут болоод гадуур хувцасаа өмсөөд гараад явахаар нь нь гэрт нь орж үзтэл нилээн цус болсон тул 102 дугаар луу дуудлага дуудаж мэдэгдсэн. Мөн Т.Ч ын гар утас руу залгахад аваад чимээгүй сонсож байгаад тасалсан. Удаагүй цагдаа ирж үзлэг хийж зураг аваад эд мөрийн баримтуудыг аваад надаас мэдүүлэг авсан. ...Т.Ч гартаа хутга бариад өөрийгөө хутгалж зүсэх үед би нилээн гуйж хутгыг гарнаас нь салгах гэж зууралдсан энэ үед би амьдралаараа тоглуулчихлаа шүү дээ одоо угаасаа бүх юм өнгөрсөн, гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал)
15. Гэрч Г.Дуламхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хальт Т.Ч ын талаар яриад “би гараа арай хугарсан гэж бодоогүй, тэгсэн хугарчихсан байсан. Т.Ч бид хоёр муудалцаад Т.Ч намайг түлхээд би унахдаа эвгүй унасан юм билээ, тэр үед цагдаа дуудсан. Т.Ч цагдаа ирсэн байхад намайг аймаар хэлсэн, наадах чинь хар тамхичин, наадах чинь янхан гэж хэлсэн” гэсэн. Ер нь Т.Ч тай холбоотой зүйлийг дэвэргэж яриад байдаггүй ...Т.Ч тэр хоёр байнга муудалцдаг байсан. Муудалцахаараа Н.Б Бөмбөгөрийн гэрт болох ээжийндээ охиноо аваад ирдэг байсан. Н.Б жирэмсэн байхад 2020 оны зун 24 дүгээр сургуулийн урд талд Н.Б бид хоёр пиво уугаад юм яриад сууж байхад Н.Б “Т.Ч гэх залуутай танилцаж үерхэж байгаа, нэг аймаар юм нь зоддог” гэж хэлж байсан. Тэгээд би “аймаар юм бэ” гэсэн чинь Т.Ч муудалцахаараа гэрийнх нь гадаа ирээд залгаад байдаг гэж ярьсан байсан...Т.Ч болохоор Н.Б гүй амьдарч чадахгүй гэдэг. Т.Ч ер нь нэг бол үхлээ шүү гэж Н.Б г сүрдүүлсэн, мөн Т.Ч нь Н.Б г чамайг алчихаад өөрөө үхнэ гэж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121-125 дахь тал)
16. Цогцост үзлэг хийсэн “...хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээс бүдэг илэрсэн, цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар 5-6 дугаар хавирганы түвшинд хөхний толгойн дор ташуу байрлалтай 2*1 хэмжээтэй урдаас арагш зоонд хийж шалгахад цээжний хөндий рүү гүн нэвтэрсэн шархтай /уг шарх үхэлд хүргэсэн байх боломжтой/ мөн цээжний баруун талд эгэмний шугамаар ташуу байрлалтай 2,3*1 см баруун урдаас зүүн арагш ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, биеийн цээжний ар болон өвөр хэсэгт үүссэн, булчин өөхөн эд ил гарсан нийт 28 тооны том, жижиг зүсэгдсэн шархтай... нас бараад 4-5 цаг болсон байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 161-169 дэх тал)
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2346 дугаартай:
“-Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх, хоёр талын уушги хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндийд цус хуралдалт /250 мл/, зүрх чихэлдэлт, цээж, зүүн дал, баруун мөр, бугалга, сарвуу, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, доод уруулд язарсан шарх, зүүн шилбэ, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, үхэлд хүргэсэн болно.
-Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэгийн хөндийд цус хуралдаж зүрх чихэлдсэний улмаас нас баржээ.
-Талийгаачийн цусанд 1,1 промилли спиртийн зүйл илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулж байна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.
-Талийгаач нь А (II )-р бүлгийн цустай байна.
-Талийгаач нь жирэмсэн биш байна. Үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна.
-Талийгаачид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 173-177 дахь тал)
18. Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх хоёр талын уушги хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралт, зүрх чихэгдэлт, цээж, зүүн баруун дал, баруун мөр, бугалга, сарвуу, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, доод уруулд язарсан шарх, зүүн шилбэ, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...амь хохирогчийн цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг, зүрх хатгагдаж цус үнхэлцэгийн хөндийд хуралдаж, зүрх чихэлдэсний улмаас нас барсан байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал)
19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3121 дугаартай:
“шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамц, улаан хүрэн өнгийн хөхний даруулганд хурц иртэй зүйлийн арван удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтүүд байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дахь тал)
20. Амь хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 204-209 дэх тал)
21. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 983 дугаартай:
“-Т.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
-Т.Ч нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
-Т.Ч нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө үйлдлийг ойлгон мэдэх чадвартай байсан байна.
-Т.Ч нь хэрэг хариуцах чадвартай байна.
-Т.Ч ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 45-47 дахь тал)
22. Шүүгдэгч Т.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн үед би гэрээсээ жижиг маслоны хутга аваад гарсан ба өөрийн мэдэлгүй хутгалсан. Санаж байгаагаар 2-3 түүнээс их байх. Тухайн үед энэ хүн миний хайрыг яагаад ойлгохгүй дандаа өөрийн дураар байх ёстой юм гэдэг бодол төрж байсан. ...Н.Б г хутгалж алахад би ганцаараа байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Болдог бол цаг хугацааг ухрааж өгөөч, би Н.Б г амьд байгаасай гэж маш их хүсэж байна. би Н.Б гээс ганцхан зүйл хүссэн нь надад хүндэтгэлтэй хандаасай л гэж хүсэж байсан. ...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 86-87 дахь тал)
23. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн Т.Ч ын өвчний түүх (2 дугаар хавтаст хэргийн 98-108 дахь тал)
24. Н.Б гээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...нөхөр намайг зодоод байна...” гэсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал)
25. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн амь хохирогч Н.Б гийн хохирогчоор өгсөн: “...манай хамтран амьдрагч Т.Ч нь надтай байнга хэрүүлтэй байгаа. Би өглөө эрт босож орой ядраад унтах гээд чи хүүхдээ авч бай гэсэн чинь аваад байгаа юм бишүү лалраа гээд уурлаад байсан. Тэгээд би босож очоод юу гэнээ чи гэсэн миний өөдөөс хэрэлдээд байхаар нь би явлаа гэсэн чинь уурлаад босож ирээд миний урдаас түлхээд би унасан. Тэр үед намайг өшиглөсөн байх гэж бодож байна. Унаад босоод ирсэн чинь миний гар эвгүй болчихсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Намайг өнөөдөр багалзуурдаасан. Тэр үед мөнгөнөөс болж маргалдсан байх, би санахгүй байна. Бас үстсэн байх, намайг өшиглөсөн гар луу жийсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 234 дэх тал)
26. Асап сангийн мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 141-147 дахь тал)
27. Аюулын зэргийн үнэлгээний “...өндөр” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 169-171 дэх тал)
28. 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалгасан материал (2 дугаар хавтаст хэргийн 185-200 дахь тал)
29. Нийслэлийн түргэн тусламжийн өвийн эмч Ю.Уранзаяагийн Н.Б г үзсэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эрүүл мэндийн бүртгэлийн маягт (2 дугаар хавтаст хэргийн 238 дахь тал)
30. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “...Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 8-р байрны 41 тоот хамтран амьдрагч, миний гарыг хугалчих шиг боллоо гэх дуудлагыг шалгаад хоорондоо маргалдсан гэх дуудлага өгсөн Н.Б гэгчийг 103 эмчид үзүүлж, Н.Б болон хамтран амьдрагч Т.Ч нараас мэдүүлэг авч дуудлага мэдээллийг гомдол мэдээлэлд бүртгэн авлаа...” гэсэн илтгэх хуудас (2 дугаар хавтаст хэргийн 239 дэх тал)
31. Бичлэгт үзлэг хийсэн: “...намайг өдөржингөө багалзуурдсан. Нүд харанхуйлтал багалзуурдсан, алгадсан, би дахиж тэгэхгүй, би дахиж тэгэхгүй гээд байхаар нь итгээд үлдсэн чинь миний гарыг өөрөө цохьсон. ...миний гар өвдөөд байгаа юм чинь, ...миний гар өвдөөд байна, наадах чинь намайг өдөржингөө дарамталсан, тэгчихээд ичихгүй ингээд худлаа яриад байгаа байхгүй юу ...” гэсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 240-247 дахь тал)
32. П.Өлзийдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг хүмүүс нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 8-41 тоотод амьдардаг бөгөөд гэр бүлийн баталгаа байхгүй хүмүүс хосууд байсан, дундаасаа 1 настай охинтой. Т.Ч Н.Б г зодсон, хүчирхийлэл үйлдсэн гэх утгатай зөрчлийн гомдол 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр надад цохогдсон, гомдол материалыг хүлээн авсны дараа эхнэр Н.Б рүү залгахад утсаа авахгүй байсан. Ингээд би 14 цагийн орчимд гэрт нь очиход хаалгаа тайлахгүй байсан. Тухайн өдрийн орой 18 цагийн орчимд Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөс цагдаагийн алба хаагч залгаж “Н.Б гэх хүн шалгагдаж байгаа юу, гараа хугалсан байна, үзүүлээд явлаа” гэж хэлсэн. би шууд Н.Б рүү залгатал “би Баянбүрд дээр ээжийндээ байна, миний хүүхдийг харах хүн байхгүй байна” гэж хэлхээр нь би “-чи надтай уулзах хэрэгтэй байна, шүүх эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн боловч тухайн өдрөө ирээгүй. Үүний дараа Н.Б мөн өдрийн 15 цагийн орчимд ирж уулзаж мэдүүлэг өгчихөөд шүүх эмнэлэгт үзүүлэх саналыг прокурорын газар руу хүргүүлж Сүхбаатар дүүргийн прокурорын зөрчлийн хяналтын прокурор Цэцэгмаад “-хохирогчийн гар хугарсан, илтэд гэмт хэргийн шинжтэй байх тул харьяаллын дагуу шилжүүлэх хэрэгтэй” гэж танилцуулсан. Сүхбаатар дүүргийн прокурорын туслахаас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Н.Б гэх хүний Шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоолыг авах хэрэгтэй” гэж хэлсэн тул би очиж аваад Н.Б д өгөх гэтэл утсаа авахгүй байсан тул Н.Б гийн ээж рүү ярьж энэ талаар хэлж “Шүүх эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй” гэж хэлээд гэрт чинь хүргээд өгье гэж хэлж Алтжин Бөмбөгөрийн урд талын байшингийн ойролцоо очиж Н.Б гийн дүү гэх эмэгтэй хүүхдэд прокурорын зөвшөөрлийг өгсөн. Энэ явдлын дараа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Н.Б шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан ба гэмтлийн зэргийн дүгнэлт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарч Н.Б гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байсан учир тухайн өдрөө зөрчлийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорын газар хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 249-250 дахь тал)
33. Гэрч М.Кадирбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Н.Лхагвасүрэнгийн хамт Хүлэг 114 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 8 дугаар байр 41 тоотод хамтран амьдрагч миний гарыг хугалчих шиг боллоо гэсэн дуудлагыг шалгаж байсан. ... Тухайн үед Т.Ч гэж эрэгтэй 3 цаг орчмын өмнө манай хадам ээж буюу Н.Б гийн ээж ирээд бид 3 нэг шил вино хувааж уусан гэж ярьж байсан согтолтын зэрэг маш бага байсан эрүүл шахуу байсан, Н.Б нь уйлсан байдалтай миний гар өвдөөд байна миний гарыг Т.Ч өшиглөсөн гэж хэлээд гал тогооны өрөөндөө байж байхад зочны өрөөнөөсөө Т.Ч хүүхдээ тэврээд гараад ирсэн байсан гэрт нь ямар нэгэн хагарсан бусниулсан зүйл болоогүй байсан ингээд манай офицер Н.Лхамсүрэн Н.Б болон Т.Ч нараас мэдүүлэг авч аюулгүйн зэргийн үнэлгээ хийж гэр бүл хүчирхийллээ материалжуулж 103-т дуудлага өгсөн байсан учир 103-н эмч ирж үзээд яг яс нь хугараагүй байна, цуурсан байж магадгүй боломжтой үедээ гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж рентген зураг авхуулаарай гэж хэлээд эмч нь нарийн бичиг хийж өгөөд явсан, ингээд Н.Б гийн ээж Р.Г.Н г дуудаж Н.Б г хүлээлгэж өгсөн, миний санаж байгаагаар Т.Ч нь эрүүл байсан учир гэрт нь үлдээгээд явсан. Ингээд манай офицер дэслэгч Н.Лхамсүрэн материалжуулсан материалаа маргааш нь цохолт хийлгэж эрх бүхий албан тушаалтанд нь хүлээлгэж өгсөн ийм л зүйл болсон. ... Н.Б гийн биед гарнаас нь өөр гэмтсэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй мөн Т.Ч ын биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 04 дэх тал)
34. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10332 дугаартай:
“-Н.Б гийн биед баруун шуу, богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 10-11 дэх тал)
35. Амь хохирогч Н.Б гийн гарын гэмтэлд хийсэн дүрслэл оношилгооны хариу (3 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал)
36. Түргэн тусламжийн дуудлагын хуудас (3 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал)
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал), дипломын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 208, 212-214 дэх тал), боловсролын гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 210-211 дэх тал), сертификатын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 215-217 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 8 дугаар байрны 41 тоотод хамтран амьдрагч Н.Б тэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд баруун шуу, богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра Вилла” хотхоны 207 дугаар байрны гадна хамтран амьдрагч Н.Б тэй маргалдан түүний цээж, нуруу, гар хэсэгт хутгаар олон тооны шарх гэмтэл үүсгэж, нийт 28 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан үйл баримтууд тогтоогдлоо.
Прокуророос дээрх үйл баримтыг дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтуудад зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг ба уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдсэн хүн өөийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүнү нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үлйдлээрээ уг хохиролд хүргэсэн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх ба хүийг алсан идэвхитэй үйлдлийг ойлгоно. Мөн дээрх гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зохицуулсан.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлан, талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Үүнд: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тухайд, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г.Н “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би Н.Б гийн доод талын дүү бид хоёр эдний гэрт байж байгаад манай гэрт бид хоёрыг хүргэж өгсөн. Шөнө 01 цагийн үед Н.Б ээжээ та гялс хүрээд ирээч гэж залгасан. Яасан юу болсон гээд яваад очтол Н.Б гийн гарыг цагаан юмаар боочихсон байсан. Мэдэхгүй миний гарыг өшиглөчихсөн үү яачихсан гар аймар өвдөөд байна гээд цагдаагийн машинд Н.Б сууж байсан. ...маргааш өглөө нь эмнэлэгт очоод үзүүлэхэд гар нь хугарсан байна гэх онош тогтоогдсон. ...үйл явдлын дараа Н.Б бид хоёр Т.Ч ын гэрт хоносон ба гадагшаа гараагүй...” гэж,
гэрч М.Кадирбек “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэгт алаг тэргээр албан үүргээ гүйцэтгэж байсан. ...3 дугаар хорооны 8 дугаар байранд хамтран амьдрагч миний гарыг хугалчих шиг боллоо гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход эхнэр, нөхөр хоёр маргалдсан байдалтай байсан. ...тайлбар мэдүүлгийг нь аваад 103 дуудаад миний гар хавдаад байна гэсэн учраас үзүүлсэн. ...гар нь жаахан хавдсан байдалтай байсан. ...103 эмч ирээд гар нь ил мэдэгдэхээр хугараагүй байна. Гэхдээ маргааш гэмтлийн эмнэлэгт очоод зургийг нь авахуулаарай гэсэн. ...тухайн үед хамтран амьдрагч гарыг маань өвтгөсөн, зовуурьтай байна гэж байсан. ...хэргийн газрын үзлэгийг манай цагдаа авсан байсан. Би тухайн үед жолоочоор явж байсан. ...” гэж,
гэрч Н.Жамух “...Н.Б урьд Т.Ч ад зодуулдаг байсан талаараа зөндөө ярьдаг байсан. ...Шалтгааныг нь мэдэхгүй байна. ...хамгийн сүүлд Т.Ч Н.Б гийн гарыг хугалсан гээд гараа боолгуулчихсан явж байсан. ...” гэж,
гэрч Г.Дуламханд “...Н.Б гээс гараа яачихсан юм бэ гэж асуухад хариулахгүй яваад байсан. Угаасаа мэдэж байгаа юм чинь яриад байх юм байхгүй. Бид хоёр муудалцаад намайг түлхсэн чинь гар хугарчихсан байсан гэж хэлсэн. ...Т.Ч өөрийг нь зоддог гэж хэлсэн. ...өмнө нь гэртээ байж байгаад муудалцаад ...Т.Ч гарч ирээд үсдээд авсан гэж хэлж байсан. ...тэрнээс хойш нилээн олон удаа тиймэрхүү юм болж байсан гэж хэлж байсан. Жирэмсэн байхад нь шатнаас өшиглөж байсан гэж хэлж байсан. ...урьд нь намайг харж байхад жирэмсэн байхад нь гэдэс рүү нь өшиглөж байсан. ...” гэж,
гэрч П.Өлзийдэлгэр “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад хамтран амьдрагч миний гарыг хугалчих шиг боллоо гэсэн Н.Б гэгчээс дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байсан. ...тайлбар авахад гэр бүлийн маргаантай байсан. ...уг иргэдээс цагдаагийн байгууллагад 3 удаа бүртгэгдсэн байсан. Бүгд гэр бүлийн маргаантай холбоотой байсан. Цаг хугацааны хувьд тухайн гурван зөрчил нь ойрхон байсан... “ гэж,
гэрч С.Наранцацрал “...Т.Ч тай нийлснээсээ хойш гар нь хөхөрсөн, намайг түлхсэн гэж ярьдаг байсан. Гар нь хугараад гипсдүүлсэн байсан. ...гарыг нь Т.Ч хугалсан гэж хэлж байсан. ...байсхийгээд над руу Н.Б ааваа намайг Т.Ч зодоод байна гэж ярьдаг байсан... намайг очиход уйлчихсан гарч ирдэг байсан. Гар нь хөхөрчихсөн байсан. Би түүнийг нь мэдэж байна. Би охиныхоо хувцсыг аваад машиндаа суулгаад явдаг байсан...” гэж,
шинжээч эмч М.Аригуунтөгс “...тухайн үед баруун гар янгинаж өвдөж байна, гар нь юм хийж болохгүй зовуурьтай байна гэж ирсэн. Өөрөө авахуулсан рентген зурагтай ирсэн. Тухайн рентген зургийг авч үлдээд шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмч нараар зургийг уншуулахад баруун гарын богц ясны хугарал үүссэн байна гэж дүгнэлт гаргасан. ...гаднаас харахад дээрх хугарлыг мэдэх боломжгүй ...энэ хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гараа тулж унах үед илүү үүсэх боломжтой ...” гэж тус тус мэдүүлснээс дүгнэхэд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Т.Ч нь хохирогч Н.Б тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэж, хохирогч унахдаа баруун гартаа хүндэвтэр зэргийн гэмтэл авсан болох нь дээрх гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон шинжээчийн 10332 дугаартай дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн зүгээс хохирогчийн гарт гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй, баруун болон зүүн гарын аль хэсэгт учирсан нь тодорхойгүй, шинжээч эмч сиди бичлэг гарахгүй байхад дүгнэлт хийх боломжгүй гэж маргадаг боловч дээрх гэрч нарын мэдүүлгээр тухайн үед шүүгдэгч болон хохирогч нарын хооронд маргаан гарсан, цагдаа нар очиход хохирогчийн гарт гэмтэл учирсан буюу хавдсан байсан, улмаар анх хамтран амьдрагч зодсон гэж дуудлага мэдээлэл өгсөн зэрэг бодит үйл баримтууд хангалттай тогтоогдож байх ба шинжээч эмч Б.Аригуунтөгс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...ирсэн сиди бичлэг гарч байсан учраас дүгнэлт гаргасан” гэж мэдүүлсэн зэргээс шинжээчийн хууль сануулж өгсөн мэдүүлэг, мэргэжлийн дүгнэлт зэргийг шүүх нотлох баримтаар үнэлж хохирогчийн баруун гарт гэмтэл учирсан байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээр амь хохирогч Н.Б болон шүүгдэгч Т.Ч нар нь хамтран амьдардаг, дундаасаа хүүхэдтэй болох нь нотлогдлоо.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “...энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд зэрэг хамаарна. ...” гэж,
5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж тус тус заасан байх ба амь хохирогч болон шүүгдэгч нар нь дээр дурдсанчлан хамтран амьдардаг байх тул уг хуулийн үйлчлэлд хамаарна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч Н.Б г зоддог талаар удаа дараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдсэн /3 удаа/, мөн тэрээр гэр бүлийн таарамжгүй харилцаатай, хохирогчтой байнгын маргаантай байсны улмаас хохирогчийн биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж, хохирогчид гэмтэл учирч болзошгүй нөхцөл байдлыг ухамсарлаж байсан хэдий ч түүнийг түлхэж унаган улмаар хохирогчийн гарт баруун гарын богц ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тухайд, шүүх хуралдаанд гэрч Н.Жамух “...би гэртээ орж ирээд нүүрээ угаагаад, хувцсаа сольчихоод гараад иртэл эмэгтэй хүн орилох шиг болохоор нь цонхоороо хартал Н.Б газарт хэвтсэн Т.Ч доошоо тонгойсон байдалтай зогсож байсан. Би буугаад очих хооронд гүйгээд явчихсан байсан. ...таксины жолооч залуу гүйгээд явчихсан гэж хэлсэн...” гэж,
гэрч Б.Алтантулга “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би орой 11 цаг өнгөрч байхад хүүхдийн 100-с нэг залуу авсан. ...тэр залуу зайсан орно гэж хэлсэн. Би зайсанд хүргэж өгсөн. ...байрны урд талын харанхуй хэсэгт би удахгүй гээд буусан. 3-4 минут хүлээж байгаад хоёулаа жаахан ажиглаадахъя гээд машины гадна гарч зогсоол руу харж зогсож байгаад зогсоол руу тултал яв гээд явтал би ерөөсөө буцаж явахаа больлоо гээд төлбөрөө хийсэн. ...тухайн үед лаазтай сэнгүр өвөртөө хийсэн орж ирээд замдаа задлаад уусан. ...хүргэж өгсний дараа буулгаад ганц хоёр минутын дараа эмэгтэй хүн орилох дуу гарсан. Тэгээд харахад зам уруудаад гүйж байсан. ...машинтайгаа хотхон руу өгсөөд ороход жук машин дотор 2 охин сууж байсан. Тэр хүмүүсийг ажиглаадахъя гэж хэлсэн...” гэж,
шинжээч эмч Т.Сэлэнгэ “...нийт 28 тооны шарх нь эр үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн, бусад цус хуралт зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. ...цаг хугацааны үед тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...цээжний хөндийд нэвтэрч, зүрх чихэлдэж нас барсан байна. ...зүрхэнд нэвтэрсэн гэмтлийг аваад үхэлд шууд хүрнэ” гэж тус тус мэдүүлдэг ба камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд “...би гэрээсээ маслоны хутга аваад гарсан. ...өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгч Т.Ч нь амь хохирогч Н.Б г 28 удаа хутгалсан байх ба амь хохирогч нь цээжинд нэвтэрсэн гэмтлийн улмаас нас барсан буюу шүүгдэгч Т.Ч ын хутгалсан үйлдлийн улмаас үхэлд шууд хүрсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгий” гэдэгт хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон зэрэг аргуудыг хамааруулдаг бол мөн зүйлийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алсныг ойлгодог.
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч нь хамтран амьдрагч болох амь хохирогч Н.Б г нийт 28 удаа хутгалсан буюу түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан байх тул түүнийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис, хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон шүүгдэгч Т.Ч нарын зүгээс уг хэргийг сэтгэл гутралтай байх үедээ өөрийн мэдэлгүй үйлдсэн, өөрөөр хэлбэл сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас амь хохирогчийн амийг хохироосон гэж маргадаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь хохирогчийн зүгээс гэмт этгээд, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан үедээ хүнийг алах идэвхитэй үйлдэл хийсэн байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг ба хохирогчийн зүгээс хүчээр дарласан, хүндээр доромжилсон, эсхүл хууль бус бусад ямар үйлдэл хийсэн, эдгээрийн улмаас гэм буруутай этгээдэд өөрт нь буюу ойр дотных нь хүмүүст ямар хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсныг заавал тогтоосон байх шаардлагатай.
Гэтэл хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Т.Ч нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 8 дугаар байрны 41 тоотод байх өөрийн гэрээсээ хутга авч гаран таксинд сууж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра Вилла” хотхоны 207 дугаар байрны гадна очсон байх ба улмаар хохирогчийг ажигласан, дараа нь автомашинд очиж мансууруулах бодис хэрэглэж байна гэж ойлгон маргалдаж, шүүгдэгчийг өөрийг нь хараалаа гэх шалтгаанаар түүнийг хутгалж амь насыг нь хохироосон байгааг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл хохирогч шүүгдэгчийг харааж доромжилсон, мансууруулах бодис хэрэглэсэн нь шүүгдэгчид болоод түүний ойр дотны хүмүүст дарамт учруулсан, хүндээр доромжилсон, хүч хэрэглэсэн, заналхийлсэн буюу хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч тэр даруй сэтгэл санааны дарамтад орж хүчтэй цочрон давчидсан гэдэг нь тогтоогдохгүй байна.
Нөгөө талаас шүүгдэгчийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооноос хутга авч гаран Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт очсон, машинаас хохирогчийг ажигласан, улмаар хамт байсан найз нь явсны дараа очиж хохирогчтой маргалдан хохирогчид халдаж амь насыг нь хохироосон байгааг шүүх урьдаас хүнийг алах санаа зорилготой байсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзсэн ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэснийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгахаар зохицуулсан.
Өөрөөр хэлбэл амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалттай.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г.Н хавтаст хэрэгт амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 72 ширхэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-55 дахь тал), нийт 16.244.748 /арван зургаан сая хоёр зуун дөчин дөрвөн мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийн баримт гарган өгсөн бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 21.00.000 /хорин нэгэн сая/ төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс амь хохирогчийн мусульман ёс заншлаар 40 хоног, буддын заншлаар 49 хоног хураах буяны ажилд 9.000.000 /есөн сая/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг зарцуулсан гэх 11 ширхэг, нийт 10.000.000 /арван сая/ төгрөгийн баримтыг шүүхэд гарган өгч нэхэмжилдэг.
Дээр дурдсанчлан хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй. Гэтэл дээрх хоног хураах буяны ажлын зардал нь амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй гарах зардалд хамаарахгүй буюу буяны үйл ажиллагаанд хамаарна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” олгоно гэж төлбөрийн чадваргүй хохирогч, насанд хүрээгүй хохирогч, гэрчийн өмгөөллийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон олгох талаар зохицуулсан байна.
Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь төлбөрийн чадвартай, эрх зүйн ухамсар буюу сайн дурын үндсэн дээр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах гэрээг байгуулсан байх тул дээрх тогтоолын үйлчлэлд хамаарахгүй байна.
Нөгөөтэйгүүр иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ үйлчилгээг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршигт тооцох боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүдийн хамт амьдардаг.../, бага насны хүүхэдтэй, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн Ч.Цэцэндарийн эх нас барсан буюу ганц бие эцэг, бага насны хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүрэгтэй, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан Т.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад зааснаар улсын яллагчийн санал болгосны дагуу 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар тогтоолоо.
Харин Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж,
2 дахь хэсэгт “оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заасан буюу бага насны хүүхдийн төрсөн эцэгтэйгээ уулзах эрх ашгийг хамгаалах зорилгоор шүүгдэгч Т.Ч ын эдлэх 16 /арван зургаа/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Т.Ч ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Ч ад хорих ял оногдуулах болсонтой холбоотой түүний төрсөн охин 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн Ч.Цэцэндарийн асран хамгаалагчийн асуудал яригдах бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.8 дугаар зүйлүүдэд заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг оршин суугаа газрын засаг даргад хариуцуулах нь зүйтэй байна.
Т.Ч ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Т.Ч нь энэ хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 177 /нэг зуун далан долоо/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг цагдан хоригдсон хугацааг түүний биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧ И.ГАНБАТ