| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00408/И |
| Дугаар | 430 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 430
| 2017 оны 08 сарын өдөр | Дугаар 153/ШШ2017/00430 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хотын ******* дүүргийн дугаар хороо байрны тоотод оршин суух, овогт //-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох өөр болон хүүхдээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаарсарын 17-ны өдөр хүлээн авч, 153/2016/00408/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А., нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.тай 2008 онд танилцаж үерхэж байгаад 2010 ны 10 сарын 9-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2011 оны 8 сарын 9-ний өдөр охин Б. төрсөн. Хамт амьдрах хугацаанд Л. нь гэр бүлдээ хайр халамж муутай гадуур зугаацаж цэнгэж хонуут өнжүүтээр явах болсон. Тэр үед охин бид гурав Л.Баатарзаны ээжийнд амьдардаг байсан. Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн 2 дугаар гудамжны 4 тоотод байрлах хашаа, байшин худалдан авч Л.Баатарзаны нэр дээр бүртгүүлсэн. Тэр үед би төрөөд удаагүй байсан өвлийн хүйтэнд зах дээр гадаа зогсож худалдаагаа хийдэг байсан. Худалдан авсан хашаа байшиндаа засвар хийж орохоор ярилцсан. Ингээд 2013 оны зун Л. Улаанбаатар хот руу ажил хийнэ гэж явах болж намайг охинтойгоо аав, ээж дээр байж бай гэж хэлсэн. Улаанбаатар хотод очоод ярьж холбоотой байдаг байсан боловч 2014 оны зун би өөр хүнтэй болсон охин та хоёр амьдралаа бод, би охиноо харж хандах болно гэж утсаар ярьсан. Түүнээс хойш охиноо асууж хааяа ярьдаг болсон. Одоо Л. нь эхнэр, хүүхэдтэй болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.г миний асрамжинд үлдээж тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хашаа байшингаас охин бид хоёр ногдох хэсгийг гаргуулахаар өргөдөл гаргасан. Бид эвлэрийн гэрээ байгуулсан. Л. нь Улаанбаатар хотод гэр бүлтэй болсон бид эвлэрэх боломжгүй юм. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үл маргах журмаар шийдвэрлүүлэх, охин Б.г эх Б.*******гийн асрамжинд үлдээх, Б.г насанд хүртэл нь эцэг Л.ас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг нийт 3,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, Л. нь нэхэмжлэгч Б.*******д хүүхдийн тэтгэлэг 3,000,000 төгрөгийг 2017 оны 8 сарын 7-ны өдөр бэлнээр өгсөн. Нэхэмжлэгч Б.******* хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, дундын эд хөрөнгө болох Баатархайрхан багийн 2-4 тоотод байрлах хашаа байшингаас өөрт болон охин Б.д ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 2,000,000 төгрөгийн хэмжээнд тохирлцсон....Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Миний бие Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг. Б.*******гийн гэрлэлт цуцлуулах, охин Б.г асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн шаардлага тус бүр дээр бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Одоо маргах зүйл үгүй болно. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү....Миний бие одоо гэр бүлтэй хүүхэдтэй болсон тул Б.*******тай эвлэрлэх боломжгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох өөр болон хүүхдээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлийн 153 дугаарт бүртгэгдсэн болсон нь № дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин Б. төрсөн болох нь № дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. / ХХ-ийн 7-8 дугаар тал/
Гэрлэгсэд 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, хариуцагч Л. нь гэр бүлтэй болсон, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Л. нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, зөвшөөрсөн бөгөөд 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.г нас болон эхийн халамжийг харгалзан эх Б.*******гийн асрамжид үлдээн шийдвэрлэв.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 3,000,000 төгрөгийг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон охин Б.д ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2,000,000 төгрөгийг тус тус хариуцагч нь нэхэмжлэгчид өгч эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.г эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Л.Баатарзанын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Л.ас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Б.******* саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ас 235,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* *******, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Намуузаяаг эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хэмжээнд, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон охин Б.д ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хэмжээнд тус тус эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Л.д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.*******д тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,350 /гурван зуун жаран найман мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ас улсын тэмдэгтийн хураамж 235,350 /хоёр зуун гучин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ