Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/335

 

 

 

 

 

 

 

 

    2022        05           03                                     2022/ШЦТ/335

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Б.Хурц,   

шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Пт холбогдох эрүүгийн 2210000000114 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ............................ тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 811 дугаартай магадлалаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан эдлээгүй үлдсэн 9 сар 18 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн ба зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 19 хоногийн хугацааг хорих ялаар сольж шийдвэрлэсэн, М.П /РД:........................0/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.П нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк цахим хуудас ашиглан богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө гэж зар оруулан Г.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулснаар Г.М нь төрсөн эх М.Ч ийн ....... дугаартай данснаас ....... дугаарын данс руу Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул ван хотхон, 29 дүгээр байрны 248 тоот дахь гэрээсээ цахим гүйлгээ ашиглан мөн сарын 16-ны хооронд нийт 40.642.000 төгрөг шилжүүлсэн буюу Г.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 40.642.000 төгрөгийг шилжүүлэн авч М.Ч т хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч М.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “мөрдөн

шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

  1. Хохирогч М.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү Мөнхсүлд надад хэлэлгүйгээр фэйсбүүкээс бизнес хамтарч хийнэ гэсэн зарын дагуу М.П гэх хүний Ригеу Ап{ хаягаар холбогдоход мөнгийг чинь өсгөж өгнө гэсэн санал тавиад манай хүү үүнд нь итгэж ....... дугаарын данс руу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн...тэгээд манай хүү мөнгөө буцааж авья гэхэд нэмээд мөнгө өгчих, тэгэхгүй бол чиний мөнгийг алдах гээд байна гэж мөнгө нэмж авсаар байгаад 12 дугаар сарын 16-ны хооронд нийт 40.642.000 төгрөг аван байсан...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 19-23 дахь тал)
  2. Насанд хүрээгүй гэрч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ээж Чулуунцэцэгийн ....... гэсэн дансны интернэт банк миний гар утсанд байдаг...фэйсбүүк группт өөрт буй хөрөнгөө эргэлдүүлж ашиг олох сонирхолтой хүмүүстэй хамтарч ажиллана гэсэн зар байхаар нь холбогдсон...чи орохгүй юм уу өнөөдөр орой арилжаандаа орно гэхээр нь татгалзсан байдалтай үгүй гэхэд өөрийн ашиг олсон зургаа явуулая гэсэн... хаяг явуулаад энэ чат руу бич гэсэн. Дансны хуулга гээд 3 зураг явуулсан ба нэг зурган дээр 93.516.800 төгрөгийг боломжит үлдэгдэл гэсэн ....... гэсэн данс байсан. Дараагийн зураг нь ашиг тараалт гээд 520.000, 710.000 төгрөг гэсэн байсан...ингээд би нийт 40.462.000 төгрөгийг шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-31 дэх тал)
  3. “Хаан банк” ХХК-с ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50/767 дугаартай албан бичиг, ....... дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 91-112 дахь тал)
  4. “Хаан банк” ХХК-с ирүүлсэн М.Ч ийн ....... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 15-18 дахь тал).

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал), шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд (хавтаст хэргийн 53-68 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), бусад баримтууд (хавтаст хэргийн 50-52 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк цахим хуудас ашиглан богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө гэж зар оруулан Г.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулснаар Г.М нь төрсөн эх М.Ч ийн ....... дугаартай данснаас ....... дугаарын данс руу Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул ван хотхон, 29 дүгээр байрны 248 тоот дахь гэрээсээ цахим гүйлгээ ашиглан мөн сарын 16-ны хооронд нийт 40.642.000 төгрөг шилжүүлсэн буюу Г.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 40.642.000 төгрөгийг шилжүүлэн авч М.Ч т хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол Залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.П нь цахим хэрэгсэл ашиглан бодит байдал дээр мөнгө өсгөх боломжгүй байсан хэдий ч ашигтай бизнес хийж мөнгө өсгөж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон фэйсбүүк буюу цахим орчинд зар байршуулж Г.Мийг төөрөгдөлд оруулан улмаар Г.М нь төрсөн эх болох М.Ч ийн данснаас 40.642.000 төгрөгийг шилжүүлж, шүүгдэгч дээрх мөнгийг буцаан өгөөгүйн улмаас хохирогч М.Ч т 40.642.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор цахим орчинд бодит байдал дээр биелэх боломжгүй байдлыг боломжтой мэтээр итгүүлэн зар байршуулан дансны хуулга харуулж, улмаар Г.М нь уг байдалд төөрөгдөн хохирогч М.Ч ийн данснаас мөнгө шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь уг мөнгийг эргүүлэн өгөлгүй цааш өөрийн хэрэгцээнд ашигласан байх  тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчид эд хөрөнгийг авч буцааж өгөлгүй хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч М.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Ч т 40.642.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...хохирол төлбөрөө авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 117 дахь тал), хохирол төлбөр шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 116 дахь тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.П нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Пыг 312 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

              Мөн шүүгдэгч М.П нь уг хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 онын 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 39 /гучин ес/ хоног цагдан хоригджээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүдэгч М.Пын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хөрвүүлж 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан ялаас хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцох үндэслэлтэй байна.

              Харин шүүгдэгч М.П нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай захирамжаар 5 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсноос 04 сар 02 хоногийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 128 дахь тал)-оор тогтоогдож байх тул уг ялыг үргэлжлүүлэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч М.Пын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч М.Пт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.Пыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Пыг 312 /гурван зуун арван хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Пын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 онын 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 39 /гучин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагаар тооцон хөрвүүлж 312 /гурван зуун арван хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Пын урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай захирамжаар 5 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 04 сар 02 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч М.Пт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Пт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсугай.
  7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Пт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР