Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2

 

Р.Г-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй          

Шүүх хуралдаанд

Прокурор                                        А.Оргилбаяр

Хохирогчийн өмгөөлөгч                Л.Оюунсувд

Шүүгдэгч                                        Р.Г-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ж.Батхүү

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолтой Р-гийн Г-од холбогдох 201609000280 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөөлөгч Ж.Батхүүгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд:

-Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1.т зааснаар  960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан З- овогт Р-гийн Г-. /РД:**********/

Шүүгдэгч Р.Г- нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Г-аас хамтарч мал, махны худалдаа хийнэ гэж 70.000.000 төгрөг дансаар хүлээн авч, үүнээс 16.500.000 төгрөгийг дансаар болон бэлэн мөнгөөр буцаан өгч үлдсэн 53.500.000 төгрөгийг мал, махны худалдаа хамтарч эрхлэлгүй "...Э- гэж хүнд адуу аваад хил гаргаж өгсөн, Шарын голын уурхайд хөрөнгө оруулалт хийсэн, удахгүй мөнгө орж ирнэ” гэж худал хэлж, уг авсан мөнгөө өөр зүйлд зарцуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, иргэн Б.Г-т их хэмжээний буюу 53.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч З- овогт Р-гийн Г-ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 53.500.000 /тавин гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч З- овогт Р-гийн Г-од 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Р.Г-од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Р.Г-ын энэ хэрэгт 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Р.Г-оос 25.000.000 /хорин таван сая/ төгрөг гаргуулж, хохирогч Б-ийн Г-т /**********/ олгохоор,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолохоор... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү давж заалдах гомдолдоо:

...Өмгөөлөгч Ж.Батхүү миний үйлчлүүлэгч Р.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь 2 дугаар хавтаст хэрэгт яллагдагч Р.Г-ыг хохирогч Б.Г-т учруулсан гэх хохирлыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 2921 дугаартай шүүгчийн захирамжаар Р.Г-оос 63.000.000 төгрөг гаргуулж, Б.Г-т өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр дээрх захирамж хүчин төгөлдөр үйлчилж, Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа явагдаж байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан 25.000.000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Г-т шүүгдэгч Р.Г-ын гэр бүлийнхэн харилцан тохиролцож барагдуулсан тул 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 2 жилийн хорих ялыг торгох ял болгон өөрчлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү тайлбартаа:

...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Р.Г-од оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгох ял болгон өөрчилж, торгох ялыг бага хэмжээгээр боломжит хугацаанд төлүүлэхээр оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Г- тайлбартаа:

...Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

...Шүүгдэгч Р.Г- нь хохирогч Б.Г-т 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 25.000.000 төгрөг өгч хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болж хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэж үзэж байна гэв.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Р.Г-ыг 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Г-аас “мал, махны худалдаа хамтарч хийнэ” гэж 70.000.000 төгрөг дансаар хүлээн авч, үүнээс 16.500.000 төгрөгийг дансаар болон бэлэн мөнгөөр буцаан өгч үлдсэн 53.500.000 төгрөгийг мал, махны худалдаа хамтарч эрхлэлгүй "...Э- гэж хүнд адуу аваад хил гаргаж өгсөн, Шарын голын уурхайд хөрөнгө оруулалт хийсэн, удахгүй мөнгө орж ирнэ” гэж худал хэлж, уг авсан мөнгөө өөр зүйлд зарцуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, иргэн Б.Г-т их хэмжээний буюу 53.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Р.Г-ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 53.500.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс 25.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Г-т олгох, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүүгийн   давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Р.Г- нь тухайн гэмт хэрэг гарсан өдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Г-аас мал, махны худалдаа хамтарч хийнэ гэж хуурч 70.000.000 төгрөгийг дансаар авч, үүнээс 16.500.000 төгрөгийг буцаан өгч үлдсэн 53.500.000 төгрөгийг мал, махны худалдаа хамтарч эрхлэлгүйгээр "...Э- гэж хүнд адуу аваад хил гаргаж өгсөн, Шарын голын уурхайд хөрөнгө оруулалт хийсэн, удахгүй мөнгө орж ирнэ” гэж худал хэлж, мөнгийг өөр зүйлд зарцуулан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, иргэн Б.Г-т их хэмжээний буюу 53.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү давж заалдах гомдолдоо... Р.Г-од 2 жилийн хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Р.Г-оос Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 2921 дугаартай шүүгчийн захирамжаар 63.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Г-т олгуулахаар шийдвэрлэсэн захирамж хүчин төгөлдөр үйлчилж, Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа явагдаж байгаад гомдолтой... гэснийг хүлээн авах боломжгүй юм.

Хохирогч Б.Г- нь 2016 оны 4 сарын 27-ны өдөр Цагдаагийн байгууллагад “Р.Г- нь надтай хамтарч махны наймаа хийнэ гэж худал хэлж 60.000.000 төгрөгийг залилан авсан” гэж өргөдөл гаргасны дагуу мөн оны 5 сарын 16-ны өдөр Р.Г-од холбогдох 201609000280 дугаартай эрүүгийн хэрэг үүсч, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, улмаар прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба тус аймаг дахь Сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 сарын 21-ний өдөр 86 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

Шүүхээс буцсан хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж байх хугацаанд Р.Г- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, хохирогч санал гомдолгүй болсон гэх үндэслэлээр 2016 оны 12 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарч, үүний дараа Р.Г- хохирогч Б.Г- нар эвлэрүүлэн зуучлагчид хандаж түүний дэмжлэгтэйгээр мөнгийг 2017 оны 07 сарын 06-ны дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарчээ.

Үүнээс хойш 7 сарын дараа хохирогч Б.Г- нь дахин Дархан-Уул аймгийн Прокурорт хандан ... Р.Г- нь удаа дараа, байнга намайг дарамталж цагдаа, прокурорт “гомдолгүй” гэж хэл, хэрэв чамайг тэгж хэлэхгүй бол ална, хэн ч биш болгоно гэж 4-5 хүн дуудаж дарамталж байснаас болоод аргагүйн эрхэнд “мөнгөө авсан, гомдолгүй” гэж хэлсэн. Иймд дахин шалгаж өгнө үү... гэж гомдол гаргахад аймгийн прокурор нь гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж хариу өгснийг хохирогч Б.Г- эс зөвшөөрч дахин Улсын Ерөнхий прокурорт гомдлоо давтан гаргасны дагуу урдах 434 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол хүчингүй болж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай УЕП-ын 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 1/132 дугаартай тогтоол гарч, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж дуусаад хэрэг 2018 оны 10 сарын 03-ны өдөр анхан шатны шүүхээр дээрх байдлаар шийдвэрлэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Р.Г-ыг гэм буруугүй гэж үзэх хуулийн үндэслэлгүй бөгөөд түүний үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, болсон үйл баримтад хийсэн дүгнэлт хуулийн  үндэслэлтэй, анхан шатны шүүхээс түүнд хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулсан хэдий ч шүүгдэгч Р.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 25.0 сая төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэж бичгээр гаргасан хүсэлт, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар оногдуулж болохоор заасан хорих болон торгох ялуудаас торгох ялыг сонгож оногдуулах боломжтой байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчлөн, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч З- овогт Р-гийн Г-ыг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч Р.Г- нь оногдуулсан хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн эхний сард 841.333 төгрөг, бусад саруудад сар бүр 833.333 төгрөгийг төлөхөөр тогтоосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Р.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

3. Шүүгдэгч Р.Г- нь анхан шатны шүүхийн 355 дугаар шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын үлдэгдэл болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг 2018 оны 12 сарын 21-ний өдөр хохирогч Б.Г-т бүрэн төлж барагдуулсныг дурдсугай. 

4. Шүүгдэгч Р.Г-од урд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                   ШҮҮГЧИД                                   Ц.ТУЯА

                                                                                                       Ц.АМАРЖАРГАЛ