Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2017/00443

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-5-17 тоотод оршин суух, эрэгтэй, ВЮ57053012 регистрийн дугаартай, Өөлд овогт Өвгөний Бямбасүрэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ө.Бямбасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1957 онд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт 1977 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс ачаа тээврийн хэсгийн жолоочоор орж 1995 оныг хүртэл Баянхонгор аймгийн Нисэх буудал, Худалдаа бэлтгэлийн трест, Арилжаа ХК зэрэг газруудад тасралтгүй ажилласан. 1979 оны 06 сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Миний бие нь хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримтуудаа ажиллаж байсан газраасаа авч чадаагүй, үрэгдэж алга болсон. Иймд хүсэлтийг хангаж, ажилласан байдал тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар Ө.Бямбасүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, 1987-1991 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 461 тоот албан бичиг, түүний 1977-1993 онуудад ажиллаж байсан ажил, албан тушаалын талаар Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 949, 554 тоот албан бичгүүд, гэрч Д.Батсүхийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Ө.Бямбасүрэн нь 1977 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын авто тээврийн хэсэгт жолоочоор,

1979 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймаг дахь Нисэх онгоцны буудалд ачааны машины жолоочоор,

1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын авто тээврийн хэсэгт жолоочоор,

1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд жолоочоор,

1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Импекс хангамжийн Арилжаа компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1977-1994 онуудад ажиллаж байсан ажил, албан тушаалын талаар Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 949, 554 тоот албан бичгүүд, түүний 1987-1991 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 461 тоот албан бичиг, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.Батсүхийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өөлд овогт Өвгөний Бямбасүрэнгийн 1977 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын авто тээврийн хэсэгт жолоочоор,

1979 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймаг дахь Нисэх онгоцны буудалд ачааны машины жолоочоор,

1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын авто тээврийн хэсэгт жолоочоор,

1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд жолоочоор,

1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Импекс хангамжийн Арилжаа компанид жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ө.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ