| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2021/0029/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/15 |
| Огноо | 2022-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар
Шүүгдэгч А.Багабанди нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт А-ийн Багабандид холбогдох 2140000090032 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд 1997 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ..... аймгийн .... сумын ... дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...................... регистрийн дугаартай Боржигин овогт А-н Багабанди.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Багабанди нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Эргэнэг Уул” гэх газарт хохирогч Ц.П-г бэлчээрт байсан хонь хөөлөө гэх шалтгаанаар өөрийн өмчлөлийн 36-93 УНЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж, Ц.П-ийн унаж явсан морийг араас нь мөргөснөөс морины буруу талын хойд хөл шилбээрээ мөн эмээлийн мод хугарч бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогч Ц.П-д 125,000 төгрөг, хохирогч Ц.Б-д бага хэмжээнээс дээш буюу 6, 300, 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч А.Багабанди нь хохирогч Ц.П-г мориноос унасны дараа түүнтэй маргалдаж улмаар толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Багабанди нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Хонгорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Дүгнэлтээр жижиг сажиг эвдрэлийг тодорхой тусгасан байгаа. Хамгийн ач холбогдолтой эвдрэл нь зүүн урд хэсэгтээ 49 см урттай босоо байрлалтай эвдрэлд ач холбогдол өгч шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээ нь урд доод хэсгээс эхлээд дотогшоо налалттай, дээд хэсэг нь дотроосоо гадагшаа налалттай байрлал байгаа. Эвдрэлийн гадна тал нь тоосон зураасан нарийн ширхэгтэй мөртэй жигд бус эхлэлтэй зураасан мөр үүссэн. Гэрэл зургаар авах боломжгүй, хажуу талаас нь гэрэл өгөөд энгийн нүдээр харах боломжтой зураасан мөрнүүд үүссэн. Аливаа зүйлийн объект хоорондоо харилцан үйлчилж байж мөр үүсдэг. Би дүгнэлтдээ зогсож байгаа босоо зүйлийг мөргөсний үйлчлэлээр үүссэн гэсэн дүгнэлт гаргасан. Гуперийг морь туурайгаар өшиглөсөн мөр байгаагүй...” гэх мэдүүлэг
Гэрч О.Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөө ажлаар яваад ирэхэд суман дээр 17 цагийн үед дуудлага ирсэн байсан. Тэгээд захиргааны жолооч Оюунболдын хамт тухайн хэрэг болсон газар луу явж байхдаа төөрч 19 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед зарим нэг зүйл нь харагдах байдал хязгаарлагдмал байсан учраас өглөө эрт ирээд тодруулж үзсэн” гэх мэдүүлэг
2140000090032 тоот эрүүгийн хэргээс
1. Шүүгдэгч А.Багабандийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би машинтай мөргөх үйлдэл хийгээгүй, хэрэг учрал болох үед П ямар учраас манай хонийг хөөсөн шалтгааныг тодруулахаар очсон. Надад өөр санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-н 18-19 хуу/
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-н 2-4 хуу/
3. Хохирогч Ц.Пү-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн ”...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Толгойн ус гэх газар нутагладаг А-н хонь ямаанууд манай гэрийн баруун урд ирсэн байхаар нь би Ц.Б гэх хүний эзэмшлийн хүрэн морийг унаад хонийг нь А-н гэр лүү хөөсөн. Хонийг нь хөөчхөөд урагшаа адуу руугаа явж байхад А-н гаднаас цэнхэр өнгийн Приус маркийн машин хөдлөөд улаан галзуу явж байсан. Над руу чиглэж давхиж ирээд миний морины буруу талын хойд талаас мөргөсөн. Би морьтойгоо хамт цуг унасан. Унах үедээ эмээлийнхээ дээгүүр давж унасан. Унах үедээ эмээлийнхээ бүүргийг эвдэлсэн. Би морин дээрээсээ унаад манараад байж байхад толгой руу өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод заамдаад авсан. Заамдаж аваад больё гээд больсон... Би чи яагаад намайг давхиж ирээд мөргөж байгаа юм бэ гэж хэлсэн. Чи яагаад миний хонийг хөөж байгаа юм гээд өөр юм ярихгүй байсан... Би унаад морио алдчихсан байсан болохоор Багабандитай хамт морин дээр очсон. Морин дээр очих үед буруу талын хойд талын хөл нарийн шилбээрээ хугарсан байсан. Би морио хараад чи одоо энэ морийг яах юм гэж асуухад Багабанди би наад хугарсан хөлтэй мориор чинь яах юм гээд давхиад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 15-17 хуу/
4. Хохирогч Ц.П-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг Эргэнэг уул гэх газрын энгэрт адуугаа татах гээд Ц.Б гэх хүний хүрэн зүсмийн морьтой явж байх үед манай малын бэлчээр дээр А-н хонинууд бэлчиж байхаар нь цаашаа гэр рүү нь хөөчхөөд урагшаа адуу руугаа явсан. Адуу руугаа явж байх үед А-н гэрээс цэнхэр өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл намайг чиглээд ирж байсан. Тэр машин намайг чиглэж ирээд морины буруу талын хойд талаас шууд мөргөсөн. Морийг мөргөх үед эмээлийн урд бүүрэг хугарч би толгойгоороо газар унасан. Тухайн үед морь газар унаагүй хөл алдсан. Би газар унаад байх үед Б ирээд миний толгой руу өшиглөсөн. Намайг өшиглөхөөр нь би босоод Б-г заамдаж аваад одоо болъё гэж хэлсэн тэгээд больсон. Болиод машины зүүн урд талд газар суусан. Тэгж сууж байгаад хүрэн морийг харсан буруу талын хойд хөл нь хугарчихсан байхаар нь Б-н хамт очиж харсан. Очиж харахад буруу талын хойд хөл шилбээрээ хугарсан байхаар нь Б-г чи энэ морийг төлж өг гэж хэлсэн, чи хонь хөөгөөгүй бол ийм асуудал үүсэхгүй гэж хэлээд машинтайгаа яваад өгсөн ...Би гомдолтой байна. Би Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 484,240 төгрөг, хөдөө гэрээс дуудагдан ирсэн бензиний 228,200 төгрөг, эмээлийн мод 500,000 төгрөг нийт 1,405,740 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-н187-188 хуу/
5. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 01-ний 14 цагийн үед гэрийн гадаа малаа дурандаад зогсож байтал манай хонин дээр цаад талаас нь морьтой хүн давхиад ирсэн. Тэгээд манай хонийг элдээд уургалаж унагаагаад байсан ард талд нь явж чадахгүй хэдэн мал үлдээд байсан. Тэгээд би хүү Багабандид хандан манай хонин дээр морьтой хүн ирээд элдээд уургалаж унагаад байна гэж хэлтэл манай хүү Багабанди нь машинаа асаагаад явсан тэгтэл морьтой хүн нь хонин дээрээс маань цаашаа яваад өгсөн. Би гэрийн гаднаас нүд салгаагүй дурандаад байсан. Тэгээд манай хүү Багабанди нь морьтой хүн лүү яваад очсон тэгээд машинаасаа буугаад машиныхаа урд талд нь зогсож байгаад чи буугаад ир гэж орилж байгаа нь надад сонсогдсон. Тэгтэл Пүүжээ гэх залуу мориныхоо зөв талынхаа амыг татаад машин руу шахаад байсан. Тэгээд хараад байтал тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод байсан... Тэгээд гэрийн гаднаас дурандаад сууж байтал 2-лаа машины цаад талаас босож ирээд Пүүжээгийн морь луу алхаж байсан. Тэгээд би гайгүй юм байна гэж бодоод тайвширсан. Тэгээд морин дээрээ очоод Пүүжээ мориныхоо эмээлийг янзлаад байгаа бололтой байсан. Тэгээд манай хүү маань гэртээ хүрээд ирсэн. Би хүүгээ ирэхээр нь яасан юм гэж асуутал муудалцаж байгаад машиныхаа ард сууж ярилцаж байтал Пүүжээ морины хөл хугарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд Пүүжээ намайг миний морийг чи дайрчихлаа гэж байна гээд хүү Багабанди маань гэртээ ирсэн. Тэгээд төд удалгүй Пүүжээ гэх хүн нь эхнэрийн хамт манайд ирсэн. Ирэхээр нь би манай хонийг яаж байгаа юм манай төллөх малыг ширүүн хөөгөөд цаагуур нь ороод эргүүлээд явчихгүй гэж хэлтэл Пүүжээ гэх залуу юу ч гэж хэлээгүй, манай хонийг уургалаагүй гэж хариулсан. Тэгтэл Пүүжээгийн эхнэр нь яагаад манай хүнийг ингээд зодчихлоо уруул амыг нь язлаад гэж хэлсэн. Тэгэхээр нь би Пүүжээд хандан танай аав чинь манай өвөг дээдсийн газар байсан танай байгаа газар чинь манай намаржааны газар манай газраас зайл гэж аав чинь тэгж надад хэлсэн. Мөн манай хүүтэй харилцан зодолдоод манай хүү харин хэтрүүлээд цохисон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 9-10 хуу/
6. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “...Хэрэг учрал болох үед П морьтойгоо унаагүй. Миний хүү Багабанди машинтайгаа очоод машинаа зүүн урагшаа харуулаад зогссон. Зогсоод машинаасаа буугаад П оо буугаад ир гэж хашгирч байгаа нь тод сонсогдож байсан. Дурандаж байхад мориныхоо амыг татаад бууж байгаа харагдаж байсан. Тэгээд л тэр хоёр дээр доороо ороод байсан. Ноцолдож байх үед нь морь нь зүүн урагшаа ойрхон газар яваад зогсчихсон. Дээр доороо ороод ноцолдож байгаад машины цаагуур ороод алга болчихсон. Тэгээд машины цаанаас гарч ирээд морь руугаа тэр хоёр хамт явсан. Морин дээрээ очоод тэр хоёр зогсож байгаад Багабанди машинтайгаа гэртээ ирсэн. Гэртээ ирэхээр нь хэн байна гэж асуусан Пүүжээ байна гэж хэлсэн. Тэгээд мориных нь хөл хугарчихсан байна гэхээр нь яагаад гэж асуусан мэдэхгүй гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 64-66 хуу/
7. Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П миний төрсөн хүү байгаа юм. Би Хэнтий аймгийн Дархан сумын төвд гэртээ байх үед 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 16 цаг өнгөрч байхад нөхөр Ц утсаар залгаад Ц.П-г А-н хонийг гэр рүү нь хөөчхөөд адуу руугаа явж байх үед А-н том хүү А.Багабанди машинтайгаа ирээд буруу талын хойд талаас морьтой нь мөргөж унагаагаад зодчихоод хаячхаад явсан байна. Цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэлсэн. Би тэгээд сумынхаа цагдаатай хамт гэрт очсон. Хэрэг учрал болсон гэх газар очих үед харанхуй болчихсон, эмээлийн урд талын бүүрэг хугараад уначихсан, хүрэн морины буруу талын хойд талын хөл шилбээрээ хугараад яс нь гарчихсан цантчихсан байсан. Би тэр газар очиж үзчихээд буцаад сумын төв ороод аавынхаа гэрт ирсэн. Гэрт ирэхэд миний хүү Ц.П нүүр нь улаа бутарчихсан толгой эргээд унах гээд байна гэхээр нь сумын эмнэлэгт очиж үзүүлж эмчилгээ хийлгэж хоносон. Тэгээд маргааш нь буюу 01 дүгээр сарын 02-ны өдөр Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт Дархан сумын түргэний машинаар ирсэн... Бэлчээрийн маргаан, хонь хөөснөөс болж гарсан байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-н 39 хуу/
8. Гэрч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүүгийнхээ гэрт очин хонийг нь хариулж өгөхөөр 11 цагийн үед очсон. Намайг очих үед Ц.Б-ийн хүрэн морийг барьчихсан морио солино гээд мордсон. Гэрээсээ мордоод баруун урагшаа адуу руугаа явсан. Адууны цаана А-ийн хонинууд байсан. Би гэрт нь орж байж байгаад 30-40 минут болж гарч ирээд хонио дурандсан. Дурандаж байх үед адууны наад талд сул морь зогсоод хажууд нь нэг бөөн хар юм харагдсан. Тэр морины зүүн талд явган хүн наашаа алхаж байгаад сууж босоод байсан. Би тэрийг харчхаад хүүгээ морио солих гэж байгаад эмээлтэй морио алдчихлаа гэж бодоод нилээн дурандаад хараад байсан явган явж байсан хүнийг П байна гэж таньсан. Таниад эхнэрийг нь дуудаад П мориноосоо унаад морио алдчихсан юм шиг байна, чи машинтайгаа очоод аваад ир гээд явуулсан. Эхнэр нь очоод П-ийг аваад гэртээ ирсэн. Гэртээ ирсэн байх үед нь харахад зүүн нүд нь хавдчихсан байхаар нь юу болсон бэ чи гэсэн П надад А-ийн хүү машинтай давхиж ирээд морины буруу талын хойд талаас мөргөж унагаагаад намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан юм гэсэн би хонийг нь жоохон хойшлуулчхаад адуу руугаа явж байсан А-ийн хүү Багабанди машинтайгаа ирээд морины буруу талын хойд талаас мөргөсөн. Тэгж мөргүүлэх үед хүрэн морьтойгоо цуг унасан. Газар унах үедээ толгойгоороо унасан. Унаад манараад хэвтэж байх үед хүн толгой руу өшиглөөд байх шиг байхаар нь босоод энгэрээс нь бариад болъё гэж хэлсэн машиндаа суугаад буцаад яваад өгсөн гэж хэлсэн... Намайг очих үед хүрэн морьны буруу талын хойд талын хөл шилбээрээ хугараад яс нь гарчихсан байсан. Урд бүүрэг нь хугархай миний хүүгийн эмээл хажууд нь хэвтэж байсан. Урд бүүрэг нь унасан газар нь байсан. Унасан газрыг нь харахад машин дугуйрч эргэсэн, морь айхтар газрын шороо онгилсон буюу ойчсон мөр байсан. Машин хүчтэй давхиж ирээд хөлд нь тулж зогссон. Тухайн үед нь морины хөл машины урд буферны доогуур орж хөшигдөн хугарсан байх. Морь хөлөө хүчтэй авах үед машины буфер сэтэрсэн байх...” гэх мэдүүлэг /1-р хх-н 37-38 хуу/
9. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр 2020 оны 12 сарын 31-ний өдөр Б гэх хүний хүрэн зүсмийн морийг барьж унасан. 2021 оны 01 сарын 01-ний өдөр үдээс хойш хадам аав Ц гэрт морьтой ирсэн. Манай нөхөр П морио солих гээд гэрээсээ урагшаа гараад Б ахын хүрэн морьтой явсан. Би тухайн үед гэртээ хүүхдээ унтуулах гээд байж байсан. Тэгээд гэртээ байж байхад хадам аав дуудаад энэ урд байгаа Пүүжээ мөн үү наашаа босч суугаад алхаад байна гэхээр нь би дурандаж харсан, манай нөхөр мөн байхаар нь машинаа асаагаад очсон. Намайг очих үед явж чадахгүй сууж байсан. Би нүүрийг нь харсан нүд нь хавдчихсан, уруулаас нь цус гарчихсан, нэг нүд аниатай байхаар нь юу болсон гэсэн А-н хүү ирээд зодчихлоо гэхээр нь би зодуулаад байхдаа яадаг юм гэсэн, машинтай ирж мөргөөд босож амжаагүй манараад байж байхад зодчихлоо бас морины хөл хугалаад хаячихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 113-114 хуу/
10. Гэрч О.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хэнтий аймгийн Дархан сумын цагдаагийн байранд байхад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед Дархан сумын 3 дугаар баг Эргэнэг уулын энгэрт П-г морьтой явж байхад нь машинтай хүн мөргөж унагаан зодсон гэх дуудлага ирсэн. Ирсэн дуудлагын дагуу Дархан сумын 3 дугаар баг Эргэнэг уулын энгэрт очсон. Эргэнэг уулын энгэрт очих үед буруу талын хойд хөл нь хугарсан хүрэн морь зогсож байсан. Хүрэн морины хугарсан хөлөөс цус гарч хөлдсөн байсан. Морины хажуу талд улаан хүрэн өнгийн оломцогтой цайвар шар өнгийн будагтай модтой, цагаан өнгийн гөлөмтэй хар төмөр дөрөөтэй эмээл байсан. Тэр эмээлийн урд талын бүүрэг хугарчихсан, хугархай нь байхгүй байсан. Эмээлийн модыг үзэхэд эмээлийн модны гол хэсэг наалтаараа салчихсан, хойд бүүрэг баруун доод хэсгээрээ хугарсан, баруун доод хэсгийн шир мөн задарсан байсан. Морь эмээл хоёроос хойш 100 гаран метр зайд хэрэг учрал болсон байсан. Хэрэг учрал болсон гэх газар эмээлийн урд бүүрэгний хугархай байсан. Тухайн үед хэргийн газрын үзлэг хийж байхад харанхуй болсон, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул үзлэгийг өглөө байгалийн гэрэлд үргэлжлүүлсэн. Өглөө үргэлжлүүлэхэд дугараг хэлбэртэй машины мөр байсан. Тухайн мөрний гадна талд 8 метр зайд эмээлийн бүүрэгний хугархай байсан бөгөөд тэр эмээлийн бүүрэг унасан газрын цас нь ханзарч газрын хөрс гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 160-161 хуу/
11. Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ хэрэг дүн өвлийн хүйтэнд болсон байна. Морины хөл ингэж хугарах үед хийх эмчилгээ байхгүй. Морины хөл ингэж хугарах үед морь өөрөө тангараад хугарах боломж байхгүй, өөр зүйлээр мөргөх үед л үүсэх байх, хийтэй татаж унагах үед бол урд талын хөл хугардаг...” гэх мэдүүлэг /2-р хх-н 235-236 хуу/
12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн
1.Ц.П-ийн биед тархи доргилт, дээд уруулын дотор салстын няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-н 54-55 хуу/
13. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №2021.13 дугаартай “...Бамбайн зүүн хажуу хэсэгт байх 49см урт, босоо байрлалтай цуурч хагарсан эвдрэл нь морьтой хүний ар талаас машинаараа мөргөж, дайрах үед үүссэн байж болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 139-140 хуу/
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3281 дугаартай
1.Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн Toyota Prius-20 маркийн бамбайд олон тооны хуучин болон шинэ гэмтэлтэй байна.
2.Бамбайн зүүн хажуу талын болон зүүн доод булан хэсгийн гэмтлүүд, бамбайн ард дотор талд үүссэн ором мөр нь зүүн урдаас хойш ташуу чиглэлд нэг удаагийн хатуу зүйлтэй харилцан үйлчлэлийн улмаас үүссэн шинэ гэмтэл байна.
3.Зүүн доод булан хэсэг болон урд доод хэсэгт үүссэн олон тооны хуучин гэмтэлтэй байна.
4.Яллагдагч А.Багабандийн эзэмшилийн 36-93 УНЭ улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн урд бамбайд учирсан гэмтэл нь тээврийн хэрэгслээр морийг мөргөх үед болон морь тээврийн хэрэгслийг өшиглөх үед үүсэх эсэх асуулт нь автотехникийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй.
5.Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн бамбайн зүүн хажуу, зүүн урд булан хэсгийн гэмтлүүд нь зүүн урдаас хойш ташуу чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд үүссэн байна.
6.Бамбайн эвдрэлээр хурд тогтоох боломжгүй.
7.Өмнө гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг шинжээчдийн зүгээс тогтоох боломжгүй гэх дахин шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-н 205-220 хуу/
15. Эд хөрөнгө битүүмжлэх тухай Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/101 дугаартай захирамж /2-р хх-ийн 74-75 хуу/
16. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШД-268 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 36-93 УНА улсын дугаартай TOYOYA PRUIS20 тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг бүхэлчлэн 9,000,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2-р хх-н 84-87 хуу/
17. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШД59 дугаартай “Сартай хүрэн зүсмийн 9 настай адуу 6,300,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-н ..... хуу/
18.Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2-р хх-н 226-230 хуу/
19. Шүүгдэгч А.Багабандийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 165 хуу/
20. Багабандийн А , Багабандийн Т нарын төрсний гэрчилгээний хуулбар
21. Шүүгдэгч А.Багабандиас хохирогч Ц.П-д эмчилгээний зардалд төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх-ийн 128 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Багабандийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,
Шүүгдэгч А.Багабандийн өмгөөлөгч Д.Оюунбаатар “Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, энэ асуудалд тусгайлан гаргах санал, дүгнэлт байхгүй. Харин бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх зүйлчлэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй байна гэж үзэж байна. Учир нь хохирогч Ц.П-н мэдүүлэг тогтвортой бус морьтойгоо унасан, мориноосоо унасан гэж өөр өөрөөр мэдүүлдэг, морь мөргөсөн гэх машины гупер голоороо бус хажуу талдаа цуурсан, морины хөлийг хугалснаас ямар хохирол учирсан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл үйлдэл болон хор хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй тул А.Баганбандид ашигтайгаар шийдэж, түүний энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Багабанди нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Эргэнэг Уул” гэх газарт хохирогч Ц.П-ийг бэлчээрт байсан хонь хөөлөө гэх шалтгаанаар өөрийн өмчлөлийн 36-93 УНЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Ц.П-ийн унаж явсан морины араас нь мөргөснөөс морины буруу талын хойд хөл шилбээрээ мөн эмээлийн мод хугарч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогч Ц.П-д 125,000 төгрөг, хохирогч Ц.Б-д бага хэмжээнээс дээш буюу 6, 300, 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч А.Багабанди нь хохирогч Ц.П-ийг мориноос унасны дараа түүнтэй маргалдаж улмаар толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь хэрэгт авагдсан
Хохирогч Ц.П-ийн “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг Эргэнэг уул гэх газрын энгэрт адуугаа татах гээд Ц.Б гэх хүний хүрэн зүсмийн морьтой явж байх үед манай малын бэлчээр дээр А-ийн хонинууд бэлчиж байхаар нь цаашаа гэр лүү нь хөөчхөөд урагшаа адуу руугаа явсан. Адуу руугаа явж байх үед А-ийн гэрээс цэнхэр өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл намайг чиглээд ирж байсан. Тэр машин намайг чиглэж ирээд морины буруу талын хойд талаас шууд мөргөсөн. Морийг мөргөх үед эмээлийн урд бүүрэг хугарч би толгойгоороо газар унасан. Тухайн үед морь газар унаагүй хөл алдсан. Би газар унаад байх үед Багабанди ирээд миний толгой руу өшиглөсөн. Намайг өшиглөхөөр нь би босоод Багабандийг заамдаж аваад одоо болъё гэж хэлсэн тэгээд больсон...” гэх мэдүүлэг
Гэрч О.Ч-ийн “...Ирсэн дуудлагын дагуу Дархан сумын 3 дугаар баг Эргэнэг уулын энгэрт очсон. Эргэнэг уулын энгэрт очих үед буруу талын хойд хөл нь хугарсан хүрэн морь зогсож байсан. Хүрэн морины хугарсан хөлөөс цус гарч хөлдсөн байсан. Морины хажуу талд улаан хүрэн өнгийн оломцогтой цайвар шар өнгийн будагтай модтой, цагаан өнгийн гөлөмтэй хар төмөр дөрөөтэй эмээл байсан. Тэр эмээлийн урд талын бүүрэг хугарчихсан, хугархай нь байхгүй байсан. Эмээлийн модыг үзэхэд эмээлийн модны гол хэсэг наалтаараа салчихсан, хойд бүүрэг баруун доод хэсгээрээ хугарсан, баруун доод хэсгийн шир мөн задарсан байсан...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №2021.13 дугаартай “...Бамбайн зүүн хажуу хэсэгт байх 49см урт, босоо байрлалтай цуурч хагарсан эвдрэл нь морьтой хүний ар талаас машинаараа мөргөж, дайрах үед үүссэн байж болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн
1.Ц.П-ийн биед тархи доргилт, дээд уруулын дотор салстын няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хөтөлбөргүй нотлогдож байна.
Прокуророос шүүгдэгч А.Багабандид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Бусдын эд хөрөнгө устгах гэж аливаа материаллаг эд юмсыг бүрэн сүйтгэсэн, буюу зориулалтаар нь ашиглах ямар ч боломжгүй болгосныг ойлгодог бол гэмтээх гэж тухайн эд хөрөнгийг сэргээн засварлахгүйгээр ашиглах боломжгүй болгохыг тус тус ойлгоно. Дээрх гэмт хэргийг прокуророос бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэж үзэж шүүгдэгчийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг устгасан гэж үзэж шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэж үзсэн тохиолдолд тухайн эд хөрөнгийг сэргээн засварлах зардлыг хэмжээгээр хохирлыг тооцох учиртай. Гэтэл энэхүү хэргийн хувьд морины хөл өвөл хугарч гэмтсэн тохиолдолд эмчлэх боломжгүй байдаг талаар гэрч Н.Б мэдүүлсэн. Тухайн гэрч нь олон жил адуу маллаж байгаа энэхүү мэдлэг, туршлагадаа тулгуурлан энэхүү мэдүүлгийг өгсөн тул түүний мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж үнэлсэн болно. Мөн хохирогч Ц.П-ийн эмээл эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон нь тогтоогдож байх тул /эд мөрийн баримт шинжлэн судлахад/ шүүгдэгчийг тухайн эд хөрөнгийг устгасан гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатараас хохирогч Ц.П-ийн мэдүүлэг тогтворгүй, морьтойгоо унасан, мориноос унасан гэж өөр өөрөөр мэдүүлдэг гэх боловч дээрх мэдүүлгийн зөрүүг нүүрэлдүүлэн байцааж гаргасан, хохирогч нь шүүх хуралдаанд машинд мөргүүлсний улмаас мориноосоо унасан гэж тогтвортой мэдүүлснээс гадна энэхүү асуудал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс машины гупер голоороо бус хажуу хэсгээрээ цуурсан нь машинаар морийг мөргөсөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэсэн тайлбарыг гаргасан. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Хонгор нь 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2021.13 дугаартай “...Бамбайн зүүн хажуу хэсэгт байх 49см урт, босоо байрлалтай цуурч хагарсан эвдрэл нь морьтой хүний ар талаас машинаараа мөргөж, дайрах үед үүссэн байж болно” гэсэн дүгнэлтийг гаргаж энэхүү дүгнэлтийнхээ үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарласан, дахин шинжилгээ хийлгэсэн дүгнэлтээр шинжээч Б.Хонгорын дүгнэлтийг батлаагүй ч бас үгүйсгээгүй болно. Иймд шинжлэх ухааны тусгай мэдлэг ашиглан гаргасан шинжээч Б.Хонгорын мэдүүлэг дээр тулгуурлан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэргийг шүүгдэгч А.Багабанди үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч А.Багабандийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Багабандийн үйлдлийн улмаас хохирогч Ц.П-д эмээлийн үнэ 125,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага бус хэмжээнд хүрэхгүй тул гэмт хэргийн шинжгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж мэтгэлцсэн. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг устгах энэхүү гэмт хэргийг нэг цаг хугацаанд, нэг зорилгоор үйлдсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас морины хөл болон эмээлийн бүүрэг хугарч устгагдсан нэг цогц үйлдэл тул шүүгдэгчийн үйлдлийг хохирлын хэмжээгээр зааглан ялгаж эмээл устгасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх боломжгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч А.Багабандийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-д 6,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Ц.П-д 125,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 907,540 төгрөгийн эмчилгээний зардал тус тус учирсан /гарсан/ болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг оролцогчид хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Энэхүү хохирлоос шүүгдэгч нь хохирогч Ц.П-йн эмчилгээний зардал болох 907,000 төгрөгийг төлж барагдуулсан, /2-р хх-н 128 хуу/ бусад хохирол төлөгдөөгүй тул шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн эрх зүйн мэдлэг хомс, өөрийгөө хянаж удирдах чадвар сул, бие биенээ үл хүндэтгэсэн харилцаа тус тус нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч А.Баганбандид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч А.Багабандид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргүүд нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дахь хэсгүүдэд тус тус тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл өршөөлд хамааруулахгүй, ялаас өршөөн хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зүйл заалтуудад заагдаагүй гэмт хэргүүд юм.
Шүүгдэгч А.Багабанди нь Эд хөрөнгө устгах, гэмтээх, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны шатанд хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлсэн тул түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой гэж үзлээ. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1 заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тус тус Өршөөлд үзүүлэх тухай хуульд хамруулж өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.Багабанди нь бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн 36-93 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 36-93 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гуперийг тээврийн хэрэгслийн хамт Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хугарсан эмээлийн бүүрэг модыг хохирогч Ц.-д, 10 минут 11 секундын хугацаа бүхий дүрс бичлэгтэй гэх шаргал өнгийн Самсунг эс7 маркийн гар утсыг шүүгдэгч А.Багабандид тус тус буцаан олгож, туршилт явуулсан бичлэг бүхий флаш дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Фэйр Валуэшн” ХХК-ийг томилсон бөгөөд шинжээчээс дүгнэлт гаргахад заруулсан зардал 100,000 төгрөгийн нэхэмжлэлийг ирүүлжээ. Дээрх шинжээчид төлөх зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байгаа, шүүхээс шүүгдэгч А.Багабандийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнээс гаргуулж “Фэйр Валуэшн” ХХК-нд олгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР