Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2017/00484

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВТ65040307 регистрийн дугаартай, Гончигдорж овогт Пүрэвдоржийн Болормаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лувсанмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Болормаа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лувсанмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1965 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 52 нас хүрч өндөр настаны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сар дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар П.Болормаагийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1982 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус тус нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1981-1985 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 402 тоот албан бичгүүд, гэрч Ж.Бямбадоржийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

П.Болормаа нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1981-1985 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№41, Б№01, ХН№41, 49-р сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 402 дугаар албан бичиг, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Ж.Бямбадоржийн мэдүүлэг, түүний 1981-1987 онуудад эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийг бичиж тэмдэглэн гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан 1982 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүдээр нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гончигдорж овогт Пүрэвдоржийн Болормаагийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан П.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ