Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Ш.Дамдинбазар

Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр

Шүүгдэгч Б.Б-ний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Г.Э , Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г-н Э, Б  овогт Б-н Б нарт холбогдох эрүүгийн 2240000000017 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1988 оны ... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа мэргэжилтэй, ... суманд байрлах “...” ХХК-нд уурхайн орчуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ... дүүрэг, ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ... регистрийн дугаартай Г  овогт Г-н Э ,

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1985 оны ... дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... суманд байрлах “...” ХХК-ийн уурхайд малтагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн ...сумын .. багийн, ... тоотод оршин суух, урьд авсан ял шийтгэлгүй, .. регистрийн дугаартай Б  овогт Б-н Б .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э , Б.Б нар нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн хашаан доторх гэрт болон хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э , Б.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

2240000000017 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Г.Э-н 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн:Би Хэнтий аймгийн Хэрлэн сумаас 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг '.." ХХК-ийн байр руу Б , Б , Б эхнэр Т, Э , Т  нарын хамт 2 машинтай 11 цагийн орчимд гарсан. Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гараад явж байгаад Б , Б бид гурав 0.75 литрийн "Экс" нэртэй нэг ширхэгийг хувааж уусан. Уурхай дээр ирээд Уурхай дотор байдаг С-н гэрт Б , С  бид гурав ороод "Соёрхол" нэртэй 0.75 литрийн архинаас нэг ширхгийг хувааж уусан. Архи уугаад сууж байхад  Б С  ах руу агсраад хоорондоо маргалдаад байхаар нь Бболь гэж хэлсэн над руу Б агсарсан. Тэгээд бид хоёр гэр дотор зодолдсон. Бид хоёр гэр дотор зодолдож байгаад гэрээс хоёулаа гараад гэрийн урд талд ахиад хоорондоо зодолдсон. Би тэр үед болсон зүйлийг заримыг нь санаад заримыг нь санахгүй байна. Бид хоёрыг зодолдож байхад хүмүүс салгасан. Зодолдож байх үедээ уурхайн дарга З.М  руу залгаж зодоон болоод байгаа тухай хэлсэн. Тэгээд зодолдож дуусаад удаагүй байх үед цагдаа хүрээд ирсэн. Тэгээд Галшар сумын төв орсон... Тухайн үед хоёулаа архи уусан байсан учраас шалихгүй зүйл дээрээс болж хоорондоо зодолдсон. Б.Б , С-тай муудахаар нь боль гэж хэлсэн надтай муудсан.  ...Б.Б-д учирсан гэмтлийг би учруулсан. Надад учирсан гэмтлийг Б.Б учруулсан.  Би Галшар суманд очоод драгер багажаар шалгуулахад 1,4 гарсан. Б.Б-х 1,00 гарсан. Би зарим болсон зүйлийг мэдэхгүй байна. Би үйлдсэн  хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 70-71 хуу/

Шүүгдэгч Б.-ний 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн:Би "..." ХХК-нд малтагчаар ажилладаг. Манай ажил цагаан сарын амралт гээд амраад би Хэнтий аймгийн Хэрлэн суманд байх гэртээ харьсан байсан. Тэгээд ажил эхлэх гээд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутагт байрлах ажил дээрээ Б, Э , Т, Э, эхнэр С.М  нарын хамт очсон. Хэрлэн сумаас ажил руугаа явж байх замдаа "Экс" нэртэй 0.75 литрийн архинаас нэг ширхгийг Э , Б  бид гурав хувааж уусан. Замд явж байхдаа шилтэй архинаас Э , Б  хоёр ажилтай гээд айхтар уухгүй байсан. Би тэр архийг бараг ганцаараа уусан. Архи ууж дуусаад машинд явж байгаад тасарчихсан байсан. Архи ууснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд архи бага зэрэг гараад гайгүй болоод харсан цагдаа нартай машинтай явж байсан. Галшар сумын төв ороод цагдаа нартай хамт эмнэлэг орж үзүүлсэн дусал хийж өгсөн. Миний уруул язарсан, нүүрний энд тэнд хөхөрсөн, шанаа жоохон хөндүүр байсан. Уг гэмтлүүдийг Г.Э  учруулсан гэж байсан. Э-ын биед учирсан гэмтлүүдийг мөн би учруулсан байсан. Бид хоёр хоёулаа архи уучихсан байсан болохоор шалихгүй зүйлээс болж муудсан юм шиг байна лээ. Яг юунаас бол муудсан гэдгийг мэдэхгүй байна. Бид хоёр өмнө нь муудаж байгаагүй, өс хонзонгийн зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 63-64 хуу/

Шүүгдэгч Г.Э-ын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор өгсөн “...Би тэр үед болсон зүйлийг заримыг нь санаад заримыг нь санахгүй байна. Бид хоёрыг зодолдож байхад хүмүүс салгасан. Ямар хүмүүс салгасан гэдгийг нь мэдэхгүй байна. Бид хоёрыг хэсэг зуур салгахаар нь би уурхайн дарга З.М  руу залгаж зодоон болоод байгаа тухай хэлсэн. Тэгсэн Галшар сумын цагдаад хэлээд дуудчихсан байсан.  Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 84 хуу/

Шүүгдэгч Б.Б-ний 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор өгсөн “...Архи ууснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд сэргээд харсан цагдаа нартай машинтай явж байсан. Галшар сумын төв ороод цагдаа нартай хамт эмнэлэг орж үзүүлсэн дусал хийж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 80 хуу/

Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчимд Улаанбаатар хотоос албаны машинтай Г.Э , Т  нарын хамт гарч шөнө аймагт ирээд Т  бид хоёр нэг буудалд, Г.Э нь өөр газар хоноод маргааш өглөө нь буюу 19-ний 11 цагийн орчимд Э , Т дээр аймгийн төвөөс Б ах, Б  болон түүний эхнэр Т  нарын хамт бид зургуулаа Галшар сумын 4 дүгээр багт байрлах ".." уурхайд 14 цагийн орчимд ирсэн. Аймгаас ирэх замдаа Г.Э , Б  ах, Б нар 1-2 шил архи л уусан байх. Тэгээд уурхай дээр ирээд тэд нарыг буулгаад би өрөөндөө ороод байж байтал 15 цагийн орчимд тус уурхайн хашаанд байрлах С  ахын гэрт Т.Э , Б.Б нар хоорондоо зодолдоод байна" гэж С  ахын эхнэр Н  надад ирж хэлсэн. Тэгээд яваад очтол С  болон түүний эхнэр Нэргүй, мөн хамгаалагч Ш  ах, манай ажлын Б ах, Г.Э , Б нар байсан ба Г.Э , Б.Б нар хоорондоо барьцалдаад маргалдаад байж байсан. Ажлын ах Болдоо нь нилээн согтуу хэвтэж байхаар нь гаргаад өрөө рүү нь явуулаад байж байхад 1-2 удаа нэг нэгэн рүүгээ цохилцсон, тэгэхээр нь би Баваад гэр лүү аваачаад би өөрийн өрөө рүүгээ ороход Бат-Эрдэнэ нь буцаад С-ын гэр лүү гүйгээд явсан. Тэгээд би араас нь гүйгээд очтол Б-ийн эхнэр Т  хүрээд ирсэн байсан. Тэр хоёр гэр дотор нь дахиж муудалцаад Г.Э  гартаа барьж байсан халуун цайгаа Б.Б-ийн нүүр лүү 2 удаа цацаад, бүүр сүүлдээ халуун савтай цай, дээрээс нь асгах гээд байхаар нь айл нураалаа та хоёр гарч муудалц" гээд гаргахад Г.Э , Б  нар гадаа өнхөрөлдөж зодолдоод байсан. Тэгээд би дахиж салгаад ганцаараа хүч хүрэхгүй, хоёр талаас нилээдгүй цохилцсон. Тэгээд салгаад гайгүй болоод байх үед “бид хоёр дахиж зодолдохгүй зүгээр ярилцах хэрэгтэй байна" гэхээр нь голоор нь орж салгахаа болих үед дахиад барьцалдаж зодолдоод ойчиж өнхрөөд байсан. Тэгээд энэ үйл явц бараг 1-2 цаг үргэлжилсэн. Тэгээд хүч хүрэхгүй дайралцаад байхаар нь хоёуланг нь гэрт оруулж үлдээхэд удалгүй тэврэлдээд гараад ирсэн. Тэгээд гэр гэртэй орсны дараа удалгүй цагдаа нар ирсэн. Г.Э-ын нүд, нүүр, толгойн хэсэг нилээн, хавдсан, уруул нь язарсан байсан. Харин Б.Бат-Эрдэнийн нүд, нүүр, толгойн хэсэг нилээн хавдсан, уруул нь язарсан, шүд нь унасан юм шиг байсан. Гэхдээ урьд нь шүдтэй байсан эсэхийг мэдэхгүй байна, эхнэр нь мэдэх байх. Энэ хоёрыг өөр зодсон хүн байхгүй. Хоорондоо зодолдсоор байгаад нэг нэгнийгээ ийм болгосон. Би бараг 2 цаг шахуу салгаж энэ хоёр, хүнтэй ноцолдсон. Өөр зодуулсан хүн байхгүй. Хоорондоо л зодолдсон. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-н 4-5 хуу/

            Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Чингис хотоос 2022.02.19-ны өглөө 11 цагийн орчимд Э , Т , Э  нар дээр нөхөр бид хоёр болон Болдоо нарын хамт Галшар сумын 4 дүгээр багт байрлах "..." ХХК-ны уурхайд 14 цагийн орчимд ирсэн. Замдаа Э , манай нөхөр Б , Б  нар 1 шил архи хувааж уугаад ирсэн. Тэгээд уурхайд ирээд С-н гэрт Э , Б , Б  нар дахиад 1 шил архи уугаад үлдсэн би өөрийн амьдарч буй өрөө рүү очоод гал түлээд эргээд иртэл С-ын эхнэр Нэргүй ирсэн байсан. Тэгээд сууцгааж байтал Э болон Б нар ажил ярьж байгаад маргалдаж муудалцсан. Тэгээд гэрт болон гадаа гарч зодолдсон. Тухайн үед Э ирж салгаж байсан. Мөн харуул Ш  ах ирж салгаж байсан, Э  нь Бнүүр хэсэгт халуун цай цацаж байсан. Гэхдээ тухайн цай буцалсан халуун биш байсан болохоор түлэгдэх нь гайгүй байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо нилээн удаан зууралдаж ноцолдож, зодолдсон, хүн салгаад байхад л хоёр бие лүүгээ дайраад зодолдоод байсан. Ойролцоогоор цаг гаран муудалцаж зодолдсон байх. Тэгээд салаад манай нөхөр Б.Б гэртээ ороод унтаж байхад цагдаа нар ирсэн. Ажлын талаар ярилцаж байгаад хоорондоо хэрэлдэж муудалцсан. Б.Б-ийн нүүр нүд хавдсан, духны хэсэгт зулгарсан, чихний хэсгээс цус гарсан, уруул нь сэтэрсэн, мөн доод шүд нь унасан байх шиг харагдсан шүдний харагдах хэсэг бол бүрэн бүтэн байсан, хамарны гол хэсэг хавдсан байсан. Харин Г.Э нүүр, нүд хавдсан, уруул хавдсан, мөн бусад хэсгүүд шалбарсан харагдаж байсан. ... Энэ хоёр нэг нэгнийгээ л адилхан зодсон. Өөр зодуулсан хүн байхгүй. Харин хүмүүс салгах гээд ганц нэг цохиулсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр хоёр л хоорондоо муудалцаж зодолдсон. Бид нар л яг хажууд нь байсан. Өөр хүн амьтан ирж салгаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 8-9 хуу/

Гэрч З.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай Галшар суманд байрлах "..." ХХК нь 2022.01.13-ны өдөр дуудсан цагт бэлэн байгаарай гэж хэлээд бүх ажилчдаа амраасан. Тэгээд 2022.02.19-ний өдөр бүх ажилчид бэлэн бай гэж өмнөх өдөр зарлан мэдээлэл тараасан. Ингээд 2022.02.19-ний өглөө 10 цагийн орчимд орчуулагч Э  над руу утсаар залгаж "Би уурхай руу явж байна, та хэзээ очих вэ гэж асууж байсан. Тэгээд тус өдрийн 15 цаг 30 минутын орчимд орчуулагч Э  нь уурхай дээрээс надруу залгаж "Б намайг зодоод байна. Мөн агсан согтуу тавиад байна" гэхээр нь "Би сумын хэсгийн төлөөлөгчид" дуудлага өгсөн. Би дуудлага өгөхдөө Хэнтий аймгийн Чингис хотод байсан. Тэгээд Чингис хотоос гарч Галшар сумын 4 дүгээр багт байрлах "..." ХХК-ийн уурхайд ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Би хэн хэн яаж зодолдсоныг хараагүй утсаар ярихаар нь дуудлага дамжуулсан....” гэх мэдүүлэг /хх-н 11-12 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №168 дугаартай

1. Г.Э-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд, баруун нүдний доод зовхины хэсэг, зүүн шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал духны баруун хэсэг, хамрын нуруу хэсэг, баруун гарын 1-р хурууны гадна хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №167 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Б-н биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Э , Б.Б нар  нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн хашаан доторх гэрт болон хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн  таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

Хохирогч Г.Э-ын “...Машинд архи ууж байгаад уурхай дээр ирээд С-н гэрт Б , С бид гурав нэг шил архи хувааж уусан. Архи уугаад сууж байхад Б С  ах руу агсраад хоорондоо маргалдаад байхаар нь би Б-ийг боль гэж хэлсэн над руу Б агсарсан. Надруу агсрахаар нь би Б-тэй муудсан. Тэгээд бид хоёр гэр дотор зодолдсон. Бид хоёр гэр дотор зодолдож байгаад гэрээс хоёулаа гараад гэрийн урд талд ахиад хоорондоо зодолдсон. Би тэр үед болсон зүйлийг заримыг нь санаад заримыг нь санахгүй байна. Бид хоёрыг зодолдож байхад хүмүүс салгасан....” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ний “...Аймгийн төвөөс гараад явж байхдаа 0.75 литрийн "Экс" нэртэй архинаас нэг ширхгийг Э , Б  бид гурав хувааж уусан. Замд явж байхдаа шилтэй архинаас Э , Б хоёр ажилтай гээд айхтар уухгүй байхаар нь би тэр архийг бараг ганцаараа уугаад тасарчихсан байсан. Архи ууснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд сэргээд харсан цагдаа нартай машинтай явж байсан......” гэх мэдүүлэг

 Гэрч Б.Э-ын“...Тэр хоёр гэр дотор нь дахиж муудалцаад Г.Э  гартаа барьж байсан халуун цайгаа Бнүүр лүү 2 удаа цацаад, бүүр сүүлдээ халуун савтай цай, дээрээс нь асгах гээд байхаар нь айл нураалаа та хоёр гарч муудалц" гээд гаргахад Г.Э , Б нар гадаа өнхөрөлдөж зодолдоод байсан. Тэгээд би дахиж салгаад ганцаараа хүч хүрэхгүй, хоёр талаас нилээдгүй цохилцсон. Тэгээд салгаад гайгүй болоод байх үёд бид хоёр дахиж зодолдохгүй зүгээр ярилцах хэрэгтэй байна" гэхээр нь голоор нь орж салгахаа болих үед дахиад барьцалдаж зодолдоод оочиж өнхөрөөд" байсан. Тэгээд энэ үйл явц бараг 1-2 цаг үргэлжилсэн....” гэх мэдүүлэг

Гэрч С.М-ын “...Тэгээд сууцгааж байтал Э болон Б  нар ажил ярьж байгаад маргалдаж муудалцсан. Тэгээд гэрт болон гадаа гарч зодолдсон. Тухайн үед Э  ирж салгаж байсан. Мөн харуул Ш  ах ирж салгаж байсан, Э  нь Б нүүр хэсэгт халуун цай цацаж байсан. Гэхдээ тухайн цай буцалсан халуун биш байсан болохоор түлэгдэх нь гайгүй байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо нилээн удаан зууралдаж ноцолдож, зодолдсон, хүн салгаад байхад л хоёр бие лүүгээ дайраад зодолдоод байсан. Ойролцоогоор цаг гаран муудалцаж зодолдсон байх....” гэх мэдүүлэг

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 167, 168 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Г.Э-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд, баруун нүдний доод зовхины хэсэг, зүүн шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал духны баруун хэсэг, хамрын нуруу хэсэг, баруун гарын 1-р хурууны гадна хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл, хохирогч Б.Бат-Эрдэнийн биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтээ тус тус тусгасан, тухайн гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой талаар шинжээч мөн дүгнэлтдээ дурдсан бөгөөд шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Э , Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцов.

Г.Э , Б.Б нар нь хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нарын хоорондын бие биенээ үл хүндэтгэсэн, бүдүүлэг харилцаа, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч Г.Э , Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Э , Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Г.Э-ын хувийн байдлын талаар гэрч З.М-гийн өгсөн: “Г.Э  нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж тус уурхайд орчуулагчаар ажиллаж байгаа, зан харилцааны хувьд төлөв даруу залуу хүн гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-н 11-12 хуу/

Шүүгдэгч Б.Б-н хувийн байдлын талаар гэрч С.М-ын өгсөн: “Миний нөхөр Б.Б Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Ээж ааваасаа дөрвүүлээ, айлын хоёр дахь хүүхэд. Сургуульд сурч байгаад 1 дүгээр ангиасаа гарсан, бичиг үсэг мэдэхгүй. Нэрээ бол бичээд байдаг. Би нөхөртэйгээ 2008 онд танилцсан. Одоо нэг гэрт амьдраад 13 жил болж байна. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, хүүхэд маань 9 настай, ...3 дугаар ангид суралцдаг. Манай нөхөр Б.Б 2021 оны 11 дүгээр сараас хойш “Норд Винд” ХХК-д малтагчаар ажиллаж эхэлсэн. Энэ газар ажиллахаас өмнө хөдөө ахын  дээрээ мал харж байсан. Өөрийн гэсэн мал байхгүй. Зан аашийн хувьд дөлгөөхөн, архи хааяа нэг уудаг, хүнтэй нийтэч, хүнд тусархуу л хүндээ манай хүн.  Архи уусан үедээ гайгүй л байдаг, гэр орондоо ууж идэх үед янз бүрийн зан авир гаргадаггүй” гэх мэдүүлэг /хх-н 87 хуу/-ийг тус тус өгчээ.

Шүүгдэгч Г.Э , Б.Б  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай тогтоолоор хангаж, тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.Э ,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Б нар нь тус тус зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт ял оногдуулав.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, Г.Э , Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч  Г  овогт Г-н Э , Б овогт Б-н Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуу мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Э , Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.БАТБАЯР