Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2017/00486

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВБ67031701 регистрийн дугаартай, Бор овогт Төмөрбатын Саранчимэгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Саранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Т.Саранчимэг нь Баянхонгор аймгийн Баянговь суманд 1967 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Одоо 50 нас хүрч өндөр настаны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянговь сумын Ленинч нэгдлийн 2 дугаар бригадад ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар Т.Саранчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар, 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 тоот, 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 50 тоот тушаал, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 тоот тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжпэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Саранчимэг нь 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүнд ээлжийн амралт олгосон Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 тоот тушаал, түүнийг ямаачнаар шилжүүлэн ажиллуулсан “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 50 тоот тушаал, түүнд ээлжийн амралт олгосон “Малчид гишүүдийн амралтын хуваарь батлах тухай” Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 тоот тушаал, түүний 1985-1990 онуудад эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийг бичиж тэмдэглэсэн 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүдээр нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бор овогт Төмөрбатын Саранчимэгийн 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1- ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Т.Саранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ