Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2017/00402

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн 12-р гудамж 3 тоотод оршин суух, ВЭ66080379 регистрийн дугаартай, Доо овогт Нямын Баасанжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1-р багт оршин суух, ВМ74030410 регистрийн дугаартай, Хуушаан овогт Базарын Жаргалд холбогдох Нэр төрөө сэргээлгэж, хохиролд 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Баасанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Жаргалтай энэ өвөл Жаргалант сумын нутаг Бандын өвөлжөө гэдэг газар хамт өвөлжсөн бөгөөд уг өвөлжөө миний хадам Банзар гэдэг хүнийх байсан. Манай 2 гэр хамт өвөлжихдөө малаа тус тусдаа хариулж, тусд нь хотлуулдаг, Б.Жаргалынх хонио хашиж, манайх задгай хотлуулдаг байсан. Хавар 2 тийшээ нүүх болоход намайг гэртээ дуудан манай тавиул малнаас 10 гаруй бог дутчихлаа чи төлж өгөөрэй, танай хог дээр манай ямааны эвэр хэвтэж байна гээд зуухан доороосоо эвэр гаргаж ирээд загнаад байсан. Тэгэхээр нь би чи болиорой шалгуулдаг газар нь шалгуулаарай гээд хаваржааруугаа нүүсэн. Мал төллөж байх үед сумын цагдаа ирж эхнэрийн дүү, бид хоёроос байцаалт авсан. Үүнээс хойш айл саахалтад бууж морьдох, нутгийн хүмүүстэй таарч амар мэнд мэдэхэд за чи чинь айлынхаа малыг хулгайлчихсан гэсэн үү гээд сумаар нэг яриа дэгдэх болсон. Би хүнээс мал хулгай хийхгүй, хотондоо 600 гаруй малтай хоёулаа амьдардаг. Намайг сэтгэл зүйн дарамтад оруулж, гутаан доромжилж нэр хүндэд халдсан, няцаалт хийж, нэр төрийг сэргээж, хохиролд 5000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Баасанжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ дагуу хариуцагч Б.Жаргалтай харилцан ярилцаж, ойлголцож байгаа тул нэр төр сэргээх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Бид өвөлжөө болон мал алдсан асуудлаа холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр боллоо гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н.Баасанжаргал нь Б.Жаргалд холбогдуулан Нэр төрөө сэргээлгэж, хохиролд 5000000 төгрөг гаргуулах-ыг хүсэн шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Баасанжаргал нь Нэр төрөө сэргээлгэж, хохиролд 5000000 төгрөгийг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагчтай ойлголцож эвлэрсэн үндэслэлээр татгалзаж, бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Н.Баасанжаргалд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.475 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Баасанжаргал нь хариуцагч Б.Жаргалд холбогдуулан Нэр төрөө сэргээлгэж, хохиролд 5000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан төрийн сангаас улсын тэмдэгтийн хураамж 47475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Баасанжаргалд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ