Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/337

 

 

 

 

 

 

 

 

    2022       05             03                                     2022/ШЦТ/337

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Н.Н  нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нид холбогдох эрүүгийн 2210000000304 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер программ хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 4-167а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Н.Н /РД:.................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр .............. тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Б гийн уруул руу гараараа 1 удаа, бэлэг эрхтэн рүү хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

мөн хохирогч Н.Б ийн толгойн тус газар нь мөргөж, хөлөөрөө 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Н.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хохирогч Н.Б гийн “Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр захирал Батбилэгийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүнийн 25 дугаар гудамжны 70 тоот хашаанд захирлын машин дотор Соёрхол нэртэй 0,33 л архийг хоёулаа хувааж уугаад сууж байтал бид нартай хамт ажиллаж байсан Н.Н  гэх залуу тоуота карена маркийн машинаар хашааны хаалгыг мөргөтөл уначихсан. Тэгээд би машинаас буун юу болж байна аа гээд очтол Н.Н  үгийн зөрүүгүй миний уруул руу нэг удаа цохихоор нь “яаж байгаа юм бэ” гэхэд хар өнгийн зузаан өвлийн цагдаа гуталтай хөлөөрөө миний бэлэг эрхтэн рүү нэг удаа хүчтэй өшиглөсөн. Би тэр үед шууд газарт сөхөрч унан 4 хөллөж хэвтсэн. Тэгсэн захирал Батбилэг бид хоёртой хамт байсан Б.Нямдорж, Н.Н ид хандан “чи яагаад байгаа юм бэ болиоч ээ“ гэтэл Б.Нямдоржийн зүүн шанаа руу 1 удаа цохьсон. Тэгтэл захирал машинаас бууж ирээд юу болж байгаа юм гэхэд Н.Н  захирлыг толгойгоороо мөргөчихсөн. ...Энэ үед Б.Нямдорж цагдаад дуудлага өгсөн. Н.Н  ямар шалтгааны улмаас бид гурвыг цохьсон болохыг мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг Н.Н  миний баруун цавь төмсөг хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөж, уруул хэсэгт гараараа цохиж учруулсан. Надад гомдол санал байхгүй. Би зүгээр байж байгаад өшиглүүлсэндээ гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)
  3. Хохирогч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр захирал Батбилэгийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар гудамжны 70 тоот хашаандаа хувийн байшиндаа засвар хийж байтал 13 цаг 30 минутын үед тоуота карена маркийн 50-23 дугаартай машин манай хашааны хаалгыг мөргөөд унагасан. Би гайхаад хартал уг машинаас манай “Терма повер” ХХК-д ажиллаж байсан Ням-Осорын Нямдорж миний танихгүй 5 залуу, 1 эмэгтэйн хамт бууж ирсэн. Тухайн үед надтай хамт байсан Баасанцэрэн өөдөөс нь гүйгээд очтол Н.Н  үгийн зөрүүгүй Баасанцэрэнгийн бэлэг эрхтэн рүү цагдаагийн хар түрийтэй гутлаар өшиглөж нүүрний шанаа тус газар цохиж унагаасан. Б.Нямдорж яаж байгаа юм бэ гээд очиход Н.Н  нүүр рүү нь цохиод унагаачихсан. Тэгээд Н.Н  над дээр ирснээ хувцаснаас заамдаж байгаад толгойгоороо миний толгойг мөргөсөн ба түүний хажууд байсан үл таних залуу намайг хавсарч унагахад Н.Н  толгой руу өшиглөсөн. Н.Н  2021 оны 12 сарын 02-ны өдөр манай компанид цахилгааны туслах ажилтнаар ажилд орсон. Н.Н ийг байгууллагын ажилчидтай маргалдаж согтуу машин тэрэг бариад асуудал гаргаад байхаар нь ажлаас халсан. Би Н.Н той өс хонзонгийн асуудал байхгүй бөгөөд ажлын хөлсийг нь цаг тухайд нь өгч байсан. Миний бодлоор Н.Н  бусад ажилчдад атаархаад илүү мөнгө аваад байна гэж бодоод байх шиг байна гэж бодож байна. Энэ талаар манай ганц нэг ажилчид хэлж байсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би өөрийн хашааны хаалгыг үнэлүүлэхгүй, ямар нэгэн эвдрэл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 50 дахь тал)
  4. Гэрч Ю.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н.Н ийг хүргэж өгөх гэж байтал Нямдорж ойрхон яармагийн 3-р буудал орчихоод ирье гэхээр нь Хан-Уул дүүргийн 6-р хороо Нүнийн 25 дугаар гудамжны хашааны тоотыг санахгүй байна явж очсон. Нямдорж ганцаараа орж очоод нөгөө мөнгө нэхсэн хүнтэйгээ уулзахаар ороод маргалдаад байсан. Би Баяраа, Хонгороо бид нар яваад ороход Н.Н  нэг туранхай залуутай маргалдаад байхаар нь би очоод “чи эрүүл байж яагаад согтуу дуудаж ирүүлж мөнгө төгрөгийн асуудал гаргаад байгаа юм бэ” гэж хэлээд зууралдсан байхаар нь салгасан тэгсэн цаанаас 40 гаран насны ах машинаас бууж ирээд “Нямаа чи яагаад байгаа юм , хашаанаас юм алга болоод байгаа шүү” гэхэд Нямдорж “танай хашаанаас авах юм юу байгаа юм” гээд нөгөө ахыг мөргөчихсөн. ...Тэгээд бид нар Нямааг авах гэтэл хашааных нь гүйдэг хаалга нь замаасаа гараад хагарчихсан. Тэрийг нь Баяраа бид 2 өргөөд замд нь оруулж хийгээд явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал)
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3106 дугаартай:

“-Н.Б ийн биед зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

-Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3108 дугаартай:

“-Н.Б гийн биед баруун умдаг, цавь, баруун хуйхнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

-Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

7. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Б ийн биед үүссэн ...гэмтэл нь мөргөх үед илүү үүсэх боломжтой өөрөөр хэлбэл гэмтэл учирсан хэсэг газар буюу толгой хэсэгт хүчтэй үйлчлэхэд дээрх гэмтэл үүсэх боломжтой. ...Н.Б гийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба цохих цохигдох өшиглөх зэргээр үүсгэгдэх боломжтой болно” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

8. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

9. Гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 35-37 дахь тал)

10. Шүүгдэгч Н.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би хэдэн  найз нартайгаа гэрийнхээ хажууд пиво уугаад байж байтал Б.Нямдорж над руу залгаад мөнгөө өг гэхээр нь би боломжгүй байна гэтэл архи ууж байгаа хүн мөнгөгүй байна гэж юу байдаг юм, чи Билгээ захирлын хашаанд хүрээд ир гээд байхаар нь би найз Мөнхжаргалаар машинаа бариулаад Б.Нямдоржийн байгаа газарт очсон. Буугаад хашаа руу яваад ортол Билгээ захирал машинаас бууж ирээд намайг хулгай хийсэн гээд байхаар нь би тэгж хулгай хийдэг хүн биш гээд маргалдаж толгой руу нь 1 удаа мөргөсөн. Тухайн үед Б.Нямдорж надаас мөнгөө нэхээд байхад би боломжгүй байна гэдгээ хэлэхэд ойлгохгүй хэрүүл хийгээд байсан. Тэгсэн гадна байсан Баяраа, Мөнхжаргал, Хонгороо нар орж ирээд намайг аваад гарсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал), дипломын хуулбар (хавтаст хэргийн 134 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 133 дахь тал), хохирогч Ж.Ууганжаргалын “...2.500.000 төгрөг авсан. Гомдол саналгүй” гэсэн, хохирогч Б.Отгонболдын “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тус тус бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 154-155 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

            Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр .................. тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Б гийн уруул руу гараараа 1 удаа, бэлэг эрхтэн рүү хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

мөн хохирогч Н.Б ийн толгойн тус газар нь мөргөж, хөлөөрөө 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг. Мөн уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Н  нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч Н.Б , Н.Б  нартай маргалдаж, улмаар хохирогч Н.Б гийн уруул руу гараараа 1 удаа цохиж, хохирогч Н.Б ийн толгой тус газар мөргөж, хөлөөрөө 1 удаа өшиглөж тус тус гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч нарт гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өшиглөх, мөргөх, цохих зэрэг идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3106, 3108  дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч нарт гэмтэл гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Н.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б , Н.Б  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Н.Б ийн “...Нямдоржийн 138.000 төгрөгийн хүлээн авсан бөгөөд ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн,

хохирогч Н.Б гийн “...68.000 төгрөг авсан бөгөөд ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэсэн тус тус бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 117-118 дахь тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Н  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер программ хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Нийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.

Харин шүүгдэгч Н.Н ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Н.Н ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Нийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н ид оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Н.Н ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Н ид сануулсугай. 

 

  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  2. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Н ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР