Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/435

 

2021            3            31                                        2021/ШЦТ/435

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

хохирогч В.Н, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

иргэний нэхэмжлэгч Ш.Ц, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч М.Тэрбиш,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1906 05114 2672 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

, Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” худалдааны төв дотор хохирогч В.Н нөхөр М.Г-тай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Г” үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгыг барьж байгаа, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгнө, та тус байрнаас “В” тоотод 2 өрөө бүхий орон сууцыг аваарай, таны өгсөн обойг тус байранд ашиглана гэж “Орон сууцны барилгыг захиалан бариулах” гэрээг “Б” ХХК-ний эрх бүхий этгээдтэй байгуулж, түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2996 ширхэг обойг авч залилан авч нийт 134.820.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:“Би Н  эгчийг залилаагүй. Яагаад гэхээр бүгд гэрээний дагуу явагдсан. Б гийн “Б ”-ны барилгыг өөрөө харсан. 2 өрөө байр өгөхөөр тохиролцож, 100 хувийн хүчин төгөлдөр гэрээг Н  эгчийн нөхөр Г байгуулсан. Гэрээнд Б оролцох болсон шалтгаан гэвэл түүний компанитай манай компани гадна фасад хийх гэрээ байгуулж, 8 байр авахаар тохирсон. Тухайн авах байрнаасаа 2 өрөө 2 байр өгнө гэж шилжүүлж өгөхөөр тохиролцоод, тухайн барилга ашиглалтанд ороогүй учир Б тай гэрээ хийсэн. Надаар дамжиж хийгдвэл боломжгүй болчихно шүү дээ. Шууд захиалга өгөхөөр 3, 4 дамжлага болох учир Б хийлгүүлсэн. Би Б хийсэн гэрээгээ үзүүлсэн. Тухайн цаг хугацаанд Б “Б ”-ны барилга дээр ажил гүйцэтгээгүй байсан. Б бид нар найзууд байгаа юм. Бартераар ажил хийж байсан. Би Б обойны талаар хэлсэн. Нийт хэдэн ширхэг обой авснаа санахгүй байна. 1 ширхэг обойг 50.000 төгрөгөөр үнэлж авсан. Би барилгын гэрээг 100 хувь төлбөр төлсөн гэдгээр хийсэн байсан. Би хаашдаа гэрээ хийгээд байр өгнө гээд хэлчихсэн байгаа учир тухайн обой миний зүйл болсон гэж бодсон. Б надад ямар ч байсан 12 дугаар сарын 31-ний өдөр эцсийн байдлаар бэлэн болгоно гэж хэлсэн. Миний хийх ажил тодорхой, ажил хийхэд ч 100 хувь бэлэн байсан. Б гийн барилга өөрөө зогссон. Би гадна фассадны ажил хийх байсан шүү дээ. Би яагаад машин болгосон бэ гэхээр зарж борлуулаад ажилчдын мөнгөө өгөх гэсэн. Тэдний барилга 9 давхар дээрээ ирээд барилгын ажил нь зогсоод өвөл болсон. Тэгээд араас нь КОВИД гараад ажил нь зогссон. Одоо барилга нь эхлэх гэж байх шиг байна. Наадмын өмнө Г над руу залгаад обойгоо хурдан аваач гэж хэлсэн. Тэгээд би авсан. Надад үнэхээр байрлуулах агуулах сав байхгүй учир, 3 удаа айлын хашаа гуйж гараашид тавьсан. Зуны цагт бороо ус ихтэй байсан. Ц уулзаад ийм ийм байна. Машин болгомоор байна гэж хэлсэн. Сүүлийн обойг наадмын дараа очиж авсан. Дараа нь өөрсдөө машинтай ир гэсэн. Тэгээд машин болгосон. Ковид гээд ажил гүйцэтгэх боломжгүй байгаа учир хохирлоо барагдуулж чадахгүй байна. Би Ц 25.000.000 төгрөгийг урьд нь зээлж авсан. Обойноос тусдаа асуудал. Надад санхүүгийн чадамж байсан. Манай байгууллага 2013 оноос хойш гадна фассад хийж байсан. Манайд материал нийлүүлдэг байгууллага байгаа. Одоо ч гэсэн байгаа. Г 16.000.000 төгрөгийн обойг ахынхаа барилга дээр авсан. Хэдэн ширхэг обой өгснөө санахгүй байна. Нэг ширхэг обойг 40.000 төгрөг билүү 42.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн. Г урьд нь надаас 4.000.000 төгрөг зээлж авсан байсан. Тэрийгээ надад буцааж өгсөн. Надад обойн мөнгө өгөөгүй. Түүний эгчээс асуухад Г манайхаас бартераар машин авсан гэж хэлсэн. Эгч нь шүүх дээр чинь очоод гэрчлээд өгвөл өгнө гэсэн. Нэг обойг 35.000 төгрөгөөр үнэлж Ц өгсөн. Би Г өгсөн обойноос бусад өөрт байсан бүх обойгоо өгсөн. Ц би өмнө нь 25.000.000 төгрөгийг авсан байсан. 12.000.000 төгрөгөөр ломбардад тавиад надад 500.000 төгрөгийг нь өгөөд өөрөө 11.500.000 төгрөгийг аваад явсан. Тэгэхээр 13.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. 2 машин хоёул Баярцэнгэлийн нэр дээр байгаа. Миний өгсөн бүх обойг борлуулаад дууссан. “Г”-ийг “Х” ХХК барьсан барилга биш. Би 5 сард нэг удаа, наадмын дараа нэг удаа очиж обой авсан. Тухайн барилга дээр тийм их хэмжээний обой орохооргүй байсан. Гэрээгээ хийчихсэн. Би 100 хувь төлбөрийг нь төлсөн гэх агуулгаар зарцуулсан. “Б ” ХХК-д обой өгөөгүй. Тэгэхэд Б ы ажил эд явж байсан. Би обойгоо зарж байж ажилчдын цалингаа өгөх байсан. Би байраа 1.650.000 төгрөгөөр бодож авсан. Б аас бартерийн үнээр 1.150.000 төгрөгөөр бодож авч байгаа учраас надад алдагдал байхгүй байсан. Хөлсөнд өгөх 8 байрны 2 байрыг шилжүүлсэн. Обойн төлбөр биш. Н г явахад нь таарсан. Тэгээд бичиг хийж өгсөн. Анх гэрээ хийхдээ өөрийнхөө ажлын талаар Ган-Од ахад хэлсэн. Н  эгчид хэлээгүй. Би Ц, Б нар обойг өгсөн. Тухайн обойг борлуулсан. Надад машины эзэмшигчийн нэрийг шилжүүлээгүй. Нэг машинаа ломбардад тавиад тал мөнгөө авсан. Тэдний нэр дээр машинууд нь байна, обойг бол борлуулчихсан шүү дээ. 25.000.000 төгрөгийг 12.000.000 төгрөгийг машинаа ломбардад тавиад авчихсан шүү дээ. Машины талаар цагдаад хангалттай мэдүүлэг өгсөн. “Б ” ХХК-тай 480.000.000 төгрөгөөр гэрээ байгуулж, тухайн мөнгөндөө 8 өрөө байр авахаар тохирсон. Тухайн барилгын ажил одоо эхэлж байгаа. Бодит байдлыг нуусан зүйл, зохиомол байдлыг зориудаар бий болгосон зүйл байхгүй. Миний ажил карзаж дууссаны дараа эхэлхээр байсан. Хүн мэхлэе, залилья гэсэн зүйл надад байгаагүй. Би “Б ” ХХК-ийн захиралай Ган-Одтой уулзуулсан. Хэзээ барилга ашиглалтанд орох талаараа хэлсэн. Тухайн үедээ 12 дугаар сарын 31-ний өдөр орно гэсэн. Обойг авах талаар анх Н  эгчтэй тохиролцсон. Манайх энэ барилгаас 8 байр авах ёстой. 2 байрыг танайд шилжүүлж өгье. Обойг чинь бартераар авья гэж хэлсэн. Барилгын тухайд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа. Тухайн барилгаас авах байрнаас өгнө гэх агуулгаар гэрээ хийсэн. Б ы барилгын гэрээгээр өгсөн. Обойг борлуулаад ажилчдын цалингаа өгнө гэж бодсон. Одоо тухайн барилга 10 дахь давхар дээрээ явж  байгаа. Одоо гэрээний дагуу 2 давхарт цутгалт яваад миний ажил эхэлнэ. Хоёр машиныг 132.000.000 төгрөгөөр тооцоод обойг 86.000.000 төгрөгөөр өгсөн. Цт 25.000.000 төгрөгөө төлөх үүднээс нэг машиныг ломбардад Б тавиад надад 500.000 төгрөгийг өгсөн. Би тухайн 2 машиныг унаж байсан. Г надтай амьдарч байхдаа 4.000.000 төгрөг зээлж байсан. Обойн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй” гэв.

           

Хохирогч В.Н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “С анх надад “Х” ХХК-ийн захирал гээд барилга үзүүлсэн. Тухайн үед “Б ” гэж хэлээгүй. “Х ” гээд барилгаа явж байна. Манайх барилга барьж байгаа гээд цонхоор баригдаж байгаа барилга үзүүлсэн. Би чамайг урьд нь харж байсан хүүхэд байна гэж хэлэхэд би өмнө нь хэдэн хүмүүстэй хамт машин үзүүлэх гэж ирсэн. Тэгээд та обойгоо солих уу гэж хэлсэн. Би маргааш өглөө нисэх гэж байгаа гэж хэлэхэд компанийн захирал гэдэг баримтаа надад үзүүлсэн болохоор этгээд нөхөртөө С гэрээ хийх юм байна. 2 өрөө байраар, обойг нэг ширхгийг нь 50.000 төгрөгөөр тохирлоо. Хэдэн мкв байхаас нь хамаарч обойгоо өгөөрэй гэж бичээд, би өглөө нь оффис дээрээс ниссэн. Би нөхөртөө ямар байгууллага вэ гэдгийг нь хэлээгүй. С гэж хэлсэн байсан. Би Б , Б гэсэн зүйл яригдахаар нь айсан. Би facebook-д барилгын групп дээр энэ хүн ирж уулзана уу гэж постолсон. Тэгээд барилгыг нь очоод үзтэл нэг хүн энэ барилга 2015 оноос хойш нэг ч тоосго өрөгдөөгүй. Үхчихсэн барилга гэж хэлсэн. Би сандраад яахаа мэдэхгүй байсан. Би facebook-ээс Б , Б гэх хүний зургийг олж байгаад би зөндөө газар луу утасдсан. Тэгээд ямар нэг холбогдол байхгүй байхаар нь би зургийг нь тавиад, надтай гэрээ хийсэн байсан бүх зүйлийг нь facebook-д тавьсан. Тэгэхэд нэг залуу надтай согтуу холбогдоод “юун обой яриад байгаа юм. Би мэдэхгүй. Миний нэр төрд халдаж байна” гэхээр нь би “ийм ийм учиртай” гэж хэлсэн. Тэгтэл тухайн хүн “миний ажлыг хийж эхлээгүй байгаа. Тухайн хүнтэйгээ ярь” гэж хэлсэн. Х ын барилга гэж намайг хуурсан. Б , Б  гэж мэдсэн бол би гэрээ хийхгүй шүү дээ. Өөр хүний зүйл. Би нэг зүйлийг гайхаж байгаа. Надаас 1 ширхэг обойг 50.000 төгрөгөөр авчихаад бусдад 35.000 төгрөгөөр зарсан. Ийм учраас би цагдаад хандсан. Би С өөрөө олсон. Би С луу “уульзя” гэж бичихэд нэг эмэгтэй хардах маягтай “ямар учиртай хүүхэн бэ” гэхээр нь би учраа хэлсэн. Тэгэхэд “юун обой вэ, бид хоёр уулзаад удаагүй байгаа амьдрах гэж байхад” гэж хэлсэн. Тэгээд би “уулзья оффис дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд оффис дээр дуудаж авчирч байгаад цагдаа дуудаж, энэ хүнтэй учраа олсон. Хаанаас ч хамаагүй юм аваад хөрөнгөжих сонирхолтой хүн байна гэж би өнөөдрийг хүртэлх хугацаанд дүгнэлээ. Би 52 насанд хүрчхээд хэдэн жилийн хөдөлмөрөө мөлжүүлсэн. Ийм зүйл байж болохгүй шүү дээ. Хэддүгээр зууны залуус билээ. С-ын гаргаж байгаа үйлдэл санаатай. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг барагдуулаагүй. Холбогдоогүй би гомдолтой. Би насан туршдаа чамтай зууралдана. Обой чинь 149.800.000 төгрөгийн үнэтэй. Үнэлгээгээр 45.000 төгрөгийн  үнэлгээ гарсныг би хүлээн зөвшөөрсөн. Миний 149.800.000 төгрөгийн обой 144.000.000 төгрөг болж хувирсан. Би аргаа бараад хүлээн зөвшөөрөөд таны өмнө зогсож байна шүү дээ. Би хохирлоо барагдуулуулмаар байна. Иргэний нэхэмжлэгч гээд байгаа хүмүүс юугаар ч хохироогүй хэр нь яваад байна. Би 50.000.000 төгрөгийн обойг зарах гэж удаж байхад иргэний нэхэмжлэгч 86.000.000 төгрөгийн обойг богино хугацаанд зарцана нь гайхалтай санагдаж байна. 2 жил мөнгийг эргүүлээд бизнес хийсэн байна. Мөнгөө сайн эргүүлсэн байна шүү дээ. Хоёр машиныг обойн мөнгөнд тооцож өгсөн хэр нь нэгийг нь ломбардад тавьсан. Би хохироод байна шүү дээ. Барилга нь яг хэвээрээ байгаа. Нэг ч тоосго баригдаагүй. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

           

Иргэний нэхэмжлэгч Ш.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 6 дугаар сарын сүүлээр түүний эхнэр холбогдоод “ах аа обой байна. Манай нөхөр барилга барьдаг” гэж хэлсэн. Эхний удаад би уулзаагүй. Дараа нь С , түүний эхнэр, Г нар ирсэн. “Таны машиныг үзье” гэсэн. Би “обой мэдэхгүй” гэхэд “миний обой сайн чанарын обой, машинаасаа өгчих” гэж хэлсэн. Жоби төв дээр очиход ширхэг нь 40.000 төгрөгөөр зарагдах обой байна гэсэн. Цэргийн найз “хэдээр авах гэж байна вэ” гэж асуухаар нь би “бөөндөөд 35.500 төгрөгөөр авах” гэж байна гэхэд “тэг тэг” гэсэн. Тухайн найз маань одоо ч гэсэн обой зарж байгаа. С “40.000 төгрөгөөр зарна” гэхээр нь “би авахгүй” гэсэн. Сүүлдээ маргаан үүссэн. Таны машин үнэтэй байна. Миний обой ийм байна гээд салаад явцгаасан. Эхнэр нь 7, 8 хоног залгасан. Би “зах дээр хүрээд ир. Обой чинь хаана байгаа юм, яах юм” гэтэл “С гачуурт явья” гэсэн. Б бид хоёр яваад очсон. Нэг хауст оруулаад “манай ахын байшин. Манай ах Монгол Улсын нэг номерын наймаачин” гэж хэлсэн. “Обойгоо үзчих” гэсэн. Нэг өндөр ах гараашид сууж байсан. “Та нар обойгоо хурдан ачаад аваад яв” гэсэн. Гадаанаа нэг бенз тавьсан байсан. Би “зарах юм болов уу” гэхэд “бартераар зарна” гэсэн. Тэгэхээр нь би итгээд “Б миний дүү намайг нь хийвэл хийчихгүй юу” гэж хэлсэн. Эхний ээлжид манай дүү очиж авсан. 7 дугаар сарын 10-ны өдөр машиныг шилжүүлж өгөхөөр болоод “үлдсэн обойгоо яах вэ” гэхэд “гараашид хураасан байгаа” гэхээр нь би Б рүү утасдаад “миний дүү 2 машиныхаа нэрийг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад үлдэгдэл мөнгөө өгсөн хойно нь, тооцоо дууссаны дараа шилжүүлээд өг” гэж хэлсэн. Тухайн явдлаас хойш наадам өнгөрсөн. С зөндөө зугаалсан. Цаг хугацаандаа хийсэн зүйлгүй. Аль аль нь утсаа авахаа байсан. Араас нь би зөндөө явсан. Би 132.000.000 төгрөгөөр тохироод обойг нэг ширхгийг нь 35.500 төгрөгөөр авахаар болсон юм. Одоо үлдэгдэл мөнгийг, мөн 25.000.000 төгрөгийг эхнэр биш, 7 дугаар сарын 10-ны өдөр Баярцэнгэлийн данснаас шилжүүлсэн. Бид хоёр нэг дансанд хуримтуулдаг. Би тэгээд “мөнгөө өгөөч ээ, обой чинь юу болов” гэж асуухад “8 сар гараад 7 буудал дээр хүрээд ирээч, машин авчраад” гэж хэлсэн. 7 буудлын эцэс дээр очоод хэлсэн тоондоо хүрээгүй ч хоёр мянга гаруй обой өгсөн. “Үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх вэ” гэхэд “ажил явж байна. Өгчихнө” гэсэн. Сүүлдээ утсаа авахгүй байсан. Би байшингийнх нь гадаа 2 хоносон. Тэгэхэд загсанд яваад ирж байгаа бололтой эхнэр, хүүхэдтэйгээ ирсэн. Эхнэр нь надад уурласан. Би С од авсан шигээ өгчихөөч гэж хэлсэн. Сүүлдээ 2, 3 тэрбум ярьж яваад л 12 дугаар сар өнгөрөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст баригдсан байсан. Б бид хоёр ломбарданд тавья гэж тавиагүй. Наад хүн чинь өөрөө эхнэртэйгээ тавьсан. 500.000 төгрөгийг надад өгчих гэж хэлээгүй. Хятадууд хөрөнгө оруулагчид ирсэн байна. Макс моллын энд хоолонд оруулах гэж байна. Маргааш, нөгөөдөр мөнгөтэй болох гэж байна гэж хэлээд авсан. Сүүлдээ худал, үнэн ярьж байгаа эсэх нь мэдэгдэхээ байсан. Одоо обойн зөрүү мөнгө, машины зөрүү мөнгийг нэхэмжилж байна. Нэг машиныг битүүмжлэлээс нь чөлөөлж өгөөч. Б одоо байраа алдах дээрээ тулаад байгаа. Н  эгч шиг л бид нарын бизнес зогссон. Бид нарыг харах болгондоо л харааж, хэл амаар доромжил байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ББСБ-ын байгууллагын хүү тооцогдоод байгаа. Тухайн мөнгө над дээр тооцогдоод байгаа. Хар дансанд оруулна гэж байсан. Анхнаасаа наймаа хийхдээ ломбарданд тавиад мөнгө төгрөг олж авна гээд байсан. 7 хоног мөнгө зээлэх гэж гуйсан. Байнга машинаа ломбарданд тавьна гээд байсан. Хөрөнгө оруулагчид ирнэ гэж хэлсэн. Хийсэн наймаанаасаа хасаж байгаа юм. Мөнгө төгрөг хэрэгтэй болоод байна, машин ирсэн. Мөнгөө авья гэж хэлсэн. Тэгэхэд өөрсдийнхөө нэр дээр тавиад зээл ав гэж санал тавьсан. Өөрсдийнх нь санаачлагаар машин ломбарданд тавьсан. 2 машинаа битүүмжлэлээс нь гаргуулмаар байна.” гэв.

 

 

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.С  нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” худалдааны төв дотор хохирогч В.Н гийн нөхөр М.Ган-Одтой Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Г ” үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгыг барьж байгаа, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгнө, та тус байрнаас “В” тоотод 2 өрөө бүхий орон сууцыг аваарай, таны өгсөн обойг тус байранд ашиглана гэж “Орон сууцны барилгыг захиалан бариулах” гэрээг “Б ” ХХК-ний эрх бүхий этгээдтэй байгуулж, түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2996 ширхэг обойг авч залилан авч нийт 134.820.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч В.Н д нийт 132.820.000 төгрөгийн хохирол учирсан. Хэрэгт битүүмжлэгдсэн 2 тээврийн  хэрэгслийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ажиллагааны журмаар мөнгийг нь гаргуулан хохирогч В.Н д 80.100.000 төгрөгийг олгуулах, иргэний хариуцагч Ганхүлэгээс 7.700.000 төгрөгийг, шүүгдэгч Б.С оос 45.020.000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Н д, шүүгдэгч Б.С оос 59.061.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Ц , Д.Б нарт олгуулах, иргэний нэхэмжлэгч Г.Д нэхэмжлэлийн саналыг хэрэгсэхгүй болгох саналтай. Мөн Д.Б-ийн 12.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох саналтай” гэх,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа “Энэ хэрэг төгс үйлдэгдсэн залилангийн хэрэг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Б.С  “Х  ” ХХК-аас явж байна. Энэ барилгад ашиглана гээд, бартердана гээд уулзсан. Миний үйлчлүүлэгч хууртагдсан. Бодит байдлыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтанд орно гэж нуугаад миний үйлчлүүлэгчид итгэл төрүүлсэн. Миний үйлчлүүлэгч итгээд ОХУ явах гэж байгаагаа хэлээд бичиг үлдээсэн. Тухайн бичгийг аваад нөхөр дээр нь очоод өмнө дурдагдаж байгаагүй Б  ХХК-ын захирал Бямбадаваа гэдэг хүнийг дуудаж, барилгын материал нийлүүлэхээр гэрээ байгуулж, 5 сарын 10-ны өдөр, дараа нь 7 дугаар сард тус тус обойгоо авсан. Ямар ч иргэний харилцаа харагдахгүй байна. Б ы барилга яаж, хэдэн давхартаа явж байна вэ гэдэг нь энэ хэргийн үйл баримтад нөлөөлөх чухал зүйл биш. Иймд Б.С ын гэм буруу хангалттай нотлогдож байна. Эргэлзээ байхгүй байна. Хохирлын тухайд иргэний нэхэмжлэгч гээд байгаа хүмүүс хэрэгт авагдсан баримтыг харахад 2 машин нийт 80.100.000 төгрөгийн үнэлгээтэй. Обой нь ширхэг нь 45.000 төгрөгөөр үнэлэгдсэн. 2586 ширхэг обой авсан нь хөдөлбөргүй нотлогдоод байна. Иргэний нэхэмжлэгч нар 116.370.000 төгрөгийн обой авсан байна. Гэтэл 80.100.000 төгрөгийн машиныг өгөөд байна. Өөрсдөө ч 86.000.000 төгрөгийг авсан гээд байна. 6.840.000 төгрөгийн зөрүү гараад байна. Үнэлгээгээр 36.270.000 төгрөгийн илүү үнэлгээ гараад байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн машин өөрсдийнх нь нэр дээр байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. 2 машин зарагдаад миний үйлчлүүлэгчид ирэх ёстой. Обой машин болсон байна. Улсын яллагчийн хохирлын тооцоог дэмжиж байна” гэх,

 

Иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Тэрбиш “Хохирлын тооцонд дээр санал нийлэхгүй байна. Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчтэй санал нийлэхгүй байна. Обой нь өндөрсөөд, машин үнэ буугаад байна. Машиныг усанд живүүлсэн, элэгдэл хорогдол тооцогдоно. Иргэний нэхэмжлэгч нар мэдүүлгээ өгсөн. 25.000.000 төгрөгийг Б.С  авснаа хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Яаж Д.Б гэдэг хүнийг хохироогүй гэж тооцож болох вэ. Машины битүүмжлэлийн асуудлаас болоод ломбард иргэний нэхэмжлэгч болоод Д.Баярцэнгэлээс нэхнэ. Илүү авчихсан байна гэх зүйл байхгүй. 2 машины битүүмжлэлийг цуцлаад өгвөл бусад янз бүрийн тооцоогоо бид шийдвэрлэнэ. Өөрийнхөө зүйлийг өгч байна гээд обойг өгсөн. Нарантуяагаас аваад өгч байна гэж ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Иймд 2 машины битүүмлэлийг чөлөөлж өгнө үү” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж дурдсан боловч Б.С  нь ямар бодит байдлыг нуусан бэ гэх асуудал үүсэж байна. Б  ХХК-тай гадна фассадны ажил гүйцэтгэх гэрээтэй. Энэ гэрээгээр 480.000.000 төгрөгийн буюу 8 ширхэг 2 өрөө орон сууцын захиалгын гэрээтэй. Энэ гэрээгээр гадна фассадыг Х ХХК хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд энэ талаар хохирогчид хэлсэн. Хохирогч нөхөртөө бичиг үлдээсэн. Үүний дагуу Б  ХХК-ийн байрыг захиалгаар бариулах гэрээ байгуулж, үнэ бүхий обойг аваад иргэний нэхэмжлэгч нарт өгсөн. Иргэний нэхэмжлэгч нар борлуулсан. Үйлчлүүлэгч маань хувьдаа зарцуулсан зүйл байхгүй. Хэргийн явцыг харахад хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.С ын гэм бурууг хангалттай нотлож чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг тогтоогоогүй. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал зэргийг тогтоогоогүй. Үүнийг гэмт хэрэг гэж үзээд байгаа шалтгаан нөхцөл юу байна вэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б.С ын гэм буруугүй болох нь Б  ХХК болон Х ХХК нарын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, мөн Б  ХХК-тай иргэн М.Г-ын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ, мөн Б  ХХК-ийн бариулж буй дуусаагүй барилгын үл хөдлөхийн гэрчилгээ, Х ХХК-ийн гэрчилгээ болон дүрэм, гэрч Бямбадаваа , Ган-Од, А.Наранцэцэг нарын мэдүүлэг зэргийг харахад иргэд хоорондын маргаан буюу Иргэний хуулиар зохицуулагдах эд хөрөнгийн маргаан гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч нарын асуудлыг жич шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай. Б.С ын эхнэр Наранцэцэгт 25.000.000 төгрөгийг зээлсэн. Дансаар шилжүүлсэн. Тусдаа асуудал. Шүүгдэгчийн гэм буруу нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэг “Гэмт хэргийн шинжгүй иргэний маргаан байна, хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах байр суурьтай оролцож байна. Явц дундаа миний санал яаж өөрчлөгдөж байна вэ гэхээр обойны асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Тооцоонд дээр маш зөрүүтэй зүйлс байна. Обойг хэдэн ширхгийг хэнд өгөөд байгаа нь зөрүүтэй байна. Машиныг 45.000.000 төгрөгөөр үнэлсэн нь, иргэний нэхэмжлэгч нар машиныг битүүмжлэлээс гаргачихвал гээд яриад байна. Машины үнэлгээг иргэний нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаанд буцааж үнэлгээг тодорхой болгох саналтай. Аль аль талдаа сэтгэл ханамж бий болгох хэрэгтэй. 16.000.000 төгрөгийн обойг чи Ганхүлэгт хэдэн төгрөгөөр тооцож өгсөн бэ гэхэд 40.000 төгрөг гэж байгаа юм. Тэгэхээр 410, Цогбаяр, Баярцэнгэл хоёрт өгсөн обойг хасаад үзэхээр 400 ширхэг обой өгсөн болж байна. Тэгэхээр 2596 өгсөн гэж байхад иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2586 гэж яриад байгаа юм. Ийм тооцоо зөрүүтэй байгуу тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх саналтай” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.С  нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” худалдааны төв дотор хохирогч В.Н гийн нөхөр М.Ган-Одтой Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Г ” үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгыг барьж байгаа, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгнө, та тус байрнаас “В” тоотод 2 өрөө бүхий орон сууцыг аваарай, таны өгсөн обойг тус байранд ашиглана гэж “Орон сууцны барилгыг захиалан бариулах” гэрээг “Б ” ХХК-ний эрх бүхий этгээдтэй байгуулж, түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2996 ширхэг обойг авч залилан авч нийт 134.820.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч В.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сард өөрийн facebook хаягаас их хэмжээний обой байгаа тул орон сууц болон автомашинаар солино гэсэн зар тавьсан. Тэгсэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 99099042 гэсэн дугаараас өөрийгөө С гэх эрэгтэй хүн залгаж яриад “Би зарын дагуу ярьж байна. Хаана очиж уулзах вэ” гэж асуухаар нь би өөрийн ажлын газар болох “Компьютер молл”-ын 9006 тоот өрөөнд ирж уулз гэсэн. Тэгсэн нөгөө залуу 2019 оны 01 дүгээр сард 99099042 гэсэн дугаараас миний гар утас руу залгаж “надад 85.000.000 төгрөгийн үнэтэй жийп машин байна. Обойгоор солих уу” гэж асуухаар нь би нөхөр М.Ган-Одоор машиныг үзүүлтэл уг машин нь ББСБ-ын нэр дээр ломбардад байсан. Тэгсэн нөгөө залуу машинаа зээлээс гаргаад эргээд ярья гээд алга болсон. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нөгөө залуу яриад “нөгөө обой чинь байгаа юу, би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд Гимлай апартмент гэсэн нэртэй орон сууц барьж байгаа юм. Би таниас 150.000.000 төгрөгийн обой аваад танд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгөх 45.3 мкв 2 өрөө байрнаас хоёрыг өгье” гэж ярихаар нь би танай компанийн нэр юу вэ” гэж асуухад Х  гэсэн. Тэгээд С гэх залуу манай ажил дээр ирээд 150.000.000 төгрөгийн обой авах хүсэлт бичиж өгөөд надад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа дутуу барилгыг үзүүлэхээр нь би нөхөртэйгөө ярилцаж байгаад С-д  зөвшөөрсөн. Тэгээд би 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ОХУ-руу яваад 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарт ирсэн чинь С гэх залуу манай нөхөр М.Ган-Одтой 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрээ хийгээд маргааш нь 74.500.000 төгрөгийн үнэ бүхий обойг маяти маркийн автомашинд ачаад явсан байсан. Тэгсэн 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр С гэх залуу өөрийн гар утаснаас миний гар утас руу залгаж ярихаар нь би “танай барилга яагаад баригдахгүй байгаа юм бэ” гэж асуухад С “манайх наадмын дараагаас барилгаа гялалзуулаад дуусгана. Би танаас үлдэгдэл обойгоо авах гэсэн юм” гэхээр нь би итгээд ав ав гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-руу яваад 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ирэхэд С манай нөхрөөс үлдэгдэл обойгоо 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр аваад 95-77 УБП улсын дугаартай саарал өнгийн ачааны автомашинд ачаад явсан гэсэн. Тэгээд би С-ыг н утас руу залгахаар гар утас нь холбогдох боломжгүй гээд хааяа холбогдохоор миний гар утсыг авахгүй. Баригдаж байгаа гэх барилга нь баригдахгүй байхаар нь би гэрээ хийсэн “Басмаа консртакшн” ХХК-ын хаягаар Б.Бямбадаваатай уулзах гээд очтол Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн-6 MGL радио цамхаг гэх хаягт “Басмаа консртакшн” гэх байгууллага байдаггүй гэсэн. Тэгээд би С болон Б.Бямбадаваа гэх хүмүүст залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаад өргөдөл гаргасан. Би обойгоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 100 айл 21б-2 тоот хашаандаа гараашид хадгалж байсан. Би С-той 3 удаа уулзаж байсан. Б.Бямбадаваатай огт уулзаж байгаагүй... С нь обой авах гэж надтай уулзахдаа манай ажлын газрын эсрэг талд буюу “Компьютер молл” хажууд дутуу цутгалт хийсэн барилгыг заагаад дуртай давхраасаа сонгоод 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад орох байрнаас обойнхоо оронд бартер хийж аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би С оос ямар компани гүйцэтгэж байгаа барилга вэ гэж асуухад Х  ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилга, би өөрөө гүйцэтгэх захирал нь байгаа юм гэж хэлсэн. Тэгээд авсан обойгоо энэ барилгын ажилд зарцуулна гэж С ярьж байсан. “Басмаа консртакшн” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ нь уг чанартаа Х  ХХК-тай хийх гэрээ байсан. Өөрөөр хэлбэл С нь надаас обой анх авах гэж уулзахдаа Х  ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж танилцуулаад миний обойн бартерт өгөх 2 ширхэг байрыг өөрийнх нь компани барьж гүйцэтгэж байгаа талаар надад хэлсэн. Харин С намайг гадагшаа явсны дараа манай нөхөр лүү яриад ерөнхий захиралтай Жоби 72 дээр хүлээж байна ирээд гэрээ хийчих гэж хэлээд Басмаа ХХК гэх нэрээр ерөнхий захирал гэх Бямбадаваатай барилга бариулах гэрээг манай нөхөр М.Ган-Одоор хийлгүүлсэн байсан. 2018 онд миний обой зарна гэж зар тавьсны дагуу манай нөхөрт ломбардад байгаа гэх машин үзүүлж С уулзаж байсан. Үүнээс өөрөөр бол уулзаж байгаагүй. Харин би нөхөртөө обойг байраар С-той бартер хийх тухайгаа хэлж байсан. Манай нөхөр өмнө С-той уулзаж байсан болохоор С-ыг г таниад обойн орондоо байр захиалан бариулах гэрээг хийсэн. Харин яг ямар компанитай гэрээ хийхийг мэдээгүй байсан. Би хэлээгүй... 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зарлагын падаан бичиж гарын үсэг зуруулсан байгаа. Уг зарлагын падаануудыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. С-той ямар нэг гэрээ байгуулаагүй. Зардлын падаан дээр обойг хүлээн авсан нь С байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-35 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ш.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Түүнээс хойш над руу Наранцэцэг, С нар 14 хоног тасралтгүй ярьж “та ярьсан үнээрээ аваач” гэж гуйгаад байсан. Уг обой нь 2400 ширхэг байгаа гэсэн ба тооцохоор 140.000.000 төгрөг болж байсан. Тус мөнгөнөөс 8.000.000 төгрөг буулгаач гэхээр нь би зөвшөөрч 132.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ингээд надад 86.940.000 төгрөгийн нийт 2449 обойг хүлээн авсан. 25.500.000 төгрөгийг Наранцэцэг, С нар зээлээч гэхээр нь зөвшөөрч Хаан банкны дансаар өгөхөөр болж надтай хамт ажилладаг Баярцэнгэл шилжүүлсэн. Ford F-150 загварын машиныг 68.000.000 төгрөгт, Toyoto RX-450 загварын машиныг 65.000.000 төгрөгт бодоод нийт 132.000.000 төгрөг гээд С-д  нийт 157.500.000 төгрөгийг өгсөн. Машиныг нэр дээр нь шилжүүлээд өг гэхээр нь би шилжүүлэхгүй байсан. Хоёр тээврийн хэрэгслийг С-д  өгчихсөн ба үлдэгдэл надад өгөх ёстой 71.900.000 төгрөгийг өгөөгүй байсан учир нэр дээр нь шилжүүлээгүй. Ford F-150 загварын машиныг 68.000.000 төгрөгт, Toyoto RX-450 загварын машиныг Баярцэнгэлийн нэр дээр шилжүүлсэн. Соронзолболд, Наранцэцэг нартай зөвлөлдөөд зөвшөөрөхөөр нь 25.500.000 төгрөгийг зээлсэн учир энэ мөнгийг гаргаж авахын тулд “Сайн” автомашин барьцаалан зээлдүүлэх газарт 12.000.000 төгрөгт тавьсан. ББСБ-ын мөнгийг С , Наранцэцэг нар өгнө гэж байсан боловч нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй, төлөлт хий гэж яриад байгаа учир төлөлт хийхээр болж байна. Амаараа ярьж тохирсон. Санхүүгийн ямар нэг баримт хийгээгүй. Би С , Наранцэцэг нараас 71.900.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна. Би обойг жижиглэнгээр зарсан. Мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороололд баригдаж байгаа байрнаас авахаар тохиролцож бартерт үлдсэн обойг өгсөн. Надад одоо обой байхгүй... Би С оос 2300 орчим ширхэг обойг нэг бүрийг 35.500 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),   

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Автомашины худалдааны зах дээр С , Наранцэцэг, Ганхүлэг нар манай хуурай ах болох Ш.Ц  бид хоёр дээр ирээд 132.000.000 төгрөгийн обойгоор 8003 УБЭ улсын дугаартай Ford F-150 маркийн, 7872 УБР улсын дугаартай Toyoto RX-450 тээврийн хэрэгслүүд нь гаалийн бичигтэй байсан бөгөөд бартераар сольсон. Мөн миний 5920047209 тоот дугаарын данснаас А.Наранцэцэг гэх хүний 5675564882 тоот данс руу нийт 25.500.000 төгрөг шилжүүлж зээлсэн. Надтай бартераар өгсөн обой нь 132.000.000 төгрөгийн үнэтэй гэж надтай тохиролцсон боловч 87.000.000 төгрөгийн обой надад өгсөн. 8003 УБЭ улсын дугаартай Ford F-150 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр, 7872 УБР улсын дугаартай Toyoto RX-470 тээврийн хэрэгсэл нь Сайн ломбардны нэр дээр байгаа. Зээлийн гэрээ нь надад байгаа. Одоо 12.000.000 төгрөгийн зээлтэй байгаа. 1 боодол нь 35.500 төгрөгөөр бодож авсан. Би одоогоор 2448 ширхэг боодлыг авсан. Тэгэхээр нийт 87.000.000 төгрөг болж байна. 70.500.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Баярцэнгэл гэгч нь манай компанийн 13 дугаар хороолол Шөнийн захад байх салбарт 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 15900652 дугаартай гэрээ байгуулан 78-72 УБР улсын дугаартай Lexus RX-450H загварын автомашиныг 12.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Түүнээс хойш зээлийн эргэн төлөлт одоо болтол хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар 15.146.050 төгрөг төлөгдөөгүй. Хүү, алданги тооцогдож байгаа. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах манай ТБ авто финанс ББСБ-ын тээврийн хэрэгсэл байрлуулах хашаанд байгаа. Машиныг битүүмжилсэн. Миний бие хариуцаж байгаа” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

Иргэний хариуцагч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 6 дугаар сард санагдаж байна. Яг өдрийг санахгүй байна. С над руу яриад “би хүнтэй очиж уулзах гээд, барилгын материал авах гээд чи хамт яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч бид хоёр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын яг хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй нэг хашаанд очиж Ган-Од гэх хүнтэй очиж уулзсан. С , Ган-Од хоёр гадаа уулзаж юм ярьж байсан ба би машинд сууж байсан. С нь уг хүнтэй уулзаад надад хэлэхдээ “энэ хүнээс барилгын обойг бартер хийж авахаар боллоо” гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа байхаа дахин С бид хоёр урдын хашаанд очсон ба С ачих машин дуудсан гээд араас ачааны машинтай хүмүүс ирсэн. Тэгээд маяти машинаар дүүрэн барилгын обойг ачсан ба Ган-Од гэх хүнээс С баримт авч, гарын үсэг зурж байсан. Түүнээс хойш 7-8 хоногийн дараа С нь надад “обойг зармаар байна. Бартер энэ тэрээр ч хамаагүй” гэхээр нь би 410 ширхэг обойг нэг бүрийг нь 40.000 төгрөгөөр тооцож, нийт 16.400.000 төгрөгийн обойг авахаар болж урьдчилгаа 2.500.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд авсан. ... Түүнээс хойш 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр С бид хэд хөдөө амралтад явах гэж байхад машины ченж Баярцэнгэл гэх хүн обой авсан газарт очсон байна гээд С бид хоёр очсон ба Баярцэнгэл үлдэгдэл обойг ачиж аваад явсан. Би С-д  эхлээд авахдаа 2.500.000 төгрөгөөр бэлнээр өгсөн, түүний дараа 500.000 төгрөгийг дансаар, бэлнээр 1.000.000 төгрөгийг, түүний дараа дахин бэлнээр нэг удаа 1.000.000 төгрөгийг, наадмын дараа 900.000 төгрөгийг дансаар, 700.000 төгрөгийг дансаар, дараа нь 2.200.000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн өгч, нийт 8.800.000 төгрөгийг С-д  обойн мөнгө гэж өгсөн. Одоо үлдэгдэл 7.600.000 өгөхөөр байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас),

Гэрч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Эхнэр бид хоёр Солонгос улсаас обой оруулж ирдэг хэдэн хүмүүстэй тохиролцож оронд нь машин, орон сууц, үл хөдлөх хөрөнгө зэргийг өгч наймаа хийдэг. Манайд их хэмжээний обой байсан. 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр манай эхнэр Н гадаад руу ажлаар явсан. Явахаас нь өмнө манай эхнэртэй С гэх хүн уулзаад байр орон сууцаар обой солихоор болсон юм шиг байсан. Манай эхнэр явахдаа С 150.000.000 төгрөгийн обой авна. Оронд нь баригдаж байгаа байрнаас 2 ширхэг байр өгөхөөр байгаа. Чи гэрээг нь хийгээд дараа нь обойг нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн өглөө С над руу яриад за гэрээгээ хийгээд обойгоо авах гэсэн юм. Танай эхнэртэй яриад тохирсон гэж хэлээд намайг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жоби 72 худалдааны төвийн нотариат дээр хүрээд ир гэж дуудсан. С нь мөн надад хэлэхдээ цаад компанийн захирал ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн газар нь ирэхэд С ирсэн. Наана нь ерөнхий захирал Бямбадаваа, менежер Ганхүлэг гэх хүмүүс байсан. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гимлай апертмент” үйлчилгээний зориулалттай хоёр блок барилгаас 45.3 мкв талбай бүхий 2 өрөө байрыг 1 мкв-ыг 1.650.000 төгрөгөөр захиалж, 150.000.000 төгрөгийн обойг авч явсан. Нэг обойг 50.000 төгрөгөөр тооцож өгсөн. С хүрээд ирээ гэрээгээ хийе гэж дуудахаар нь очсон. Тэгээд “Б ” ХХК-ийн захирал Б.Бямбадаваа гэх хүнтэй гэрээг байгуулсан. Миний бие 2018 оны намар санагдаж байна. С нь манай эхнэр бид хоёртой ирж уулзаж байсан. Тэгэхэд америк машин байна. Үүгээр обой солих уу гэхээр нь машиныг нь очиж үзэхэд барьцаанд тавьсан байсан ба тэгж байгаад алга болчихсон. Тэгж байтал 2019 оны хавар сая гэнэт гарч ирээд байраар бартер хийнэ гээд ийм асуудал үүсгэж байна. С манайхыг судалж байгаад худал хэлж залилсан гэж бодож байна... Тухайн үед манай эхнэр В.Н  нь ОХУ-руу явсан байсан ба С нь гэрээгээ хиймээр байна. В.Н  эгчийн гэрээгээ хий гэсэн гарын үсэг байна гэж дуудсан. Тэгээд нотариат дээр уулзахад С манай том захирал босс ирж байгаа гэсэн. Тэгээд гэрээг байгуулсан. Гэрээний агуулгыг ойлгохдоо би бараа материалыг нийлүүлснээр тухайн баригдаж байгаа байрнаас байр авах юм байна гэж ойлгосон. Үүний дагуу гэрээнд зааснаар бараа материалыг нийлүүлэхээр барилгын обойг С-д  өгсөн байгаа. Тухайн барилгыг би бол мэднэ. С надад анх хэлэхдээ манай барилга энэ байна гэж холоос зааж харуулж байсан. Тэрнээс гэрээ байгуулах үед очиж үзээгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),

Гэрч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн асуудлыг нарийн сайн мэдэхгүй байгаа бөгөөд нөхөр болох С руу Н гэх эмэгтэйн нөхөр Ган-Од нь 7 хоногийн хугацаанд тасралтгүй залгаж энэ обойгоо ирж ав. Агуулахдаа юм хийх гэж байна гэж дуудсан. Тухайн үед С-д  уг обойг агуулах газар байгаагүй учраас миний таньдаг машины ченж Цогоо ах руу залгаад обой байна. Машинаар солих уу гэсэн чинь зөвшөөрөөд 134.000.000 төгрөгийн обойг авсан. Үлдсэн 16.000.000 төгрөгийн обойг манай нөхөр С оос найз болох Ганхүлэг гуйж байгаад авсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа. ... Ш.Ц  нь Lexus RX450H загварын машиныг 68.000.000 төгрөгөөр, Ford F-150 загварын машиныг 65.000.000 төгрөгөөр бодож оронд нь барилгын обой өгөхөөр болсон байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас),         

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2014 оны сүүлээр манай “Басмаа консртакшн” ХХК өөрийн санхүүжилтээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 6 дугаар гудамжинд 4 айлын 1500 мкв талбай бүхий газрыг 1 тэрбум 65.000.000 төгрөгөөр худалдан авч, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн бүх зөвшөөрлийг авч 132 айлын үйлчилгээтэй 2 блок 12 давхар барилгын ажлын эхлүүлсэн. 2015 ондоо бүтэн барилгын ажил явагдаад 2015 оны сүүлээс эхлээд санхүүжилтгүй болсны улмаас барилгын ажил зогссон. Ерөнхийдөө барилгын ажил 40 хувьтай явагдаж байгаад зогссон. Санхүүжилтийн хувьд надтай авлагатай хүмүүс байсан. Мөн хөрөнгө оруулалт хийх Хятадын түншүүд мөн хөрөнгө оруулалтаа хийлгүй гацаасан. Тэгээд бартерийн гэрээ гэдэг зүйлүүдийг компаниудтай хийж эхэлсэн. Х ХХК-ийн захирал С-той 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр барилгын гадна, пассат болон дээврийн ажлыг 100 хувийн бартераар хийхээр гэрээ байгуулсан. Ажлыг хийж дуусмагц 480.000.000 төгрөгийн өртөг бүхий 8 ширхэг байрыг өгөхөөр тохирсон. Уг 8 ширхэг байрыг урьдчилж өгөхгүй, ажлаа дуусмагц барьж байгаа байрнаас өгөхөөр гэрээ хийсэн. Барилгын өрлөг, цонх дуусаагүй учир С-ыг н ажил эхлээгүй. Ямар нэгэн ажил хийгээгүй. Одоо ч гэрээ хүчинтэй хүлээгдэж байгаа. С надтай 480.000.000 төгрөгийн ажлыг бартераар хийх гэрээ байгуулсан. Тухайн үед буюу 2019 оны 5 дугаар сард С нь Ган-Од гэх хүнтэй ирж уулзсан. С надад хэлэхдээ би танайхаас авах 8 ширхэг байрныхаа 2 байрыг энэ хүн дээр гэрээг нь хийж өгмөөр байна гэсэн. Би ямар учиртай хүн юм бэ, яах гэж байгаа юм бэ гэхэд С уг хүнийг миний таньдаг хүн байгаа юм. Арматур болон туслах материалууд авч ирэх боломжтой хүн гээд орон сууц худалдах худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жоби худалдааны төвийн нотариат дээр байгуулсан. С өөрөө надад ажлаа хийж өгч байж уг гэрээнд заасны дагуу би хүнд байр ашиглалтанд орсноор хүлээлгэн өгөх ёстой. Уг гэрээг хийснээр надад бараа материал, нэг ч төгрөг төлөгдөөгүй. С ч гэсэн ажил хийгээгүй байгаа. Тухайн үед С амаараа барилгын арматур төмөр болон бусад туслах материалууд болох караны секц, каран тогтоогч зэргийг нийлүүлнэ гэж ярьсан. Гэрээнд бол яг нарийн тэр энэ гэж зааж өгөөгүй. Улмаар гэрээг хийснээр надад ямар нэгэн бараа материал өгөөгүй. Нийлүүлээгүй. Сүүлд нь сонсоход С обой аваад оронд нь байр өгөхөөр гэрээг нь надаар байгуулуулсан байсан. Би хэнээс хэдэн төгрөгийн обой худалдаж авсан талаар огт мэдэхгүй. Надад ч мөн ямар нэг обой өгөөгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас),

 

Баригдаж байгаа үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийсэн тухай: “Б ” ХХК-ийн барьж байгаа гэх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  “Гимлай апартмент” үйлчилгээтэй 132 айлын гэх 2 блок баригдаж байгаа орон сууцны байран дээр ирж үзлэгийг хашааны гадна болон хашаан дотроос ерөнхий байдлаар хийлээ. Уг газарт очиход цэнхэр өнгийн хашаатай дотор талд нь дутуу баригдсан 2 орон сууцны барилга байна. Барилгын гадна хашаан дээр “Б ” ХХК гэсэн урагдсан элэгдсэн цаасан дээр 2 орон сууцны зураг болон өрөөнүүдийн дотор талын зохион байгуулалт, талбайн хэмжээг заасан байна. Хашаан дотор ороход 3-4 давхар хүртэлх багана, карказыг босгосон, зарим хэсэгт нь блокоор дүүргэсэн сууцны барилга байна. Тухайн барилгад ажиллаж байгаа, барьж байгаа гэх ажилтан, техникүүд байхгүй. Харахад үйл ажиллагаа явагдаагүй удсан гэмээр байдалтай харагдаж байна. 2 барилгын голд барилгын өргөгч краныг угсарсан байдалтай, зарим газарт блокууд өрсөн байдалтай байна. Уг барилгын манаж байгаа гэх хүн байх ба захирал Бямбадаваа ойрд ирээгүй. Утасны дугаарыг нь мэдэхгүй гэж байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 55-59 дүгээр хуудас),

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Ford F-150 загварын машины 2019 оны 12 сарын байдлаар зах зээлийн үнэлгээ 33.800.000 төгрөг” гэх тайлан,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Lexus RX450H загварын машины 2019 оны 12 сарын байдлаар зах зээлийн үнэлгээ 46.300.000 төгрөг” гэх тайлан,

Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...2019 оны 5 сарын байдлаар 1 ширхэг обой зах зээлийн үнэлгээ 45.500 төгрөг” гэх тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 71-74, 76-78 дугаар хуудас),

В.Н гийн Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 141-145 дугаар хуудас),

“Очир апартмент –I” барилгын А, Б блокийн Гадна фасад угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 151-165 дугаар хуудас), 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар хуудас),

Аж ахуйн нэгж Б  ХХК-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг (1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар хуудас),

Гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас),

Зарлагын “...нийт 2996 ширхэг обойг Б.С од хүлээлгэж өгсөн” баримт (1 дүгээр хавтаст хэргийн 167-171 дүгээр хуудас),

Б.С ын бичсэн “... 150.000.000 төгрөгийн обой” авах хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас),

Гадна фасад угсралтын гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 152-165 дугаар хуудас),

Х ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, ...бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “их хэмжээний хохирол учруулж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн Гуравт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж,

            Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд их хэмжээний хохирол буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг хүндрүүлэн зүйлчилдэг.

           

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг, “бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгийг шилжүүлэн авахыг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Б.С  нь В.Н д Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Г ” үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгыг манай компани “Х ХХК” барьж байгаа, би захирал нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж ашиглалтанд орно, тухайн байрнаас “В” тоотод 2 өрөө бүхий орон сууцыг аваарай, таны өгсөн обойг тус байранд ашиглана гэж худал хэлж,  хохирогчийг төөрөгдүүлсэн, мөн уг барилга нь 2015 оноос хойш барилгын үйл ажиллагаа зогссон байхад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж ашиглалтанд орно гэж, обойг орон сууцаар солих агуулга бүхий гэрээг В.Н, Б.С  буюу “Х  ” ХХК нар хоорондоо байгуулна гэсэн байхад “Б ” ХХК-тай гэрээг байгуулуулсан, “Б ” ХХК-ийн захиралд орон сууцыг обойг сольж байгаа талаар хэлээгүй, уг компани нь обойг хүлээн аваагүй, Б.С  нь “Б ” ХХК-тай байгуулсан “Гадна фасад угсралтын гэрээний дагуу тухайн барилгын гаднах фасадны ажил хийж гүйцэтгэсний дараа орон сууц авах эрхтэй талаар В.Н огт хэлэлгүй нууж буюу бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж, 2996 ширхэг обойг авсан байгаа нь Залилах” гэмт хэргийн “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн авсан бол” гэх үндсэн шинжүүдийг бүрэн хангаж байна.

 

Гэмт хэргийн халдлагын зүйл болох 2996 ширхэг LG hausys брендийн ханын обой нь Хөрөнгийн үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлтээр 2019 оны 5 дугаар сарын байдлаар 45.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон (1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас) байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг уг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж хохирлын хэмжээг заажээ. 

 

Шүүгдэгч нь хохирогчид 2996 ширхэг обойг залилан авч хохирогчид хохирол учруулсан бөгөөд 1 ширхэг обойг хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 45.000 төгрөгөөр тооцоход нийт 134.820.000 төгрөг болж байх ба 50.000.000 төгрөгөөс дээш байх тул “Залилах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч нь анхнаасаа бусдын эд хөрөнгийг шилжүүлэн аваад буцаан хариу төлбөр өгөхгүй байх гэмт санаа зорилготой байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн  авч залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “...шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотлогдож тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Иргэний эрх зүйн маргаан. Мөн хохирлын тооцоо зөрүүтэй. Шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох, прокурорт буцаах” агуулга бүхий дүгнэлт саналыг гаргасан.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүгдэгч нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч нь анхнаасаа биелэгдэх боломжгүй гэрээг М.Г “Б ” ХХК-ийн захирал Б.Б нарын хороонд байгуулуулж, шүүгдэгч Б.С  нь уг байгуулсан гэрээний аль нэг тал биш мөртлөө уг обойг шилжүүлсэн авсан байх тул иргэний эрх зүйн гэрээний маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Шүүгдэгчийн цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох, прокурорт буцаах” дүгнэлт санал хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Б.С  нь хохирогчоос нийт 2996 ширхэг обой авсан болох нь Зарлагын “...нийт 2996 ширхэг обойг Б.С од хүлээлгэж өгсөн” баримтаар (1 дүгээр хавтаст хэргийн 167-171 дүгээр хуудас) нотлогдсон.

 

Иргэний хариуцагч Т.Г 410 ширхэг обойг авсан байх бөгөөд шүүгдэгчид 8.800.000 төгрөгийг өгсөн гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өгсөн эсэх нь нотлогдохгүй байх тул 1 ширхэг обойг хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 45.000 төгрөгөөр тооцож 18.450.000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Н д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

            2996 ширхэг обойноос 410 ширхгийг хасч үлдэх 2,586 ширхэг обойг мөн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 45.000 төгрөгөөр тооцож нийт 116.370.000 төгрөгийг шүүгдэгч Б.С оос гаргуулж В.Н д олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ш.Ц, Д.Б, Г.Д нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Б.С  нь хохирол төлбөр барагдуулахтай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулсан боловч завсарлага авсан хугацаанд хохирол төлбөр барагдуулаагүй болохыг дурьдав.

 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.С  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч Б.С од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч Б.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.С од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.2 зааснаар 4 жил хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцуулах саналтай байна. Мөн хэрэгт битүүмжлэгдсэн хоёр тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, хэрэгт авагдсан нэг ширхэг сидиг хавтаст хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалуулах саналтай байна” гэх,

 

            Хохирогчийн өмгөөлөгчөөс “Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход хохирол төлбөр төлнө гэж хуульд зааснаар 5 хоногийн завсарлага авчхаад нэг ч төгрөг төлөөгүй байна. Шүүгдэгчийн хувьд алхам тутамдаа худал хэлж, хохирогчийн сэтгэл зүйгээр тоглож байна. Энэ бүх үйлдэл нь шүүгдэгчийг ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоног завсарлага авахыг маш их хариуцлагатай ажил гэж боддог. Гэтэл уг асуудал дээр хөнгөн хандаж, шүүхийн ажлыг 2 удаа тасалдуулж хийлгэж байгаа нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгааг харуулж байна. Эрүүгийн хуульд заасан уг гэмт хэрэг 2-8 жилийн хорих ялтай. Хохирогчийн хохирол төлбөрийг төлөөгүй учраас шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргаж байгаа 4 жилийн хорих ялыг багадаж байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд хийсэн хэрэгтээ гэмших ёстой гэж үзэж байгаа учраас хорих ялыг нэмж оногдуулж өгнө үү” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатараас “Хэрэгт битүүмжлэгдсэн хоёр машины үнийн дүн нийлээд 60.000.000 төгрөг болж байгаа бөгөөд шүүгдэгчээс 45.200.000 төгрөгийг гаргуулахаар заасан. Шүүгдэгчийн хувьд уг мөнгийг төлөхөө илэрхийлж байгаа. Ар гэрийнхэнтэй нь хуулийн дагуу хохирол төлбөр төлснөөр ял хөнгөрнө гэх талаар хэлж ярилцсан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 2015, 2020 онуудад төрсөн 2 хүүтэй. Эхнэр Наранцэцэг нь одоо 7 сартай жирэмсэн тул дээрх хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Мөн хорих ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна” гэх.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэгээс “Хохирол төлбөрийн талаар яриагүй биш яригдсан. Ар гэр, хамаатан садны хүмүүстэй нь ярилцсан. Шүүгдэгчийн хувьд уг хэргийг санаатайгаар хийсэн зүйл байхгүй. Хөл хорионы улмаас аргагүй эрхэнд ийм байдалд орсон байна. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хувийн байдлын хувьд 2 нялх хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан торгуулийн ял оногдуулж уг ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү” гэх саналуудыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.С  нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй байна.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх залтаад заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал зэргийг харгалзан үзэж, өмгөөлөгчийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогч болон хоёр иргэний нэхэмжлэгчийг давхар хохироосон байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад их хэмжээний хохирол учруулж, учирсан хохирлыг арилгаагүй байдал, хувийн байдал зэргийг харгалзаж, түүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн 80-03 УБР улсын дугаартай Ford F-150 маркийн тээврийн хэрэгсэл, 78-72 УБР улсын дугаартай Lexus RX450H маркын тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлж, хохирогчид хохирол төлбөр барагдуулахаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагад шилжүүлэв.

 

78-72 УБР улсын дугаартай Lexus RX450H маркын тээврийн хэрэгсэл нь үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу “ТБ авто финанс” ХХК-д өмчлөлд шилжсэн байх ба уг үндсэн зээлийн гэрээний үүргээс үлдэх хэмжээнд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж хохирогч хохирол төлбөр барагдуулах нь зүйтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.С од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.С-ыг г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С од 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С ын цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С оос 116.370.000 төгрөгийг, иргэний хариуцагч Т.Ганхүлэгээс 18.450.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч В.Н д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ш.Ц, Д.Б, Г.Д нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн 80-03 УБР улсын дугаартай Ford F-150 маркийн тээврийн хэрэгсэл, 78-72 УБР улсын дугаартай Lexus RX450H маркын тээврийн хэрслүүдийг битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлж, хохирогчид хохирол төлбөр барагдуулахаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагад шилжлүүлсүгэй.

 

8. Хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.С од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ