Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2017/00404

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Эрдэнэцогт сумын 6 дугаар багт оршин суух, ВТ79020600 регистрийн дугаартай, Боржигон овогт Пүрэвийн Жавзмаа

Хариуцагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цэцэрлэг, эрхлэгч Д.Нансалд холбогдох Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3753939 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын цэцэрлэгт 2012 оны 09 сарын 01-ний өдөр туслах тогоочийн орон тоонд ажилд орж 2013 оны 10 сарын 01-ний өдрөөс тус цэцэрлэгийн туслах багшаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байсан юм. Би нуруу нугасны өвчний улмаас бие өвдөж эмчийн хяналтанд байдаг байсан ба 2016 оны 10 сарын 24-ний өдөр бие өвдөн, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учир би эрхлэгч Д.Нансалд өөрийн үнэн байдлаа хэлж 2016 оны 11 сарын 24-ний өдрийг хүртэл 1 сарын чөлөө хүсч, чөлөөний хуудас бичиж өгсөн. Тэгээд би 2016 оны 10 сарын 24-ний орой Улаанбаатар хотруу явж Брилиант хоспис эмнэлэг дээр очиж 2016 оны 10 сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж, нөхөн сэргээх болон физик эмчилгээ хийлгэсэн. Миний биеийн байдал сайжрахгүй, эмчилгээг үргэлжпүүлэн хийх шаардлагатай гэж эмч зөвлөсөн учир би 2016 оны 11 сарын 24-ний өдөр дарга Д.Нансалруу утсаар ярьж, зайлшгүй шалтгаанаа тайлбарлан, чөлөөг 2017 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэл сунгаж өгөөч гэж гуйхад, аймгийн засаг даргын захирамж гарсан, чамайг ажлаас чөлөөлсөн, чиний ажлын байр дахин зарлагдвал чи шалгалт өгч байж ажилдаа ор гэж хэлсэн. Би ямар үндэслэлээр намайг ажлаас халсныг ойлгоогүй, Засаг даргын захирамж гарсан гэхээр нь би биеэ эмчлүүлчихээд засаг даргатай очиж уулзъя, шаардлагатай бол орон тоо зарлахаар нь оръё гэж бодож байсан. Гэтэл эмчилгээ хийлгэсний дараагаар 2 сарын хугацаанд гам барьж, холын замд машинаар явж болохгүй гэж зөвлөсөн учир би Улаанбаатар хотод гам барьж байхаас өөр аргагүйд хүрсэн юм. Тэгээд би биеэ гайгүй болохоор эмчээс зөвлөгөө авч байгаад 2017 оны 04 сарын 13- ны өдөр Баянхонгор аймагт ирж, 2017 оны 04 сарын 16-ны өдөр Эрдэнэцогт сумруу явж өөртэйгөө холбоотой тушаалыг гардаж авахад уг тушаал нь намайг чөлөө авсан өдрөөс 7 хоногийн өмнө буюу 2016 оны 10 сарын 17-ны өдөр гарсан тушаал байсан. Мөн намайг хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2- т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн хуулийн үндэслэлийг барьсан байсан нь ойлгомжгүй байгаа юм. Учир нь 2016 оны 10 сарын 17-ны өдрийн байдлаар би ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Би уг ажлын байранд ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж, сахилгын шийтгэл болон ямар нэг хариуцлага хүлээж байгаагүй. Харин бие эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас, албан ёсоор чөлөө хүсч, биеэ эмчлүүлэхээр явсан юм. Гэтэл миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, надад мэдэгдэлгүйгээр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна. Би тушаалыг 2017 оны 04 сарын 17-ны өдөр надад гардуулж өгсөн. Иймд намайг урьд эрхэлж байсан ажил болох Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд эргүүлэн тогтоож, 2016 оны 10 сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 сарын 17-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин 3.753.939 төгрөгийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч П.Жавзмаа нь шүүхийн шатанд хариуцагчтай харилцан эвлэрч эвлэрлээ бичгээр хийсэн тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. П.Жавзмаа нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Д.Нансал нь шүүхийн шатанд нэхэмжлэгчтэй харилцан эвлэрч эвлэрлээ бичгээр хийсэн тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д.Нансал нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..гэв.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Тус хэрэгт дараах байдлаар эвлэрлээ.

Үүнд: 1. Хариуцагчийн төлөөлөгч Д.Нансал нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, П.Жавзмааг 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс өмнө ажиллаж байсан цэцэрлэгийн туслах багшийн ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1.850.000 төгрөгийг олгож, тус цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 11 сараас 2017 оны 05 сарыг дуустал хугацаанд сар бүр тэнцүү хувиарлан нөхөн бичих,

2. Нэхэмжлэгч П.Жавзмаа нь нэхэмжлэгийн шаардлагын 1.903.939 төгрөгөөс татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин 1.850.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдрийн дотор хариуцагчаас гаргуулах,

3. Цаашид ажиллахад ажил олгогч, ажилтны зүгээс болон хууль дүрэм тогтоолыг биелүүлэн харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, аливаа үл ойлголцол, маргаанаас эвийн журмаар шийдвэрлэх,

4. Талууд энэхүү хэлцлийг харилцан сайн дурын үндсэн дээр, ямар нэгэн шахалт дарамтгүй тохиролцсон болно..гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Жавзмаа нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын цэцэрлэг, эрхлэгч Д.Нансалд холбогдуулан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3753939 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүсэн шаарджээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч П.Жавзмаа нэхэмжлэлийн шаардлагын 1.903.939 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Д.Нансал 1.850.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдрийн дотор төлж, П.Жавзмааг цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 11 сараас 2017 оны 05 сарыг дуустал хугацаанд сар бүр тэнцүү хувиарлан нөхөн бичилт хийлгүүлэхээр эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Жавзмаа нь нэхэмжлэлийн шаардлагын 1.903.939 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Д.Нансал 1.850.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдрийн дотор төлж, мөн өдрөөс П.Жавзмааг Эрдэнэцогт сумын цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 11 сараас 2017 оны 05 сарыг дуустал хугацаанд сар бүр тэнцүү хувиарлан нөхөн бичилт хийлгүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Нансалаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Жавзмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагчийн төлөөлөгч Д.Нансал сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ