| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0412/И |
| Дугаар | 131/ШШ2017/00405 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 131/ШШ2017/00405
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймаг Богд сум 1 дүгээр багт оршин суух, ВЗ83052507 регистрийн дугаартай, Шар овогт Далайгийн Цэрэнхандад холбогдох Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 60.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Цэрэнханд нь манай компанитай 2014 оны 05 сарын 22-ны өдөр 1102043 тоот Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Д.Цэрэнханд нь одоогийн байдлаар манай компанид төхөөрөмжийн 40.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Д.Цэрэнхандаас Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 799 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 20.000 төгрөг буюу нийт 60.000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэрэнханд шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Цэрэнханд би 2014 оны 05 сарын 22-ны өдөр Жи Мобайл ХХК-иас 220.000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 40.000 төгрөг, алданги 20.000 төгрөг, нийт 60.000 төгрөгийг төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь Д.Цэрэнхандад холбогдуулан Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 60.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Д.Цэрэнханд нь 2014 оны 05 сарын 22-ны өдөр Жи Мобайл ХХК-тай Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 220.000 төгрөгийн үнэ бүхий NP 10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатайгаар зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Цэрэнханд нь нэхэмжлэлийн шаардлага болох Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл нйит 60.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Цэрэнханд нь нэхэмжлэлийн шаардлага болох Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл нйит 60.000 ттөгрөгийг нэхэмжлэгч Жи Мойбайл ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 2275 төгрөг , хариуцагч Д.Цэрэнхандаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ