Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/352

 

 

 

 

 

 

 

 

    2022       05           09                                       2022/ШЦТ/352

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Э.Бадрал, 

шүүгдэгч С.Онарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас С.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000181 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

          Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, ....ХХК-д борлуулалт хариуцсан менежер ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхон, 01 дүгээр байрны 20 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.О /РД:УК95020611/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Онь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний 09 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .............дугаар байр 41 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.У ыг тодорхойгүй шалтгааны улмаас гараараа нүүрэн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн шанаа, хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамааруулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч С.О гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-09 дэх тал)
  3. Хохирогч Н.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Огэгч нь миний хажууд хэвтсэнийхээ дараа хувцасныхаа гадна талаас миний биед гараараа хүрээд байсан Би тэр даруйд нь С.Огэх эрэгтэйд хандаж “чи цаашаа бай” гэж хэлээд ерөөсөө түлхэж холдуулсан. Гэтэл С.Огэх эрэгтэй нь болихгүй дахин хувцасны гадна талаас миний биед хүрээд байсан болохоор нь миний уур хүрч чи цаашаа зайл л даа” гэж хэлээд түүний нүүр хэсэг рүү гарын алгаараа хоёр гараараа хэд хэдэн удаа алгадсан юм. Гэтэл С.Огэх эрэгтэй нь шууд миний нуруу хэсэг рүү хөлөөрөө түлхэж намайг орон дээрээс өшиглөж унагааж, намайг газар унасан даруйд орноос босож ирээд миний дээр гарч зодож эхэлсэн. Намайг зодохдоо миний нүүрний зүүн хэсэг рүү баруун гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсон гэдгийг нь би хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар ямар ч л байсан 2-оос дээш удаа барагцаагаар 5, 6 удаа бол цохьсон. Мөн тэр үед С.Огэгч нь намайг доошоо харчихсан байхад миний дээрээс хоёр гар дээр хөлөөрөө олон удаа дэвсэлж гишгэсэн. Нүүрээ хамгаалж доош харахад миний нуруу руу хэд хэдэн удаа мөн дэвсэж гишгэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1570 дугаартай:

“-Н.У ын биед зүүн шанаа, хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн бугуй, сарвуу, баруун тохой, зүүн дал, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх учирсан зүүн шанаа, хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Дээрх учирсан зүүн чихний дэлбэн, зүүн бугуй, сарвуу, баруун тохой, зүүн дал, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            -Учирсан гэмтэл нь 2022.01.08-ны өдөр үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

            5. Шүүгдэгч С.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би унтах гээд хэвтэж байгаад рефлексээрээ эргэж хараад тэр Н.У  гэх охин дээр гараа давуулаад тавьсан юм. Тэгтэл тэр охин гэнэт уурлаж босож ирээд “чи ямар лайтай юм бэ, пизда чи намайг яагаад байгаа юм бэ? Яагаад намайг оролдоод байгаа юм бэ” гээд намайг үсдэж, нүүр рүү алгадаж, энгэрээс зуурч миний хүзүүг урах шиг болохоор нь би тэвчиж сүүлдээ зодуулж, цохиулж, алгадуулж тэсэхээ болиод орноос чирээд унагаачихсан юм. Улмаар дээр нь гарч нүүр хэсэг рүү нь минийхээр 4-5 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал)

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Онь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний 09 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .............дугаар байр 41 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.У ыг өөрийг нь цохьлоо гэх шалтгааны улмаас гараараа нүүрэн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн шанаа, хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Онь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж хохирогчийг өөрийг нь цохьлоо гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт гараараа олон удаа цохиж гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нүүрэн тус газарт нь цохих идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1570 дугаартай дүгнэлтээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч С.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.У ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх ба шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдэгдсэн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Онь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, ....ХХК-д борлуулалт хариуцсан менежер ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг.../, эрхэлсэн тодорхой ажилтай буюу тогтмол орлоготой зэргийг харгалзан улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ог 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

              Харин шүүгдэгч С.О гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч С.О д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ог 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. С.О д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.О д сануулсугай. 
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР