Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/0061

 

2015 оны 1 сарын 29 өдөр    Дугаар ДЗШ/МА2015/0061

 

 

ААМ  ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 536 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, ААМ  ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГКХ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ААМ  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу 13***Х  тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нь сунгалтын материалаа АМГКХ-т гаргасан боловч орон нутгийн захиргаанаас нэмэлт тодорхойлолт шаардан, хугацаа сунгах материалыг хүлээж аваагүй... Манай компани орон нутгийн нөхцөл байдал болон холбогдох сумын Засаг даргын томилгооны талаар тайлбар хийж, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн П-14-08 тоот албан хүсэлтээ АМГКХ-т гаргасан боловч 13***Х  тоот тусгай зөвшөөрөл нь АМГ-ын  кадастрын бүртгэлээс хасагдсан байх бөгөөд шүүхийн шийдвэргүйгээр сэргээх боломжгүй тухай 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6-4299 албан тоотоор мэдэгдсэн. Иймд, ашигт малтмалын хайгуулын 13***Х  дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг АМГКХ-т даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч АМГ-ын  КХ-ийн дарга Н.Ч давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17-14-07 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлөө хуулинд заасан хугацаа хэтрүүлэн гаргасан. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17-14-08 тоот албан бичгээр Кадастрын хэлтэст хүсэлт гаргасан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хугацаанд нь гаргаж чадаагүй шалтгаанаа тайлбарлахдаа байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулан бэлэн болгож ажилласан боловч Говь-Алтай аймгийн холбогдох сумдын дарга нарыг томилох ажил удааширснаас тухайн төлөвлөгөөг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлуулсан гэж тайлбарласан. КХ-ийн дарга уг хүсэлтийг хүлээн аваад 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6-4299 тоот албан бичгээр ААМ  ХХК-ийн эзэмшлийн хайгуулын 13***Х  тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болсныг кадастрын системд 2014 оны 06 дугаар сарын 30-нд бүртгэсэн тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 536 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан ААМ  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-013*** /хуучин бүртгэлээр 13***Х / дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу сунгахыг АМГКХ-т даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч АМГ-ын  КХ-ийн дарга Н.Ч давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ААМ  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 13***Х  дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаж өгөөгүй нь өөрөөс нь шалтгаалахгүй хүндэтгэн үзэх шалтгаан болох Засаг даргыг чөлөөлсөнтэй холбогдуулсан нэхэмжлэл шүүхээр шийдвэрлэж байсны улмаас байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг батлуулж чадаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь энэ заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг баримт бичиг түүний дотор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хавсаргаж өгөх ёстой байтал өгөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Засаг даргыг чөлөөлсөнтэй холбогдуулан нэхэмжлэл шүүхээр шийдвэрлэж байсны улмаас байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг батлуулж чадаагүй шалтгаанаа дурдаж, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгохгүй байх хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө Ашигт малтмалын газарт гараагүй байтал манай байгууллагыг энэ талаарх тайлбар, нөхцөл байдлыг нягтлан үзээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 3 сар 27 хоногийн өмнө байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн нь нотлогдож байгаа бөгөөд Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Г-ыг тус аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/52 дугаар захирамжаар чөлөөлөх хүртэл 24 хоног, мөн түүнийг эргүүлэн ажилдаа орсон 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс дахин ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 тоот захирамж гарах хүртэл 34 хоногт нийт 58 хоног Засаг дарга албан үүргээ гүйцэтгэж байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан 30 хоногийн хугацаанд нэхэмжлэгчийн уг төлөвлөгөөг хянан баталж нэхэмжлэгчид хүргүүлэх боломжтой байсныг шүүх анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн Засаг дарга Ж.Г-ыг чөлөөлсөнтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэж байсан ч гэсэн төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчмын дагуу Засаг даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байсан сумын орлогч дарга байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг батлах үүрэгтэй байсан. Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 3 сар 27 хоногийн өмнө байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн зарим хэсэгт багтаж байгаа Говь-алтай аймгийн Халиун сумын Засаг даргад батлуулахаар мөн нэг өдөр хүргүүлсэн. Гэтэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй Говь-алтай аймгийн Халиун сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүлээж авснаас хойш бараг 3 сарын дараа баталсныг шүүх маргааны талаар үйл баримтыг гүйцэд үнэлж дүгнэлт гаргаагүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ААМ  ХХК-д 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Халиун сумдын нутаг дахь Гялаан нуур нэртэй газарт орших 8158 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын XV-013*** дугаар /хуучин бүртгэлээр 13***Х / тусгай зөвшөөрлийг олгож, улмаар АМГ-ын  Геологи, уул уурхайн КХ-ийн даргын 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5**  дугаар шийдвэрээр энэхүү тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сунгасан байна.

1.  Хариуцагчаас ...XV-013*** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй тул дуусгавар болсон гэж, нэхэмжлэгчээс 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгалтын материалаа гаргаж өгсөн боловч орон нутгийн захиргаанаас нэмэлт тодорхойлолт шаардан хүлээж аваагүй гэж тус тус тайлбар гарган маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ААМ  ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох баримтын хамт гаргаж өгөх үүрэгтэй хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээрх хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал, ААМ  ХХК нь Ашигт малтмалын хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Халиун сумдын Засаг дарга нарт 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сар 27 хоногийн өмнө тусгай зөвшөөрөл бүхий 8158 гектар талбайд 2014 онд хийх хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Г-ыг албан тушаалаас нь чөлөөлж, томилох асуудал маргаантай, шүүхээр уг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, тухайн шийдвэр хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажил үүргээ биелүүлэх боломжгүй байснаас гадна сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.А нь байгаль орчин нөхөн сэргээлттэй холбоотой төлөвлөгөө, гэрээнд гарын үсэг зурахгүй байх даалгавар авсан зэрэг шалтгаанаар нэхэмжлэгч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг хуулийн хугацаанд нь батлуулж чадаагүй, харин 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлуулан тамга дарж, гарын үсэг зуруулжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч ААМ  ХХК XV-013*** тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байхад буюу 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр уг зөвшөөрлийн хугацааг сунгах тухай хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан боловч тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан уг асуудлыг шийдвэрлээгүй, харин сунгалт хариуцсан мэргэжилтэн Т.П тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж, тухайн өргөдлийг хүлээн авах боломжгүй гэх хариуг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн байна.

Дээрх байдлаас үзэхэд ААМ  ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий 8158 гектар талбай бүхий газарт 2011-2013 онд зохих үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын XV-013*** дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, харин тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах хүсэлтээ, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хамт гаргаж өгсөн нь ирсэн бичгийн баримт, гэрчийн мэдүүлэг, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байх тул ...хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг баримт бичиг түүний дотор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хавсаргаж өгөх ёстой байтал өгөөгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг дуусгавар болох үндэслэл бүрдээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл нь хүндэтгэн үзэх шалтгаан болон хариуцагчийн хууль бус шаардлага нөлөөлсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг бичихдээ ААМ  гэж ...з үсгийг ...с гэж буруу бичсэн нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэрийг ААМ  гэж зөвтгөж байгааг дурдав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР