| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0408/И |
| Дугаар | 131/ШШ2017/00414 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00414
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Богд сум 3 дугаар багт оршин суух, ВЗ57061510 регистрийн дугаартай, Зана овогт Жанцангийн Цогсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнпагма, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Цогсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1957 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1980 оны 01 оны 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдөр, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнпагма шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Цогсүрэн нь миний төрсөн дүү юм. Өвчтэй хүний бие сахиж байгаа тул хүрэлцэн ирээгүй байна. Тэтгэвэртээ гарах гэхэд ажилласан байдлын баримт зөрчилтэй гэх тул шүүхэд хандсан. Иймд холбогдох баримтыг үндэслэн ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Ж.Цогсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 585 дугаар, 2013 оны 05 сарын 01-ний өдрийн 1679 дүгээр лавлагаа, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Онцгойдорж, А.Чулуунбаатар нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнпагмын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Цогсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Цогсүрэн нь 1980 оны 01 оны 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдөр, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 585 дугаар, 2013 оны 05 сарын 01-ний өдрийын 1679 дүгээр лавлагаа, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Онцгойдорж, А.Чулуунбаатар нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнпагмын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ж.Цогсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зана овогт Жанцангийн Цогсүрэнгийн 1980 оны 01 оны 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдөр, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ