Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 387

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох

Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 11,446,000 төгрөг, хүү 423,000, алданги 311,370 төгрөг, нийт 12,180,370 /арван хоёр сая нэг зуун наян мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 153/2017/00359/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.******* нь 2012 оны 11 сарын 5-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлж засаг дарга Д.*******тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн сарын 0,25 хувийн хүүтэйгээр 5,000,000 төгрөгийг, мөн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 9,700,000 төгрөг, нийт 14,700,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу эхний зээлээс үндсэн зээлд 3,254,000 төгрөг, 450,000 төгрөгийн хүү, хоёрдох зээлээс 291,000 төгрөгийн хүү, нийт 3,995,000 төгрөг төлсөн. 2017 оны 5 дугаар сар хүртэл эхний зээлээс үндсэн зээлд 1,746,000 төгрөг, хоёрдох зээлээс 9,700,000 төгрөгийн үндсэн зээл, 423,000 төгрөгийн хүү, нийт 11,869,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хийгдээгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж засны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 19 сарын хугацаа хэтэрсэн байна. Иймд сум хөгжүүлэх сангаас Буриад гутлын үйлдвэрлэл ажиллуулах зорилгоор авсан эхний зээлийн үндсэн зээл 1,746,000 төгрөг, алданги 165,870 төгрөг, хоёрдох зээлийн үндсэн зээл 9,700,000 төгрөг, хүү 423,000 төгрөг, алданги 145,500 төгрөг, нийт 12,180,370 төгрөгийг К.*******гээс гаргуулж өгнө үүгэжээ.

Хариуцагч К.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 2012 оны 11 дүгээр сарын 5-нд Буриад гутлын үйлдвэрлэл ажиллуулахаар 5 сая төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 20-нд 9,700,000 төгрөгийн зээлийг нэмж авсан. Эхний зээлээс 3,995,000 төгрөгийн үндсэн зээл төлсөн. Ховд аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 12,180,370 төгрөгийг төлж дуусгана гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: К.******* нь 12,180,370 төгрөгөө төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь К.*******д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон эхний зээлийн үндсэн зээл 1,746,000 төгрөг, алданги 165,870 төгрөг, хоёрдох зээлийн үндсэн зээл 9,700,000 төгрөг, хүү 423,000 төгрөг, алданги 145,500 төгрөг, нийт 12,180,370 /арван хоёр сая нэг зуун наян мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Сум хөгжүүлэх сангаас олгосон эхний зээлийн үндсэн зээл 1,746,000 төгрөг, алданги 165,870 төгрөг, хоёрдох зээлийн үндсэн зээл 9,700,000 төгрөг, хүү 423,000 төгрөг, алданги 145,500 төгрөг, нийт 12,180,370 /арван хоёр сая нэг зуун наян мянга гурван зуун дал/ төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч К.*******гээс 12,180,370 /арван хоёр сая нэг зуун наян мянга гурван зуун дал/ төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 209,836 төгрөгийн тал хувь 104,918 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч К.*******д холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон эхний зээлийн үндсэн зээл 1,746,000 төгрөг, алданги 165,870 төгрөг, хоёрдох зээлийн үндсэн зээл 9,700,000 төгрөг, хүү 423,000 төгрөг, алданги 145,500 төгрөг, нийт 12,180,370 /арван хоёр сая нэг зуун наян мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч К.******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч К.*******гээс 104,918 /нэг зуун дөрвөн мянга есэн зуун арван найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч К.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ