Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/356

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            05           11                                      2022/ШЦТ/356                              

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г овогт Э-н Б-т холбогдох эрүүгийн 22030 0000 0192 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батбаатар, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Э-н Б /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж, Оргил худалдааны төвийн урд замд 2022 оны 3 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд Beiben ND3250S маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “Жолооч дараахи үүргийг хүлээнэ:

а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”,

мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Б-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, ослын улмаас О.Б-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Э.Б Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бийн өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэрэг ослын талаар үнэн зөв мэдүүлэг. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би 2010 онд жолооч болж, 2011 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодсон. Тухайн өдөр явган зорчигч зам дээр буруу тийшээ хараад явж байсан ба урд талын машин тоормос гишгэхээр нь би зай барих гэж байгаад явган зорчигчийг мөргөсөн. Би хохирогчид эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг төлсөн, одоо хохирогчийн биеийн байдал сайн байгаа. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22030 0000 0192 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 03-08 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б-ын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр би Партизан гэх газар зүс таних хүнтэй тааралдаад 0.75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг хувааж уусан. Тэгээд 15 цагийн үед Яармаг орохоор автобусанд суугаад явсан. Хар хорин захын автобусны буудал дээр буугаад, Сонсголон гэсэн автобусанд сууж Яармагийн дэнж дээрх буудал дээр буусан юм. Ээж Даваасүрэнгийн гэрээр ороод 17 цаг өнгөрч байхад гараад, Яармагийн эцэст хүмүүстэй уулзаж явж байгаад орой 19 цаг өнгөрч байхад Яармагаас Баянхошуу руу явах автобусанд суух гээд замын хойд талаас урагшаа зам хөндлөн гарсан. Би зам гарч байснаа санаж байгаа бөгөөд машинд мөргүүлснээ санахгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэгт хүргэгдээд оччихсон байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12 дахь тал),

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4256 дугаартай:

1. О.Б-ын биед зүүн гайморын хөндийн хана, баруун 5, 6 дугаар хавирга, зүүн ухархайн хананы хугарал, баруун эгмийн үений салалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн хэсэг дэх хатуу хальсан доорх жижиг цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, дээд уруулд шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, хэвлий, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, хамар, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн буюу авто тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 27-29 дэх тал),

 

4. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 999235 дугаартай дүгнэлт:

“...Хариулт-1. 8752 УБУ улсын дугаартай Beibem ND3250S маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.

Хариулт-2. Урд буфер зүүн талын гэрлийн дээд хэсэгт цуурч сэтэрсэн, зүүн талын хаалга бага зэрэг хонхойж будаг нь халцарч зэвэрсэн, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12.4 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 1200 cd, ойр дээрээ 600 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0 cd, ойр дээрээ 0 cd зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

Хариулт-3. Дээрх эвдрэл, гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл байна.

Хариулт-4. Тус автомашин нь тоормосны хийн системтэй, тоормосны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна.

Хариулт-5. Тоормосны систем нь хийн ший-шингэн дамжуулгатай, ABC бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед дээрх тоормосны мөр зам дээр үүснэ.

Хариулт-6. Уг тээврийн хэрэгсэл 2020, 2021 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах техникийн хяналтын дүгнэлтийн хуудас баримт (хэргийн 53-60 дахь тал),

 

5. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 399 дугаартай:

1. Beiben ND3250S маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 3.4. Жолооч дараахи үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч О.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа (хэргийн 64-65 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Бийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би зам тээврийн осол гаргаж, бусдын биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед 50 км/цагийн хурдтай явсан байх. Би хохирогчид нийт 596.750 төгрөг нөхөн төлсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 79 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Сайханцэцэг (хэргийн 22 дахь тал), гэрч Х.Цэнгэлмаагийн (хэргийн 24 дэх тал) нарын мэдүүлэг, шүүгдэгчийн жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 84 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 86 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 88 дахь тал), шүүгдэгч Э.Бээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 101 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн ба Э.Бээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 101 дэх тал) 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг Э.Б-т танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн 22030 0000 0192 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгагдаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Бийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.    

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд  Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж, Оргил худалдааны төвийн урд замд Beiben ND3250S маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ:

- а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”,

- мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.Б-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, энэхүү ослын улмаас явган зорчигч О.Б-ын эрүүл мэндэд нь “...зүүн гайморын хөндийн хана, баруун 5, 6 дугаар хавирга, зүүн ухархайн хананы хугарал, баруун эгмийн үений салалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн хэсэг дэх хатуу хальсан доорх жижиг цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, дээд уруулд шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, хэвлий, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, хамар, зүүн хацар, эрүүнд зулгаралт” бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. 

Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

Хэргийн шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Иймд шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанАвто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч О.Б- нь “...Намайг мөргөсөн машины жолооч надад эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн тул надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлтээ бичгээр гаргасан баримттай (хэргийн 102 дахь тал) байх тул шүүгдэгч Э.Бээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч О.Б- нь цаашид эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 88 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг юм.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч нь гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

Энэ хэрэгт Э.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

 ТОГТООХ нь:

 

1. Г овогт Э-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Э.Б нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогч О.Б-од нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний болон бусад зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт Э.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл, шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БАЗАРХАНД