Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох

Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 4,970,000 төгрөг, зээлийн хүү 47,000 төгрөг, алданги 323,050 төгрөг, нийт 5,246,050 /таван сая хоёр зуун дөчин зургаан мянга тавь/ төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, прокурор Д.*******, хариуцагч Г.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Г.******* нь 2013 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлж засаг дарга Д.тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн сарын 0,25 хувийн хүүтэйгээр 5,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 30,000 төгрөг, хүү 283,000 төгрөг, нийт 313,000 төгрөгийг зохих хугацаандаа хийж байгаад 2014 оны 10 дугаар сараас хойш эргэн төлөлт хийгээгүй. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 13 сарын хугацаа хэтэрсэн байна.

Иймд төрөөс сум хөгжүүлэх сангаас Хүнсний ногоо тариалах зорилгоор авсан үндсэн зээл 4,970,000 төгрөг, хүү 47,000 төгрөг, алданги 323,050 төгрөг, нийт 5,246,050 төгрөгийг Г.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би тухайн зээлийг 2013 онд Сум хөгжүүлэх сангаас ногоо тарих зориулалтаар авсан нь үнэн. Гэтэл төмс тарьсан боловч хортой шавьж гараад том нь тэмээний хоргол шиг, жижиг нь хонины хоргол шиг ургаад ашиг үзээгүй. Манайд надаас өөр ногоо тарих хүн байхгүй бөгөөд хүүхдүүд ногооны харшилтай тул дахиж тарьж чадахгүй байгаа.Миний хажууд байгаа хүүхэд сургуулиа төгсөж ирсэн боловч ажилгүй байна. Миний зүгээс тухайн зээлийг төлж чадахгүй. Намайг сар сард нь цувуулаад зээлээ төлж барагдуулах талаар хэлсэн боловч идэх хоол буюу гурил, будаагаа арай гэж авдаг....Би 2014 оны 11 сард 300 000 орчим төгрөгийг төлсөн....Би хүүхдүүдийнхээ сургалтанд зориулсан. Мөн ногоо тарьсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Г.*******д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 4,970,000 төгрөг, зээлийн хүү 47,000 төгрөг, алданги 323,050 төгрөг, нийт 5,246,050 /таван сая хоёр зуун дөчин зургаан мянга тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу зохигчийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон болно.

2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж ******* сумын Засаг дарга Д., төрийн сангийн мэргэжилтэн А.*******дэлгэр нар гарын үсэг зурсан байна. Харин зээлдэгч буюу хариуцагч Г.******* нь уг гэрээнд гарын үсэг зураагүй байх боловч хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ******* сумын Сум хөгжүүлэх сан-аас ногоо тарих зориулалтаар 5,000,000 төгрөг авсан нь үнэн боловч өрхийн орлогогүй учир зээлийг төлөх боломжгүй....Би хүүхийнхээ сургалтанд зориулсан. Мөн ногоо тарьсан гэх тайлбараар зээл авч, зарцуулсан болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж тус тус заасан ба хариуцагч нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээг бичгээр байгууллаагүй байх тул нэхэмжлэгч нь хүү, алданги нэхэмжлэх эрхгүй юм.

Иймд хариуцагч Г.*******гаас үндсэн зээл болох 4,970,000 төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 276,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байхаар заасныг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Г.*******гаас 4,970,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,470 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч Г.*******гаас 4,970,000 /дөрвөн сая есэн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 276,050 /хоёр зуун далан зургаан мянга тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 94,470 /ерэн дөрвөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ