Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/344

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          05           05                                      2022/ШЦТ/344                                 

                                                                                                                     

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт А-ийн Д, О овогт О-ын У нарт холбогдох эрүүгийн 22100 0000 0493 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/, шүүгдэгч А.Д, О.У, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан, тус шүүхийн нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод орших суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт А-ийн Д /РД:/.

2. Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Нисэх шүрт” хотхонд талбайн инженерээр ажиллаж байгаа гэх, ам бүл 5, эмээ, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт О-ын У /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д, О.У нар нь бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Кей Эйч апартмент хорооллын орчимд хохирогч Д.П-гийн Realmi pro 8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 475.000 төгрөгийн хохирол учруулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.Д-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй. Тухайн хэрэг үед тээврийн хэрэгслийг би жолоодон явсан. Хохирогч нь эхлээд Нарны хороолол явна гэж суугаад, дараа нь Хурд хороолол оръё гэж хэлсэн. Тэгээд “таксины мөнгөө өг” гэж хэлэхэд “бэлэн мөнгө байхгүй байна” гээд интернэт банк руугаа орж харуулсан. Интернэт банканд нь мөнгө байхгүй байсан. Би “мөнгөө өгөөд буучих” гэж хэлээд машинаас буулгахад миний машиныг өшиглөсөн. Буугаад харахад машины хажуу тал хонхойсон байсан тул утсыг нь аваад явсан. Дараа нь гар утсыг нь буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч О.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 22100 0000 0493 дугаартай хэргээс:

 

1. “ДУЭЯ” ХХК, А.Д нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хэргийн 08, 9 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.П-гийн хохирогчоор өгсөн:

“...2022 оны 4 дүгээр сарын 02-ны шөнө 01 цагийн үед Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хажуугаас такси бариад Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын хажууд байх 104А-130 тоот гэртээ хүргүүлэх гэсэн боловч таксины жолооч өөр газар буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартаментын хажууд зогссон. Би “өөр газар буулгачихлаа” гэж хэлээд таксинаас буухад жолооч болон урд сууж байсан залуу хоёр араас бууж ирээд маргалдсан. Тэгээд “мөнгөө төлчих” гэсэн боловч тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор утсаа гаргаж ирээд, данс руу шилжүүлэх гэхэд таксины жолооч машинаа хөдөлгөөд, хажууд нь явж байсан залуу нь миний гар утсыг гараас шүүрч аваад зугтаасан юм. Би тухайн машины дугаарыг харж амжаагүй. Би тухайн үед нэлээн согтолттой байсан юм.

Би Realmi pro 8 загварын гар утсаа 2021 оны 4 дүгээр сард 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн байгаа. ” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17, 20 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Отгонбаярын гэрчээр өгсөн:

“...12-98 УНО улсын дугаартай Accent Verna маркийн машин нь миний машин мөн байна. Би 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр О.У гэдэг залууд 4.000.000 төгрөгөөр зарсан юм. Одоогоор машины нэр шилжүүлээгүй байгаа. О.Утай фейсбүүкээр найз бөгөөд манай хашаанд байдаг засварын газраас сэлбэг аваад байдаг залуу байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23-24 дэх тал),

 

4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ХУ1-22-22с дугаартай:

“...үнэлэгдэж буй Realmi pro 8 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 475.000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Д.П-гийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 38-41 дэх тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.У-ын яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.

...Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгаа. Би урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, дахин ийм зүйл хийхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 50 дахь тал), мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 73 дахь тал), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (хэргийн 77-81 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 82 дахь тал), шүүгдэгч О.Уаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 91 дэх тал) баримт,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Д-ы яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгаа. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 58 дахь тал), мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 63 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 67 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 68 дахь тал), шүүгдэгч А.Даас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 92 дахь тал) баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч А.Д, О.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн, хэргийн хохирогч Д.П- нь алдагдсан гар утсаа бүрэн бүтэн авсан, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн ба нэр бүхий шүүгдэгч нараас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 91-92 дахь тал) 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэн, А.Д, О.У нарт тус бүр хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаарх саналыг прокуророос танилцуулахад тэдгээр нь хүлээн зөвшөөрч тохирсноор прокуророос яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар эрүүгийн 22100 0000 0493 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Д, О.У нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Д, О.У нар нь 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс  02-нд шилжих шөнийн 01 цагийн үед О.Уын 12-98 УНО улсын дугаартай Аксент верна маркийн автомашинаар такси үйлчилгээ үзүүлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол хүргүүлэхээр суусан иргэн Д.П-г Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр KH апартамент хорооллын орчимд буулган интернэт банкаар дамжуулан таксины төлбөр тооцоог хийхээр гар утсаа ашиглаж байсан Д.П-гийн Realmi pro 8 загварын гар утсыг шүүгдэгч О.У булаан авах үед тээврийн хэрэгслийг жолоодон явсан шүүгдэгч А.Д нь машинд суулган авч зугтааж, улмаар уг гар утсыг А.Д нэрээр “ДУЭЯ” ХХК-ийн барьцаат зээлийн газар 350.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- “ДУЭЯ” ХХК, А.Д нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хэргийн 08, 9 дэх тал),   

- хохирогч Д.П-гийн: “...2022 оны 4 дүгээр сарын 02-ны шөнө 01 цагийн үед Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хажуугаас такси бариад Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын хажууд байх 104А-130 тоот гэртээ хүргүүлэх гэсэн боловч таксины жолооч өөр газар буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартамент хотхоны  хажууд зогссон. Би өөр газар буулгачихлаа гэж хэлээд таксинаас буухад жолооч болон урд сууж байсан хоёр араас бууж ирээд маргалдсан.

Тэгээд “мөнгөө төлчих” гэсэн боловч тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор утсаа гаргаж ирээд, данс руу нь  шилжүүлэх гэхэд таксины жолооч машинаа хөдөлгөөд, хажууд нь явж байсан залуу миний гар утсыг гараас шүүрч аваад зугтаасан юм. Би тухайн машины дугаарыг харж амжаагүй. Би нэлээн согтолттой байсан юм.

Би Realmi pro 8 загварын гар утсаа 2021 оны 4 дүгээр сард 1.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн байгаа. ” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17, 20 дахь тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ХУ1-22-22с дугаартай:

“...үнэлэгдэж буй Realmi pro 8 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 475.000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Д.П-гийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 38-41 дэх тал) болон шүүгдэгч А.Д, О.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 50, 58 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч А.Д, О.У нар нь хохирогч Д.П-гийн Realmi pro 8 загварын гар утсыг нь дээрэмдэн авах үедээ “таксины мөнгө өгсөнгүй” гэсэн санаа зорилгоор хандсан бөгөөд хохирогчийг айлгах, сүрдүүлэх, заналхийлэх зэрэг хүч хэрэглэн довтолсон шинжтэй үйлдэл хийгээгүй болохыг хохирогч мэдүүлэгтээ тодорхой мэдүүлжээ. (хэргийн 17-18 дахь тал)

 

Шүүгдэгч А.Д, О.У нар нь 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс  02-нд шилжих шөнийн 01 цагийн үед 12-98 УНО улсын дугаартай Аксент верна маркийн автомашинаар такси үйлчилгээ үзүүлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол хүргүүлэхээр суусан иргэн Д.П-г Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр KH апартамент хорооллын орчимд буулган интернэт банкаар дамжуулан таксины төлбөр тооцоог хийхээр гар утсаа ашиглаж байсан Д.П-гийн Realmi pro 8 загварын гар утсыг шүүгдэгч О.У булаан авч, тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодон явсан шүүгдэгч А.Дтай хамт машинд суун зугтаасан, уг авсан гар утсыг А.Ды нэрээр “ДУЭЯ” ХХК-ийн барьцаат зээлийн газар 350.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэдэл, санаа зорилго, үйлдлээрээ санаатай нэгдсэнээс гадна гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж мөнгийг нь авч ашигласнаар тэдгээр нь тухайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.  

 

Прокуророос нэр бүхий шүүгдэгч нарын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон хэдий ч бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан хууль хэрэглээний алдааг зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож шийдвэрлэсэн болно.  

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Иймд шүүгдэгч А.Д, О.У нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зохицуулсан ба хохирогч Д.П-гийн Realmi pro 8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 475.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдох юм. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч Д.П- нь “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн байгаа” хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн (хэргийн 20 дахь тал) байх тул шүүгдэгч А.Д, О.У нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Д, О.У нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 68, 82 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.       

 

Шүүгдэгч А.Д, О.У нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг шүүх тогтоосон, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэдий ч энэ хэргийн шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй тэдний хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан “...шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх” гэсэн (хэргийн 95 дахь тал) саналын хүрээнд, тэдний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан хэрэглэж шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт А.Д, О.У нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

 

1. Ш овогт А-ийн Д, О овогт О-ын У нарыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр А.Д, О.У нарыг тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар А.Д, О.У нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар А.Д, О.У нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг тэдгээрт  анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт А.Д, О.У нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Д, О.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        С.БАЗАРХАНД