Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00371

 

Э.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00126 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

Э.Аийн нэхэмжлэлтэй,

“А” ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А нь “А” ТӨХК-д 2015 оны 06 сард Шарга сумын Эрчим хүчний салбарын цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 12 сарын 18-нд Говь-Алтай аймгийн “А” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б/137 тоот тушаалыг гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн нь хууль бус үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шарга сум дахь салбарын цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр байцаагч Э.А нь удирдлагууд болон холбогдох инженер техникийн ажилтнуудын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, дэд станцад ээлжинд үүрэг гүйцэтгэх хугацаанд ажилдаа хайнга хандаж, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж явсан /2018 оны 06 дугаар сард 5 хоног тасалсан/, дотоод хяналтын албанаас 12 дугаар сард хийгдсэн III шатны үзлэгийн өдрүүдэд 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

“АУЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар сумдын салбарын ажилчдыг аттестатчилах шалгалтанд хүндэтгэх шалтгаангүй хамрагдаагүй, Эрчим хүчний сайдын тушаалын дагуу 35 кв хүртэлх хүчдэлийн түвшинд үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нараас авсан мэргэжлийн шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн зэрэг ажлын хариуцлагагүй байдлыг давтан гаргасан тул хариуцлага тооцож, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Э.Аийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасан. Энэ хүн нь хөдөлмөрийн гэрээнд сахилгын зөрчлийг шууд оногдуулахаар заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан гурав ба түүнээс дээш удаа шалтгаангүйгээр ажил тасалсан үед хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлдөг.

Тухайн зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа. 2018 оны 06 дугаар сард хамт ажилладаг хүмүүстэй ээлжийн амралтаа авсан, хүүхдийн бие өвдсөн гэж хэлээд явсан. Тухайн үед би ажлын хэсгийг ахлаад захирлын тушаалаар сумдын ажилтнуудыг аттестатчилаад газар дээр нь очиход байхгүй байсан. Ингээд аттестатчилалд хамрагдаагүй. Ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол чөлөө зөвшөөрөл аваад явдаг журамтай. Бид энэ асуудал дээр хатуурхаад байдаггүй, чөлөө зөвшөөрөл өгөөд явуулдаг. Гэтэл энэ хүн дур мэдээд ажил таслаад явсан. Цалингийн цэс, цагийн бүртгэл болон холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Энэ зөрчлийг 12 дугаар сард давтан гаргасан учир ноцтой зөрчлийг давтан гаргасан гээд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж байгаа. Иймээс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наваан-Юндэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дотоодын хэлтэс хариуцсан даргын ажлыг гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн дотоод журам болон дотоод хяналт шалгалт болон гуравдугаар шатны үзлэгүүдийг сум болон салбар нэгж хэлтэс агентлаг гаргасан удирдамжийг тодорхой хугацаанд гүйцэтгэдэг. 3 дугаар шатны үзлэг болон бусад үзлэг шалгалтад зарим үед хангалтгүй биелүүлдэг. Шарга сумын Засаг дарга Тунгалагтамираас ирсэн албан бичигт Шарга сумын албан хаагчид ажлаа хангалтгүй биелүүлж байна. Энэ талаар анхаарч хариуцлага тооцож өгнө үү гэсэн албан тоотын дагуу шуурхай удирдлагын систем болон бусад ажилд үзлэг шалгалт хийхэд 12 дугаар сарын 01-06 өдрүүдэд Э.А ажлаа хийгээгүй. Тухайн үед Эрчим хүчний сайдын шалгалт болох гэж байсан. 2 удаа хойшлогдоод 12 дугаар сарын дундуур зарлагдсан байсан. Тухайн шалгалтыг мэдэгдээд дуудсан боловч ирээгүй. Шалгалтад хамрах хугацаанд Улаанбаатар хот явсан байсан гэж зарим гэрч нар мэдүүлдэг. Илтгэх хуудсыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

Удаа дараа ажил үүрэгтээ хангалтгүй хандаж байна гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Яамны шалгалтад Шарга сумаас биш Улаанбаатар хотоос ирж оролцсон байдаг зэрэг нөхцөл байдлуудыг үндэслээд шуурхай үйлчилгээний мониторинг хариуцсан ажилтан гэдэг албан тушаалд тохирохгүй гэж үзэн тухайн шийдвэрийг гаргасан байгаа гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00126 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шинэчүүл овгийн Энхтайваны Алтанцоожийг “А” төрийн өмчит хувьцаат компанийн Шарга сумын эрчим хүчний салбарт цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А төрийн өмчит хувьцаат компаниас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 166 792 /хоёр сая нэг зуун жаран зургаан мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Энхтайваны Алтанцоожид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Аийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч А төрийн өмчит хувьцаат компанид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2 166 792 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49 619 төгрөг, нийт 119 819 төгрөгийг хариуцагч А төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 819 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Э.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг зөвшөөрөлгүйгээр орхиж явсан, ажил тасалсан зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалтай нотлогдон тогтоогдож байхад шүүх хэтэрхий нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Э.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтийг харгалзан үзэхгүйгээр шийдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Э.А нь “Алтай-Улиастайн эрчим хүчний ситем” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Э.А нь “...“А” ТӨХК-ийн Шарга сумын эрчим хүчний салбарт цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр байцаагчаар ажиллаж байсан. Ажилтан ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн  тушаал хуульд нийцээгүй, ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй...” гэжээ.

Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/137 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтныг ажлаас нь чөлөөлөхдөө Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчиж, ажлын байрыг удаа дараа дур мэдэн орхиж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл заажээ.

Ажил олгогч тушаалын үндэслэлээ: “...ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан, тухайлбал 2018 оны 06 дугаар сард, 12 дугаар сард чөлөө зөвшөөрөл авалгүйгээр ажлын байрыг дур мэдэн орхиж явсан, албан ёсны аттестатчилалд хамрагдаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гарсан. Бид тухай бүрд нь хариуцлага тооцоогүй боловч заавал хариуцлага тооцохыг шаарддаггүй. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаан байвал чөлөө зөвшөөрөл аваад явдаг журамтай, бид зөвшөөрөл өгөөд явуулдаг. Удаа дараа ажил үүрэгтээ хангалтгүй хандаж байна гэж Шарга сумын Засаг даргаас албан тоот ирсний дагуу шуурхай удирдлагын системээ болон бусад ажилд үзлэг шалгалт хийхэд 12 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд ажлаа хийгээгүй тасалсан, ...зэрэг сахилгын зөрчлийг давтан гаргасан...” гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж, 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халсан гэх гомдлыг хуульд заасан хугацаанд гаргасан, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн маргаан үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан тул шүүх ажил олгогч ажилтныг аль үндэслэлээр ажлаас нь чөлөөлснийг тодруулах учиртай.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үндэслэл бүхий үнэлээгүй, хариуцагчийн тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой баримтын талаар мэтгэлцээгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчсөн, шийдвэр 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Тухайлбал, ажил олгогчийн “...ажилтан 6 дугаар сард дур мэдэн ажлаа хаяж явсан, 2018 оны 11 дүгээр сард амрах тушаал гарсан боловч биеэр амрах боломжгүй, ажлын зайлшгүй шаардлагын улмаас амраагүй тул амралтын мөнгийг хуульд заасан журмаар тооцож олгосон...” гэх тайлбар, “...ажилтан 2018 оны 06 дугаар сард амралтаа авсан байсан...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарууд хоорондоо зөрүүтэй байхад шүүх ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсний үндсэн дээр “...ажилтан 2018 оны 11 дүгээр сард ээлжийн амралтаа биеэр эдлээгүй, харин 06 дугаар сард ээлжийн амралттай явсан байна...” гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, логик дараалалгүй, үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2. дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн гаргасан гэх зөрчлийн хоорондох хугацааг буруу тооцсон зэрэг зөрчил гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, анхан шатны шүүхийн алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Хяналтын шатны шүүхээс  хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00126 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “А” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119 819 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД