| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 188/2018/0078/э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 28
С.Л-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,
шүүгдэгч С.Л- өмгөөлөгч Д.Өлзийхишиг,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор С.Л-т холбогдох 1803005460286 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн С-ийн Л, 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ................. регистртэй,
Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
С.Л- нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 буудлын “Бадруун” төвийн баруун замд 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 23 минутын үед “Бичил Глобус групп” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 90-84 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Гансүхийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч С.Л-үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн С-ийн Л- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-т оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч С.Л- урьд цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 508, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-оос сар тутам 7,500 /долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан амь хохирогчийн бага насны буюу насанд хүрээгүй хүүхэд болох 2000 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Гансүхийн Бадамрагчаа, 2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Гансүхийн Батзаяа, 2008 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн хүү Гансүхийн Батням, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Г Б нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгчид төлсөн зардал 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийг “сард 1,800,000 төгрөгийн орлоготой” байсныг нотолсон тохиолдолд гэм хорын хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний хариуцагч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л- нь амь хохирогчийг оршуулагатай холбогдсон зардалд нийт 6,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, С.Л-В ангиллын 1046830 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд, нас барсан хохирогч Я.Г- бага насны болон насанд хүрээгүй 4 хүүхэд нь дөрвүүлээ, мөн түүний эхнэр Д.Н- нь бага хүү Г.Бат-Оргилыг 8 нас хүртэл тус тус гэм хор учруулсны төлбөрийг авах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “...төлбөр авагч тус бүрт тогтоосон хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасан. Эндээс харахад нас барсан хохирогчийн 4 хүүхэд болон эхнэрт нь тус бүрт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240,000 төгрөгөөс Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэжээгчээ алдсаны тэтгэвэр 232,500 төгрөгөөс нэг хүнд ногдох төлбөр болох 58,125 төгрөгийг хасч нэг хүнд 181,875 төгрөгийг сар бүр олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэжээгчээ алдсаны тэтгэвэр 232,500 төгрөг бол хүүхэд тус бүрт олгоогүй, 4 хүүхдийн дунд олгож байгаа тэтгэвэр учир нэг хүүхдэд оногдох хэсгийг нь тооцож гэм хор учруулсны төлбөрөөс хасах нь зүйтэй юм.
Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- өмгөөлөгчид төлсөн зардал 2,000,000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлтэй гээд энэ талаарх баримт байхгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Гэтэл хавтас хэрэгт Д.Н- тэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд гэрээнд үйлчилгээний хөлс төлөх талаар тодорхой заасан байгаа учир уг нотлох баримтыг үндэслэн өмгөөлөгчид төлсөн зардал 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нас барсан хохирогч Я.Гансүхийн 4 хүүхэд болох Гансүхийн Бадамрагчаа, Гансүхийн Батзаяа, Гансүхийн Батням, Гансүхийн Бат-Оргил болон эхнэр Д.Н- нарт тус бүрт нь сар бүр гэм хор учруулсны төлбөр 181,875 төгрөгийг 4 хүүхдэд арван зургаан нас, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл, эхнэр Д.Н- д бага хүү Г.Бат-Оргилыг найман нас хүртэл хугацаагаар шүүгдэгч С.Л-оос гаргуулж олгох, өмгөөлөгчид төлсөн зардал 2,000,000 төгрөгийг мөн шүүгдэгч С.Л-оос гаргуулж олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- “...Тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч С.Л-өмгөөлөгч Д.Өлзийхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нотлох баримтаа бүрдүүлээд дахин иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд дурдсан. Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- өмгөөлөгч С.Батдэлгэрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хавтас хэрэгт байгаа боловч мөнгө төлсөн баримт байхгүй байгаа тул анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.
Амь хохирогчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Тиймээс Нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоож өгсөн. Анхан шатны шүүх зөв бодож, үндэслэлтэй гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдолдоо дурдсан асуудлууд бол анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Амь хохирогчийн сар бүр 1,800,000 төгрөгийн орлоготой байсан гэсэн талаар шүүх Иргэний хуульд заасны дагуу тэжээгчээ алдсан тэтгэврийн зөрүүг нь 232,750 төгрөгийг хүүхэд тус бүрт олгохоор заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад амь хохироогчийн хүүхэд бүрийн нэрийг тус тусад нь заасан тул хүүхэд тус бүрт олгохоор заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргаж байгаа 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж, нэхэмжлэх эрхтэй гэж дурдсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
С.Л- нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 буудлын “Бадруун” төвийн баруун замд 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 23 минутын үед “Бичил Глобус групп” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 90-84 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Гансүхийг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь шүүгдэгч С.Л-мэдүүлэг /1 хх 155-158/, гэрч С.Баярмагнайгийн мэдүүлэг /1 хх 113/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 8-15/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 16-20/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл 1 хх 24/, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 29-30/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1418 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 140-146/, Замын цагдаагийн албаны 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 148/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч С.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
С.Л-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- өмгөөлөгч С.Батдэлгэр нь “...гэм хорын төлбөрийг буруу тооцсоныг зөвтгөсөн, өмгөөллийн хөлсийг гаргуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулна уу...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардлыг төлүүлэх, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, 4 хүүхдээ 18 нас хүртэл хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх гэсэн иргэний нэхэмжлэл /1 хх 53/ -ийг хэрэгт гаргаснаас оршуулгын зардлыг шүүгдэгч С.Л- төлсөн байна.
Хохирогчийн орлого, цалин хөлсийг нотлох зорилгоор хохирогч “Брове товер” ХХК-ийн “...Я овогтой Г “Брове товер” ХХК-д 2016 оны 03 сараас 2018 оны 6 сарын 23 хүртэл тасралтгүй ажиллаж байсан бөгөөд үндсэн цалин 1,800,000, нэг өдрийн 60000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь үнэн...” / 1 хх 95/ гэсэн тодорхойлолтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх “...Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэж болох тул ...гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй...” гэсэн дүгнэлтийг хийж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж 232,500 төгрөгийг хасч, 7500 төгрөгөөр гэм хор учруулсны төлбөрөөр тогтоож, сар тутам гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн, нас барсан хохирогч Я.Г-ийг цалин хөлс, орлогогүй байсан гэж гэм хор учруулсны төлбөрийг тогтоосон атлаа “..амь хохирогчийг сард 1,800,000 төгрөгийн орлоготой...” байсныг нотолсон тохиолдолд гэм хорын хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв... “ гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын хооронд байгуулсан өмгөөллийн гэрээ /1 хх 96-97/-г үндэслэн өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч нас барснаас сэтгэл зүйн ямар хохирол учирсан, уг хохирлыг ямар нотлох баримтыг үндэслэн мөнгөн дүнд шилжүүлэн нэхэмжилж байгаагаа нотлон нэхэмжлэх эрх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нээлттэй.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...тэжээгчийн алдагдсан төлбөрийн зөрүү, сэтгэл санааны хохирол, өмгөөллийн хөлс...” нэхэмжилсэн нэхэмжлэлээ эрүүгийн хэргээс тусад нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнээд энэ талаар өөрчлөлтийг шийтгэх тогтоолын зохих хэсэгт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолын: 6, 7, 8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсэгт “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- нь энэ шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ