Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2217

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/02520 дугаар шийдвэртэй, Ц.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Уод холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 282 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Утой Хан-Уул дүүрэг, Могул таун 1В байрны 104 тоот хаягт байрлах 127 м.кв орон сууцыг ГГ2-05 тоот авто зогсоолын хамт 266 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ, №7734 тоот хэлцэл байгуулж, орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн. Э.У 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №7734 тоот хэлцлийн дагуу урьдчилгаа төлбөр болох 76 700 000 төгрөгийг шилжүүлэх, 2015 оны 07 дугаар сарын дотор үлдэгдэл 190 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохирч, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 43 700 000 төгрөг, 34 000 000 төгрөгт Соната-7 загварын авто машиныг тооцож өгсөн. Гэтэл Соната-7 загварын машин тохиролцсон үнэд хүрэхгүй, зарагдахгүй байсан тул хариуцагчид энэ талаар мэдэгдэхэд тэрээр 20 000 000 төгрөгөөр тооцон зарахыг зөвшөөрч 2015 оны 04 сард бусдад зарж борлуулсан.

Э.У хэлцэл байгуулсны дараа орон сууцанд орж өнөөдрийг хүртэл буюу бүтэн 26 сарын турш эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа бөгөөд орон сууц, гараашийн үлдэгдэл төлбөр 203 000 000 төгрөгөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг шилжүүлж, үүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй. Иймд Э.Уоос Хан-Уул дүүрэг, Могул таун 1В байрны 104 тоот хаягт байрлах 127 м.кв орон сууц, ГГ2-05 тоот авто зогсоолын үлдэгдэл төлбөр 188 000 00 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэлцэл №7734-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 94 000 000 төгрөг нийт 282 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б нь “МС” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1В/04 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Могул таун хотхоны 1В байрны 104 тоот орон сууц болон ГГ2-05 тоот авто зогсоолыг захиалсан байсан. Уг гэрээний дагуу Э.Утой 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ байгуулж орон сууцыг, авто зогсоолын хамт нийт 266 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон юм. Ийнхүү гэрээ байгуулсан өдөр мөнгө хүлээлцсэн тухай №7734 дугаар хэлцлээр 76 700 000 төгрөгийг Ц.Бод бэлэн хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөөс 15 000 000 төгрөгийг тогтоосон хугацаанд шилжүүлэн өгч нийт 91 700 000 төгрөг буюу гэрээний үнийн дүнгийн 34.4 хувийг бэлэн төлсөн.

Э.У нь гэрээний үлдэгдэл төлбөрийг хэлцлээр харилцан тохирсны дагуу арилжааны аль нэг банкны зээлд хамрагдаж төлөхөөр байсан боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүйн улмаас ямар ч банк, банк бус санхүүгийн байгууллага зээл олгох боломжгүй болсон. Хэрэгт авагдсан маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Могул Таун” хотхоны барилгыг улсын комисст хүлээн авах тухай акт, улсын бүртгэлд бүхэлдээ эсхүл хэсэгчлэн бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон эсэх, барилгыг гүйцэтгэлийн хувь хэмжээгээр бусдад зээлийн барьцаанд бариулсан эсэх, барьцаанаас чөлөөлөгдсөн эсэх талаарх лавлагаа, бичгийн нотлох баримтуудаас харахад 2016 оны 08 дугаар сараас иргэдэд үл хөдлөх өмчийн гэрчилгээ хэсэгчлэн олгож эхэлсэн байх ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх барилгыг бүхэлд нь захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаарх албан бичигтэй танилцсан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд худалдагч Ц.Б нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №7734 тоот хэлцэлд ЭХЭБГазарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл cap бүрийн төлбөрөө төлөх ба үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцов” гэж заасны дагуу худалдан авагч Э.Уыг банкны зээлд хамрагдаж, үлдэгдэл төлбөр тооцоог төлөх боломж нөхцөлөөр хангаагүй нь ойлгомжтой байна. Өнгөрсөн хугацаанд Э.У нь Ц.Боос үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэзээ гарах талаар удаа дараа шаардаж байсан ба энэ нь орон сууцны болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй байснаас Ц.Бод буцаан өгч гэрээгээр тохирсон үнийн үлдэгдэл төлбөрөөс хасахаар тохирч бичгээр үйлдэгдсэн “Э.У миний бие Ц.Боос Могултаун хотхоны 97 дугаар байрны 104 тоот байрыг худалдан авсан бөгөөд үлдэгдэл 175 000 000 төгрөгөөс гараашны үнэ болох 25 000 000 төгрөгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хасч, 150 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан тохиролцов” гэх баримтаас дүгнэх боломжтой болно.

Ц.Б нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нийт 282 000 000 төгрөгийг Э.Уоос гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Учир нь худалдагч Ц.Б биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч Э.Уын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа Э.Уын буруугаас болж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь буруу юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Уоос 225 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бод олгож, нэхэмжлэлээс 57 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ц.Бын төлсөн 300 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Боос 1 267 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Э.Уоос 1 282 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бод олгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авах болон шүүх хуралдааны шатанд хариуцагч У.Улсболдыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Могул таун” 1В байрны 104 тоотод оршин сууж, амьдарч байгаа талаар мэдүүлсээр байтал хэргийг харъяаллын дагуу шилжүүлэлгүй шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч Ц.Б нь эрхийн зөрчилтэй буюу барьцаанд тавьсан орон сууцыг мэдсээр байж нуун дарагдуулж, гэрээ хийж өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй нөхцөл байдлаас нь шалтгаалж ипотекийн зээлд хамрагдах боломжгүй болсон.

Гэтэл шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж дүгнээд хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад орон сууцтай холбоотой бүрдүүлбэрийг хангаж мэдүүлэг гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах эрх үүссэн гэж дүгнээд алданги 75 000 000 төгрөг гаргуулж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Шүүгч нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд намайг бүрдүүлбэр хангаж, мэдүүлэг гаргах ёстой байсан гэх зэргээр хийсвэр дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтээ туйлын зөв мэт үзэж алданги төлөх үүрэг үүссэн гэж шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хууль буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байгааг зөвтгөн өөрчлөх шаардлагатай гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Э.Уод холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 188 000 000 төгрөг, алданги 94 000 000 төгрөг, нийт 282 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Э.У нар “МС” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №1В/04-н-2 тоот Эрх шилжүүлэх гэрээ /орон сууцны захиалгын гэрээ/-г байгуулж, үүгээр нэхэмжлэгч нь тухайн компанитай байгуулсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн захиалсан 266 700 000 төгрөгийн үнэ бүхий, Хан-Уул дүүргийн Могул таун 1В байрны 104 тоот орон сууц, ГГ2-05 тоот авто зогсоолын захиалагчийн эрхээ хариуцагч Э.Уод шилжүүлсэн байна. /хх 32/

 

Мөн өдөр зохигчид мөнгө хүлээлцсэн тухай 7734 тоот “Хэлцэл” хийж, дээрх орон сууц, авто зогсоолын урьдчилгаа төлбөрт  хариуцагч Э.Уоос бэлнээр 76 700 000 төгрөгийг хүлээлгэн өгч, 190 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид 2015 оны 7 дугаар сард багтаан, сар бүр 3 000 000 төгрөгийг дансанд шилжүүлэх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөх, тохирсон хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /хх 5/

 

Шүүх талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзнэ. Хуулийн дээрх зохицуулалтаар худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөх үүрэг хүлээх учиртай.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь худалдах, худалдан авах гэрээ ёсоор эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд тухайн хөрөнгө бусад этгээдийн үүрэгт барьцаалагдсан нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 758, 923 дугаар албан бичиг тэдгээрийн хавсралт баримтуудаар тогтоогджээ. /хх 66-89, 102-103/

 

Хариуцагч Э.Уын хувьд мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй нь худалдагч талын дээрх үүргээс шалтгаалсан байх ба түүний төлөх төлбөрийн үлдэгдлийг шүүх талуудын хооронд бичгээр үйлдсэн баримтад тулгуурлан 150 000 000 төгрөг гэж  үзсэн нь үндэслэлтэй болжээ. /хх31/

 

Ийнхүү харилцан үүрэг бүхий талууд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт нэг тал үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болох талаар зохицуулсан тул хариуцагчийн мөнгөн төлбөрийн үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч Ц.Б гэрээний дагуу хариуцагчаас алданги шаардах эрхгүй, харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 150 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Мөн хариуцагч гэрээний дагуу эд хөрөнгийг бодитоор эзэмшилдээ авсан тул төлбөрийг бүрэн төлснөөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь нээлттэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 282 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр хуваарилах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/02520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “225 000 000” гэснийг “150 000 000” гэж, “57 000 000” гэснийг “132 000 000” гэж,

2 дахь заалтын “1 282 950” гэснийг “907 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 1 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

 

                                                                                    Т.ТУЯА