Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0296

 

 

 

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

Н.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намжим, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, М.Б, Д.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 244 дүгээр шийдвэртэй, Н.М-н нэхэмжлэлтэй, Тахарын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь өмгөөлөгчөөрөө дамжуулан Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 505 дугаар тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн Төрийн албаны салбар зөвлөлд хандан гомдол гаргасан. Үүнд:

1.Тушаалд “нярвын албан тушаалд томилогдсон Д.А-г үүрэгт ажилд нь оруулалгүй удаа дараа хувийн ашиг  сонирхлын үүднээс хандан, агентлагийн даргын бүрэн эрхэд халдаж” гэжээ.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох ...” гэсэн байх бөгөөд ямар хуулийн ямар заалтыг үндэслэн Д.А-г няравын албан тушаалд Тахарын ерөнхий газрын дарга томилсон нь огт мэдэгдэхгүй байна. Тэргүүн тахар нь ямар албан тушаалд томилж болох талаар Тахарын албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “тойргийн тахар, тойргийн шадар тахар, тахарыг тус тус томилох” талаар заасан байна.

Тэгэхээр төрийн үйлчилгээний албанд буюу Д.А-г няравын албан тушаалд томилох эрх тэргүүн тахарт аль ч хуулиар олгоогүй байна.

2.Тушаалд “хуульд нийцсэн шийдвэр биелүүлээгүй” гэжээ. Дээрх байдлаар буюу хууль тогтоомжийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй тушаал гаргачихаад түүнийгээ биелүүлээгүй гэж байгаа нь хууль бус юм.

Гэвч Төрийн албаны салбар зөвлөл нь гомдлыг хангахгүй орхисон байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа биелэгдсэн хэмээн үзэж, дээрх үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгон, ажлаа чөлөөтэй сонгох эрх зөрчигдсөнийг сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. й

Хариуцагч Тахарын ерөнхий газрын даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тахарын ерөнхий газар нь Хууль зүйн яамны харьяа хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байхдлын тухай, Тахарын албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг билээ.

... Тахарын ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т “батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох”, 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах гэснийг тус тус үндэслэн нярвын ажилд Д.Амарцэцэгийг томилсон болно.

2.Нэхэмжлэгч Н.М нь Тахарын ерөнхий газрын даргын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэсэн заалтыг хэрэгжүүлэхийн тулд 8 дугаар зүйлийн 8.3-д заасан бүрэн эрхийг тусгаж өгсөн. Үүний дагуу мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас огцруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, 8.5-д “агентлагийн дарга нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана” гэж заасан бүрэн эрхийн дагуу нярвын ажилд Д.А-г томилсон тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй болно.

Иймд, нэхэмжлэгч Н.М-г Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэсэн сахилгын шийтгэлийг ногдуулснаар Тахарын ерөнхий газар нэхэмжлэгч Н.М-н ажлаа чөлөөтэй сонгох эрхийг зөрчөөгүй билээ.

Иймд Н.М-н гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, Тахарын албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.8, 8 дугаар зүйлийн 8.1.1, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хууль бус захиргааны акт болох Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 505 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Тахарын ерөнхий газар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлүүд: ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” хэлнэ гэж заасан байгаа. Гэтэл Н.М нь албаны шалгалтад өгсөн тайлбартаа “Манай дүү А-н нөхөр болох Б-с мөнгө авах учиртай юм.” Гэсэн нь хувийн ашиг сонирхлын үүднээс 8 дугаар тойргийн Тахарын албаны “нярав”-ын ажлын байранд ажиллуулаагүй нь үүгээр нотлогдож байна.

Д.А-г томилогдсон ажлын байранд ажиллуулаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчиж байна.

Мөн Д.А-г Хөвсгөл аймгаас дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг авсныг ч шүүхийн шийдвэрт харгалзан үзээгүйд гомдолтой байна. Түүнчлэн Д.А-н энэхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Төрийн албаны зөвлөл, УИХ-ын гишүүнд хандахад хүргэсэн зэргийг нягтлан үзээгүй байна. Д.А гэдэг иргэний зөрчигдсөн эрхийг хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийг шийдвэр гаргажээ.

Нэхэмжлэгч Н.М нь тухайн тойргийн Тахарын даргаар ажиллаж байх хугацаандаа “нярав”-ын ажлын байр зарласны дагуу Д.А-г томилуулах талаар Тахарын ерөнхий газрын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүсэлтээ өөрийн гарын үсгээр баталгаажуулан ирүүлсэн байдаг.

Үүний дагуу 8 дугаар тойргийн тахарын албанд томилох тушаалыг батлуулан хүргүүлж, захиргааны ажилтан Г иргэн Д.А-г “ажилдаа орно уу” гэж дуудсан байдаг. Ингээд Д.А ажилдаа орохоор нэхэмжлэгч Н.М-тэй уулзахаар удаа дараа очсон талаар гэрчийн мэдүүлэгт дэлгэрэнгүй тайлбарласан.

Нэхэмжлэгч Н.М-н шүүхийн шийдвэрт “Д.А-г ажиллуулахаас татгалзсан эс үйлдэхүйг удаа дараа гаргасан гэдэг нь нотлогдоогүй” гэж үзэж байгаа нь хавтаст хэрэгт цугларсан материалыг нягтлан үзээгүй ганцхан талыг барьж гаргасан нь үүгээр харагдаж байна.

Гэтэл Н.М-н Д.А-г хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгөх болгонд Тахарын ерөнхий газрын дарга үүрэг, даалгавар өгснийг хариуцсан Тэргүүн дэд дарга, Дотоод аюулгүй байдлыг хангах хэлтсүүд Д.А-г томилсон тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар удаа дараа утсаар холбогдож үүрэг өгсөн байдаг.

Мөн иргэн Д.А-н дээр дурдсан өргөдлийг Тахарын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсний дагуу албаны шалгалтыг 8 дугаар тойргийн Тахарын албанд шалгалт хийж, шалгагч эрх бүхий албан тушаалтан Н.М “Таньд өнөөдрөөс иргэн А-г ажилд оруулж, ерөнхий газрын даргын тушаалыг хэрэгжүүл гэсэн үүрэг өгч байна” гэсэн нь удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь нотлогдож байна.

Тахарын албаны тухай хууль 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 07 дугаар тогтоолоор Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, босоо удирдлагатай нэгдмэл тогтолцоотой байгууллага Тахарын ерөнхий газрыг байгуулсан.

Үүний дагуу Хууль зүйн сайд Тахарын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги бүтцийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлан Тахарын албаны  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан “Тахарын албаны орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тогтооно” гэсний дагуу баталж, тус газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулжг, биелэлтийг хангах” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Шүүхийн шийдвэрт “Наймдугаар тойргийн Тахарын алба нь Засгийн газрын агентлаг болох тахарын албаны төв байгууллагатай нэгэн адил Тахарын албаны харьяаны байгууллага байх бөгөөд өөрийн гэсэн дотоод бүтэцтэй, бие даасан байгууллага байна.” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Тахарын албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан “Тахарын алба нь Тахарын албаны төв байгууллага болон тойргийн журмаар зохион байгуулагдсан Тахарын албадаас бүрдэнэ” гэсэн нь тойргийн тахарын алба нь харьяа байгууллага юм гэж байгаа ойлголт биш юм.

Тэргүүн тахар буюу Тахарын ерөнхий газрын дарга Тахарын албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан “Тахарын албаны үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, удирдах” гэсэн бүрэн эрхийнхээ дагуу ажилладаг.

Тойргийн тахарын албаны дарга нь бие даасан шийдвэр гаргах эрхгүй бөгөөд ямар ч хууль, тогтоомжоор эрх олгоогүй, Тахарын ерөнхий газрын хариуцсан нэгжийн удирдлага болон холбогдох алба хаагчтай тогтмол холбоотой байж чиглэл авч ажилладаг. Тахарын ерөнхий газрын шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэн үндсэн нэгжийн дарга нар чиг үүргийнхээ дагуу өдөр тутмын шуурхай удирдлагаар хангаж ажиллаж байна.

Тойргийн тахарын албаны дарга орон нутагт үйл ажиллагаа явуулахыг харгалзан томилогдох ажиллуулах иргэний талаар дэмжсэн бичгийг нэхэмжлэгч Н.М авсны дагуу хуульд нийцсэн шийдвэрийг гаргасан.

Тойргийн тахарын албаны даргад Засгийн газрын агентлагийн эрх зүйн байхдлын тухай хуулийн 8.3-д заасан “Агентлагийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсний дагуу 8.3.4-д “батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох”, 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэсэн бүрэн эрхийг олгоогүй билээ.

Тахарын ерөнхий газрын дарга Ц.А-г Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрын даргаар томилсон.

Тахарын албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Тахарын албыг тэргүүн тахар удирдах бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Тахарын алба нь мөн хуулийн 6.3-д “Тахарын алба нь Тахарын албаны төв байгууллага болон тойргийн журмаар зохион байгуулагдсан Тахарын албадаас бүрдэнэ” гэж заасан байдаг. Иймээс Тахарын ерөнхий газрын дарга, тэргүүн тахар нь Тахарын албаны тухай хууль, Засгийн газрын агентлагийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байна.

Тахарын ерөнхий газрын дарга нь дээр дурдсан хуулиудад заасан бүрэн эрхийнхээ дагуу хуульд нийцсэн шийдвэр гарган иргэн Д.А-г томилж, шийдвэрийг биелүүлэх талаар үүргийг нэхэмжлэгч Н.М удаа дараа холбогдох асуудал хариуцсан албан тушаалтнуудаар дамжуулан өгсөн болно.

Нэхэмжлэгч Н.М-н гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, Тахарын албаны ёс зүйн дүрмийн 2.2.5-д заасан “захирах, захирагдах ёсыг баримтлах гэсэн заалтуудыг зөрчсөн” тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй юм.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 244 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангуулахаар давж заалдах гомдол гаргав.“ гэжээ.

ХЯНАВАЛ:

            Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 505 дугаар тушаалаар “Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 432 тоот тушаалаар Наймдугаар тойргийн Тахарын албаны нярвын албан тушаалд томилогдсон иргэн Д-н А-г үүрэгт ажилд нь оруулалгүй удаа дараа хувийн ашиг сонирхлын үүднээс хандан агентлагийн даргын бүрэн эрхэд халдаж, ... “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, Тахарын албаны алба хаагч, ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн” гэж үзэж Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Тахарын ерөнхий газрын Даргын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Наймдугаар тойргийн Тахарын албаны дарга, тойргийн тахар Н.М-ыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Н.М сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэл нь дээд шатны албан тушаалтны шийдвэрийг удаа дараа биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй.

Учир нь, Н.М “нярвын албан тушаалд томилохгүй байгаа Д.А нь ашиг сонирхлын зөрчилтэй хүн байна, судалж үзэх хүсэлтэй байна гэж Аюулгүй байдлын хэлтсийн дарга н.Д-д хэлж байсан” гэх Тахарын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн байцаагчид өгсөн тайлбар, мөн Наймдугаар тойргийн Тахарын албаны 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Тахарын ерөнхий газрын дотоод хяналт, шалгалт, аудитын хэлтэст санал хүргүүлэх тухай” баримтад Д.А-г санхүүгийн асуудалтай талаар дурдаж, байгууллагын санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн тушаал, хөдөлмөрийн дотоод журмыг хүргүүлжээ.

Мөн Д.А-д холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эрүүгийн 201522000022 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газраас 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 44/2-977 дугаар бүхий албан бичгийг ирүүлсэн, шүүх хуралдаанд “...эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа хүнтэй хамтарч ажиллах боломжгүй” зэрэг тайлбар гаргасан байгаагаас үзвэл нэхэмжлэгчээс Д.А-г ажиллуулахаас татгалзахдаа хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Харин Тахарын албаны тухай хууль 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 07 дугаар тогтоолоор Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Тахарын ерөнхий газрыг байгуулж, үүний үндсэн дээр Хууль зүйн сайд Тахарын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги бүтцийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг Тахарын албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу баталжээ.

Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж, Тахарын албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 28.1-д заасан алба хаагчийг тэргүүн тахар томилж, чөлөөлнө” гэж тус тус хуульчилсан байхад анхан шатны шүүх хуулиар эрх олгогдоогүй тойргийн Тахарыг төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил олгогч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3  дахь хэсэгт “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”-аар заасан бөгөөд дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч Н.М-д ногдуулсан сахилгын шийтгэл нь гаргасан зөрчлийнх нь шинж байдалд тохироогүй, дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “зөрчлийн шинж байдлыг харгалзах”-аар заасантай нийцэхгүй байна.

            Иймд, Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 505 дугаар тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1” гэснийг хасч, мөн заалтын “хүчингүй болгосугай” гэснийг “ хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүний ...” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                               

 

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ