Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0221/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Г.З /өөрийгөө өмгөөлөхөө илэрхийлсэн тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хч овогт Гийн Зд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000216 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч  2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х овогт Г-ийн З /РД: ............ /, .......  оны ...... дугаар сарын ..... -ны өдөр ......  аймгийн ......  суманд төрсөн, ....  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , .........-ийн хамт .........  аймгийн ..........  сумын ...... баг, ....... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.З нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр .........  аймгийн .......  сумын ......  багт байрлах ............  амралтын газрын голын эрэг дээр иргэн Б.С-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, цусан хурааг мэс заслын аргаар авсны дараах байдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 2118000000216 дугаартай хэргээс:

Хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ...........  суманд үйл ажиллагаа явуулдаг ..........  амралтын хажуугийн голын эрэг дээр өөрийн гэр бүл болон З-ийн эхнэр хүүхэд, найз Г-ийн гэр бүлийн хамт салхилж байтал орой 19 цагийн үед З хоёр хүүхдийн хамт ирсэн. Тэгээд хорхог идээд сууж байтал З-ийн эхнэр С  манай найз С-ийн хамт бие засахаар ойрхон явсан. Удалгүй “З араас нь очоод С-ийг үстэж унагаад дээрээс хөлөөрөө дэвсээд байна” гэж манай охин Г  хэлсэн. Тэгэхээр нь салгах гэж очиход хүүхдүүд уйлаад байхаар нь З гэх залууг “Энд юу болоод байгаа юм бэ, гэр бүлд чинь ямар нэгэн асуудал байгаа юм уу ярилцъя” гэж хэлэхэд эргэж хараад шууд намайг цохиод газар унасан чинь дээрээс дэвслээд байсан. Зодуулснаас хойш нуруу байнга тааж өвддөг болсон. Мөн нүдний доод шанааны яс янгинаж өвдөхөөс гадна толгойгоор хатгаж өвдөөд унтаж чадахгүй эм ууж унтаж байгаа.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийн хамт Г болон түүний эхнэр хүүхэд, найз З-ийн эхнэр С-тэй ...........  сумын ......... амралтын цаана салхилсан ба орой нь З өөрийнхөө найз З-ийн хамт  хүрч ирсэн. Ирэхдээ архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд удалгүй Г бид хоёр пиво уух уу гээд тэр хэдээс бага зэрэг зайтай очиж суусан. Тэгээд пивоо уучхаад өмнө нь сууж байсан газраа очиход эхнэр хүүхдүүд байгаагүй. Тэгээд юу болсныг нь мэдэлгүй Г, З  бид гурав архи ууж хоносон. Харин З машин дотор ороод хаалгаа түгжээд суусан байсан. Маргааш өглөө нь эхнэр С ирээд “Танай найз З чинь миний нүүр лүү гараараа цохиод ийм болгочихлоо” гэж хэлсэн. Эхнэрээ харахад нүүрнийх баруун талын хэсэг битүү хавдаад хөхөрсөн байдалтай байсан.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “... 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз Д-ын гэр бүл болон З-ийн эхнэр С , гурван хүүхдийн хамт .......  сумын .....  амралтын цаана салхинд сууцгаасан. Орой нь З ирсэн. Зг ирээд удаагүй байхад нь манай найз Д  бид хоёр пиво уух уу гээд тэр хэдээс бага зэрэг зайтай очоод сууж байтал орилоод эхэлсэн. Тэгсэн манай найз З эхнэр лүүгээ уурлаад маргалдах шиг болсон. Тэгж байгаад тарцгаасан. Д , З  бид гурав гадаа голын дэргэд суугаад үлдсэн. Өглөө босоход З машинаасаа гарч ирж байсан юм. Манай найз Д-ын эхнэр С Д  луу залгаад “Танай найз З чинь намайг зодчихлоо” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[3],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 443 дугаартай “... Б.С-ийн биед баруун хацарт цусан хураа, цусан хурааг мэс заслын аргаар авсны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.С-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.С-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[4],

 

Г.З-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2021  оны 07 дугаар сарын 27-ны өдөр,  яллагдагчаар 2021  оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай найз Г, С, Д , С болон манай эхнэр нар уурхайн амралтын цаад тал руу салхинд гарах гээд явсан. Би орой нь 21 цагийн орчимд найз З-ийн хамт очсон. Тэгээд мах идээд сууж байхад манай найзууд нэлээн согтсон байсан. Тэгээд хүүхдээ харсан чинь баачихсан байсан. Тэгэхээр нь эхнэр рүүгээ харсан чинь хөл дээрээ бараг тогтож чадахгүй болтлоо согтсон байхаар нь “Чи ууж иддэггүй байж яахаараа ингэж уудаг юм, хүүхдийнхээ баас шээсийг цэвэрлэж чадахгүй.” гэж уурлаад явлаа гэсэн чинь манай найзууд дөнгөж ирчхээд яагаад явах гээд байгаа юм гэж хэлэхээр нь эхнэрээ аваад явах гэсэн чинь С  миний  урдаас ирээд намайг түлхсэн чинь би газар унасан. Унахдаа баруун гараа саваад Сгийн шанаа хэсэг рүү цохисон. Найз С-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[5],

 

Шүүгдэгч Г.З-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6] болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Г.З-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.З нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр .........  аймгийн ......  сумын ...... багт байрлах ........  амралтын газрын орчим голын эрэг дээр иргэн Б.С-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, цусан хурааг мэс заслын аргаар авсны дараах байдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.З нь иргэн Б.С-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, цусан хурааг мэс заслын аргаар авсны дараах байдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Г.З нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.З-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд учирсан баруун хацарт цусан хураа, цусан хурааг мэс заслын аргаар авсны дараах байдал бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.З-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хэрэгт хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 205,964 төгрөг нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч нь хохиролд 257,950 төгрөг төлсөн баримт гаргаж өгсөн байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.С нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.З нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Г.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Шүүхээс шүүгдэгч Г.З-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.З-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Г.З-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.З нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.С нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.З нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 20 тал

[2] Хавтаст хэргийн 22 тал

[3] Хавтаст хэргийн 24 тал

[4] Хавтаст хэргийн 28-29 тал

[5] Хавтаст хэргийн 26, 38 тал

[6] Хавтаст хэргийн 41 тал