| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/0213/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/230 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааншүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Б.Чимгээ,
Шүүгдэгч М.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Ү-ад холбогдох эрүүгийн 1806 05658 0109 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.........” сургуульд ............ ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын Ү.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Ү- нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 00 дугаар гудамжны 00 тоотод нэг хашаанд амьдрах садан төрлийн холбоотой Б.Х-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ү- мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудалд холбогдохгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч -ын өгсөн мэдүүлэг /хх-29, 31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8164 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-37/, шүүгдэгч М.Ү-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-41/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ү- нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 00 дугаар гудамжны 00 тоотод нэг хашаанд амьдрах садан төрлийн холбоотой Б.Х-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х-ын өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун АлтанӨлгийн 00 дугаар гудамжны 00 тоотод нэг хашаанд амьдардаг нагац эгчийн хүү М.Ү- согтуу миний сууж байсан машины дэргэд ирээд өмнө нь маргалдсан асуудлыг ярьж над руу дайрсан. Тэгэхээр нь би “одоо уулзахгүй, чи согтуу байна” гэхэд “одоо л уулзахгүй бол дахиж уулзахгүй юм шиг санагдаад” гээд хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тэгээд би машинаас буугаад гэр рүүгээ явж байтал миний нүүрний баруун доод хэсэг рүү юугаар мэдэхгүй цохисон. Тэгээд би манараад газарт унасан. Миний дээд уруул дотор гаднаа сэтэрч гаднаа 9, дотор 7 оёдол тавиулсан. Би өмнө нь ээжтэй нь нэг газрын наймаа хийгээд бидний дунд маргаан болсон юм. Тэрнээс болж намайг согтуурхаж зодсон гэж бодож байна. Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. /хх-29, 31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Ү-ын яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-47-48/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 8164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Х-ын биед уруулд оёдол тавигдсан шарх, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-27/ гэх дүгнэлт, Шүүгдэгч М.Ү-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-41/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Ү-ын согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 00 дугаар гудамжны 00 тоотод нэг хашаанд амьдрах садан төрлийн холбоотой Б.Х-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч М.Ү-ад ял шийтгэл оногдуулахдаа цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгээ гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг шүүхээс шүүгдэгч М.Ү-ад ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Ү нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 3636.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ын Ү-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Ү-500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Ү- нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Ү- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Ү энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Ү-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Ү-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС