| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00305/И |
| Дугаар | 370 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 153/2017/00305/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******, хүсэлт гаргагч Д.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн Магсаржав кино театрт харъяалалтай Ховд аймгийн ******* сумын Соёлын төвд кино механикчаар ажиллаж байсан. Тухайн үед бүх сумын кино механикчид Ховд аймгийн Магсаржав кино театраас цалингаа авдаг байсан. Тушаал дээр Ховд аймгийн ******* сумын кино механикчаар шилжүүлэв гэсэн байгаа учраас Ховд аймгийн ******* сумаас баримт хайхаар архив шатсан учраас баримт гарч ирэхгүй байгаа. Иймд Ховд аймгийн Магсаржавын нэрэмжит кино театрт 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл кино механикчаар, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 1992 оны 12 сарын 16-ны өдрөөс 1995 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл нүүдлийн кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Магсаржавын нэрэмжит кино театрт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл кино механикчаар, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нүүдлийн кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын тодорхойлсон хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн Магсаржавын нэрэмжит кино театрт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл кино механикчаар, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нүүдлийн кино механикчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Д.*******ын Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.*******гийн 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02/846 тоот албан бичиг, Ховд аймгийн Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит кино байгууллагын 50 жилийн түүхийг урласан дархнууд, Улаанбаатар хот, 2013 он гэх номын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын Кино үзвэр нийгэмлэгийн Дурсамжийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга С*******ийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 488 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Магсаржавын нэрэмжит Кино театрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин хүсэлт гаргагч Д.******* нь 1995 оны 01 сарын 01 өдрөөс Нийгмийн даатгалын тухай хуулиар Нийгмийн даатгалын дэвтэр нээлгэх ёстой боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай нотлох баримтгүй тул 1995 оны 01 сараас хойш хугацааг ажилласан жилд тооцох боломжгүй болно. Иймд Д.*******ын Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт нүүдлийн кино механикчаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан хугацааг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ын Ховд аймгийн Магсаржавын нэрэмжит кино театрт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл кино механикчаар, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нүүдлийн кино механикчаар тус тус ажиллаж байсныг тогтоож, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нүүдлийн кино механикчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ