Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч: Ховд аймгийн Чанмань сумын Талын булаг багт оршин суух, Цэцэгт олхонод овогт Дамдиндоржийн Лхагва /ПН69082815/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт байрлах, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох

Гэм хорын хохирол 34,355,018 /гучин дөрвөн сая гурван зуун тавин таван мянга арван найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 153/2015/00090/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, иргэдийн төлөөлөгч Ц.Баяраа, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Лхагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Лхагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний хүү Л.Лхаасүрэн нь 2011 онд цэрэгт явсан. Цэрэгт байх хугацаандаа гэмтсэн нь тогтоогдсон. Хүүгээ цэргээс халагдаж ирснээс хойш бид хувиараа эмчилгээ хийлгэсэн. Уг эмчилгээний төлбөрийг гаргуулахыг хүсэж байна. Нийт 34355018 төгрөгийг нэхэмжилж байна....Нэг. 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумаас хүү Л.Лхаасүрэнгийн хамт Улаанбаатар хотод ирж эмчлүүлсэн зардал /ирж буцах унааны болон эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн/ нийт 578 000 төгрөг.

Хоёр. 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу явсан болон Солонгос улсад эмчлүүлсэн зардал /автобусаар явсан, БНСУлс руу явах виз бүрдүүлэлтийн бичиг баримтын, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн/ нийт 10 850 088 төгрөг.

Гурав. Солонгоос буцааж ирээд 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод эмчлүүлсэн зардал /Тяншин эмнэлгийн үзлэг болон курс эмчилгээнүүдийн эмийн үнэ/ нийт 4 418 030 төгрөг.

Дөрөв. 2013 оны 10 дугаар сард Ховд аймгаас Улаанбаатар хот явж эмчлүүлсэн /унааны болон Сонгдо эмнэлэгт үзүүлсэн/ зардал нийт 510 000 төгрөг.

Тав. 2013 оны 10 дугаар сард Ховд аймагт эмчлүүлсэн зардал /эмчилгээний болон эм, тариа авсан/ нийт 180 000 төгрөг

Зургаа. 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 04-ний хооронд Ховдоос Улаанбаатар хот руу явуулж шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан нийт зардал /2 хүний унааны болон ирж буцсан/ 260 000 төгрөг.

Долоо. 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 8 дугаар сарын 11-ны хооронд Ховдоос Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан зардал /Унааны болон эм тариа авсан, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, онгоцны билет авсан/ нийт 4 204 400 төгрөг.

Найм. 2014 оны 9, 12 дугаар саруудад Ховд аймгийн БОЭТ-ийн мэдрэлийн тасагт эмчлүүлсэн зардлын тооцоо /эм тариа авсан, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн/ нийт 200 000 төгрөг.

Ес. Л.Лхаасүрэнг 2012-2014 онуудад эмчлүүлэхээр гаргасан бусад зардлын тооцоо /зочид буудал байрласан, хоол хүнс авсан, өмгөөллийн туслалцаа авсан/ нийт 9 500 000 төгрөг

Арав. Орчуулгын зардлын тооцоо /орчуулгын болон унааны, эрүүгийн хэрэгт өмгөөллийн туслалцаа авсан/ нийт 1 175 000 төгрөг гарсан....Би хүүгээ нас бартал нь олон удаа эмчилгээнд авч явсан. Энд гарсан эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулахыг хүсэж байна. Уг нь хэргийг эрүүгийн хэргээр шийдвэрлүүлсэн бол хариуцагч нь хохирлыг төлөх ёстой байсан. Гэтэл эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон тул прокурор биднийг хохирлоо иргэний журмаар нэхэмжилж болно гэж хэлсэн учир би тус шүүхэд нэхэмжлэл гаргасан....Миний хүүхэд цэргийн албанд явахдаа эрүүл саруул байсан. Хүү маань дунд сургуулийн 6 дугаар анги төгссөн бөгөөд тооны хичээлдээ сайн, шатар тоглодог сэргэлэн хүүхэд байсан. Би хүүгээ 6 дугаар ангид байхад нь сургуулиас нь гаргаж авсан бөгөөд өөрөө цэрэгт явна гэхээр нь явуулсан юм. Цэрэгт очсоны дараа сайн байсан бөгөөд карентэнд явж ирснээс хойш бие нь өөрчлөгдсөн гэж хэлдэг. Тэгээд заасан юмыг сурахгүй, мартаад байхаар нь зоддог байсан байдаг....Миний хүү цэргийн алба хаахдаа эмчийн үзлэгээр ороход эрүүл гэж гарч, цэргийн албанд тэнцээд явсан. Өмнөх шүүх хуралдаан дээр хоёр эмчийг гэрчээр асуулгахад хүүг маань эрүүл байсан гэдгийг хэлсэн. Манай хүүхдийг мөн удаан хугацаагаар хорьсон байсан. Үүний талаар тайлбар хэлээгүй. Ангийн захирагч Б.Галбадрахтай уулзахад бүгдээрээ нүүр, нүүрээ харж байгаад ярилцъя гэж хэлсэн бөгөөд би захирагчийг ярихыг хүлээж хугацаа алдсан....Анхны шүүх хуралдаан болсны дараа Улсын Дээд шүүхэд хандахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж ороогүй байна. Тэр нь хасагдаад өөр дүн гараад байгаа юм болов уу гэж бодож байна. Одоо 34,165,518 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын захирагч шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжлээд байгаа төлбөрийг манай байгууллага төлөх боломжгүй. Д.Лхагвын хүү нь хуулийн дагуу цэргийн алба хааж, иргэний үүргээ гүйцэтгээд, халагдсан. Үүний дараа жилийн дараа шүүхэд гомдол гаргасан байна. Энэ хооронд юу болсныг бид мэдэхгүй. Үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна .... Залуучууд нь цэргийн албанд татагдахдаа эрүүл мэндийн үзлэгээр ордог. Гэхдээ нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлдэггүй. Ерөнхийд нь чих, хамар, хоолой, халдварт өвчин гэж үзэж авдаг. Иймд энэ нь учир дутагдалтай гэж үзэж байна....гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт байгаа нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Лхагва нь хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангидхолбогдуулан гэм хорын хохиролд 34,355,018 /гучин дөрвөн сая гурван зуун тавин таван мянга арван найм/ төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эрх залгамжлагч нэхэмжлэлийн шаардлагаа багасган гэм хорын хохирол 34,165,518 /гучин дөрвөн сая нэг зуун жаран таван мянга таван зуун арван найм/ төгрөг гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч нь нэхэмжлэлээ хариуцагч байгууллага нь 2011 оны 10 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд Л.Лхаасүрэн нь цэрэгт явахдаа эрүүл саруул явж эмч нарын комиссын үзлэг, сорилд эрүүл мэндээр тэнцэн цэргийн албанд татагдсан атлаа цэргээс халагдаж ирэхдээ цэргийн алба хааж байхдаа зодуулж, цохиулсны улмаас биедээ гэмтэл авч, улмаар усан тэнэгрэл сэтгэцийн өвчинтэй болсон гэсэн үйл баримтанд үндэслэсэн ба хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр маргасан болно.

Нэхэмжлэгч Л.Лхаасүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /3 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал/

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заажээ.

Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцаа, түүнчлэн цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоож зохицуулахад оршино гэж хуульчилжээ. Маргааны үйл баримт нь 2011 оны 10 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд болсон байх ба энэ үед Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д цэргийн жинхэнэ албанд татагдагчдад нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэх гэж заасны дагуу Л.Лхаасүрэн нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэсэн байна. Улмаар ерөнхий эмч Тэнцэнэ гэж дүгнэж гарын үсэг зурж, Цэрэг татлагын товчооны шийдвэрт 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгаас Цэргийн жинхэнэ албанд татав гэсэн тэмдэг дарж, Л.Лхаасүрэн нь цэргийн албанд татагдсан болох нь Эмч нарын комиссын үзлэгийн дүнгийн хуулбараар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 229 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар тал/

Л.Лхаасүрэн нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2011 оны 10 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд цэргийн алба хааж байсан талаар зохигч маргаагүй болно.

Л.Лхаасүрэн нь цэргийн алба хааж байх хугацаандаа буюу 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 18-ны хооронд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмнэлэгт Зүүн чихний гэмтэл гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн эрх залгамжлагчийн тайлбар, гэрч Д.Баатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2012 оны 8 дугаар сард эмнэлэгт зүүн чихний дэлбээний гэмтэл гэж хэвтэж эмчлүүлж байсан. Би тухай үед үзэж хараад боолт хийсэн юм...1 удаа стор нээлгэж хэвтсэн, хэвтэхдээ чихэндээ гэмтэл авснаас болж хэвтэн эмчлүүлж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Х.Цэцэгсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2011-2012 оны хугацаанд цэргийн алба хааж байсан Лхаасүрэн гэх цэргийг ерөнхийдөө санаж байна. Тухай үед манай эмнэлэгт 2012 оны 8 дугаар сард эмнэлэгт хэвтээд гарсан байсан.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 203-204 дүгээр тал, 3 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр тал/

Д.Магнайбаяр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид Бателеон захирагчаар ажиллаж байх хугацаандаа 2011 оны 10 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд цэргийн алба хааж байсан Л.Лхаасүрэнтэй цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж түүнийг зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.1-д заасан гэмт хэргийг үйлдсэнээс хойш буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол илэрсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/108 дугаартай Прокурорын тогтоолоор Д.Магнайбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /3 дугаар хавтаст хэргийн 3-5 дугаар тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүх хуралдаанд ....Л.Лхаасүрэн бусдаасаа сул дорой, ойлгоц муутай цэрэг байсан....Манай ангид 3-4 эмч байдаг гэх тайлбар, гэрч Б.Нямдаваагийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт ....байнга өмдөндөө шээдэг байсан...гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар тал/ зэргээр үзэхэд Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь талийгаач Л.Лхаасүрэнгийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг нь зөрчжээ.

Гэрч Б.Нямдаваагийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт ....сүүлийн 6 сар цэргийн ангиас Лхаасүрэн гараад явдаггүй байнга цэргийн ангийн эмнэлэг, казарам дотор байнга байж байдаг байсан....тэгээд хал цэрэг болоод хүн танихаа ч больсон, ухаан санааны хувьд орон гаран болсон, байнга өмдөндөө шээдэг байсан...гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар тал/, нэхэмжлэгчийн эрх залгамжлагчийн ....Цэргээс халагдаж ирээд хүү маань хүн танихгүй болсон байсан, ухаан санааны хувьд орон гаран болсон... гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагч байгууллага нь Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Байлдагч, түрүүчийг эрүүл мэндийн байдал,зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө цэргийн жинхэнэ албанаас чөлөөлж болно., мөн зүйлийн 2 дахь хэсэгт Хугацаанаас өмнө чөлөөлөх, хасах асуудлыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, цэргийн эмнэлгийн магадлагаа, шүүхийн шийдвэрийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар шийдвэрлэнэ. гэж заасан үйл баримт болсон үед үйлчилж байсан хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Дээрх баримтуудаар хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдлээр Л.Лхаасүрэнгийн эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдож байна. Харин хариуцагчийн зүгээс дээрх баримтуудыг үгүйсгэж, гэм буруугүй болохоо нотлоогүй болно.

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 34,165,518 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эрх залгамжлагчийн гаргасан баримтуудаас бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, уг хэрэгт хамааралгүй Орхон, Баян-Өндөр-Улаанбаатар гэх бичилттэй Хот хоорондын зорчих тасалбарууд, УБТЗ Зорчих эрхийн тасалбарууд, иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн хөлс зэргийг үнэлээгүй болно. Харин бичгийн нотлох баримтын шаардлага хангасан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчилгээний төлбөр тооцоо-тасалбарууд, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчилгээний төлбөр тооцоо-тасалбар, 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №0010854 дугаартай HUNNU AIR Бэлэн мөнгөний орлогын баримт, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Фрэндшил Наран ХХКомпаний Кассын орлогын ордерууд, Хот хоорондын зорчих тасалбарууд, оршуулгын зардал /1 дүгээр хавтаст хэргийн 16-18, 22-27, 29, 34 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 32 дугаар тал/ зэрэг баримтуудыг үнэлэн хариуцагчаас 3,759,200 /гурван сая долоон зуун тавин есэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Лхагвад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,406,318 /гучин сая дөрвөн зуун зургаан мянга гурван зуун арван найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас 3,759,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75,098 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Лхагвад олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас 3,759,200 /гурван сая долоон зуун тавин есэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Лхагвад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,406,318 /гучин сая дөрвөн зуун зургаан мянга гурван зуун арван найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас улсын тэмдэгтийн хураамж 75,098 /далан таван мянга ерэн найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Лхагвад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ