Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2218

 

 

 

 

 

 

 

 

 

“ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02674 дүгээр шийдвэртэй, “ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЕИГ” ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 643 020 729 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, Ж.Цэцэгсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Од,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ЧХБ” нь “ЕИГ” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1844/01/СС-013 тоот зээлийн гэрээ байгуулан 649 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгосон ба хүүгийн нөхцөлд өөрчлөлт орж 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлт-1 гэрээгээр 7 хувь болгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 393/01/PA/02-2012 тоот, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1844/01/РА/02-2013 тоот барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2201024199 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/ Баянхошуу 15/01 байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000303797 дугаарын гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, худалдаа үйлчилгээний зориулалттай газар, Хаяг, шошгоны үйлдвэрийн нийт 18 төрлийн тоног төхөөрөмжийг барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дуусах боловч уг зээл Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “ЕИГ” ХХК-ийн хайрцаг, сав, баглаа, боодол, хаяг, шошгоны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгогдсон төслийн зээл бөгөөд зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, уг төсөл бүрэн хэрэгжээгүй, зээлийн зөрчил үүсгэж ирсэн. Зээлдэгч гэрээний дагуу төлөх зээлээс 48 434 482 төгрөгийн үндсэн зээл, 154 240 652 төгрөгийн хүү, 13 134 158 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, 2 650 511 төгрөгийн төслийн нэмэлт хүү төлсөн. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 600 565 517 төгрөгийн үндсэн зээл, 37 202 686 төгрөгийн хүү, 107 169 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 643 020 729 төгрөгийн өр төлбөртэй байх тул дээрх төлбөрийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, шүүхийн шийвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж шийдвэрлэнэ үү.

Нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэлт хүү 100 гаруй сая төгрөг тооцогдсон ч үүнийг нэхээгүй. Төслийн нэмэгдүүлсэн хүү болох 2,650,511.06 төгрөгийг нэхэмжлэлээс хасахад татгалзахгүй. Энэ тухай гэрээгээ гаргаж өгөөгүй байна. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болсон үндэслэл нь зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, авсан 18 тоног төхөөрөмжөө түрээсийн гэрээний үүргийн барьцаанд барьцаалсан бөгөөд үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Цаашид санхүү нь сайжрих ямар нэг баримт байхгүй. Зээлийг зориулалтаар зарцуулаагүй нь эргэн төлөлтийн график зөрчигдсөнөөр нотлогдоно. Хэрэв гэрээг цуцлахгүй бол хүү болон нэмэгдүүлсэн хүүний дарамтад улам орох болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ЕИГ” ХХК нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахаар холдбогдох газарт хандаж Хайрцаг, сав боодол, шошгоны үйлдвэрлэлийн төсөл бичиж улмаар уг төсөл дэмжигдэн ЧХБинд зээлийг дамжуулан олгох хүсэлт гаргаснаар 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1844/01/CC-2013 тоот Зээлийн гэрээг байгуулж 649 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгосон. Тухайн үед банк жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулсан гэрээнд зааснаас илүү хүү авч байсан нь шалгалтаар илэрч хүүгийн нөхцөлд өөрчлөлт орж 2014 оны 07 дугаар сарын 23-ны Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээгээр жилийн хүүг 7 хувь болгон, тухайн үед илүү авсан хүүг суутган тооцож компанийг хохиролгүй болгож байсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн нь үнэнд нийцэхгүй бөгөөд манай компани уг төслөө хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэлд дурьдсан Шошго, хайрцаг сав баглаа боодол хэвлэх 18 төрлийн тоног төхөөрөмж, барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хувийг үйлдвэрлэл явуулах өөрийн гэсэн ажлын байртай болох зорилгоор худалдан авч зээлийн барьцааны үүргийг хангуулсан. Уг төсөл тухайн үед амжилттай хэрэгжиж байсан бөгөөд дотоодын үндэсний томоохон үйлдвэрлэгч /PEPSI COLA, WITAFIT, WITSAMO, UFC Чацаргана, MONFRESH гэх мэт/ нарын шошгоны захиалгыг авч загвар гарган өгч, заримд нь захиалгын дагуу үйлдвэрлэн нийлүүлж байсан ба 2013 оны хагас жилээс улсын эдийн засаг хүндэрч, валютын ханш огцом нэмэгдэж, бидний гадаадаас импортоор авдаг түүхий эдийн үнэ нэмэгдэн, өртөг зардал өсч, бид үйлдвэрлэлээ хэвийн явуулах нөхцөл улам багасч эцэстээ хаалгаа барих хэмжээнд хүрсэн. Нөхцөл байдал ийм байгааг ХХААЯ, Аж Үйлдвэрийн Яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон ЧХБинд тухай бүр албан бичгээр мэдэгдэж, дэмжлэг туслалцаа хүсч байсан. Үүнийг яам болон сангийн зүгээс ойлгон зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй тухай удаа дараа албан бичгээр банкинд мэдэгдэж байсан ч бид компанийн дотоод нөөц бололцоо, эдийн засгийн чадавхидаа тулгуурлан өдөр тутмын орлогыг цуглуулж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн тодорхой хувийг cap бүр төлж ирсэн.

Өнөөдөр манай зээлийн эргэн төлөгдөх хугацаа дуусах болоогүй, бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан зээлийн тодорхой хувь болон зээлийн хүүгээ эргэн төлж байгаа тул зээлийн хугацааг сунгуулах хүсэлтийг холбогдох газарт гаргасан ч зээл төлөгдөж дуусах хугацаа болоогүй учир энэ талаар ярих нь эрт байгаа тухай холбогдох газрууд хариу мэдэгдсэн. Зээлийн хугацаа 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дуусна. Уг төсөл зориулалтын дагуу бүрэн хэрэгжсэн бөгөөд 600,0 сая орчим төгрөгийн 18 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж суурилуулж, дотоодын үйлдвэрлэгч нарт захиалгын дагуу бүтээгдэхүүн нийлүүлсэн, ажлын байртай болох зорилгоор барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн тодорхой хувьд хөрөнгө оруулж, барьцааны үүрэг хангуулсан. Одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь зах зээлийн хүндэрлээс шалтгаалж түр зогссон. Зээлийн хүү, нэмэгдэл хүүг тухай бүр графикийн дагуу төлж барагдуулж байгаа. Графикт өөрчлөлт оруулах хүсэлтээ удаа дараа хүргүүлж зохих зөвшөөрлийг авсан боловч банк нь өөрчлөлт оруулаагүй хэмээн дарамталсаар өдий хүрсэн. Иймд гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “ЕИГ” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 643 020 729 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 443 254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. ЧХБ ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10718 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан ч уг захирамжид гомдол эрхгүй тул дахин нэхэмжлэл гаргахад мөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Гурав дахь удаагаа нэхэмжлэл гаргасныг хүлээн авсан ч хариуцагчийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, анхны шүүх хуралдаанд мөн хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг дуудан ирүүлэх зэргээр зөрчил гаргасан. Энэ нь эдийн засгийн болон цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасан арга хэмжээг авах талаар шүүх ажиллагаа хийгээгүй.

Банк, зээлийн гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу гэрээг чөлөөтэй байгуулах, мөн татгалзах, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, энэ талаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй. Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, зээлийн төлбөрийг хуваарьт төлбөрөөс даруй 296 565 518 төгрөгийн үндсэн зээл, 37 202 687 төгрөгийн зээлийн хүү, 107 170 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 333 875 375 төгрөгийн зөрчил гаргасныг зээлийн гэрээ, төлбөрийн хуваариар нотлосон байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарыг илтэд гуйвуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн төлбөрөө гаргуулах шаардлагын нэг үндэслэл нь зээлдэгчийн хэрэгжүүлэх ёстой байсан төсөл бүрэн хэрэгжээгүй, зээл зориулалтын дагуу ашиглагдаагүй ба хариуцагч баримтаар нотлож чадаагүй, уг зөрчлийн талаар огт маргаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэгээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч “ЕИГ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 643 020 729 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй, зээлийг бүхэлд нь буцаан шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг учир дутагдалтай гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараас үзвэл талууд 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1844/01/СС-013 тоот зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал хариуцагчид 649 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 939/01/РА/02-2012 тоот, 1844/01/РА/02-2013 тоот барьцааны гэрээ хийжээ. Талууд харилцан тохиролцож 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр жилийн хүүг 7 хувь болгож багасгасан байна. /хх 14-16, 18, 20-23, 24/

 

Хариуцагч “ЕИГ” ХХК гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, үндсэн зээл, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, зээлийн эргэн төлөлтийн хүснэгтэд өөрчлөлт оруулах тухай хүсэлт зэргээр тогтоогдсон. Энэ нь Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох шаардлагагүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болно.

 

Улмаар гэрээнд заасан хугацаанд зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн төлсөн төлбөр тэдгээрийн хугацаа, зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих үндсэн үүрэг зэргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дараалалд нийцүүлэн үзвэл үндсэн зээл 48 434 482 төгрөг, хүү 154 240 652 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 134 158 төгрөг, төслийн нэмэлт хүү 2 650 511 төгрөг төлсөн боловч  үндсэн зээл 600 565 517 төгрөг, хүү 37 202 686 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107 169 төгрөг, нийт 643 020 729 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шүүх нэхэмжлэлийн хувийг тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд гардуулсан гэх боловч Б.Уранчимэг нь хариуцагч компанийн захирал болох нь баримтаар тогтоогдсон тул үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 643 020 729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр хуваарилах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02674 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЕИГ” ХХК-иас зээлийн гэрээний төлбөрт 643 020 729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2201024199 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны гудамж, 15/01 байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000303797 дугаарын гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 443 254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “ЕИГ” ХХК-иас 3 443 254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 3 443 254 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

 

                                                                                    Т.ТУЯА