Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 17

 

Э.Ц-эд холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2088 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор О.Пүрэвсүрэнгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 58 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Ц-эд холбогдох эрүүгийн 1808043741289 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Алаг адуу овгийн Э.Ц-, 1991 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тайз дэлгэцийн найруулагч мэргэжилтэй, жүжигчнээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

            Э.Ц- нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 50 дугаар гудамжны 23 тоотод өөрийн гэртээ эхнэр Х.Отгонцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогчоос мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгүүдэд заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлалгүйгээр мэдүүлэг авсан байна.

Түүнчлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хохирогчоор тогтоосон тогтоолууд, мөн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэгдэл зэрэгт холбогдох хэргийн зүйл, хэсэг, заалтыг тус тус зөрүүтэй бичсэн байна. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээ хэрэгт авагдсан хэдий ч тухайн үнэлгээ хуулийн шаардлага хангахгүй буюу дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж үзэхгүй.

2. Яллагдагч, хохирогч нар нь 2013 оны 9 дүгээр сараас хойш хамтран амьдарч байгаа талаараа мэдүүлсэн ба хохирогч Х.Отгонцэцэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдэд хамаарч байна. Энэ хуульд заасан хүчирхийллийг хүчирхийлэл үйлдэгч хэдэн удаа, хэрхэн яаж, ямар сэдэлт шалтгаан нөхцлийн улмаас үйлдсэн байхыг шаардахгүй бөгөөд хүчирхийллийг нэг эсхүл хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хийсэн бол хариуцлага хүлээхээр хуульчилжээ.

Иймд прокуророос яллагдагч Э.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

3. Яллагдагч Э.Ц- Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 50 дугаар гудамжны 23 тоотод оршин суудаг гэх боловч энэ талаар хэрэгт цугларсан баримтгүй байна. Мөн Э.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасныг прокурор 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд эдгээр зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг бүрэн тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх тул Э.Ц-эд холбогдох хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэх өгөхгүй байх ... эрхтэй” гэж заасан. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд хохирогчийн эрхэд Үндсэн хуульд заасан дээрх эрхийг тусгаагүй. Харин энэ нь гэрчийн эрхэд тусгалаа олсон. Хохирогчийн хувьд өөрт нь хохирол учруулсан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх нь тухайн гэмт хэргийг хянан шийдвэрлэх боломжгүйд хүргэх буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах, хохирогчийн эрх ашгийг хамгаалж чадахгүй нөхцөл байдал үүснэ.

2. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ... үйлдэл нь байнгын шинжтэй” байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгох нь зүйтэй. Э.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр эхнэр Х.Отгонцэцэгийг зодож хөнгөн хохирол учруулсан тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болно.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан тухайгаа яллагдагч шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн бөгөөд эрүүгийн хариуцлагын саналын талаар маргаагүй. Уг хүсэлтийг хангасан тухай тогтоолыг хүсэлтээс өмнөх огноогоор бичиж, бичиг техникийн алдаа гаргасныг шүүх хуралдааны явцад хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тодруулан, нөхөн гүйцэтгэх боломжтой. Мөн яллагдагчийн оршин суугаа хаягийг тогтоосон болно.

            Анхан шатны шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-аар хянан шийдвэрлэнэ гэсэн тусгай журмыг анхаарч үзээгүйн гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.

            Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Э.Ц-ийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 50 дугаар гудамжны 23 тоотод өөрийн гэртээ эхнэр Х.Отгонцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно хэмээн тодорхойлсон.

            Хэргийн материалаас үзэхэд, Э.Ц-, Х.Отгонцэцэг нар хамтын амьдралтай, гэр бүлийн харилцаатай болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдсон байхад Э.Ц-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинж буй эсэхийг шалгалгүй орхигдуулсан байна.

Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн уг хэрэгт хуульд заасан зохих ажиллагааг бүрэн гүйцэд явуулж, Э.Ц-ийн үйлдэлд дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай тул энэ тухай заасан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дахь заалтыг хэвээр үлдээж, эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлийн заалтыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүх уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд энэ хуульд заасан ердийн журмаас гадна, тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлан шийдвэрлэдэг тул Э.Ц-эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 3 дахь заалтууд буюу зарим нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин цуглуулж, бэхжүүлэх, яллагдагчийн оршин суух хаягтай холбоотой холбогдох баримтыг цуглуулах зэрэг ажиллагаанууд нь хэргийн бодит байдлыг тогтооход төдийлөн ач холбогдолгүй байх тул эдгээр заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр мөрдөгч нь Х.Отгонцэцэгээс 2018 оны 10 дугаар сарын 2, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд хохирогчийн мэдүүлэг авахдаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” үндсэн эрхийг тайлбарлаж өгөөгүй байх боловч түүнээс 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа хуульд заасан дээрх эрхийг нь тайлбарлаж өгөхөд, мэдүүлэг өгөхөд татгалзахгүй зүйлгүй тухайгаа илэрхийлсэн байх тул уг мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.    

Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дахь заалтад заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2088 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор О.Пүрэвсүрэнгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 58 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн 2 дахь заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН