| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/06467/И |
| Дугаар | 101/ШШ2017/02891 |
| Огноо | 2017-09-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2017/02891
2017 оны 09 сарын 20 өдөр Дугаар 101/ШШ2017/02891 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *, * хороолол, * байр, * тоотод оршин суух, 42 настай, эмэгтэй, О овогт Шн Г /*****/ нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * хороо,* хороолол, * тоотод оршин суух, 38 настай, эмэгтэй, О овогт Ш Г /******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * тоотод оршин суух, 61 настай, эмэгтэй, О овогт Г Х /*******/ холбогдох,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * төвийн зүүн талд * дугаар байрны дунд байрлах ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-т холбогдох,
Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * байр, 0 тоотод байрлах Х СӨХ,
Гэм хорын хохиролд 3 674 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Г, нэхэмжлэгч Ш.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Г.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч ОСНААУГ, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2 ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Д.Г, Г.З, иргэдийн төлөөлөгч О.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Г болон нэхэмжлэгч Ш.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ш.Ггийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, * хороо, *хороолол,* байрны 16 тоот хаягт байрлах орон сууцанд Баянзүрх дүүрэг, *хороо, * хороолол, 41-20 тоот хаягт буюу 5-н давхарт байрлах Г.Х гэх айлаас халуун усны шугам гэмтэж их хэмжээгээр ус алдагдсанаас доод 4, 3 болон 2 давхрын айлууд руу ус гоожсон. * тоот нь 41-20 тоотын яг доод талын айл бөгөөд бүхэлдээ усанд автаж маш их хэмжээний хохирол амссан.
Ус алдсанаас үүдэн нэхэмжлэгчийн орон сууцны цахилгаан монтаж гэмтсэн, бүх шалны паркетууд сэртийж, паркет хоорондын зай үүссэн, бүх өрөөний обойнууд хууларсан, хана тааз халтартаж шарласан, ариун цэврийн өрөөний плитанууд хөндийрсөн, бэлэг дурсгалын сувинер норж цүлхийсэн, усан будгаар будсан зураг усанд нүүж халтартсан гутал хувцаснууд норж шарлаж өнгөө алдсан, буйдан, хивс норж халтартсан, их хэмжээний ном дэвтэр норж хэрэглэгдэх боломжгүй болсон. Мөн хананд өлгөөтэй байсан 48 инчийн Сони маркийн лед зурагт руу ус орсны улмаас инвертор нь хөхөрч зэвэрч ажиллагаагүй болсон нь BSB-ийн албан ёсны электрон бараа засварын газраар оношлогдсон. Энэ “инвертор” хэмээх детал нь одоогоор байхгүй байгаа, захиалбал 45-60 хоногийн дараа ирнэ гэсэн хүлээлтийн байдалтай байна. Мөн хана тааз их хэмжээгээр норсны улмаас цахилгааны монтаж гэмтлийг 15 хоног хана таазыг хаттал хүлээх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ХҮТ-2 хийж гал тогооны өрөөний цонхоор түр цахилгааны утас оруулж өгсөн ба тухайн байранд гэрэл байхгүй бага насны хүүхэдтэй учир амьдрах боломжгүй байсан.
Одоо байшингаас нил чийг үнэртэж, хүн амьдрах боломжгүй бөгөөд бүтэн засвар хийх шаардлагатай болсон. Ингээд дээд айл буюу 41-20 тоот Г.Хд гомдол мэдүүлэхэд ОСНААУГазрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ын буруутай үйл ажиллагаанаас үүдэн болсон тул ХҮТ-дөө ханд гэсэн. ХҮТ-2 нь Хаан даатгалд даатгуулсан байсан бөгөөд Хаан даатгалд материалаа бүрдүүлж өгөхөд “...мэргэжлийн хариуцлага алдсан нь тогтоогдохгүй байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна” гэсэн хариуг өгсөн. Иймд даатгалаас хохирлоо барагдуулах ямар ч боломжгүй болсон. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс “Итгэлт-Эстимэйт” ХХК бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөгөө үйлчилгээний компанид хандаж ус алдсаны улмаас учирсан хохирол үнэлгээ хийлгэсэн. “Итгэлт -Эстимейт” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үнэлгээгээр 3 554 387 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Мөн үнэлгээ хийсний төлбөрт 120 000 төгрөг авсан. Дээрх хохирлыг хариуцагч нараас бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. Дээрх хохирлын тооцоонд цахилгааны монтаж засуулсны зардлыг оруулаагүй болно. Иймд Г.Х болон ОСНААУГазрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2 нараас ус алдсаны улмаас учирсан хохиролд 3 554 387 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөрт 120 000 төгрөг нийт 3 674 387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г, Ш.Г нарт олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Х 2016 оны 0* сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн * хороо 41-20 тоотод оршин суугч Г.Х миний бие Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байцаагчийн шаардсаны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус төвийн засварчнаар халуун хүйтэн усны тоолуураа баталгаажуулахаар авснаас шалтгаалж халуун усны труба хагарч ус алдан Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн диспетчерт яаралтай дуудлага өгсөн боловч 1 цаг 58 минут болж байж арай гэж ирсэн засварчин Отгондаваа архи уусан байсан. Яаралтай дуудлага өгсөөр байтал ингэж их цаг алдаж, хариуцлагагүй хандсан. Тухайн өдрийн ээлжийн инженер Одгэрэл диспетчерийг орлож байсан Загдсүрэн, засварчин нар хэтэрхий хариуцлагагүй хандсанаас манайх, манай доод давхрын айл болох Ш.Ггийнд хохирол учирсан. Энэ талаар ХҮТ-ийн захиргаанд гомдол гаргасан боловч, тэтгэврийн хөгшин намайг үл тоож, ямар ч арга хэмжээ аваагүй акт ч гаргаж өгөөгүй. Иймээс Ш.Ггийн гаргасан хохирлыг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
1. ХҮТ-ийн инженер, диспетчир нар дуудлаганд хайнга, хариуцлагагүй хандсан.
2. Диспетчер, засварчин ажлын цагаар архидан согтуурснаас их цаг алдсан.
3. Анх тоолуур тавихад шаардагдах эд зүйлсийг уг орон сууцны контороос гаргаж хийсэн. Би хямд чанаргүй эдээр хийснээс зэвэрч муудсан байсан нь ус алдахад нөлөөлсөн гэж үзэж байна.
4. 2016 оны 11 дүгээр сард халаалт доголдож шугам салахад иргэн Ш.Гг дуудсан боловч ирээгүйгээс труба солиход ирсэн засварчид ажлаа дутуу орхисон. ХҮТ-рүү ажлаа гүйцээхийг шаардсан боловч зохих арга хэмжээг аваагүй зэргээс энэ асуудал гарсан гэж үзэж байна. Иргэн Ш.Г болсон явдлыг хэт хөөргөж, дэндүү их мөнгө нэхэж байгаа тул болсон явдлыг үнэн зөв шийдэж өгнө гэж найдаж байна гэжээ.
Хариуцагч Г.Х 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
2016 оны 04 дүгээр сарын 27-ны ус алдсан өдөр ирсэн эрх бүхий мэргэжлийн этгээдийн үйлдсэн Актыг надад албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Уг актад хаанаас ус гоожиж, аль өрөөний хэдэн кв метр талбай, ямар хэмжээнд тарсан, үүнээс болж ямар хэмжээний хохирол учирсныг тооцон үнэлж, схемчлэн зурж баталгаажуулаагүй.
Чухам юунаас болж ус гоожих болсон шалтгааныг үнэн зөвөөр тогтоож актад үндэслэлтэйгээр зураглан тусгаагүй. Ер нь шүүх ажиллагааг явуулахдаа зөвхөн хохирогчийн хэлсэн үг, гаргасан өргөдлийг баримтлан хариуцагч миний инженерийн шугам сүлжээний талаарх мэдлэггүй байдлыг ашиглан болсон үйл явдлын бодит үнэнийг нотлон илчилж чадахгүй нэг талын гомдлыг хэт баримтлан шийдвэр гаргасныг би хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж эсэргүүцэж байна.
Тэгвэл бодит байдал ямар байсан бэ гэдэгт хариулт өгч байгааг минь соёрхон болгооно уу.
1. Тэр өдөр манайхан ямар ч ус алдаагүй байхад тус конторын ажилтан манайд ирж усныхаа тоолуурыг баталгаажуул гэсэн шаардлага тавьсан.
2. Тэгээд мэргэжлийн засварчин тоолуур авч өгөөд шалгуулан баталгаажуул гэснийг би иргэнийхээ үүрэг хариуцлагын дагуу хүлээн зөвшөөрч зааж өгсөн мэргэжлийн албанд хүргэж өгсөн.
3. Гэтэл усны тоолуур авсан хаалтны араас ус гоожиж эхэлсэн.
4. Энэ бүгдийг тунгаан бодвол манай сууцнаас ус алдсан шалтаг, шалтгаан надад ямар ч хамаагүй болох нь тодорхой байгаа юм.
5. Өөрөөр хэлбэл би сууц өмчлөгч болох иргэнийхээ үүрэг, хариуцлагын мэргэжлийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагын дагуу гүйцэтгэсний төлөө надаас үл хамаарах байдлаар бусдад учирсан хохирол буюу төлбөр төл гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна.
6. Зальтай, овсгоотой, аливаа үйлдлийг далимдуулан завшдаг, техникийн боловсролгүй гэнэн иргэнийг гэндүүлж хохироодог тийм шийдвэр гаргах хууль эрх зүйн үндэслэл, хууль байхгүй гэдэгт би итгэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Жич: Тухайн үед зөвхөн том өрөө, ванн, коридорт ус алдаж би өөрийн чадах хирээр ус алдалтыг багасгах арга хэмжээг авсан. Хоёр жижиг өрөө, том өрөөний урд хэсэг усанд автаагүй, шалгасан бол тодорхой байгаа. Тухайн үед бага хохиролтой байсан. Ашиглалтын хугацаа дууссан, хуучин нэгдсэн байр шинжээчийн дүгнэлт хэтэрхий өрөөсгөл, үндэслэлгүй учир ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч Г.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э:
Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Фото зургийг үзсэн. Тэр зураг энэ айлын зураг мөн эсэх нь эргэлзээтэй байсан. Хананы цаасыг хуулж авсан фото зургийг харахад тэнд шарласан зүйл харагдаагүй. Засвар хийх гээд хуулсан байгаа зураг харагдсан. Мөнгө нэхдэг. Ийм төрлийн маргаанд бүх санхүүгийн баримтуудыг гаргаж ирдэг. 3 өрөө байранд ханын цаас солих засварын ажилд хэдэн зуун мянган төгрөг л зарцуулагддаг. Байрны засварын үнэлгээ хийлгэхэд үнэлгээчинд хэдэн төгрөг өгснөөс хамаараад тэр үнэлгээ гарч ирдэг. Энэ үнэлгээ эргэлзээтэй санагдаад байдаг юм. 3 өрөө байрны гал зууханд алдсан устай холбогдуулаад хүүхдийн өрөөний цаад талын ханын цаас муудсан гэж юу байдаг юм. Хуучны байрнуудын 5 давхрын айлуудын ханыг үзэх юм бол бороо ороход бүгд битүү норж байдаг. Үүнээс болоод бүх өрөөнийх нь ханын цаас муудсан тохиолдол байдаг. Нэг л зүйлийг хүлээн зөвшөөрнө. Санхүүгийн баримтыг л хүлээн зөвшөөрнө. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Хөрөнгийн үнэлгээний төв гээд нэг байгууллага л үнэлгээ хийдэг. Хөрөнгийн үнэлгээний төвийг шалгуулсан. Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаад явж байгаа. Бүх зүйл нь хуурамч гэж гарсан.Үнэлгээ хийх эрхийг нь хүчингүй болгууллаа. Би энэ үнэлгээг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин бодит санхүүгийн баримтуудаа гаргаж ирээд ярилцвал учиртай. Хар цааснаас үнэлгээ хийсэн гэж байгаа юм. Хар цаасыг дээвэр дээр гарч харсан бол шат нь хаана байсан бэ гэхэд мэдэхгүй гэж хэлж байгаа юм. Очиж үзэхгүйгээр үнэлгээ хийдэг. Очиж үзээд үнэлгээ хийсэн зүйл байхгүй. Хэмжээсүүд нь бүгд худал. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй учир газар дээр нь дахин очиж үзэж үнэлгээ хийлгэх ёстой байх гэж бодож байна. Хоёрдугаарт, өмнөх хууларсан ханын цаас нь 9000 төгрөгийн үнэтэй. Сүүлд наасан ханын цаас нь илүү үнэтэй ханын цаас байгаа. Нэг удаагийн ус алдалтаар тийм байдалтай болох уу гэвэл болохгүй. Фото зургийг харж үнэлгээ хийсэн гэж байна. Тэр айлын зураг гэдгийг юугаар нотолж байгаа вэ. Фото зураг байгаа учир дахиж фото зураг шаардлагагүй гэж үнэлгээ дээр бичсэн байна лээ. Санаанаасаа хийсэн үнэлгээ байна. 3, 4 сая төгрөгийн засвар гэж юу байдаг юм. Супер засварыг 4, 5 сая төгрөгөөр хийдэг. Шүүхэд гаргаж өгсөн баримтыг хуурамч баримт гэж үзэж байна. Нөгөө талаас өмчлөлийн асуудлыг ярина. Аваарыг хаадаг крант нь түгжээтэй байсан гэж байна. Айлын крантаас дотогш талд ус алдсан бол айл тэр крантыг хаагаад усыг зогсоочихно. Ус алдсан болохыг тэр дор нь мэдсэн. Зогсоох эрхтэй субьект нь хэн юм. Крантыг хаалтаар нь хаагаад ус алдалтыг зогсоодог. Өмч хамаагүй гэж шийдэх гээд байх шиг байна. Өмч хамаатай. Хаалгыг эвдэлж орж усыг хаасан гэж байна. Хэн подвалийн хаалгыг цоожилсон юм. Энэ бүх асуудал өмчлөлд хамаатай. 1960-аад оны байшин гэхээр 50 жил болж байна. Нэг төмөр труба хэдэн жил болох ёстой, трубаг хэн солих ёстой юм. Түүнийг солих эрхтэй этгээд нь Г.Х мөн үү. Одоо байгаа трубанууд нь нимгэн болсон байгаа. Засвар хийсэн байрны фото зураг байна уу гэхэд байхгүй байсан. Байрны хэмжээсийг аваад л хийчихсэн үнэлгээ байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээч нарт эрүүгийн хэрэг үүсгээд үнэлгээний эрхийг нь хүчингүй болгосон. Фото зураггүй үнэлгээ гэж байхгүй. Давхар фото зургаар баталгаажиж байж үнэлгээ үнэн зөв, бодитой болдог. Үнэлгээ нь хуурамч нотлох баримт. Тээврийн зардал нь яаж гарсан юм. 100 айлаас материал татахад 3000 гаруй төгрөгийн тээврийн зардал гарах уу. Тээврийн зардал нь худлаа. Автомат программ дээр хананы өргөн, өндөр, урт гэсэн хэмжээсүүдийг тавиад л үнэлгээ гаргадаг. Газар дээр нь очиж хийгээгүй, газар дээр нь очиж фото зургаар баталгаажуулаагүй үнэлгээг үнэлгээ гэж үзэхгүй учир дахин шинжээч томилох ёстой. Материалын үнэ байхгүй байна. Энэ хүмүүс материалаа худалдаж авсан байх ёстой. Худалдаж авахад баримт, падаан өгнө. Баримтгүй шинжээчийн дүгнэлт байх ёсгүй. Гуравдугаарт, СӨХ-ны хэн нэг хүн нь доод талын подвалийг цоожлоод явсан байдаг. СӨХ жижүүртэй байх ёстой. Ус алдсан мэдээлэл авлаа тэр дор нь хаагаад доод айл руу ус орохгүй. СӨХ хариуцах ёстой. Эсвэл орон сууцны конторт мэдэгдэхэд контор нь хааж болно. Слесарь нь өчнөөн цагийн дараа ирсэн байдаг. Утсаар ярьсан жагсаалтыг үзэхэд 4, 5 удаа ярьсан байна. Слесарь нь ирсэн байсан бол тийм их дуудлага хийгээд байх ёстой юм уу. Үндсэн нотлох баримт болох үзлэг хийсэн акт нь хуурамч акт. 2 акт байгаа, хоёулаа 2016 оны 04-р сарын 27-ны өдрийн 16 цагт үзлэг хийхэд гэсэн байгаа. Бичилт нь өөр байна. 2 дахиж хийсэн актад 16 цагт үзлэг хийхэд гэж бичсэн. Утсаар ярьсан, дуудлага хийсэн баримтыг үзэхэд 15 цаг 59 минут, 16 цаг 01 минут, 16 цаг 16 минут, 16 цаг 58 минут,18 цаг 43 минут гэсэн байна. 3 цагийн турш утсаар дуудлага өгөөд байна. Тэгэхээр 16 цагт үзлэг хийгээгүй нь харагдаж байна. Мөнгө нэхэхийн тулд ийм акт хийлгээд авсан байна. Үнэхээр засвар хийсэн бол мөнгөө буцаан авах ёстой гээд нэг ширхэг хадаас авсан ч баримтаа авах байсан. 18:43 цаг гэхэд слесарь ирээгүй байсан гэсэн үг. Тэгэхээр слесарь ирээгүй байсан бол яагаад 16 цагт үзлэг хийсэн бэ? Шинжээчийн дүгнэлт нь худал, үндсэн нотлох баримт болох үзлэг хийсэн акт нь худал. Хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн байна. Акт нь дараагийн утсаар ярьсан жагсаалтаар үгүйсгэгдэж байна. Машины ослын хувьд өмчлөгч нь эд хөрөнгийн хариуцлага хүлээдэг. Өөр хүний машин барьж яваад осол гаргавал өмчлөгч нь хохирлыг төлдөг. Г.Х гэм хор учруулаагүй. Шугам гэм хор учруулсан. Зүгээр байж байгаад хагарсан. Тэр шугам хүүхдийн тоглоом шиг болсон, түүнийг солих ёстой байсан. Босоо шугам нь бүх өмчлөгч гэдгээс илүү 5 айлд хамаарна. СӨХ-г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Аль хэсэг СӨХ-ны өмч вэ? Өмчлөл чухал. Хэний өмч вэ гэдэг нь эргэлзээтэй. Өмчийг тогтоохгүйгээр яаж хэргийг шийдвэрлэх вэ? Цахилгааны шугам ч адилхан шийднээс шийдний хооронд өмчлөл нь хамаардаг. СӨХ-ны өмч орон сууцны хаалтнаас гэр доторх хаалт хүртэл хамаарна. Энэ хагарсан труба нь завсарт байж байгаа, оршин суугчид огт хамааралгүй. Жинхэнэ хариуцагч нь СӨХ байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ОСНААУГазрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2 шүүхэд гаргасан тайлбартаа:
2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 16.00 цагт БЗД-ийн * хороонд байрлах 41-р байрны 20 тоотоос ус алдсан дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тухайн өдөр ээлжинд гарч байсан дуудлагын засварчин Отгондаваа 2-р байрны 3 тоотод уян холбоо цоорч ус алдсан дуудлагын дагуу очиж уян холбоог сольж байсан тул тухайн өдөр ээлжийн инженерийн үүрэг гүйцэтгэж байсан Г.Загдсүрэн засварчин Ганзоригтыг очихыг үүрэг болгоход Ахмадын хороололд айлд тоолуур угсарч байв. Ингээд засварчин Отгондаваа, Ганзоригт нар 16.20 цагт очиж үзэхэд 20 тоот айлын халуун усны аваарын вентилийн өндөр талын холбох хэрэгсэл болох “фа” мултарсан байв. Иймд тухайн айлын таширын вентилийг хаахаар подвалын цоожыг эвдэн орж харъяа таширын винтелийг хаах гэсэн боловч барихгүй байсан тул 3-р орцонд байдаг байрны халуун усны таслах хаалтыг хааж усны алдагдлыг 16 цаг 25 минутад зогсоон тус айлын мултарсан холбоо болох ба “фа”г холбож өгөн аваарын вентилээ шинээр солих шаардлагатай байгаа талаар зөвлөгөө өгч, материал захин байрны усыг эргүүлэн тавьж бусад айл өрх, оршин суугчдын халуун усаар хангасан байна. 20.00 цагийн орчим 20 тоотын айл Материалаа авч ирэн Засварчин Ганзоригтоор солиулахаар тохирч засварчин Ганзоригт вентиль солихоор байрны усыг хаах талаар ээлжийн инженерт мэдэгдсэн талаар тухайн өдрийн рапортын дэвтэрт тэмдэглэсэн байна. Тус 20 тоотын эзэн Х нь ус алдсаны өмнөх өдөр буюу 26-ны өдөр байрныхаа орчимд засварчин Ганзоригтой тааралдаж тоолуур баталгаажуулах албан шаардлага ирсэн учраас тоолуураа салгуулах хэрэгтэй байна, чи салгаад өгөөч гэсний дагуу 27-ны өдрийн өглөө 9 цаг 30 минутад засварчин Ганзоригт очиж халуун хүйтэн усны 2ш тоолуурыг нь салгаж өгсөн бөгөөд энэ талаар байгууллагад албан ёсоор дуудлага өгч тэмдэглээгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд Х СӨХ-ны төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, * хороо, * тоотын хүсэлтээр Х СӨХ-г гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан нь тус СӨХ-д хамааралгүй шугам болохыг албан ёсоор мэдэгдэж байна. СӨХ нь зөвхөн подваль дахь шугам хариуцдаг болно. Хувь айл хариуцлага алдсан бол Орон сууцны конторт хандан акт тогтоолгож, ус алдсан айл дээр төлбөр тогтоож гаргах өгөх ёстой гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчид, гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Г, Ш.Г нар нь хариуцагч Г.Х болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-т холбогдуулан гэм хорын хохиролд 3 674 387 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч талууд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас болж ус алдсан тул хохиролд 3 674 387 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.
Үйл баримтын хувьд, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ш.Ггийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн * хороо, 15 дугаар хороолол,* байрны 16 тоот хаягт байрлах орон сууцанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, * хороолол,* байрны 20 тоотын орон сууцнаас ус алдсан, ийнхүү ус алдсанаас тодорхой хэмжээний хохирол, сөрөг үр дагавар үүссэн үйл баримт нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хариуцагч Г.Х нь ус алдсан нөхцөл байдалд гэм буруугүй талаар, хариуцагч ОСНААУГ, Хэрэглэгчдэд үйлдлэх төв-2 нь тухайн нөхцөл байдалд мөн л гэм буруугүй талаар маргаж байна.
Иргэний хуулийн 49* зүйлийн 497.1 дэх хэсэгт гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг, “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тодорхойлж зохицуулсан байна.
Орон сууц буюу эд хөрөнгөнд учирсан хохирол шаардах шаардлагыг шүүхэд нэхэмжлэгч Ш.Г болон Ш.Г нар гаргасан байна.
Хуульд зааснаар эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрх нь тухайн хөрөнгийн хувьд хохирч үлдэх өмчлөгчид хамаарах эрх байх бөгөөд энэ утгаараа Баянзүрх дүүргийн * хороо, 15 дугаар хороолол,* байрны 16 тоо хаягт байрлах орон сууцанд учирсан хохирлыг шаардах эрх нь тухайн орон сууцны өмчлөгчид хамаарах эрх юм.
Хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан баримтаар буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус орон сууц Ш.Ггийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.
Иймд дурдсан үндэслэлээр өмчлөгчийн хувиар нэхэмжлэгч Ш.Гд холбогдуулан шаардах эрхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ш.Ггийн хувьд орон сууцны өмчлөгч биш байх бөгөөд тус орон сууцанд амьдардаг буюу эзэмшилдээ байлгадаг агуулгаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар /аливаа халдлагаас хамгаалах эрх/ хуулиар олгогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Ггийн хувьд шаардах эрхгүй байх тул түүнд холбогдуулан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хуулийн 49* зүйлийн 497.1 дэх хэсэгт, “...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Нэхэмжлэлд дурдсанаар гэм хор хариуцан арилгах үүрэгтэй гэм хор учруулсан этгээдийг хариуцагч Г.Х болон ОСНААУГ гэж тодорхойлжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч тус хариуцагч нарыг аль алиныг татсан байх боловч аль нэгэнд нь тодорхой хэмжээгээр шаардах эрхийг хуваарилгаагүй, гэм буруугийн нөхцөл байдлаас хамаарч аль нэгнээс бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэж болох талаар тайлбарлаж байна.
Иймд гэм хор арилгах үүргийн хувьд хариуцагч тус бүрээр дүгнэлт хийх нь зүйтэй.
Хариуцагч Г.Хгийн хувьд,
Дурдсан үйл баримтаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, * хороолол,* байрны 20 тоотод байрлах орон сууцны шугамаас ус алдсан нь тогтоогдох бөгөөд ус яагаад алдсан, ус алдсан шугам хэрхэн хаана байрлаж байсан зэрэгт дүгнэлт хийх нь тухайн хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн хувиар хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Юуны өмнө хариуцагч Г.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг тухайн орон сууцны өмчлөгч биш учраас гэж маргаагүй бөгөөд өмчлөгч мөн гэдэгтэй зохигч хэн аль нь маргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулиар гэм буруутай үйлдлээр бусдын хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгах үндэслэлийг тодорхойлохоос гадна болгоомжгүй, эс үйлдэхүйгээр бусдын хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгуулах үндэслэлийг зохицуулжээ.
Хэдийгээр хариуцагч Г.Хгийн хувьд гэм буруутай тодорхой үйлдлээр /өөрийн биеийн үйлчлэлээр цохих гэмтээх зэрэг идэвхтэй үйлдэл/ гэм хор учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч энэ нь хуульд зааснаар хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн өмчлөгч нь өмчлөлийн зүйлийн хувьд тодорхой эрхүүдийг эдлэхээс гадна тухайн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалахгүйгээс нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх аливаа үр дагаврыг гаргахгүй байх үүргийг мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт зааснаар зохицуулж өгсөн байна.
Хуулийн энэ агуулгаар хэн нэгний идэвхтэй үйлдлээс учраагүй ч хэн нэгний эрхэд хамаарч байгаа аливаа хөрөнгөөс шалтгаалан бусдад гэм хор учирсан хариуцлагыг тухайн этгээд болгоомжгүй, эс үйлдэхүйгээр учруулсанд тооцон хариуцан арилгуулах үндэслэлийг Иргэний хуулиар зохицуулсан байна.
Тухайн хөрөнгө нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 142.2 дахь хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрхэд хамаарвал зохих хөрөнгө байна. Иймд учирсан гэм хорын хариуцлага нь өмчлөгчид хамаарах эсэхийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн хэсэг нь дангаар өмчлөх хэсэг эсхүл орон сууцны өмчлөгчдийн дундын өмчлөлд хамаарах эсэхийг тогтоох шаардлагатай.
Шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмчлөлийн тухайн хэсэг нь хэний өмчлөлд хамаарах талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх боловч тухайн хүсэлтийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4* зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “...тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахад” хамаарахгүй гэж үзэн хангахгүй орхисон болно.
Хэдийгээр зохигчид хавтаст хэргийн 7 болон 9 дэх талд авагдсан техникийн комиссын актын мэдээлэл эргэлзээтэй, хугацаа зөрүүтэй учир тус баримт эргэлзээтэй гэж тайлбарлах боловч ус алдахуйц гэмтэл гарсан гэх хэсэг нь тухайн орон сууцны ханын дотор хэсэгт байрлаж байсан, түүнийг засварлан хэвийн байдалд оруулахад хананаас цаад хэсэгт засвар үйлчилгээ явуулах шаардлагагүй байсан, “халуун усны аваарын винтель 15 па өндөр тал дээр хугарсан”, “аваарын винтелийг сольж, тоолуур угсарч хэвийн байдалд орсон” талаарх дүгнэлт, тайлбаруудтай маргаж, түүнийг няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Ус алддаг өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Г.Х нь тоолуураа баталгаажуулахаар салгаж авсан, ийнхүү салгаж авахдаа дуудлагын бус хүнээр хувиараа тохиролцон салгуулсан, ийнхүү салгаж авсны дараа ус алдсан зэрэг үйл баримтуудыг хариуцагч ОСНААУГ-ийн төлөөлөгчид тайлбарлах бөгөөд дурдсан үйл баримтуудыг баримтаар үгүйсгээгүй байна.
Иргэний хуулийн 14* зүйлийн 147.3 дахь хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д, “Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарахаар зохицуулсан байна.
Дурдсан үндэслэлээр орон сууцны хананы дотор байрлалтай шугам гэмтэх болон гэмтэхэд хүргэсэн аливаа нөхцөл байдал нь тухайн орон сууцны өмчлөгчид хамаарах бөгөөд түүнээс шалтгаалсан үр дагавар, бусдад учирсан хохирлыг дангаар өмчлөх хэсэгт тооцон орон сууц өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй байна.
Тухайн хэсэгт гэмтэл гарсан шалтгаан буюу аваарын винтель өндөр тал дээр хугарахад хэн хугалсан талаар хариуцагч буюу Г.Х тайлбар өгөөгүй бөгөөд өөрөө гэм буруугүй гэж маргадаг.
Хариуцагч тал өөрөө хугалаагүй, өөр хүн гэм буруутай гэж үзвэл түүнийг нотлох үүрэгтэй ба энэ тохиолдолд тухайн хэсэг хугарч гэмтэл гаргахад хүргэсэн нөхцөл байдлыг өмчлөгч өөрөө бүрдүүлсэн гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 49* зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хөрөнгийн өмчлөгчийг тухайн хөрөнгийн гэмтлээс шалтгаалан бусдад учирсан гэм хорыг “болгоомжгүй, эс үйлдлээр” учруулсан гэж үзэн хариуцан арилгах үүрэг хүлээлгэнэ.
Дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Х нь тухайн орон сууцны хананы дотор талд байрлах шугамын гэмтлээс бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Г нь нэхэмжлэлийн шаардлагаар хохиролд 3 674 387 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч Г.Х нь тус хохирол үндэслэлгүй тогтоогдсон, гарсан зардлаар бус гарах зардлаар хохирол тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарлаж маргаж байна.
Нэхэмжлэлд тухайн шаардлагын үнийн дүнг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Итгэлт Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд /х.х-ийн 10-23 дахь талд/ тусгагдсан 3 554 387 төгрөг болон үнэлгээний ажлын хөлс болох 120 000 төгрөгийн дүнгээр /х.х-ийн 48 дахь талд/ тодорхойлжээ.
Тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн хариуцагч Г.Хгийн хүсэлтээр шүүх 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 00853 тоот тогтоолоор шинжээч томилсон бөгөөд дүгнэлтэд “хохирлын үнэлгээний дүн үндэслэлтэй” талаар /х.х-ийн 79 дэх талд/ дурдсан байна.
Иймд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Итгэлт Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоосон үнийн дүн болон ажлын хөлс нийт 3 674 387 төгрөгийн дүнгээр хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч орон сууцандаа засвар хийн хийсэн зардлаа гаргуулах шаардлага гаргаагүй байх бөгөөд харин засвар хийхэд шаардлагатай мөнгөн дүнгийн хэмжээгээр хохирол учирсан гэж үзэн шаардаж байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр мөн хуулийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа зохицуулалтад нийцэж байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэсний дагуу 3 674 387 төгрөгийг хариуцагч Г.Хгээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа, хохирлыг хэмжээ нэмэгдэхэд ОСНААУГ-н буруутай үйлдэл нөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
Өмчлөгчийн хувьд хариуцлага хүлээлгэх үндэслэл яригдаж байгаа тухайн тохиолдолд өмчлөлийн зүйлээ зохих ёсоор арчилж хамгаалж байсан, өмчлөгчийн буюу өөрийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан гэж үзэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 49* зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй.
Нөгөө талаар ОСНААУГ буюу өмчлөгчөөс өөр этгээд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж тайлбарлах боловч энэ нь өмчлөгчийн хувьд хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Х нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хариуцах үүрэгтэй гэж үзэн түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч ОСНААУГ, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-н хувьд,
Нэхэмжлэгч тал тус хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлийг тухайн байгууллага хариуцлагагүй хандсан гэж тайлбарлаж байна.
Гэхдээ хариуцагч тус бүрт хамаарах хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүйг тайлбарлаж байна.
Тухайн хариуцагчтай холбоотойгоор ус алдсан үйл баримтаас шалтгаалж гэм хор учирсан уу, ус алдсаныг удаан зогсоосноос гэм хор учирсан уу гэдгийг ялгаж тодорхойлох шаардлагатай.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар ус алдсаны улмаас гэм хор учирсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн, харин ус алдалтыг удаан зогсоосон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна гэж үзэхгүй.
Хавтаст хэргийн 61-62 талд авагдсан утсаар дуудлага хийсэн баримтаар эхний дуудлага 91682848 дугаараас 15:59 цагт, хоёр дахь дуудлага 16:08 цагт, гурав дахь дуудлага 16:16 цагт, дөрөв дэх дуудлага 18:43 цагт, тавь дахь дуудлага 20:10 цагт тус тус ирсэн болох нь тогтоогдож байна.
Дуудлага өгсөн хугацаа утасны дугаарын мэдээллээр ямар зорилгоор утсаар холбогдсон талаарх дүгнэлтийг өгөх боломжгүй юм.
Учир нь, хариуцагч Г.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн тайлбартаа анх дуудлага өгснөөс хойш ирээгүй тул дахин дахин дуудлага өгсөн гэж, хариуцагч ОСНААУГ-ын төлөөлөгчид дуудлагаар очоод зогсоосон талаар болон авсан арга хэмжээний талаар мэдэгдсэн, засвар хийх талаар ярилцсан гэж тайлбарлах бөгөөд аль аль тайлбарыг үнэн зөв гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Хариуцагч нарын эсрэг тайлбарууд болон утасны жагсаалтын баримтаар дуудлага хоцроож очсон, ус алдалтыг удаан хугацаанд зогсоож чадаагүй гэж дүгнэх боломжгүй бөгөөд хариуцагчийг гэм буруутай талаар түүнийг хариуцагчаар татсан нэхэмжлэгч тал нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул хариуцагч ОАНААУГ-ыг гэм буруутай гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд дурдсан үндэслэлээр ОСНААУГ, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хэдийгээр тус шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Ггийн шаардах эрхийг хангах боломжгүй, хариуцагч ОСНААУГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч хариуцагч Г.Хгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулан нэхэмжлэгч Ш.Гд олгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 49* зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Хгээс 3 674 387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Гд олгож, нэхэмжлэгч Ш.Гд холбогдох болон хариуцагч ОАНААУГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-т холбогдуулан гаргасан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн * зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийнхураамжинд төлсөн 73 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Хгээс 73 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Б.ЦОЛМОНГЭРЭЛ