Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0933/З |
Дугаар | 0357 |
Огноо | 2020-05-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 0357
2020 оны 05 сарын 25 өдөр Дугаар 128/ШШ2020/0357 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Д
Нэхэмжлэгч: А.Э
Нэхэмжлэгч: Г.Б
Нэхэмжлэгч: Х.Б
Нэхэмжлэгч: Д.Г
Нэхэмжлэгч: Т.Ч
Нэхэмжлэгч: Ц.Н
Нэхэмжлэгч: Ш.Т
Хариуцагч: Монгол улсын Засгийн газар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Монгол улсын Засгийн газар нь 2018 оны 51 дүгээр тогтоолыг гаргахдаа Монгол улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 50 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэх заалт болон Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын тухай, Барилгын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
1. Захиргааны ерөнхий хуулийн захиргааны байгууллагын эрх шилжүүлэх харилцааг зохицуулсан 8 дугаар зүйлийн 8.1 “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.”, 59 дүгээр зүйлийн 59.2 “Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно”, 60 дугаар зүйлийн 60.1.1 “Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2 “хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлээр тусгайлан эрх олгосон барилгын төрийн захиргааны байгууллагын (Засгийн газрын агентлаг) чиг үүргийг хуульд өөрчлөлт оруулахгүйгээр бизнесийн компани болох “Барилгын хөгжпийн төв” ТӨААТҮГ-т шилжүүлсэн.
2. Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно” гэсэн заалтыг зөрчиж Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд хуульчилсан барилгын төрийн захиргааны байгууллага (агентлаг)-ын чиг үүргийг шилжүүлсэн байдаг. Гэтэл Засгийн газар шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлаар батлуулсан бүдүүвчдээ хуулиар чиг үүргийг нь тодорхойлсон агентлагийн үүрэг хариуцлагыг хэнд хариуцуулах зөвшөөрөл аваагүй мөртлөө агентлагийнхаа өмнөөс чиг үүргийг нь орлон гүйцэтгэж, түүний чиг үүргийг шилжүүлсэн нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар агентлагт өөрт нь олгосон эрхийг Засгийн газар булааж шийдвэр гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалт зөрчигдсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол илт хууль бус” байхаар заасан тул Засгийн газрын 51 дүгээр тогтоол хууль бус гэж үзэж байна.
3. Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэхдээ холбогдох хууль, түүнд үндэслэх, мөн хуулийн 19.1 дэх заалтаа баримтлаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйл болон Барилгын тухай тухай хуулийн 34 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан байна. Барилгын тухай хуулинд “Барилгын төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан 34 дүгээр зүйлд хуульчилсан байдаг. Гэтэл энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.” гэж заасан боловч “төрийн өмчит нэг этгээдэд” өрсөлдөөнгүйгээр давуу эрх олгосон байна.
4. “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т төрийн чиг үүргийг Засгийн газрын тогтоолоор шилжүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “...Засгийн газрын агентлаг, төрийн өмчит компани нь ... нээлттэй тендер шалгаруулалтаар (өрсөлдөөнгүйгээр шууд давуу эрх олгосон байдаг) шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авагч байж болохгүй” гэж заасантай зөрчилдөж байна. Мөн хуулийн 20.4-т “ ...бараа ажил үйлчилгээ ... нийлүүлэгчээс ашиг авахыг хориглоно” гэсэн нь магадлалыг зохион байгуулагч Барилгын хөгжлийн төв нь экспертүүдээс зохих хөлс, ашиг авах хууль бус боломжийг нээсэн гэж үзэж байна.
5. Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолын 1 ба 3 дугаар заалт нь хоорондоо зөрчилдөөнтэй, магадлалын ажлын үндсэн бүрдэл хэсгийг энэ тогтоолынхоо хассан, мөн одоо хүчинтэй байгаа Засгийн газрын 251 дүгээр тогтоолынхоо заалтууд, үндсэн агуулгатай илт зөрчилтэй болсноос барилгын зураг төсөлд магадлал хийх асуудал зогсож, маргаан үүсээд байна. Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг хувийн хэвшилд шилжүүлэх төрийн бодлого хэвээрээ юмуу эсвэл шилжүүлсэн үйлдлээ буцаах гээд байгаа юм уу? гэсэн тодорхойгүй байдал үүслээ. Засгийн газрын 51 дүгээр тогтоол, 251 дүгээр тогтоолын агуулгын томьёолол нь 2-уулаа “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай” гэсэн гарчиг агуулгатай боловч доторх заалт нь “энэ ажпаа төрийн компанид” шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан” хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тогтоолын агуулга заалт нь хоорондоо зөрчилтэй гарсан.
6 Барилгын хөгжлийн төвд төрийн чиг үүрэг болох барилгын зураг төслийн магадлал хийх эрх олгосныг 2016 онд Улсын дээд шүүхийн 264 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ “гэж заасныг үл харгалзан Засгийн газар нь 51 дүгээр тогтоол гаргасан байна.
7. Энэ үйлдлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдэж хууль зүйн мэдээллийн эмхтгэлд хэвлэгдэн хүчин төгөлдөр болсны дараа бид 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдэж, яамны удирдлагуудад хүсэлт саналаа хэлж уулзан бичиг тоот илгээж байсан бөгөөд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ийн магадлал хийж байгаа нь хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн одоо хяналтын шатны шүүхэд хянагдаж байна. Гэтэл Засгийн газрын 51 дүгээр тогтоол гарснаар Барилгын хөгжлийн төв нь өөрсдийн хууль бус ажиллагааг энэ тогтоолоор халхавчлан зөвтгөж байгаа юм. Монгол улсын Ерөнхий сайдад 2019 оны 4 дүгээр сарын 10-нд, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2019 оны 4 дүгээр сарын 05-нд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2019 оны 4 дүгээр сарын 11-нд урьдчилан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөн Барилга, хот байгуулалтын сайд асан З.Б, Ц*******, М*******, Х.Б******* нарт барилгын салбарын эрдэмтэд, экспертүүд, байгууллагуудаас удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй өнөөдрийг хүрлээ.
Чиг үүрэг шилжүүлэн авсан “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь мэргэжпийн чадавхигүй бөгөөд шилжүүлэн авсан чиг үүргээ бусдад ацаглан гүйцэтгүүлж, төрийн чиг үүргээр хаацайлан бизнес хийж, ихээхэн хэмжээний хууль бус орлого олж байна. Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор чиг үүрэг шилжүүлэн авсан “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь агентлагийн “зохион байгуулах” чиг үүргийг “магадлал хийх эрхтэй” гэж гуйвуулан тайлбарлаж, хууль зөрчсөн үйлдлээ нууж бизнес хийсээр байна. Жишээлбэл: 2016 онд 33 барилгын зураг төсөлд магадлал хийж 182.1 сая, 2017 онд 78 барилгын магадлалын хөлсөнд 789.9 сая, 2018 онд 1.197,3 сая төгрөг, бүгд 2169.3 сая төгрөгийг хураан авч дур зоргоороо зарцуулсан баримт байна. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь барилгын зураг төсөлд магадлал хийх эрх бүхий байгууллага, иргэн хуулийн этгээдийг хавчин гадуурхаж, дангаар ноёрхох үйлдлийг удаа дараа гаргах болсон. Хэвийн ажиллаж байсан магадлалын эрх бүхий зөвлөх болон магадлалын компани, экспертүүдийн гаргасан магадлалыг зөвшөөрөхгүй байгаагаас бид 2018 оны 3 сараас хойш ажилгүй, цалингүй болж хохирч хүнд байдалд орлоо. Чиг үүрэг шилжүүлэн авсан гэдгээр халхавчлан магадлал хийдэг компануудын эрхийг хязгаарлан хохироож байна. Иймд Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоол илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг бэлтгэж батлах процесс болон гарсан тогтоолынх нь хууль зүйн агуулга, утга санаа, мөн энэ тогтоолын үр дагавар нь бүхэлдээ Монгол улсын олон хууль зөрчсөн байдаг. Хариуцагч нар Улсын дээд шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй байхын тулд хууль бус үйлдлээ энэ тогтоолоор хаацайлан олон байгууллага хүмүүсийн эрх ашгийг хөндөж, хохирол учруулж, улмаар энэ байдлаа ухамсарлаж засахгүй байгаа учраас шүүхэд хандахад хүргэсэн юм.
Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг гаргахдаа хууль зөрчсөн тухайд:
Хамгийн гол нь энэ тогтоолыг гаргахдаа зохиомлоор баримт бичиг бүрдүүлэн Засгийн газрын хуралд оруулан хууль зөрчсөн тогтоол гаргуулсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасны дагуу ...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх чиг үүргийн шинжилгээ дүгнэлт гаргуулах, оролцоог нь хангах, хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барих, зэрэг процессийг огт хийхгүй зөрчсөн байдаг. Эдгээр процессийг төрөөс баталгаажуулсан төрийн бодлого түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 22 тоот тогтоолоор тусгайлсан аргачлал гаргасан. Түүнийгээ мөрдөөгүй тухай л ярьж байна. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг баталж энэ төрийн бодлогын баримт бичигт заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 22 тоот тогтоол гаргаж Төрийн байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах, төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх аргачлалыг баталсан байдаг. Энэ аргачлал батлагдсанаас хойш 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 51 дүгээр тогтоолыг гаргахдаа энэ аргачлалын 4 дүгээр зүйлд заасан Чиг үүргийг дахин хуваарилах шинжилгээ хийсэн байх заалт, 5.4 дэх Чиг үүрэг шилжүүлэх, дахин хуваарилахдаа ....бүх талын оролцоог хангах, тухайн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг оролцуулж харилцан зөвшилцөх заалт, мөн энэ аргачлалын 42, 47, 48 дугаар заалтад журамласан чиг үүргийг дахин хуваарилах төсөл боловсруулан холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хамт ...хүргүүлэх, Төрийн бус байгууллага хувийн хэвшлээр төрийн байгууллагын чиг үүрэг гүйцэтгүүлэх хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн заалтуудыг огт мөрдөөгүй, Хуулинд өөрчлөлт оруулахгүйгээр шууд Засгийн газрын тогтоол гаргасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэг эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тодорхой цагт эхлэх, дуусгах, эсхүл тодорхой хугацааны туршид үйлчлэхээр" гэснийг баримтлаагүй, хэрэгжих хугацаа тогтоогоогүй гарсан. Эдгээр процессийг гүйцэтгэсэн тухай нотлох баримтыг хариуцагч шүүхэд одоо болтол ирүүлээгүй байгаа. Иймд Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 13, 15, 24, 47 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн, Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор баталсан аргачлалаа огт мөрдөөгүй байдаг.
Хууль тогтоомж зөрчиж гаргасан акт гарсан өдрөөсөө хууль бус гэж үзэж байгаа юм. Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь бүхэлдээ хууль зөрсөн тухайд:
1.Тогтоол нь Төрийн зарим чиг үүргийг төрийн бус мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэсэн агуулгатай боловч эсрэгээрээ төрийн чиг үүргийг төрийн өмчит нэг этгээдэд төвлөрүүлсэн төр хувийн хэвшлийн түншлэл, төвлөрлийг багасгах төрийн бодлогынхоо эсрэг чиглэсэн шийдвэр болсон юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 “шийдвэр нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2 “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэсэн заалтыг зөрчиж гарсан. Мөн Улсын Их Хурлаас ямар нэг шийдвэр гаргаагүй байхад хуулиар тусгайлан заасан төрийн захиргааны байгууллага болох Засгийн газрын агентлагийн үндсэн чиг үүргийг Засгийн газар дур мэдэн шилжүүлж Улсын Их Хурлынхаа бүрэн эрхэд халдсан. Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтаар хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж, мөн төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэхдээ холбогдох хууль, түүнд үндэслэх тухай Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт, түүнчлэн эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар өрсөлдүүлэн гэрээгээр гүйцэтгүүлж болох тухай Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтуудыг давхар давхар зөрчсөн юм. Хуулийн эдгээр заалтуудын яг эсрэг чиглэж шилжүүлэхийг хориглосон хууль түүнд үндэслэх төрийн бус мэргэжлийн байгууллагад өрсөлдүүлэх гэрээгээр гүйцэтгүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр гэснийг бүгдийг зөрчсөн байгаа. Уг нь Захиргааны ерөнхий хуулийн 8.1, Засгийн газрын тухай хуулийн 19.1 болон Барилгын тухай хуулийн 34.2 дахь заасны дагуу чиг үүргийг шилжүүлэх талаар Улсын Их Хуралд асуудал оруулан хуулинд өөрчлөлт оруулж, Засгийн газар нь Улсын Их Хурлаас эрх зөвшөөрөл авсны дараа шийдвэр гаргах ёстой байсан. Мөн Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор баталсан чиг үүрэг шилжүүлэх аргачлал болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу шинжилгээ дүгнэлт гаргах, эрх ашиг хөндөгдөх байгууллага хүмүүсийн оролцоог хангах, тодорхой салбарт туршсаны үндсэн дээр нийтлэг байдлаар нэвтрүүлэх, сонгон шалгаруулах, захиргааны гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хийсний дараа шийдэх ёстой байсан. Энэ бүх журам дүрмүүдийг мөрдөөгүй, хууль зөрчсөн юм.
Түүнээс гадна Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг дараах төрийн байгууллага түншлэлд оролцох, төрийн зүгээс 5.1.1 Монгол Улсын Засгийн газар, 5.1.2 Монгол Улсын яам; 5.1.3 3асгийн газрын агентлаг, 5.1.6 төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх, харин нөгөө талаас нь 5.2 Түншлэлд хувийн хэвшлийг төлөөлж 5.2.1 компани, 5.2.2 нөхөрлөл, хоршоо, 5.2.3 төрийн бус байгууллага, 5.2.4 хувь хүн байхаар хуульчилж, ББ-ийн 5.3-д “түншлэлийн хэлбэрийг тодорхойлж, төрийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх"-ээр, мөн 5.3.3 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага, үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхээр заасанг энэ тогтоол ноцтой зөрчиж төрийн оролцоотой этгээдэд чиг үүргийг шилжүүлсэн нь ТБББ-ийн 5.3.4 дахь заалтыг зөрчиж, төрийн үйлчилгээг ТӨААТҮГ болох төрийн төлөөлөлдөө шилжүүлсэн байдаг. Үүнээс харахад Засгийн газар нь энэ талаар Монгол төрөөс баримтлах бодлогодоо харш шийдвэр гаргасан ба Улсын Их Хурлынхаа үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрхэд халдсан гэж харагдаж байгаа юм.
Засгийн газар нь энэ тогтоол гаргахын өмнө Барилгын тухай хуулийн 34 дэх заалтыг Улсын Их Хурлаар өөрчлүүлэх арга хэмжээ авах ёстой, эсвэл Засгийн газар нь Улсын Их Хурлаас чиг үүрэг шилжүүлэх эрх зөвшөөрөл авч байж шийдвэр гаргах тухай Захиргааны ерөнхий хуулийн, Засгийн газрын тухай хуулиудын тодорхой зохицуулалтыг хэрэгжүүлэх л үүрэгтэй байсан. Гэтэл эдгээрийг үл хэрэгссэн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн яг энэ зохицуулалтаар Улсын Дээд шүүхээс 37 дугаар тогтоолын 6 дугаар зүйлээр зориуд тайлбар гаргаж " ... хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, ... бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргах, мөн ... хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргахыг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамруулна” гэсэнд 51 дүгээр тогтоол илт харшилж үндэслэлгүй гарсан нь илт байна.
3. Мөн үүний зэрэгцээ Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг баталж хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ БББ-ийн 3.1.4 дэх хэсэг төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн болон орон нутгийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ... тухай, ББ-ийн 3.2.1.1 дэх хэсэг төрийн чиг үүргийг дахин хуваарилах аргачлал боловсруулж тодорхой салбарт туршсаны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулан нийтлэг байдлаар хэрэгжүүлнэ" гэсэн заалтуудтай 51 дүгээр тогтоол нь бас зөрчсөн тухай дээр дурдсан.
4. Засгийн газрын энэ тогтоолын заалт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй гэсэн хуулийн хориглолтыг үл тоосон ашиг сонирхлын зөрчил үүсгэж, давуу нөхцөл боломж олгосон байдаг.
Энэ бүхнээс харахад Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг гаргаснаар Монгол Улсын Үндсэн Хууль, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд холбогдох заалтууд, Төр хувийн хэвшлийн түншлэл болон төвлөрлийг сааруулах Монгол төрийн бодлогын 2 баримт бичигт нийцээгүй. Засгийн газрын өмнө нь гаргасан 251 болон 22 тоот тогтоолтойгоо зөрчилдсөн шийдвэр тул илт хууль бус гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна өмнө нь гаргасан хучин төгөлдөр байгаа Засгийн газрын 251 дүгээр тогтоолоо үгүйсгэсэн агуулгын болон зорилгын ноцтой алдаатай гарсан тул одоо хувийн хэвшил юм уу Барилгын хөгжлийн төв юм уу аль нь энэ чиг үүргийг хийх нь тодорхойгүй болсон байдаг. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолоор баталсан Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэсэн хуулийн тайлбараар Засгийн газрын 51 дүгээр тогтоол илт хууль бус болох нь хангалттай тайлбарлагдана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1 дэх хэсэгт заасны дагуу утга агуулгын илэрхий алдаатай, бусад шийдвэрүүдтэйгээ зөрчилтэй байгаа тул илт хууль бус хүчингүй үзэж байна.
Гурав. Засгийн газрын энэ тогтоол нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, хууль бус үйлдлээ халхавчлах хэрэгсэл болж байгаа тухайд: 1.Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд хуульчилсан Барилгын төрийн захиргааны байгууллага болох Засгийн газрын агентлагт тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.10 дахь заалтаар олгосон төрийн чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т шилжүүлэхээр гаргасан Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг 2016 онд Улсын Дээд Шүүхийн 264 дүгээр тогтоолоор хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүх сайдын дээрх тушаал нь эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргаагүй байхад сайд эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж тогтоосон байдаг. Гэтэл Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төв нь шүүхийн шийдвэрийг биелүүлж хууль бус үйлдлээ таслан зогсоохын оронд Улсын дээд шүүхийн 264 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх нэрийн дор дүр эсгэж Засгийн газрын хуралд буруу тайлбарлан, хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу эрх ашиг нь хөндөгдөх этгээдүүдээс хэлэлцүүлэг хийж санал авахгүйгээр, далдуур лоббидож Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг гаргуулж хууль зөрчихөд хүргэсэн юм. Энэ тогтоолыг гаргуулахдаа Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу ...эрх бүхий байгууллагын шийдвэр гаргуулсан.гэж харагдаж, ойлгохоор таниулж Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг хууль бус үйлдлээ халхавчлах хэрэгсэл болгох зорилгоор гаргуулсан. Энэ тогтоолоор халхавчлан Барилгын хөгжлийн төв нь хуулиар тусгайлан олгосон төрийн байгууллагын чиг үүргийг дур мэдэн авч гүйцэтгэн хууль бус үйлдлээ одоо болтол үргэлжлүүлж байгаад асуудлын гол зангилаа оршино. Засгийн газрын энэ тогтоол нь хууль бусаар ихээхэн орлого олох, улмаар байгууллага хүмүүсийн эрх ашгийг ноцтой хөндөж хохирол учруулж байгаа бөгөөд энэ тогтоолыг ашиглан хууль зөрчсөн үйлдлээ нуух, хууль бус төлбөр хураамж авах халхавч бамбай болон ашиглагдаж байна. Энэ талаар нэхэмжлэлд тодорхой дурдаж хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан байгаа. Энэ тогтоолоор халхавчлан Барилгын хөгжлийн төв хуулиар тусгайлан олгосон тэрийн байгууллагын чиг үүргийг дур мэдэн авч гүйцэтгэн хууль бус үйлдлээ одоо болтол үргэлжлүүлсээр байна. Иймд Засгийн газрын дээр дурдсан хуулийн зохицуулалтууд болон шүүхийн шийдвэрийг үл харгалзан 51 дүгээр тогтоол гаргасан нь илт хууль бус гэж үзэж байгаа юм.
Дөрөв. Урьдчилан шийдвэрлүүлэх талаар гаргасан чармайлтын талаар: Монгол улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоол илт хууль бус бөгөөд эрх ашиг хохирч байгаа талаар барилгын байгууллага иргэдээс Монгол улсын ерөнхий сайдад 2019 оны 4 дүгээр сарын 0З-ны өдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдад 2019 оны 4 дүгээр сарын 11-нд, урьдчилан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, Мөн Барилга хот байгуулалтын сайд асан З.Б, н.Ц, н.М н.Б нарт барилгын салбарын эрдэмтэд экспертүүд, байгууллагуудаас олон удаа хүсэлт гомдол гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй хариу өгөхгүй өнөөдрийг хүрлээ.Урьдчилан шийдвэрлүүлэхээр тавьсан дээрх гомдлын дагуу Монгол улсын Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга н.Р-ээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуульд нийцсэн эсэхийг шалгаж хариу өгөх тухай, Хууль зүй дотоод хэргийн сайдаас Барилга хот байгуулалтын яамны сайдад Төрийн чиг үүрэг шилжүүлэн авч буй Барилгын хөгжлийн төвийн эрх зүйн статус нь ямар болохыг шалгаж тогтоохыг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга н.О*******эс Барилга хот байгуулалтын сайдад асуудлын хууль зүйн үндэслэлийг нягтлаж хариуг өгөхийг тус тус үүрэг болгосон албан тоотууд явуулсан байхад сайд болон яамнаас энэ асуудлаар арга хэмжээ авсангүй. Асуудал анх Барилгын тухай хууль батлагдсан 2016 оноос тавигдсан бараг 4 жил боллоо. 3 шатны шүүхээр бараг жил гаруй явлаа. Барилгын байгууллага, мэргэжилтэн .экспертүүдийн эрх ашиг асар ихээр хохирсоор үнэндээ төр засагтаа сэтгэл алдарч залхаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасны дагуу утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт хамааруулж байгаа. Бусад шийдвэрүүдтэйгээ зөрчилдөж байгаа.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтыг баримтлан Монгол улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:“... Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.”, 19.2-т “Төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, тэр тухайдаа улсын төсвөөс санхүүжиж байгаа байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, уг ажлаа Монгол Улсын зохих сайдын өмнө хариуцна.” гэж, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно” гэж тус тус заасан байдаг. Монгол Улсын Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж дээрх хуулийн заалтуудыг үндэслэн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолыг баталж, Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор байгуулагдсан “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж байгаа. Нэхэмжлэл гаргаж байгаа 8 иргэний эрх нь зөрчигдөөд байгаа, зөрчигдөж болзошгүй гэдэг нь тодорхойгүй байгаа.
Мөн Засгийн газраас дур мэдэн Улсын Их Хурлын эрх хэмжээг зөрчсөн гэдэг. Барилгын тухай хуульд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу агентлагийг хэрэгжүүлэх чиг үүргийн хамт заасан. Гэхдээ тэр агентлагийг байгуулах эрх Улсын Их Хуралд байдаг. Тэр байгууллагыг Улсын Их Хурал байгуулаагүй, байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Холбогдох төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолуудаар чиг үүргийн давхардлыг үүсгэхгүй гэх заалтыг хууль тогтоогч тодорхой зааж өгсөн. Хууль тогтоогчийн хүсэл зоригийг Засгийн газар хэрхэн хэрэгжүүлсэн гэхээр Засгийн газрын тухай хуулийн 19, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь заалтад чиг үүргийг эрх бүхий байгууллагын байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Засгийн газрын төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүрэгтэй уялдсаны үндсэн дээр энэ 5 дугаар тогтоол гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл хуульд заагаагүй байхад чиг үүргээ шилжүүлж болохгүй. Нөгөө талаас хууль тогтоогчийн хүсэл зориг чиг үүргийг шилжүүлэх хэрэг гарвал хэрхэн зохицуулах зохицуулалт нь хуульд байгаа. Хэрэв чиг үүргийг шилжүүлэх байгууллагыг байгуулаагүй тохиолдолд байгуулах заалт байх ёстой. Учир нь энэ нь эерэг нөлөөлөл бүхий акт болж байгаа. Төрийг чиг үүргийг ингэж шилжүүлэхийг заагаагүй бол тэр чиг үүргийг ямар байгууллага авах нь тодорхойгүй. Ингэх тохиолдолд жинхэнэ иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа. Хуульд зааснаар төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага байна. Барилгын тухай хуулиар мэргэжлийн байгууллага гэж ямар байгууллагыг үзэх талаар тодорхой дурдаагүй. Тэгэхээр Барилгын хөгжлийн төвийг Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Тэр тогтоолд энэ байгууллагын зорилго Барилгын тухай хуульд заасан ийм ийм чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллага гэж заасан. Энэ нь хуулийн заалттай нийцэж байгаа. Монгол улсад Барилгын тухай хуульд заасны дагуу байгуулагдсан байгууллага нь Барилгын хөгжлийн төв байгаа. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт барилгын зураг төсөл өөрийн боловсруулсан зураг төсөлд магадлал хийхийг хориглоно. Мэргэжлийн байгууллагыг юу гэж ойлгох вэ гэхээр зураг төсөл зохиогчийг ойлгоно. Тэгэхээр энэ байгууллага нь ашиг сонирхлын зөрчилтэй болно. Учир нь төрийн захиргааны чиг үүргийг хүлээж авснаар тэр байгууллага захиргааны байгууллагад хамаарч байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд заасан зохицуулалтад тэр байгууллага хамаарна. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь зүйлд зааснаар энэ үүргийн төрийн бус байгууллага хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө зохиосон зураг төсөлд магадлал хийх эрхийг зохион байгуулах, баталгаажуулах зэрэг бүх эрх нь хуулийн энэ заалтын дагуу үүсээд байгаа. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудаар хийлгэж болно, гэхдээ гишүүддээ үйлчилдэг биш. Энэ нөхцөлд Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар маш олон чиг үүргүүдийг Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд Барилгын хөгжлийн төвд шилжүүлсэн. Тэгэхээр аль чиг үүрэг нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж байгаа, зөрчиж болзошгүй байгаа нь тодорхойгүй байгаа. Зөвхөн магадлалтай холбоотой хэсгийг аваад үзэхээр хориглосон, хязгаарласанд хамаарна. Төрийн бус байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй иргэнийхээ журмаар нэхэмжлэл гаргасан. Холбогдох харилцан зөвшилцөх, санал авах ажиллагааг хийгээгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг гаргахад эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдээс санал авна гэж байгаа. Энэ тогтоол эерэг нөлөөлөл бүхий акт. Засгийн газар өөрсдийн дотоод асуудлын хүрээнд шийдсэн. Өөрөөр хэлбэл яамдууд хэрэгжүүлэх зүйлийг хэрэгжүүлэгч, тохируулагч байгууллага, өөрийн бүтцэд байгуулсан мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж Барилгын хөгжлийн төвөөр гүйцэтгүүлсэн. Тиймээс нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй учраас санал авах шаардлагагүй байсан. Өмнөх Дээд шүүхийн шийдвэр Засгийн газраас шийдвэр гараагүй байхад сайд өөрөө бие дааж энэ чиг үүргийг шилжүүлсэн байна гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ шийдвэрийг биелүүл гэсний дагуу манайх дээд шүүхийн шийдвэрээр сайдын тушаал хүчингүй болсон, үйлчлэл нь дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Засгийн газар шийдэх ёстой гэдгийг тогтоогоод өгчихсөн. Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнийг шүүх анхаарч үзээсэй.
Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ыг мэргэжлийн байгууллага гэж үзсэн. Мөн Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын бус байгууллага гэж үзсэн. Хуульд гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж заасан болохоос заавал гэрээгээр гүйцэтгүүлнэ гэж заагаагүй.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа захиргааны акт илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэж тайлбарласан. Гэтэл тайлбарын явцад энэ акт гарах ёсгүй байсан гэдэг утгаар тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтаар энэхүү захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгоно гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үеийн актын улмаас хэний эрх ашиг зөрчигдөж байгаа нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж гарч ирсэн баримтууд 51 дүгээр тогтоолоос өмнө цаг хугацааны дараалалтай байх ёстой. Мөн сайдын тушаалыг Улсын дээд шүүх шийдсэн учраас хууль бус гэдгийг нь тогтоосон. Манай улс шүүхийн жишгийг үндэслэл болгодоггүй, асуудал үүссэн процессыг цаг хугацааны дарааллын дагуу, хуульд заасны дагуу шийдэхээс урьд нь шийдсэн Улсын дээд шүүхийн тогтоолоор энэ нь шууд хууль бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Д нарын 8 иргэний гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн зарим шаардлагыг дараах үндэслэлээр хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн байдаг.
Энэхүү шийдвэрээр шилжүүлсэн чиг үүрэг нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгосон чиг үүргүүд бөгөөд тухайлбал, 34.1.2 “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, стандарт боловсруулах ажлыг зохион байгуулах”, 34.1.4 “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах”, 34.1.6 “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах”, 34.1.7 “барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах”, 34.1.8 “барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индексийг боловсруулах”, 34.1.9 “улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох”, 34.1.10 “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох”, 34.1.11 “зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх”, 34.1.13 “архитектор, инженерийн мэргэжлийн зөвлөл байгуулан, үйл ажиллагааг нь зохион байгуулах”, 34.1.15 “барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах” чиг үүргийг ийнхүү шилжүүлжээ.
Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгосон дээрх чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болохыг 34.2 –т мөн тусгайлан заасан байна.
Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгогдсон чиг үүргийг шилжүүлсэн Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах шүүхийн хяналт нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх буюу хөндөгдсөн гэх субьектив эрх, түүний хүрээгээр хязгаарлагдана.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан 8 нэхэмжлэгч иргэд нь маргах эрхээ тодорхойлж эрх бүхий этгээдээс тодорхой хугацаатай олгосон эрхийн батламжаа үндэслэл болгосон, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/307 дугаар тушаалыг үндэслэн тус газраас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилээр батламжилж, хувийн дугаар бүхий дардас олгожээ.
Тухайлбал нэхэмжлэгч Ч.Д-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг “барилга байгууламжийн архитектур төлөвлөлт /ландшафт/ дизайны зураг төсөл” хүрээнд эрхлэхийг, нэхэмжлэгч А.Э барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг “барилгын төсөв /үнэ бүрдэл/, эдийн засаг” хүрээнд эрхлэхийг, нэхэмжлэгч Г.Б-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг “барилгын хийц бүтээц /технологийн зураг төсөл/” хүрээнд эрхлэхийг, нэхэмжлэгч Х.Б-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг “барилгын хийц бүтээц /технологийн зураг төсөл/” хүрээнд эрхлэхийг, нэхэмжлэгч Д.Г-т барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг “цахилгаан шугам сүлжээ, цахилгаан хэмжил зүй, реле хамгаалалт, автоматжуулалт, сэргээгдэх эрчим хүч, дэд станцын барилга байгууламжийн зураг төсөл” хүрээнд эрхлэхийг, нэхэмжлэгч Т.Ч-т барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг “ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл” хүрээнд эрхлэхийг, нэхэмжлэгч Ц.Н*******д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг “барилга байгууламжийн дулаан хангамж, агаар сэлгэлтийн зураг төсөл” хүрээнд эрхлэхийг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг “барилгын хийц бүтээц /технологийн зураг төсөл/” хүрээнд эрхлэхийг тус тус зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл эрх олгогдсон энэ хүрээнд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхтэй экспертүүд байна.
Нэхэмжлэгч нар “хуулиар тогтоосон эрхийг шилжүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалтыг хангаагүй, эрхийг шилжүүлэн авч хэрэгжүүлэх этгээд нь төрийн бус, мэргэжлийн байгууллага байх шаардлагыг хангаагүй, зорилгодоо нийцээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн агуулгыг зөрчсөн" гэх үндэслэлүүдээр барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгогдсон чиг үүргийг шилжүүлсэн Засгийн газрын шийдвэрийн улмаас тэдгээрийн тусгай зөвшөөрлийн эрхийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдсөн гэж шүүхэд маргажээ.
Тодруулбал нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэж маргах эрх нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхээс үүдэлтэй байх тул Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-т шилжүүлсэн Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах” чиг үүргийг шилжүүлсэнтэй холбоотой хэсэгт хамаарах бөгөөд тогтоолын бусад чиг үүргийг тухайлбал, 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн хэсэгт нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэл гаргах эрхэд хамаарахгүй энэ хэсгийг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болох”-оор, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “34.1-д заасан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болох”-оор зааснаас үзэхэд хуулиар тогтоосон төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг хуулиар эрх олгосноор Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болох ч шилжүүлэхдээ “төрийн бус, мэргэжлийн байгууллагаар, гэрээний үндсэн дээр” шилжүүлэхээр хэнд, хэрхэн шилжүүлэхийг маш тодорхой заажээ.
Барилгын хөгжлийн төв ААТТӨҮГ нь Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар тогтоолоор хуучин “Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба” УҮГ-ын оронд байгуулагдаж, татан буугдсан Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын барилгын чиг үүргийг гүйцэтгэж байсан ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулсан, улмаар Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын эрхэлж байсан барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т олгосон байдаг.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 54, 2017 оны 260, 2018 оны 85, 2019 оны 6 дугаар сарын 18-ны 267 дугаар тогтоолоор Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг /2019 онд 11 хэлтэстэй, 155 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар шинэчлэн/ баталсан бөгөөд дүрэмд нь “хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, ... чиг үүргийг хэрэгжүүлэх хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн салбарын мэргэжлийн байгууллага” гэж тусгаж, уг үйлдвэрийн газрын өмчлөгч нь төр болохыг, төрөөс болон ажил үйлчилгээний орлогоос санхүүжихийг зааж, үйл ажиллагааны чиглэлд “барилгын салбарын төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэгч мэргэжлийн байгууллага” болохыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг төрийн бус байгууллага гэж үзэх боломжгүй.
Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар “барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т олгосон” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч экспертүүдийн үүсгэн байгуулсан “Э.С” ХХК нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 321, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 418 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 264 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Энэ хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2016 оны 264 дүгээр тогтоолд “барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох, магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй, ийм төрийн захиргааны байгууллага татан буугдсан тохиолдолд түүний чиг үүрэг адил чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллагад шилжих болохоос төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэх нь үндэслэлгүй, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг хууль, түүнд үндэслэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцан гүйцэтгүүлэх эрхтэй” болохыг дүгнэж, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар “барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т олгосон” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Засгийн газрын хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын /Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан зарим чиг үүргийг шилжүүлэх тогтоолын/ төсөлтэй танилцаад Хууль зүй, дотоод хэргийн сайд 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 1-1/178 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын сайдад “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно” гэж заасан. Хуулийн уг заалтад заасан “эрх бүхий байгууллага” гэдэгт ямар байгууллагыг ойлгох, түүнчлэн төрийн бус, мэргэжлийн байгууллагад “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ хамаарах эсэхийг нягтлах нь зүйтэй” хэмээн санал хүргүүлжээ.
Ийнхүү хуулиар заасан энэ чиг үүргүүдийг шилжүүлсэн өмнөх шийдвэрийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болгож, энэ үндэслэлээ “Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцан гүйцэтгүүлэх эрхтэй” гэж тодорхой тайлбарлаж дүгнэсэн, мөн хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага “төрийн бус, мэргэжлийн байгууллагад “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ хамаарах эсэхийг нягтлах нь зүйтэй” хэмээн санал хүргүүлсээр байхад үүнийг анхааралгүй хуулиар тодорхой тогтоосон шалгуурыг зөрчсөн нь хууль бус, үүний улмаас барилгын зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхтэй нэхэмжлэгч нарын энэ үйл ажиллагааг хуулийн хүрээнд эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолыг утга агуулгын илэрхий алдаатай үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох хэмээн тодорхойлсон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийг, тэр дундаа 47.1.1 дэх заалтаар утга агуулгын илэрхий алдаатай бол захиргааны акт илт хууль бус болохыг, илт хууль бус акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байхаар заасан. Гэхдээ Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн эсэх, тухайлбал Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх маргаан байхаас энэ тогтоол, түүний заалт утга агуулгын илэрхий алдаатай гэж, илт хууль бус гэж үзэхээргүй байна.
Хэдийгээр утга агуулгын илэрхий алдаатай үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан ч, илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ч дээр дүгнэснээр Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно” гэж заасныг зөрчсөн, энэ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэл гаргах эрхийн хүрээгээр тогтоолын Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан чиг үүргийг шилжүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Засгийн газрын энэ тогтоол нь нэхэмжлэгч нарт хаяглагдаагүй тул тэдгээрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн хугацааг тодорхойлох боломжгүй тул хөөн хэлэлцэх хугацаа тооцох, нэхэмжлэл гаргах маргах эрхийг хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлах үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д нарын 8 иргэний нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн” хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч нар, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА