Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2015/0070

 

2015 оны 2 сарын 04

Дугаар ДЗШ/МА2015/0070

Улаанбаатар хот

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 566 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Г-ын нэхэмжлэлтэй, ЦЕГ-ын АБД холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би ЦЕГ-ын АБД-ын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1**  дугаар тушаалын үндэслэл болгосон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 9 дүгээр бүлэг Албанаас чөлөөлөх, халах-ын 910.6.1-ийн А дахь хэсгийг зөрчөөгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн удаа байхгүй. Би үүргээ биелүүлэн түргэн цугларалтад заагдсан хугацаанд ирсэн байтал намайг ажлаас халсан мөртлөө түргэн цугларалтад ирээгүй хүмүүст 1 сар үндсэн цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авсан нь шударга бус явдал болсон. Тус баазад ажиллаж байхдаа ЦЭЭБ ХХК-тай гэрээ байгуулж, урьдчилгаа 15 сая төгрөг өгч захиалсан 2 өрөө орон сууцны эрхийг минь хууль бусаар хүчингүй болгож, намайг хохироосон. Иймд, ЦЕГ-ын АБД-ын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1**  дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн тус баазад ажиллаж байхдаа захиалсан 2 өрөө 51 м.кв орон сууцыг эргүүлэн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...ЦЕГ-ын Авто баазын ашиглалтын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг шалгах зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Бямба гаригт 07.00 цагт түргэн цугларалтын Хурд-2 дохиогоор цуглуулсан. Б.Г нь албаны машинаа гараашаас бариад гарах үед үүдэнд шалгах механик согтуурлын түвшин тогтоогч багажаар шалгахад 0.49 хувийн согтолттой гарсан АБД-ын зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар хурлаар Б.Г-ын гаргасан зөрчил, дутагдлын тухай хэлэлцэж, ЦЕГ-ын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Албанаас чөлөөлөх, халах /код 910/ журам-ын 910.6.1 дэх хэсгийн а-д заасныг үндэслэн АБД-ын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1**  дугаар тушаалаар албанаас халж, цагдаагийн ахлах ахлагч цолыг хураах сахилгын шийтгэл ногдуулсан АБД-ын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар тушаалаар баталсан Дотоод журам-ын 10.2-т заасны дагуу Б.Г-ын захиалсан 2 өрөө байрыг хураан авч, дараагийн алба хаагчид шилжүүлсэн боловч Авто баазын удирдлагын зүгээс Б.Г-ын ар гэр, ахуй амьдралын байдлыг харгалзан үзэж, түүнд 51 м.кв 2 өрөө байрны эрхийн бичгийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр буцаан олгосон. Анх гэрээ байгуулсан 6 давхрын 51 м.кв 2 өрөө байрыг нэхэмжлэгчид буцаан олгож, гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 566 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.3. 4.4.5, 4.4.6 дахь хэсэгт заасныг баримтлан ЦЭЭБ ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан захиалсан 6 давхрын 2 өрөө 51 м.кв орон сууцыг буцаан олгуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, ЦЕГ-ын АБД-ын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1**  дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Г , түүний өмгөөлөгч О.Б нар давж заалдах гомдолдоо: ...ЦЕГ-ын АБД-ын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1**  тоот тушаалаас үзэхэд Б.Г-ыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам-ын 910.6.1-ийн а хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халсан байдаг. 910.6.1-ийн а-д Хоёр ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол албанаас халах, чөлөөлөх зохицуулалттай. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас хална гэж зохицуулсан. Төрийн албаны тухай хууль, дээрх журмын дагуу авч үзвэл хоёр ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөлд ажлаас халах шийдвэр гаргахаар байна. Б.Г-ыг ажлаас халах тушаалд нэг л удаагийн зөрчлийн асуудал яригдаж байгаа. Хоёр ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан асуудал байхгүй. Гэтэл шүүх хуулийн дээрх зүйл, заалтыг эс баримталж хэргийг шийдвэрлэсэн нь ажилтны эрх ашгийг хамгаалсан хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчиж байна. Ажилтныг ажлаас халах явдал нь тухайн хүний амьдралын баталгааг үгүй хийсэнтэй адил зүйл. Иймд ажлаас халах шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу гаргах ёстой. Гэтэл шүүх Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын заалтыг барилгүй, зөвхөн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталж, хэргийг шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж байна. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулиас дээгүүр байх үндэслэлгүй.

Ёс зүйн дүрмийн зохицуулалт нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцэж байх журамтай. Б.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа Урьд орой уусан архины үнэр гараагүй. Миний биеийн байдлаас хамаарч архины үнэр удаан гардаг. Би ажилдаа очихдоо архи уугаагүй, Цагдаагийн байгууллагын түргэн цугларалт нь гэнэтийн шинжтэй бөгөөд албан хаагч нар дуудсан цагт бүрэн ирэх ёстой байдаг. Би үүргээ биелүүлэн түргэн цугларалтад заагдсан хугацаанд ирсэн байтал намайг ажлаас халсан мөртлөө түргэн цугларалтад ирээгүй, архи уусан хүмүүст 1 сар үндсэн цалинг нь 20 хувь буруулах арга хэмжээ авсан нь шударга бус явдал болсон гэж мэдүүлсэн. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбараар батлагддаг. Ёс зүйн зөрчил гаргасан бусад ажилчдад сахилгын арга хэмжээ оногдуулсан байдлаас үзэхэд ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах боломжтой, шууд ажлаас халах үндэслэл болохгүй гэдэг нь харагдаж байна. Мөн Б.Г тай байгуулсан үр дүнгийн гэрээнд шууд ажлаас халах үндэслэлийг тухайлан заагаагүй. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 910.6.1-т заасан шаардлага хангагдахгүй байхад шүүх ажлаас халах тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Иймд, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ЦЕГ-ын АБД-ын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1**  дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, Б.Г-ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарыг давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б болон нэхэмжлэгч Б.Г нар нь шүүх Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын заалтыг баримтлалгүй, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталж байгаа нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Г нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д ...цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ...байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн нь төрийн тусгай албан хаагч байна гэж заасны дагуу төрийн тусгай албан хаагч байна.

Тэрээр Төрийн тусгай албан хаагч болохынхоо хувьд дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээтөрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн заалтуудыг дагаж биелүүлэх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоо мэдсээр байж, албаны машин жолоодсон үйлдлийг гаргасан болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, төрийн тусгай албан хаагчийн гаргасан зөрчилд хариуцлага ногдуулахад Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлагагүй болно.

2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн, амралтын өдөр хэрэглэсэн гэсэн агуулгаар тайлбар болон давж заалдах гомдлыг гаргаж байна.

Б.Г-ын согтуурлын зэргийг тогтооход түүнээс 0.47 хувийн спиртийн алкохоль илэрсэн нь тогтоогдож байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын /хуучин нэрээр/ 2009 оны 260 дугаар тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам-ын 56 дугаар зүйлд Жолоочийн амьсгал дахьспиртийн агууламж 0.20 промиль буюу түүнээс илүү болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан тул дээрх байдлыг зөрчил биш гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх... -ийг хориглоно гэж заасныг зөрчсөн, бөгөөд нэхэмжлэгч Б.Г нь маргааш өглөө нь томилгоот үүрэг гүйцэтгэх ёстой байсан болохоо өөрөө мэдэж байсан болох нь тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн согтуурлын зэргийг тогтоохдоо Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн Драйгераар шалгасан, давж заалдах шатны шүүх үзлэг хийж өгнө үү гэсэн үндэслэл болон хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх шинээр нотлох баримт цуглуулах үүрэггүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн Драйгерээр шалгасан гэх үндэслэлээ дурдаж байгаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд анх гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Драйгер гэж нэрлэж байгаа хэмжил зүйн хэрэгсэл нь БНСУ-д үйлдвэрлэгддэг биш, харин ХБНГУ-н Drager компанид үйлдвэрлэгддэг, согтуурлын зэрэг тогтоох зориулалт бүхий хэмжил зүйн хэрэгсэл байх бөгөөд Стандарчилал, хэмжил зүйн газрын даргын Хэмжих хэрэгслийн загварыг улсын бүртгэлд шинээр бүртгэх, сунгах, гэрчилгээ олгох тухайтушаалаар Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн байна.

Хариуцагч талаас дээрх хэмжих хэрэгсэлтэй холбогдох нотлох баримтыг ирүүлснээс гадна, энэхүү хэрэгслээр согтуурлын зэргийг тогтоосон болохоо мэдүүлж байх тул Солонгос Улсын Драйгерээр шалгасан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын агуулгаас үзэхэд Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ нь ...дан ганц дүрмээр бус..., Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор тодорхойлогдож байна.

Иймд, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.4.5 болон 2.2, 3.3 гэх мэт бүх заалт Б.Г т хамаарч байгаа болохыг дурдах нь зүйтэй.

4. Нэхэмжлэлийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан Б.Г ... үр дүнгийн гэрээ байгуулсан. Ноцтой зөрчил гэдэгт архи уусан байдлыг оруулсан бол өөр гэсэн тайлбарын үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулж болох ноцтой зөрчил мөн. Иймд заавал удаа дараа зөрчил гаргахыг шаардахгүй.

Анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ гэсэн заалтыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 566 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 гэсний дараа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР