Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00041

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.У-ын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.С, нэхэмжлэгч Ж.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 846 дугаар шийдвэртэй,

Ж.У-ын нэхэмжлэлтэй, “Х.Д.С” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дулааны станц ТӨААТҮГ-т дулааны засварын инженерээр албан үүргээ гүйцэтгэж Завхан аймагт ажиллах хугацаандаа 2015 оны 5 сарын 8-ны өдөр ходоодны хорт хавдрын улмаас ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн байсан. ...2017 оны 02 сарын 17-ны өдөр ажлаас халсан тухай тушаал өгсөн. ... Уг шийдвэр нь 2016 оны 1 сарын 8-ны өдрөөр гарсан байх ба 2016 оны 1 сарын 3-ны өдрийн 0080220 тоот актыг үндэслэж гээд эрүүл мэндийн улмаас групп тогтоолгох болсон тул мөн өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлжээ. Энэ шийдвэр нь миний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөнөөс гадна надад ямар нэг хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгөлгүйгээр халсан нь хөдөлмөрийн хууль түүнд нийцүүлэн гаргасан байгууллагын дүрэм, журамд нийцэхгүй, миний хөдөлмөрлөх үүргийг ноцтой зөрчиж хохироосон байна. Иймд намайг дулааны инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.У нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дулааны станц, дулааны шугам сүлжээ төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн ба уг байгууллага нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын №21 дүгээр тушаалаар татан буугдсан байна.

... Ж.Улаанбаатар нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш нийт жил гаруй хугацаа өнгөрч байгаа ба энэ нь хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Манайх онцгой объект учир хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан хүнийг ажиллуулах боломжгүй. ... Ж.У-г дулааны инженерийн ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох үндэслэл үгүй болно гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 14-ний  өдрийн 846 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Х.Д.С төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.У давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу хууль хэрэглэн шийдвэр гаргалаа.

Энэ хэрэг нь үндсэндээ ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад өвчний хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдан улмаар эдгэрсний дараа ажил, албан тушаалдаа орох гэсэн л хэрэг.

... хүнд өвчний учир хурц хордлогод орж эмнэлэгт үхэх, сэхэхийн заагт байхад ажил албан тушаалаас чөлөөлсөн, ... нийгмийн даатгалын сангаас мөнгө авахын тулд дүр эсгэсэн шийдвэр гаргасан. ...Намайг ажлаас халсныг ерөөсөө мэдээгүй, бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн.

... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн намайг “Д.С” төрийн өмчит хувьцаат компанийн засварын инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.У-нь “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ... урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...уг байгууллага татан буугдсан, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...онцгой обьект учир хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан хүнийг ажиллуулах боломжгүй” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Ж.У-нь “Дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захираа” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт  засварын инженерийн ажил эрхэлж байгаад өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа  90 хувиар алдсаныг 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа  тогтоох шийдвэрээр тогтоосон байна.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1-д хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэхээр заасан ба нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар 12 сараар тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр нь нэхэмжлэгч Ж.У-ын хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл болжээ. Иймд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас үндэслэлгүйгээр  чөлөөлсөн, нийгмийн даатгалын сангаас мөнгө авахын тулд дүр үзүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох, эдгэрсэн эсэхийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тодорхойлох бөгөөд эдгэрсэн тохиолдолд ажилдаа эргэн орох, эрүүл мэндэд харшлахгүй өөр ажилд шилжүүлэх хүсэлт гаргах эрх ажилтанд нээлттэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой баримтыг нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч хүлээх бөгөөд нэхэмжлэгч эдгэрсэн болохоо баримтаар нотлоогүй учир энэ шийдвэрээр түүнийг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй байна.

Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн талаарх нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарагддаг тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.У-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.У-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

                                     ШҮҮГЧИД                            Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                       Т.ГАНБАТ