Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүгдэгч: Б.Батмөнх,

Нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дураал овогт Баазарын Батмөнхөд холбогдох 201620000205 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Бошигтын хишигт компанид хамгаалагч  ажилтай, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 7-р баг 25-11 тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай Хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай захирамжаар суллагдсан, РД:ОЮ89010138, Дураал овогт Баазарын Батмөнх.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Батмөнх 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг 5-1 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн И.Ууганбаярыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч И.Ууганбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “ Би 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед багын найз Цогзолмаатай хамт Андууд цогцолборын караоке орсон. Би тэгээд өөрийн найз Цэрэнпил рүү залгаж хүрээд ир гэхэд удалгүй Цээгий гэх эмэгтэй хамт ороод ирсэн. Тэгээд бид 4 хоёр цаг аваад бас 0.5 л Ерөөл нэртэй нэг шил архи авсан. 18 цагийн үед бид нар уух юм аа дуусгаад Андуудаас гараад явж байхад Цээгий, Цогзолмаа хоёр гэртээ харилаа гээд яваад өгсөн. Тэгэхээр нь Цэрэнпил бид хоёр дахиад Улаан уулын ар талд гараад нэмж нэмж 2.5 л нэг пиво аваад уусан. Бид хоёр авсан пиво дуусгаад Цэрэнпил намайг барилгын хороонд байдаг манай хүргэн ах Хүрэлбаатарын гэрийн гадаа хүргэж ирээд салаад явсан. Би Хүрлээ ахын гэрт ортол миний төрсөн эгч Түмэнжаргал “чи яахаараа архи уухаараа манайд ирдэг юм бэ?” гээд уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь би танай гэрээс явлаа гээд цүнхтэй хувцасаа аваад гарах гэтэл манай хүргэн ах боль гэтэл манай эгч намайг хацарлуу алгадсан. Тэгээд дахиад алгадах гээд байхаар нь би түлхсэн. Тэгтэл тэр айлын хүргэн болох гэж байгаа залуу Б.Батмөнх орж ирээд намайг шууд нүү лүү цохисон. Тэгээд намайг гэрийн гадаа чирч гаргаад өшиглөөд түлхэж унагаад байхаар нь би урдаас нь эсэргүүцэх гэтэл манай хүргэн ах бид хоёрыг салгасан. Тэгээд удалгүй манай хамаатны залуу Бямбаа ирээд намайг гэрлүүгээ авч явсан. Би тэгээд Бямбаагийн гэрт хоносон” гэх мэдүүлэг / хх-24-р тал/,

            2. Гэрч Х.Мөнхгэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ амрах гээд байж байсан. Тэгээд удалгүй манай найз залуу Б.Батмөнх орж ирээд намайг хамт дэлгүүр гараад ирэх үү? гээд дагуулаад гарсан. Дэлгүүр ороод бид хоёр дүү нартай жимс чихэр аваад гэртээ буцаад иртэл манай ээжийн дүү И.Ууганбаяр гэрт ирчихсэн байсан. Б.Батмөнх бид хоёр гэрт ортол И.Ууганбаяр ах манай нөхөр лүү хэл амаар дайраад эхэлсэн. Тэгэхээр нь манай аав, ээж хоёр Б.Батмөнхийг хажуу гэр лүү ороод байж бай гээд гаргасан. Тэгсэн чинь И.Ууганбаяр Б.Батмөнхийн араас жижиг гэрийн хаалга онгойлгоод орох гэтэл Б.Батмөнх урдаас нь гараад ирсэн. Тэгээд би дүү нар уйлаад байхаар нь аргадах гээд гэрлүү буцаад орсон. Удалгүй гадаа И.Ууганбаяр ах орилж хашгираад байхаар нь би гараад хартал И.Ууганбаяр, Б.Батмөнх хоёр газар уначихсан ноцолдож байсан. Тэгээд аав, ээж хоёр салгах гээд байж байтал Бямбаа ирээд И.Ууганбаярыг аваад явсан“ гэх мэдүүлэг / хх-ийн 25-р тал/,

            3. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 440 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч И.Ууганбаярын биед тухайн гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээд уруулд язарсан шарх, дээд, доод, уруулд зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн тохойд зулгаралт, хүзүү, зүүн далны хэсэгт улайлт, хэвлийн доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт / хх-ийн 17-р тал/,

 4. Шүүгдэгч Б.Батмөнхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 35-р тал/,

 5.  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-42-р тал/,

 6. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай” захирамж /хх-ийн 36-37-р тал/,

 7. Шүүгдэгч Б.Батмөнхийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / хх-ийн 38, 45, 46, 47-р тал/,

 8. Шүүгдэгч Б.Батмөнх, хохирогч И.Ууганбаяр нарын байгуулсан Эвлэрлийн гэрээ /хх-ийн 49, 50-р тал /,

 9. Шүүгдэгч Б.Батмөнхийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “ 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн үед би өөрийн гэрээсээ хадам аавын гэр болох Улаан уулын доод талд очсон. Тэгэхэд би эхнэр Х.Мөнхгэрэлтэй хамт дэлгүүр гарсан. Удалгүй буцаад хүрээд иртэл хадам аавын гэрт бөөн хэрүүл болж байсан. Тэгээд хартал И.Ууганбаяр согтуу “би та нарыг бүгдийг чинь алаад шоронд явна ” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би та одоо боль хаана хэнтэйгээ архи уучихсан юм гэтэл И.Ууганбаяр “ чи юугаа мэддэг юм чиний нагац ах чинь болох хүн шүү” гэхээр нь хадам ээж Түмэнжаргал чи хажуу гэр лүү ороод байж бай гээд намайг гаргасан. Би хажуу гэрт ороод байж байтал гадаа хүмүүс орилоод шуугиад эхэлсэн. Тэгээд би гэрээс гартал хадам ээж чи боль гээд алгадаад унагасан. Тэгээр нь би чи одоо ээж аавыг цохиж зоддог хэн бэ? гээд нүүрэн тус газар нь гараараа цохисон. И.Ууганбаяр тэгээд босч ирээд чулуу авч дайраад намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Удалгүй Бямбаа ирээд И.Ууганбаярыг бариад тайвшруулах гэж үзсэн. Тэгсэн чинь хадам аав ээж хоёр намайг чи гэрт ороод байж бай гээд намайг гэрт оруулсан. И.Ууганбаярын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж байсан. Би тэр үйлдэлдээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд : Шүүгдэгч Б.Батмөнх нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг 5-1 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн И.Ууганбаярыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч И.Ууганбаяр, гэрч Х.Мөнхгэрэл нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 440 дугаартай шинжээч эмчийн  “Дээд уруулд язарсан шарх, дээд, доод, уруулд зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн тохойд зулгаралт, хүзүү, зүүн далны хэсэгт улайлт, хэвлийн доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэсэн  дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэг бүртгэлтийн болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батмөнх нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын  хорих ялаар шийтгүүлснээс Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил хорих ялыг өршөөн хасч, үлдсэн 8 сар 29 хоногийн хорих ялыг биеэр эдэлж байгаад 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  эдлээгүй үлдсэн  06 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 26-нд тэнссэн суллагдсан эдлээгүй үлдсэн ялын хугацаа дууссан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан ялтай байдал дуусаагүй байхад дээрхи гэмт хэргийг үйлджээ. 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч И.Ууганхүү нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн талаархи нотлох баримт болох эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байгаа боловч шүүгдэгч Б.Батмөнх ялтай байх хугацаандаа энэ гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

Энэ хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дураал овогт Баазарын Батмөнхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан шүүгдэгч Б.Батмөнхөд  1 / нэг /  сар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилсан эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч Б.Батмөнх энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурьдсугай.

                 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ГАНСҮХ