Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00042

 

Х.Б.О.А.Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, хариуцагч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 688 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Б.О.А.Ж.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э холбогдох

Ан амьтны экологи-эдийн засагт учруулсан гэм хорын хохиролд 118,400,000 /нэг зуун арван найман сая дөрвөн зуу мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Р.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Э нь ... савар 8 ширхэг, баавгайн доньд 2 ширхэг, бугын цусан эвэр 500 гр, бугын сүүл 7 ширхэг, бугын чив 3 ширхэг зэрэг түүхий эд зүйлийг тээвэрлэн авч явсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалган амьтын аймагт учруулсан хохирол нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон.

...Иймд баримтаар нотлогдож буй хохирол болох 118,400,000 төгрөгийг хариуцагч Д.Э-аас гаргуулж хохирлыг барагдуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэхь хэсэгт зааснаар хориглосон ан амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан үйлдэлдээ хариуцлага хүлээн өршөөлийн хуульд хамрагдсан юм.

...Би энэ хэрэгт холбогдон шалгагдсанаас хойш биеийн болоод сэтгэл санааны асар их шаналал хохирлыг биеэр амсаж эдэлж явна. Эрүүл мэнд сайнгүй учир эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Дээр нь орлого тогтмол биш, ажил хөдөлмөр эрхэлдэггүйгээс амьжиргааны доод түвшинд байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан төлбөрөөс чөлөөлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 688 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2, 229 дүгээр зүйлийн 229.2, Ан амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хариуцагч Д.Э-аас Ан амьтны экологи-эдийн засагт учруулсан гэм хорын хохиролд 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулж, Х.Б.О.А.Ж.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу 38,400,000 /гучин найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Х.Б.О.А.Ж.Г-ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Э-аас 557,950 /таван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:  ...шийдвэрийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй тул хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Нэхэмжлэгч Р.Ж нь хариуцагчийг ховор амьтан агнаж байгаль орчинд хохирол учруулсан байдаг ... гэжээ.

Хариуцагч нь ... түүхий эдийн зүйлийг худалдан авсан үйлдэлдээ хариуцлага хүлээж, улмаар өршөөлийн тухай хуульд хамрагдсан байдаг. Түүхий эдийн зүйлийг нь тоо ширхгээр хураан авч, улсын орлого болгосон талаар прокурорын тогтоол гарсан нь хэргийн материалд авагдсан.  

2. Ховор ан амьтан агнасан тохиолдолд түүний үр дагавар нь ан амьтан экологи эдийн засгийн үнэлгээ хийгдэх ёстой, гэтэл хариуцагч Д.Э гэгч эмэгтэй нь ан амьтан агнаагүй, түүхий эдийн зүйлийг нь худалдан авч явсан нь нэгэнт тогтоогдсон байхад  ... агнасны улмаас гэм хор учирсан гэж үзэн, гэм хорын хохиролд тооцож 80,000,000 төгрөг хариуцахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулжээ. Ан амьтны түүхий  эдийн зүйлийг тусад нь тусгайлж үнэлдэггүй тул хариуцагчаас гэм хорын хохиролд төлбөр гаргах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх амьтны аймагт учирсан хохирлыг нэхэмжлэгч байгууллагад  олгохоор шийдвэрлэсэн, хуулийн нэрийг буруу бичсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Х.Б.О.А.Ж.Г- нь хариуцагч Д.Э-аас 118,400,000 төгрөг нэхэмжлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Амьтны тухай хуулийн 37.2-т зааснаар 2 дахин өсгөж төлөх ёстой” гэж тодорхойлсон байх ба хариуцагч Д.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар хориглосон ан амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан үйлдэлдээ хариуцлагаа хүлээн өршөөлийн хуульд хамрагдсан” гэсэн тайлбар гаргасан байна.

Хариуцагч Д.Э нь  “...78 ширхэг буюу 22 кг бугын ясан эвэр, 2 ширхэг буюу 500 гр бугын ясжсан эвэр, баавгайн савар 8 ширхэг, баавгайн доньд 2 ширхэг, бугын цусан эвэр 500 гр, бугын сүүл 7 ширхэг, бугын чив 3 ширхэг” зэрэг ховор амьтны түүхий эдийг худалдан авч, тээвэрлэн Монгол орны байгаль орчин, амьтны аймагт  59,200,000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож,  гэм буруугаа хүлээн мэдүүлж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Тээврийн прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 855 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Хариуцагч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг үндэслэн түүний үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн нь хариуцагчийг учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд прокурорын тогтоолд  “...хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулахаар түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэх эрхтэй” гэж шийдвэрлэсэн тул хариуцагч Д.Э-аар амьтны аймагт  учруулсан  хохирлыг  нөхөн төлүүлэх  үндэслэлтэй.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж” тогтоохоор, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт”  олгохоор   заасан бөгөөд  тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан тохиолдолд тухайн зүйл, ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулахаар хуульчилжээ. Иймээс амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж хариуцагч Д.Э-аар төлүүлэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх  “...хариуцагчийн тайлбар болон эд хөрөнгийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тухайн хохирол, гэм хор учруулахад хохирогчийн “...гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй” болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн”  гэсэн үндэслэлээр  гэм хорын хохиролд хуулиар тогтоосон хэмжээнээс бага хэмжээгээр буюу 80,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул төлбөрийн хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 688 дугаар шийдвэрийн  1 дэх заалтын “Ан амьтны” гэснийг “Амьтны” гэж, “Х.Б.О.А.Ж.Г-т олгож”, гэснийг “Улсын орлогод оруулж” гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Э-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.СОСОРБАРАМ 

                                    ШҮҮГЧИД                             Ё.БЯМБАЦЭРЭН                                                                    

                                                                                             Т.ГАНБАТ