Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0898

 

  .      

 

 

 

 

  

2021         12             21                                     2021/ШЦТ/0898

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2021/0914

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч Э.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А д холбогдох эрүүгийн “2109” дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.А  нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маяами” зочид буудалд хохирогч Д.Б тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.А   нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маяами” зочид буудалд хохирогч Д.Б тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Цагдаагийн байгууллагад хохирогчийн гаргасан гомдол /хх-ийн 11 тал/

Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед манай байгууллагынхан наадам болж байна гээд ажлынхнаараа ажил дээрээ хорхог хийж идсэн. Тэгсэн гаднаас өмнө ажиллаж байсан гэх нэг охин орж ирээд доромжлоод байна гэж манай угаалгын ажилтан хэлсэн. Тэгэхээр нь би караокены 3 дугаартай өрөө рүү ороход тэр өрөөнд 2 охин нэг залуу сууж байсан. Би тэд нарыг огт танихгүй. Миний дүү нар яасан билээ юун хүүхдүүд билээ гэхэд нэг охин нь би танайд өмнө ажиллаж байсан юмаа. Танай энэ ажилтан надтай муухай харьцаад байна гэсэн. Тэгээд би асгасан шар айргийг нь арчаад манайх ажиллахгүй байгаа миний дүү, баяр болж байна. Чи энэ шар айргаа уугаад яваарай гэж хэлсэн. Тэгсэн за за уучлаарай эгчээ гээд үлдсэн. Тэгээд би ажлынхантайгаа дээшээ хорхогоо идэх гээд эд зүйлээ зөөж байсан. Тэгсэн караокены ажилтан Цэрэндолгор гэх эмэгтэйг нөгөө өрөөнд байсан эмэгтэй нь өрөөний буланд шахсан алгадаж байсан. Тэгэхээр нь би хараад уг өрөө рүү ороод хүүе ээ миний дүү яаж байгаа юм бэ гэсэн. Тэгсэн цаана сууж байсан нөгөө охин нь бас давхар үсдээд би тэнд коридорт газарт унасан. Тэгээд манайхан арай гэж салгаад гаргах гэсэн боловч гарахгүй байсан. Тэгээд байж байхад дахин Э.А  гэх эмэгтэй нь үсдэж коридорт дахин унагаасан. Тэгээд салгах гэсэн салахгүй тэнд хамт явсан залуу манай эмэгтэй ажилчдыг салгах үед хориглоод байсан. Тэгээд намайг салгаж Э.А  нь зууралдаад хамт газарт унаад над руу хөлөөрөө тийрээд байсан. Тэгээд манай нөхөр тухайн үед буудлын өрөөнд унтаж байсан болохоор мэдээд орж ирж салгасан. Тухайн үед намайг Э.А  гэх эмэгтэй нь л цохиж зодсон. Нөгөөх нь зүгээр зууралдаад байсан. Надад учруулсан гэмтлийг Э.А  гэх эмэгтэй нь учруулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч О.Цэрэндолгорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Буяннэмэх эгч бид хоёр үлдэж аяга тавгаа цэвэрлээд юмаа цэгцлээд байж байтал гаднаас хуучин ажиллаж байсан Э.А  эмэгтэй, эрэгтэй найзтайгаа орж ирээд 3 дугаартай өрөөнд ороод сууцгаасан. Тэгээд Э.А  намайг өрөөнд дуудахаар нь яваад очсон чинь танай караоке яагаад ажиллахгүй байгаа юм бэ гэхээр нь би ажиллахгүй байгаа гэсэн чинь Э.А тай хамт явж байсан эмэгтэй найз нь намайг гараараа 1 удаа нүүр рүү алгадсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь намайг Э.А  гичий нохойгоор минь харааж байтал Буяннэмэх эгч орж ирээд Э.А  болон түүний эмэгтэй найзад хандаж та нар яаж байгаа юм бэ гэсэн чинь Э.А  нь Буяннэмэх эгчийг зуураад Буяннэмэх эгчийн нүүр рүү нь гараараа цохиод байсан. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна, таваас дээш удаа цохисон. Тэгээд би салгах гэсэн боловч дийлэхгүй байхаар нь дээшээ Батцэцэг эгчийг дуудаад дагуулаад орсон чинь газар Буяннэмэх эгч унасан байсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирсэн...Тухайн үед буюу зодоон болоод дууссаны дараа Буяннэмэх эгчийн хоёр нүд нь хөхөрсөн, дух нь хавдсан, үс нь сэгсийсэн байсан. Харин Э.А ын биед болон түүний эмэгтэй найзынх нь биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Гэрч Ч.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Буяннэмэх эгчийг хүн цохичихлоо гэж надад Цэрэндолгор хэлсэн. Тэгээд би доошоо буугаад хартал манай захирлын ээж Буяннэмэх манай ажил дээр хуучин ажиллаж байсан Э.А тай маргалдаад хоорондоо газар уначихсан байсан. Тэгэхээр нь Э.А ыг чи одоо боль гээд хэлсэн чинь огт үгэнд орохгүй байсан. Удалгүй салцгаасан...Тэр үед Буяннэмэх эгчийн нэг нүд нь хөхөрсөн, дух нь хавдсан байсан. Харин Э.А ын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэр үед Буяннэмэх эгчийн биед учирсан гэмтлүүдийг манай хуучин ажиллаж байсан Э.А  үүсгэсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 36-37 тал/,

Гэрч Н.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Захирал нь гээд нэг эгч орж ирээд энд юу болоод байгаа юм бэ гэхээр нь энэ хүн согтуу бид нарыг дарамтлаад байна гэсэн чинь тэр захирал гэх эгч за уучлаарай гээд тэр согтуу эгчийг аваад гарсан. Тэгээд авч гарахаар нь би тамхины өрөө рүү орох гэж байтал намайг согтуу эгч зайлаарай мангар бацаан минь гэхээр нь би тоогоогүй тамхиа татаад буцаад өрөө рүү орсон чинь араас дахиад согтуу эгч орж ирээд та нар яагаад манай захиралд худлаа хэлээд байгаа юм бэ гэж дахиад хэрүүл хийсэн. Тэгээд уг өрөөнд хэрүүл болж байтал араас зөөгч охин, захирал гэх эгч нар орж ирээд захирал гэх эгч нь та нарыг тэгээгүй гэж байна шүү дээ гээд тэд нар бүгд бид гурав руу дайраад байхаар нь би болон манай найзууд бид нар тухтай суумаар байна гэсэн чинь манай найз Манал зөөгч охинг одоо та нар гарчих гээд түлхсэн чинь захирал гэх эгч нь Э.А ыг эхлээд шууд нүүр рүү гараараа цохиод байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь тэг согтуу эгч Э.А ыг бас цохиод байсан. Тэгээд тэр үед шуугиан болж байхад захирал гэх эгчийн нөхөр нь бололтой нэг ах орж ирээд намайг цохиж зодсон. Намайг зодож байхад нөгөө захирал эгч Э.А ыг үсдээд өрөөнөөс аваад гарсан. Тэгээд би тэр ахаас салаад араас нь гарсан чинь Э.А ын дээр захирал гэх эгч цохиж зодож байхаар нь би тэр захирал гэх эгчийг Э.А аас салгаад Э.А ыг өрөө рүү нь авч ороод хаалгаа түгжсэн. Тэгээд хаалга нүдээд байхаар нь та нар больчих. Бид нар цагдаа дуудлаа шүү гэсэн чинь захирал эгч бид нар цагдаа нартай уугаад сууж байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Гэрч Ч.Маналын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Захирал гэх эмэгтэй орж ирээд намайг үстсэн. Тэгэхээр нь манай найз Э.А  болиулах гэсэн чинь бас манай найз Э.А ыг үсдээд байж байсан чинь араас нь нэг ах орж ирээд бид гурвыг цохиод байсан. Тэгэхээр нь бид нар тэд нарыг гаргаад хаалгаа түгжсэн... Тэр үед захирал гэх эмэгтэйг манай найз Э.А  тэр хоёр хоорондоо үсдэлцэж байгаад газар унаад хоорондоо зууралдаад байсан. Цохиж зодуулсан асуудлыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 тал/,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн:

“...Д.Б ийн биед хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 6221 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58 тал/ болон шүүгдэгчийн энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 тал/ зэрэг баримтууд болно.
  • Шүүгдэгч Э.А ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86 тал /,
  • Шүүгдэгч Э.А ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 тал/,
  • Шүүгдэгч Э.А ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 89 тал/,
  • Шүүгдэгч Э.А ын хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 90 тал/,
  • Шүүгдэгч Э.А  нь 2016 онд Баянзүрх дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан талаарх Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн лавлагаа /хх-ийн 78 тал/
  • Шүүгдэгч Э.А ын “оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 25 дугаар хороо го парк энх тайвны өргөн чөлөө гудамж 107-р байр 98 тоот” /хх-ийн 88 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Э.А  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.А  нь согтуугаар Д.Б тэй эрүүл мэндэд нь эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.А ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Д.Б  нь шүүгдэгч Э.А д “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардал төлсөн..” гэсэн хүсэлтээ /хх-ийн 106 тал/ хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Э.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.А   нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22  зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Э.А ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ