Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 0040

 

                                                                                                                                                                                                                                                                

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ариун-Эрдэнэ

     Улсын яллагч: Т. Дэлгэрсайхан

      Шүүгдэгч Б.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сартуул овгийн Батсүхийн Болортуяад холбогдох 201618010098 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 00 настай, дээд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамтаар Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 28-54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Сартуул овгийн Батсүхийн Болортуяа /РД:ЧЗ/

Шүүгдэгч Б.Болортуяа нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв хатуу хучилттай замын 91-92 дахь км-т Тоёото Приус маркын 0000 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Азжаргал, Ч.Цэндсүрэн нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Азжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 07 сарын 06-ны өдөр найз Цэндсүрэн, Одгэрэл түүний охин, Б.Болортуяа мөн түүний охин нарын хамт шөнийн 00 цаг өнгөрч байхад гарсан. Tоyoto prius маркийн 40-64 УБИ улсын дугаартай машиныг Болортуяа жолоодон түүний хажууд нь би сууж бусад нь хойд талын суудлыг хэвтүүлээд хэвтэж явсан. Улаанбаатар хотоос гараад хүмүүс унтаж явсан. Намайг унтаж байхад Цэндсүрэн надад хандаж “жолоочид хань болж яваа” гэж хэлсэн. Тэгээд би  сэрээд жолоочтой хамт сэрүүн явсан. Замд явж байгаад шөнө жахан удаавтар явж байгаад гэгээ орсны дараа жаахан хурдтай л явах шиг болсон. Осолд орохын өмнө жолооч надад “Энд нэг инээдэмтэй дуу байгаа” гээд машиныхаа хөгжмийг оролдож байсан. Тэгээд явж байгаад гэнэт машин 2 тийшээ дайвалзаад руль нь 2 тийшээ болоод байсан. Би найзыгаа тайвшираарай гээд хажуу тийшээ мөрөн дээр нь хүрч байгаад рулийг нь тэгшлэе гэтэл юу болсон нь мэдэгдэхгүй машин замаас гараад онхолдсон. Машин дотор би их манарсан байдалтай байсан ба нэг хүн авраарай гээд байхаар нь хартал Болортуяагийн толгой нь хавчигдсан байсан. Би толгойг нь гаргасан. Тэнд юу болсныг би сайн мэдэхгүй байна. Ухаан орж гараад байсан. Хөтөлийн эмнэлэг дээр зүүн гар нь гэмтсэн байхаар нь оёдол  хийсэн. Тэндээсээ Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд 2-3 цаг болоход надад ямарч тусламж үзүүлээгүй. Тэгээд Улаанбаатар хотод ирээд ГССҮТөвд хэвтсэн. Осол 5 цаг өнгөрч байхад гарсан байх яг сайн мэдэхгүй байна. Гадаа гэгээ орж байсан. Цаг агаар гайгүй байсан. Замын эргэлт эхэлж байсан. Эргэлтэн дээр жолоодлогоо алдсан байх. Урд талд сууж явсан цонхнууд хаалттай байсан. Болортуяа л жолоодож явсан. Хэдэн км цагийн хурдтай явсныг хараагүй мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

2. Хохирогч Ч.Цэндсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Хөвсгөл аймгийн Хатгал суманд Хөвсгөл далай орчим “Гастт Таус” нэртэй амралтын газар ажиллуулдаг юм. Би өчигдөр Хөвсгөл аймгаас машин жолоодож Улаанбаатар хот орсон. Өчигдөр орой 12 цагын орчимд манай найзууд манай ажил дээр очих гээд Улаанбаатар хотоос гарсан. Улаанбаатар хотоос гарахад Болортуяа машин жолоодон түүний хажууд Азжаргал суугаад Одгэрэл бид 2 Одгэрэлийн хүүхэд болон Болортуяагийн хүүхдийн хамт ор засаад бид 4 хотоос гараад унтсан. Би осол болох үед унтаж явсан чинь гэнэт машин зам дээр эвгүй займчиж хөдлөхөд нь сэртэл намайг босож өндийж чадаагүй байхад машин онхолдчихсон. Би осолын үед Болортуяа хэр хурдтай явж байсныг мэдэхгүй. Болортуяа болон бид нар огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Осолд орсон Тоёото Приус маркийн 40-64 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин. Одоогийн байдлаар миний биед ил харагдах шарх сорви үгүй, хавирга л хөндүүрлээд хөдөлж болохгүй байна. Надад ямар нэг гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

3. Иргэний нэхэмжлэгч Д.Одгэрэл  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:. …2016 оны 07 сарын 06-ны өдөр шөнө 1 цагын үед Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг орохоор охин Номинжин, найз Цэндсүрэн, Азжаргал, Болортуяа түүний охин Анударь бид нар гарсан. Toyoto Prius маркийн 40-64 УБИ улсын дугаартай машиныг Болортуяа жолоодон түүний хажууд Азжаргал сууж бусад нь хойд талын суудлыг хэвтүүлээд хэвтэж явсан. Улаанбаатар хотоос гарахад Болортуяа машин жолоодож явсан. Замд явж байхдаа би хэвтэж явж байсан. Осол гарахаас 5-10 минутын өмнө би Болортуяагаас “Нойр чинь хүрч байна уу, хүрвэл хэлээрэй гэж асуухад Болортуяа “Нойр хүрээгүй байна гэж надад хариулсан. Асуугаад охиныгоо тэврээд хэвтэж байтал машин 2 тийшээ дайвалзаад байсан. Хэсэг тэгж байгаад онхолдсон. Онхолдсоны дараа машин хажуу талаараа харсан байхад хойд хаалга замын хүн зогсож онгойлгож бид нарыг гаргасан. Тухайн осол гарсан газар утасны сүлжээ байхгүй байсан ба замд тусалсан хүн сүлжээтэй газар очоод дуудлага өгчие гэсэн. Осол гарсан газар байж байтал миний 2G утасны сүлжээ орж гараад байсан. Тэгээд эмнэлэг дуудаад дараа нь цагдаа дуудсан… гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

4. Хохирогч Ч.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Б.Дайрийжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Цэндсүрэн нь миний төрсөн эгч Б.Чулуунцэцэг гэх хүний төрсөн охин нь байгаа юм. Цэндсүрэн нь миний ажилладаг Хөвсгөл аймагт байдаг “Гастт Таус” ХХК-ийн  захирал бөгөөд Герман улсад ажиллаж амьдардаг. 2016 оны 07 сарын 20-ны өдөр зам тээврийн осолд орсон хэрэгт өөрийг нь төлөөлж оролцох талаар надад бичиг хийж өгөөд явсан. 2016 оны 07 сарын 06-ны өдөр би 11 цагын үед Хөтөлд ирээд Цэндсүрэнг аваад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч яваад тэндээс Дархан-Уул аймгийн эмнэлэгийн машинаар Улаанбаатар хотод ирсэн. 2016 оны 07 сарын 08-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл “Монгол Хюндай” хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо биеийн байдал нь гайгүй болж байгаа гэсэн. Надад Цэндсүрэн зам тээврийн осолд орсон талаар ямар нэг гомдол санал юу ч байхгүй. Өөрөө ч ямар нэг гомдол санал байхгүй гэсэн бичиг хийж өгөөд явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

5. Сэжигтэн Б.Болортуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 07 сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагын үед Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг орохоор Тоёото Приус маркийн 40-64 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон найз Одгэрэл, Цэндсүрэн, Азжаргал, Одгэрэлийн охин Номинжин /06 настай /, өөрийн охин Анударь /09 настай/ нарын хамт явсан. Би машин жолоодож урд талын суудал дээр Азжаргал сууж хойд талын суудал дээр бусад нь сууж явсан. Бид нар гараад явж байхдаа хойно сууж явсан хүмүүс сандал хэвтүүлэн ор болгоод унтаж явсан. Урд сууж явсан Азжаргал болон би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Замдаа явж байгаад Төв аймгийн Урьхан гэдэг газар 3 цагийн үед зогсоод эргээд хөдөлсөн. Дархан-Уул аймаг өнгөрөөд Орхон аймаг явах замд явж байгаад Дарханаас 91-92 дахь км-т явж байгаад өглөө 06 цагийн үед би машинаа жолоодож явж байгаад хөгжимөө чангалах гээд урагшаа оролдож байтал баруун талын дугуй гэнэт хажуу тийшээ болоод 2 тийшээ хольбилзож байгаад замаас гараад хөндөлдөж онхолдсон. Онхолдсоны дараа бид нарыг замын машин зогсож машин дотроос гаргаж ирсэн. Бид нар арын хаалгаар гарч ирсэн тэгээд машин дотор байсан хөнжилийг гаргаж найз нараа хэвтүүлсэн. Цагдаа, эмнэлэг дуудах гэтэл сүлжээ байдаггүй цаг гаран зам дээр зогссон. Одгэрэлийн утас нь сүлжээтэй байхаар нь цагдаа дуудсан. Гэтэл Орхон аймгаас ч юмуу хаанаас ч юм эмнэлэгийн машин ирж манай найз нар болон хүүхдүүдийг авч явсан. Би осол гарсан газраа үлдсэн. 40-64 УБИ улсын дугаартай машин найз Цэндсүрэнгийн эзэмшлийн машин. Би 2000 онд жолооч болсон. Түүнээс хойш машин жолоодож байгаа. Дунд нь гэхдээ завсарласан. Өмнөх өдөр нь Цэндсүрэн нь нойргүй явсан гээд би жолоодож явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 хуудас/

 6. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №9622 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:                        1.Б.Азжаргалын биед зүүн шуунд шарх, дух, зүүн ташаа, баруун гуянд цус хуралт, зүүн даланд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн шууны шарханд анхдагч цэгцэлгээ хийгдсэн тул ямар зүйлийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй байна.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдантанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 42-45 хуудас/,

7. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №9590 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Ч.Цэндсүрэнгийн биед сээрний 11, 12-р нугалам, ууцны 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун өгзөг цавь, зүүн мөрний цус хуралт, баруун сарвууны зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын улмаас үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмтэл хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Хутгаар үүсгэгдэхгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 55-57 хуудас/,

 

8. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Х.Мянганбаярын 2016 оны 07 сарын 27 ны өдөр гаргасан ¹19 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Осолын шалтгаан нь Тоёото Приус маркийн 4064 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Болртуяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээрийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Зам тээврийн осол гарахад зам болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

3. Хэргийн газрын фото зургаас харахад хатуу хучилттай зам дээр үүсэн мөр тоормосны мөр биш уг тээврийн хэрэгслийн дугуйны эргэлтийн мөр байна.

4. Жолооч Б.Болортуяа нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна.

5. Осолын шалтгаан нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд: 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдлыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтэрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан... гэсэн дүгнэлт /хх-ийн 90-96 хуудас/,

9. Бан Хас ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-83-р хуудас/

10. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10-р хуудас/,

11. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 7 хуудас/

12. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: ...Б.Болортуяа нь ял шийтгэгдэж байгаагүй ... гэсэн хуудас /хх-ийн 118-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Болортуяа нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв хатуу хучилттай замын 91-92 дахь км-т Тоёото Приус маркийн 40-64 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Азжаргал, Ч.Цэндсүрэн нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Азжаргал, хохирогч Ч.Цэндсүрэн нарын мэдүүлэг, хохирогч Ч.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Б.Дайрийжавын мэдүүлэг, шүүгдэгч Б.Болортуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэнээр өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №9622 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07  дугаар сарын 18-ны өдрийн №9590 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №19 тоот замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, Бан Хас ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь нотлогдсон гэж үзэж шүүгдэгч Б.Болортуяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Гэвч хохирогч Б.Азжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Б.Болортуяад холбогдох эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон Болортуяа миний эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг өгч эмчилгээ хийлгэсэн. Эргэж тойрч халамж анхаарал хангалттай тавьсан. Тиймээс миний бие эрүүл сайхан болж байна. Иймийн тулд хохирлыг минь хангалттай барагдуулсан. Бид нар сайн дураараа эвлэрсэн. Одоо гомдол санал юу ч байхгүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дахин ямар ч гомдол санал байхгүй.... гэсэн хүсэлт, хохирогч Ч.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Б.Дайрийжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Б.Болортуяад холбогдох эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон Болортуяад Ч.Цэндсүрэн сайн дураараа эвлэрсэн тул энэхүү хэргийн хууль ёсны төлөөлөгч Б.Дайрийжав надад үлдээсэн тул хохирол гомдол санал байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Болортуяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас Б.Азжаргал, Д.Цэндсүрэн нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь зүйтэй боловч  энэ гэмт хэрэг  нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж, гэм хорыг арилгасан, хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Б.Болортуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Зам тээврийн осолын улмаас иргэн Д.Одгэрэл, насанд хүрээгүй иргэн Б.Номинжин, Д.Анударь нарын бие махбодид шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй тул шүүх үнэлж дүгнээгүй болно. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Болортуяагийн В ангилалын №187778 дугаартай жолооны үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Болортуяад буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Болортуяа нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Болортуяад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овгийн Батсүхийн Болортуяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Болортуяад холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Б.Болортуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн В ангилалын Б.Болортуяагийн эзэмшлийн №00000000 дугаартай жолооны үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Болортуяад олгосугай.

4.Шүүгдэгч Б.Болортуяа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч Б.Болортуяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Болортуяад авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ДЭЛГЭРСАЙХАН