Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0355

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 22 өдөр             Дугаар 128/ШШ2020/0355           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.А, Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 13,468,730.40 төгрөгийн татвар суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагч Т.А, Б.М хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлагадаа: “...Т.Б ХХК нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд авто ломбардын үйл ажиллагааг Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу “Фидуцийн гэрээ”-г байгуулж, бусдын авто машин буюу хөдлөх эд хөрөнгийг дээрх хуулийн этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн авч зээл олгодог бөгөөд зээлийн гэрээний үүрэг биелэгдмэгц буцаан автомашиныг өмчлөгчид шилжүүлдэг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Гэтэл зээл авсан иргэн, хуулийн этгээд нь зээлээ гэрээнд заасан хугацаанд нь эгүүлэн төлөхгүй байх нөхцөл байдал үүсдэг бөгөөд мөн хуульд заасан тээврийн хэрэгслийн татварыг төлөхгүй байх зөрчлийг бий болгодог. Энэ байдлаас үүдэн манай хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн данснаас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс дээрх барьцаалан зээлдсэн авто машины татвар болох 13,468,730.40 /арван гурван сая дөрвөн зуун жаран найман мянга долоон зуун гуч/ төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шууд суутган авсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д заасныг зөрчсөн хууль бус үйлдэл болохыг тогтоолгохоор харьяалах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үед захиргааны акт гарган бусдын мөнгийг дур зоргоор татан авч манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон гэж үзэж байна. Энэ үйлдэлд хамаарах заалтын талаар Захиргааны ерөнхий хуулийн 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заажээ.

Эдгээр автомашинуудыг бид өөрийн байгууллагын нэр дээр шилжүүлэн авч зээл олгож буй үйлдэл нь хууль ёсны үйлдэл бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлд хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч үүргийн гүйцэтгэлийг хангуулж болох талаар тодорхой тусгасан байна. Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна" гэсэн зохицуулалтын дагуу эзэмших эрхийг олж авч, түүний үндсэн дээр эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа этгээд тухайн эд хөрөнгөтэй холбоотой үүргийг хариуцахаар иргэний хуульд зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг шууд өөрийн эзэмшилд эзэмшиж ашиглаж, үр шимийг хүртэж байгаа этгээд нь шууд эзэмшигч бөгөөд авто тээврийн хэрэгсэлд хамааралтай татвар болон бусад зардлыг хариуцахаар байна. Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нь энэхүү хуулийн зохицуулалтын дагуу шууд эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй этгээдийг шууд эзэмшигч гэж үзэж хуульд заасан татварыг төлүүлэхээр суутгал хийсэн захирамжилсан үйл ажиллагаа нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаар дээрх захирамжилсан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны журам зөрчсөн бөгөөд хуулийн 24 дүгээр зүйлд заасан тухайн нөхцөл байдлыг тогтоох үүргийг хүлээсэн захиргааны байгууллага уг үүргээ биелүүлэлгүй шууд суутгал хийсэн нь ноцтой зөрчил болсон. Хэрэв хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ захиргааны байгууллага биелүүлсэн бол тээврийн хэрэгслүүдийн харьяалах шууд эзэмшигч нарыг олж тогтоох, түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, татварыг төлүүлэх хууль зүйн боломж байсан боловч хуульд заасан арга хэмжээг аваагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй буюу захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсох ажиллагааны талаарх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шууд захирамжилсан хууль бус үйлдлээр хуулийн этгээдийн эзэмшлийн данснаас татварын суутгалыг хийсэн нь үндэслэлгүй байна.

Манай компани дээрх асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан харьяалах дээд шатны байгууллагад хандаж гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуд хуулийг буруу тайлбарлаж, гомдлыг хангаж шийдвэрлэхээс татгалзсан байна. Ингэхдээ Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, эзэмшиж буй хувь хүн, аж ахуй нэгж, байгууллага албан татвар төлөгч байх”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулахаар заасан” зэрэг хуулийн заалтуудыг үндэслэсэн байх бөгөөд эдгээр зохицуулалтын агуулга нь Монгол улсын бүртгэлд байгаа автотээврийн хэрэгсэлд албан татвар ноогдуулах буюу тухайн тээврийн хэрэгсэл улсын бүртгэлээс хасагдаагүй л бол албан татварыг ноогдуулна. Мөн тухайн автотээврийн хэрэгслийн албан татварыг тухайн автотээврийн хэрэгслийг эзэмшиж буй этгээд хариуцан төлөхөөр зохицуулсан байна. Иргэний хуулиар эд хөрөнгийг эзэмших буюу эзэмшигчээр ойлгох этгээдийн тухай ойлголтыг тодорхойлсон байх бөгөөд энэ тохиолдолд авто тээврийн хэрэгслийг шууд эзэмшилдээ авч ашиглаж, хэрэглэж буй этгээд эзэмшигчээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл манай байгууллагын зүгээс иргэний хуульд заасан үндэслэлээр барьцаа хөрөнгийг байгууллагын нэр дээр бүртгүүлсэн хэдий боловч тухайн авто тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаагүй тул холбогдох татварыг төлөх нь үндэслэлгүй болно.” гэжээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр татварын суутгал хийж байгаа үйлдэл нь захиргааны байгууллагын захирамжилсан шийдвэр буюу үйл ажиллагаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан журамласан шинжтэй үйлдэл байна.

Иймд тус мэдэгдлийн дагуу татварын улсын байцаагч нар суутгал хийсэн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг хангаж байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13,468,730 төгрөгийн татварыг суутган авсан үйлдэл нь захиргааны акт болно. Сүхбаатар дүүргийн татварын татварын улсын байцаагч нарын татварын шууд суутгал хийсэн акт нь хуульд нийцээгүй мөн нэхэмжлэгчийн эрх ашгийг илт хохироосон байна.

Иймд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13,468,730.40 төгрөгийн татварыг суутган авсан акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус шинжтэй байх тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Т.Б ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ байгуулах буюу бусдын хөдлөх хөрөнгийг барьцаалдан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг компани. Энэ компанийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нараас 13,468,730 төгрөгийн татварын суутгал хийсэн үйлдлийг захиргааны акт гэж үзээд тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хуулийн этгээдийн ашиг сонирхолд хуулиар халдах үндэслэл байгаагүй байхад халдаж, татварыг суутгаж авсан гэж үзэж байгаа. Учир нь татварын суутгал нь Иргэний хуульд заасны дагуу эзэмшил гэдэг ойлголт 89 дүгээр зүйлд заасны дагуу үүсэж байгаа.

Эзэмшлийг шууд болон шууд бус байдлаар ангилсан. Авто тээврийн албан татвар ногдуулах тухай хуульд зааснаар эзэмшигчээс татвар ногдуулах буюу шууд болон шууд бусаар татвар ногдуулах нарийвчилсан зохицуулалт байгаагүй. Тухайн автомашинтай холбоотой татварыг хэн төлөх вэ гэхээр тухайн авто машиныг эзэмшиж хэрэглэж байгаа этгээд буюу жинхэнэ өмчлөгч нь төлж барагдуулах үүрэгтэй. Бидний хувьд өөрсдийгөө өмчлөгч гэж үзэхгүй байгаа. Учир нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу зөвхөн үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлж авч байгаа болохоос Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан захиран зарцуулах эрх, үүргийг эдлэх боломжгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй нөхцөлд машиныг захиран зарцуулах боломжгүй. Шүүхээр шийдвэр гаргуулсны дараа тус машиныг захиран зарцуулж худалдан борлуулах, эсхүл өөрсдийн мэдэлд авах эсэх асуудал хөндөгдөнө. Одоогийн байдлаар энэ асуудлыг тодорхойлоход нэхэмжлэгч жинхэнэ өмчлөгч болоогүй фидуцийн гэрээний үндсэн дээр шилжүүлээд авчихсан байгаа тохиолдолд тухайн авто машинтай холбоотой татварыг суутгаж авсан нь хуульд нийцэхгүй байна. Тухайн хуулийн этгээдийн ашиг сонирхолд хуульд заасан үндэслэл байхгүй байхад халдлаа гэж үзэж байгаа. Иймд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 сая 468 мянга 730 төгрөгийг суутгасан актыг илт хууль бусад тооцож өгнө үү.

Улсын дугаараар нь авто машины татварын ногдлыг өмчлөгч нь төлсөн байсан гэх маргаан байхгүй. Тусгайлж тэр дугаарын машины татварыг төлсөн байсан, давхардсан гэх зүйл байхгүй. Бүхэлд нь маргаж байгаа. Зээлийн гэрээгээ дуусгавар болгоод эзэмшигч солих бичгийг нь хийж өгсөн ч нөгөө хүн нь нэр дээрээ болгож солиогүй, компани эзэмшигч хэвээр яваа авто машины тооцоог нь гаргаагүй.

Хариуцагч сая өмнөх өмчлөгчийн мэдээллийг авч болно гэж байна. Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа нөхцөл байдлыг тодорхойлох үүргийнхээ хүрээнд захиргааны байгууллага эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдтэй ярилцаж сонсох ажиллагаа хийнэ. Тэгээд манайхаас мэдээлэл авахдаа “танайх яагаад ийм олон машины өмчлөгч болоод байгаа юм бэ?” гэдгийг асууна. Тэгвэл манай талаас энэ олон машины талаар мэдээллийг өгнө. Бид фидуцийн гэрээний үндсэн дээр өөрсдийнхөө нэр дээр бүртгэлтэй болгоод байгаа. Түүнээс биш тэр машиныг бид шууд эзэмшээд, ашиглаад байгаа зүйл байхгүй гэдгийг.

Нөгөө талаас татвар яагаад банк бус санхүүгийн байгууллагуудтай хамтарч чаддагүй юм бэ? гэдэг асуудал яригдана. Нэр дээр нь байгаа учраас төрийн оролцоотой шууд данснаас нь татан авдаг. Энэ нь нэг талаас татварт амар боловч нөгөө талаас банк бус санхүүгийн байгууллага буюу бусад хуулийн этгээдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг. Гэрээ байгуулаад мөнгөө өгсөн нөхдүүдээс дахиж татвар аваад дээрээс нь торгууль, алданги хүлээлгэх нь боломжгүй гэж үзэж байна.

Татварыг зам ашиглаж, агаар ашиглаж байгаа нөхдүүд төлөх ёстой гэж үзээд байгаа. Шийдвэр гаргахдаа нөхцөл байдал тогтоох үүргийг захиргааны байгууллага хийж нэхэмжлэгч, хариуцагч хамтран ажиллаад барьцаалуулагч этгээдийг тогтоох боломж бий. Нэр, хаяг, утасны дугаар, регистрийн дугаар нь бий. Мөн татварын байгууллага хамтарч ажиллаад өмнөх өмчлөгчийн зарим татварыг авах боломжтой гэж байгаа. Т.Б ХХК-ийн данснаас шууд суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэл нь  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг.” гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байх, улмаар 6 дугаар зүйлийн 6.1-д улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна гэж заасан байна.

Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл, “Автотээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нэг талаас Зам тээврийн хөгжпийн яам нөгөө талаас Татварын ерөнхий газар хооронд “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ” хийгдсэн бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар Зам тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллага Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ирүүлсэн автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газар мэдээллийн санд бүртгэн албан татвар, төлбөр ногдуулдаг болно. Нэхэмжлэл гаргасан байгууллага нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж автотээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр эзэмшигчээр бүртгүүлсэн тул Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгч болж байна.

Иймд албан татварыг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байдаг. Татварын алба хуулийн хугацаанд төлөөгүй автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураахаар Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д тус тус заасан татварын өр хураах ажиллагааг хэрэгжүүлсэн нь хуулийн үндэслэлтэй болно.” гэжээ.

Хариуцагч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Татварын ногдлын 60 хувийг татаад үлдэгдэл 40 хувийн ногдлыг төлөх үүрэг нь байгаа. Гэхдээ манайхтай очиж уулзсан. Тус компаниас шилжүүлээд явсан машинууд байна гэсэн. Бид бичгээр хариу өгсөн, Авто тээврийн үндэсний төв дээр очиж албан ёсоор шилжүүлээгүй хүмүүс нь аваад явсан. Торгууль нь хүртэл манай дээр ирдэггүй” гэсний дагуу манайх 60 хувийн таталт хийгээд 60 хувьд ногдох авто машиныг өөр дээрээ байгаа гэсэн жагсаалтаа гаргаж өг. Бид энэ жагсаалтанд дээр үндэслэн тухайн авто машины татварыг хаагаад задалж өгнө” гэсэн аман ярилцлага явсан. Гэтэл тэр баримтаа гаргаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үлдэж байгаа 40 хувийн татварын өр ногдох машинуудын хувьд тухайн хүн унаж явж байгаад төлсөн байх магадлалтай. Тэгэхээр дахиж гаргаж болно гэсэн үг.

Автомашины улсын дугаараар татвар ногдоод төлөгдөнө. Тэр нь программ дээр нэхэмжлэх ирсэн учраас тухайн хүн машины улсын дугаарыг хэлээд төлнө. Төлсөн тохиолдолд Т.Б ХХК-ийн нэр дээр үүссэн ногдол эдний татварын дүнгээс хасагдана. Программаас давхардуулахгүйгээр татвар ногдуулах, төлүүлэх боломж байгаа. Улсын дугаараар татвар ногдоод, төлөгдөнө. Тухайн машины дугаарыг хэлээд төлөхөд эдний нэр дээр шилжээгүй байсан ч төлсөн гэж орж ирнэ.

Авто тээврийн хэрэгслийн татвар болон агаар бохирдуулсны, зам ашигласны төлбөр нийлээд 22 сая төгрөгийн ногдол үүссэн. Авто зам ашигласны төлбөрийг тухайн машины үзүүлэлтээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээ байдаг. Анх  авто зам ашигласны төлбөрийг Авто замын газар өөрсдөө хураая гэснээ татвартай холбож өгөөд татварын зүгээс авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр нэг төсвийг бүрдүүлдэг учраас хамтад нь хураадаг болсон. Анх агаарын бохирдлын төлбөр, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар авч байсан. Авто зам ашигласны төлбөрийг 2013 оноос хойш авч эхлээд татвартай нь холбож өгсөн. Зам ашиглалтын төлбөр машины даац төрлөөс шалтгаалж өөр байдаг. Ачааны машин 70 мянган төгрөг, суудлын машин моторын багтаамжаас шалтгаалаад 20-30 мянга төгрөг байх жишээний. Агаарын бохирдолд оношлогоог үндэслэдэг. Авто тээврийн үндэсний төвд машинууд бүртгүүлээд бохирдуулах хэмжээнээс хамаараад 1800-9500 төгрөг байдаг. Гааль дээр импортоор буугаад хамгийн анхны оношлогоонд ордог. Тэр системээс агаарын бохирдлын төлбөр хэдэн төгрөг ногдох вэ гэдэг нь харагддаг.

22 сая төгрөгийн ногдол мэдэгдэл өгөх үеийн байдлаар буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний байдлаар үүссэн ногдол. Тухайн тээврийн хэрэгсэл Т.Б ХХК-ийн нэр дээр шилжсэн үеэс үүссэн татвар, төлбөр. Өмнөх өмчлөгчийн төлөгдөөгүй татварын өр байвал өмнөх өмчлөгчийн өр гэж иргэний регистрийн дугаараар гарч ирдэг. Эзэмшилд бүртгэлтэй үеэр ногдол үүснэ. Авто тээврийн үндэсний төв машин болгоны татварын ногдлыг харах боломжтой. Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн системтэй тул өмнөх эзэмшигчийн мэдээлэл гарч ирнэ. Программ Замын цагдаагийн газартай холбогддог. Татвараа төлсөн, төлөөгүй нь Замын цагдаагийн газарт программаас харагддаг. Лавлагаагаар 2019 онд 3811 автомашин Т.Б ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй гэсэн мэдээлэл ирсэн байна.

Сонсох ажиллагаа хийсэн. Хамтарч ажиллая гэхээр өөрсдөө судалгаа баримтаа гаргаж өгөөгүй. Зээл төлж дууссан ч хүмүүс нь албан ёсоор эзэмшигчээ шилжүүлээгүй машины судалгаанууд байна уу? байгаа бол тийм судалгаагаа гаргаж өгөөч гэхээр тухайн үед өгөхгүй байсан учраас бид ногдлын 60 хувиар нь тооцсон. Суутгаж татаагүй 40 хувийн ногдлыг чөлөөлөөгүй, ногдол нь төлөгдөөгүй үлдэгдэл байгаа.” гэв.

Хариуцагч Т.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Мэдээлэл харилцан солилцох гэрээний үндсэн дээр Авто тээврийн үндэсний төв манай программтай нэгдсэн нэг шугамтай дундын мэдээллийн сантай болсон байгаа. Авто тээврийн үндэсний төв манай программ 2 нэг орж ирээд яг эзэмшигч нь хэн бэ? хэдэн машин байгаа гэдэг нь шууд харагддаг учраас манайх Авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа авах шаардлагагүй, нэгдсэн нэг системтэй дундын мэдээлэлтэй учраас нэмэлт лавлагаа авах шаардлага байхгүй.” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс авто тээврийн татвар болон авто зам ашигласны төлбөрийг татан барагдуулсан үйлдэлд гомдол гаргасан байдаг. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна гэж заасан. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаанаас харвал тухайн Т.Б ХХК нь 3000 гаруй автомашиныг эзэмшдэг гэсэн мэдээлэл ирсэн. Мөн түүнчлэн бид энэ автомашины эзэмшигч биш шууд бус эзэмшигч нь зээл авсан машины эзэмшигч гэдэг. Гэтэл Авто тээврийн тухай хуульд зааснаар тухайн авто машиныг эзэмшиж байгаа этгээд нь энэ татварыг төлөхөөр заасан. Тухайн нэг этгээд авто машиныг үндсэн эзэмшигч нь гээд унаад, эдний аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгүүлж авто машин эзэмшигчийн нэрээ шилжүүлэхэд бид тэр этгээдийг олж татвар ногдуулах боломжгүй. Тэгэхээр татварын байгууллага тухайн автомашиныг хэн эзэмшиж, хэний нэр дээр байна, тэр харьяаллын дагуу татвар ногдуулалт үүсэж татварыг ногдуулдаг. Хуульд заасан үндэслэл журмын дагуу татварын албанаас холбогдох татварын өр төлбөрийг хураах ажиллагааг хуулийн дагуу 10 хоногийн мэдэгдэх хуудсыг хүргүүлж, данснаас нь шаардлагатай татварын суутгалыг татварын байцаагч нар татан авдаг байгаа.  Тухайн аж ахуйн нэгжийн татварыг татан авсан үйлдэл нь 2018 болон 2019 оны холбогдох татварыг 2019 оны 12 дугаар сард татсан. Энэ нь Авто тээврийн тухай хуулиар авто тээврийн тухайн жилийн татварыг иргэн 6 дугаар сарын 01-ний дотор урьдчилж төлсөн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч 2018, 2019 оны татвараа 12 дугаар сар хүртэл татвараа төлөөгүй явж байсан. Нэг ёсондоо төлөх хуулийн хугацаа дууссанаас хойш 6 сар өнгөрсний дараа татварын байгууллага татаж барагдуулах ажиллагаа хийсэн гэсэн. 2018 оны тодорхой хэмжээний төлбөр татварт байдаг. Нийт 22 сая 400 гаруй мянган төгрөгийн татвар бодогдсон байдаг ба данснаас татан авалт хийсэн нь тухайн үнийн дүнгийн 60 хувиар тооцож татан авалт хийсэн. Энэ нь тухайн татвар төлөгчийн хүсэл, мөн зээл авсан машины эзэмшигчийн хооронд иймэрхүү асуудлууд үүсдэг учраас үнийн зөрүү гарах магадлалтай гээд татварын байгууллагаас ярилцсаны дүнд нийт үнийн дүнгийн 60 хувьд нь татварын суутгалыг хийсэн. Тиймээс хуулийн дагуу албан татвар төлөх үүргээ гүйцэтгээгүй татвар төлөгчийн татварыг зохих журмын дагуу барагдуулж данснаас татан авалт хийсэн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тухайн жилийн татварыг 6 дугаар сарын 01-ний өдрөөс хураах сүүлийн хугацаа дуусч байгаа. 2018, 2019 оны ногдлыг тухайн байгууллагаас бид 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр татсан. Гэтэл энэ 6 сарын хугацаанд оногдох хугацаандаа татвараа төлөөгүйтэй холбоотой ямар ч торгууль, алдангийг ногдуулаагүй. Энэ нь татварын байгууллагын зүгээс тухайн аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлсэн. Ногдлын мөнгөн дүнг нь 60 хувиар татсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан хуульд заасан үндэслэлгүйгээр татварыг татсан гэдэг. Гэтэл Авто тээврийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч нь татварыг төлөх үүрэгтэй. Мөн авто тээврийн татварыг банк бус санхүүгийн байгууллага төлөөд байдаггүй харагддаг. Гэрээгээрээ зохицуулж өгдөг, эсхүл гэрээ байгуулахаас өмнө өмнөх өр ширээ хаалгаж байгаад гэрээ байгуулдаг харагдаад байгаа учраас иргэн төлдөг. Машиныг нь шилжүүлж өгөхдөө тухайн төлбөр тооцоо байвал бүгдийг нь дуусгаж байгаад шилжүүлдэг харилцаа байгаа.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн DNP191211006 дугаартай мэдэгдэх хуудсаар Т.Б ХХК-д үүссэн авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийн ногдлыг төлөх хугацаа тогтоон, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахаас гадна Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “төрийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” үндэслэлээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг мэдэгдсэн.

Улмаар Т.Б ХХК-д авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварт үүссэн 15,448,889.00 төгрөгийн, авто зам ашигласны төлбөрт үүссэн 6,734,270.00 төгрөгийн, агаарын бохирдлын төлбөрт үүссэн 264,725.00 төгрөгийн, нийт 22,447,884.00 төгрөгийн ногдлоос 60 хувьтай тэнцэх төлбөрийг буюу авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварт 9,269,333.40 төгрөгийн, авто зам ашигласны төлбөрт 4,040,562.00 төгрөгийн, агаарын бохирдлын төлбөрт 158,835.00 төгрөгийн, нийт 13,468,730.00 төгрөгийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн Хаан банк дахь харилцах дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар суутган гаргуулсан байна.   

Нэхэмжлэгч Т.Б ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 13,468,730.40 төгрөгийн татвар суутган авсан үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Т.Б ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг барьцаалж, эзэмших эрхийг нь шилжүүлэн авдаг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиолдолд автомашины эзэмших эрхийг буцаан шилжүүлдэг бөгөөд ийнхүү тээврийн хэрэгслийн эзэмшигч байх хугацаанд автотээврийн хэрэгслийн албан татварт 15,448,889.00 төгрөгийн, авто зам ашигласны төлбөрт 6,734,270.00 төгрөгийн, агаарын бохирдлын төлбөрт 264,725.00 төгрөгийн, нийт 22,447,884.00 төгрөгийн ногдол 2017-2019 оны байдлаар үүсчээ.

Хариуцагч татварын өрийн тооцооллыг татвар, төлбөрийн төрлөөр, татварын ногдлын дэлгэрэнгүйг татвар, төлбөрийн төрлөөр, тээврийн хэрэгсэл тус бүрээр марк, улсын дугаар, арлын дугаар, нэхэмжлэгч компанийн эзэмшилд байсан хугацаагаар гаргаж ирүүлсэн, тооцооллын хувьд болон тухайлан тээврийн хэрэгсэл эзэмшилд байсан эсэх, татварыг төлсөн эсэхэд нэхэмжлэгч маргаагүй. 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан шууд эзэмшигч бөгөөд, мөн хуулийн 235 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч автомашины эзэмшигч болсон үндэслэлээр эзэмшилд байх хугацаанд тухайн автомашинд ногдох татвар, төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй, автомашины жинхэнэ өмчлөгч төлөх үүрэгтэй, татварыг шууд суутган авсан татварын албаны үйлдэл нь “ тус компанийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”  үндэслэлээр илт хууль бус гэж маргасан байна.

Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувьд эзэмшигч нь татвар төлөгч, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч нь агаарын бохирдлын төлбөр төлөгч, өөрөөр хэлбэл Автотээврийн тухай хуульд заасан автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлд эзэмшигчээр бүртгэгдсэн этгээд тухайн тээврийн хэрэгслийн албан татварыг, мөн авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулахаар, 7 дугаар зүйлийн 7.1-д хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөхөөр, 7.2-т аж ахуйн нэгж байгууллага авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж, дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлэхээр заажээ.

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг граммаар тодорхойлон автомашины ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр тооцон 1800-9500 төгрөгөөр тогтоосон  ба төлбөр төлөгч нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх бөгөөд тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээнд энэ талаар тэмдэглэгдэнэ.

Авто замын тухай хуульд зааснаар автозамын сан бүрдүүлэх, улсын болон орон нутгийн чанартай зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, засвар арчлалтад хяналт тавих эрхийн хүрээнд улсын болон орон нутгийн зам ашигласны төлбөрийг эрх бүхий этгээдээс тогтоодог.  

Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тогтоосон, үүгээр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг техникийн үзлэг оношлогоонд хамруулах, албан татвар, төлбөрийг хураах, даатгалд хамруулах тогтолцоог уялдуулсан, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдээс тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, автозам ашигласны болон агаар бохирдуулсны төлбөрийг татварын алба хураахаар байна. Ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл улсын бүртгэлд техникийн тодорхой үзүүлэлтүүдээр улсын дугаар, арлын дугаараар бүртгэгддэг, энэ бүртгэгдсэн үзүүлэлтүүдээр татвар, төлбөрийн хэмжээ тодорхойлогддог, улсын дугаар, арлын дугаараар бүртгэгдсэн тул нэг тээврийн хэрэгсэлд өмнөх, дараах эзэмшигчид татвар, төлбөр давхардуулан ногдуулах, төлүүлэх явдал үүсэхгүй, иймд энэ талаар маргаагүй.

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 31 дүгээр зүйлд зааснаар татварын алба татвар ногдуулалт, төлөлтийг хянах, удирдлагаар хангах, хяналт шалгалтыг шуурхай зохион байгуулах, албаны үйл ажиллагаа ил тод байх зориулалт бүхий бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай, тэр санд хөндлөнгийн /гаалийн, автотээврийн г.м/ мэдээллийг хууль тогтоомжид зааснаар цуглуулах эрхтэй, энэ эрх, чиг үүргийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, Татварын ерөнхий газар хооронд “Мэдээлэл харилцан солилцох” гэрээ хийгдсэн, гэрээнд тусгагдсанаар Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг Татварын ерөнхий газарт ирүүлж, татварын мэдээллийн санд бүртгэдэг байна.    

Шүүхийн шаардсанаар Авто тээврийн үндэсний төв  Т.Б ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн болон бүртгэлээс хасагдсан огноогоор тээврийн хэрэгслийн лавлагааг марк, улсын дугаар, арлын дугаараар ирүүлсэн, нэхэмжлэгч мөн л тухайлан тээврийн хэрэгслийг эзэмшилд байсан эсэх, эзэмшилд байсан хугацаатай маргаагүй, энэ бүртгэл нь тус компанийн эзэмшилд байсан хугацааг тодорхойлох бөгөөд энэ хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэнийг нотлож байна.

Иймд Т.Б ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хугацаанд тухайн автомашины татвар, төлбөрийг төлөх үүрэгтэй, тухайн машиныг ашиглаагүй, өмчлөгч биш, фидуцийн гэрээгээр эзэмшилдээ шилжүүлсэн гэх үндэслэлүүд түүнийг татвар, төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй, татварын алба тус компанид татвар, төлбөрийн ногдол үүсгэсэн нь үндэслэлтэй, дээрх байдлаар хуульд нийцсэн байна.   

Түүнчлэн татварын өрийг төлүүлэх хугацаа тогтоосон, төлөөгүй тохиолдолд  Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан “хугацаанд нь төлөөгүй татварыг хураах” ажиллагааг хэрэгжүүлэх талаарх 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн татварын албаны DNP191211006 дугаартай мэдэгдэх хуудсыг “Монгол шуудан” ХК 12 дугаар сарын 18-ны өдөр татвар төлөгчийн хаягаар гардуулсан нь Татврын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасанд, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн Хаан банк дахь харилцах дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар суутган гаргуулсан нь мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан “хугацаанд төлөөгүй татварыг хураах” журамд тус тус нийцсэн байна.

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 711 дүгээр зүйлийн 711.2.1-д зааснаар арилжааны банк нь харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор шилжүүлэх үүрэгтэй.

Иймд татварын улсын байцаагч 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр  13,468,730.00 төгрөгийг татвар, төлбөрт суутган авсан үйлдэл хуулиар зохицуулагдсан, татварын албаны татвар, төлбөр суутган авсан энэ үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Б ХХК нь зээлийн барьцааны гэрээндээ тухайн гэрээний хугацаанд албан татвар, төлбөр хураамжийг хэрхэн барагдуулахыг зээлдэгчид үүрэг болгох, үүнээс үүдэлтэй хохирлыг хэрхэхийг тусгах, нэгэнт үүссэн татвар, төлбөрийн ногдол, төлөлтийг үүрэг гүйцэтгэгчээс иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.3, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 13,468,730.00 төгрөгийг албан татвар, төлбөрт суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Т.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА