Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0091

 

Нэр бүхий 8 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М д х” ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Н.Б, С.Г, Ж.М нарыг оролцуулан, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27- ны өдрийн 518 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Нэр бүхий 8 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М д х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М д х” ТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор баталсан “Даатгалын компани болон мэргэжлийн оролцогчоос төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох” журмын 2.1, 2.2, 2.3, 2.6, 2.7 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу даатгалын үйл ажиллагаанд хяналт тавьж, зохицуулалт хийдэг бөгөөд даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компаниудаас зохицуулалтын үйлчилгээний хөлс буюу төлбөр, хураамжийг төвлөрүүлж, үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг төрийн байгууллага юм гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 20 дугаар зүйлийн 20.1.2, Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.17-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Санхүүгийн Зохицуулах Хороо зохицуулалт үйлчилгээний хөлс нэртэй төлбөр хураамжийг даатгалын компаниудын олж буй орлоготой нь уялдуулан авч байгаа нь өөрөө ямар хуулиар зөвшөөрөгдсөн харилцаа вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Санхүүгийн Зохицуулах Хороо бол төрийн байгууллага. төрийн байгууллага үйлчилгээ үзүүлснийхээ төлөө зохицуулалт үйлчилгээний хөлсийг авч байна гэсэн хариуцагчийн тайлбарт үндэслэвэл энэ нь Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 5.6-д заасан "хураамж" гэсэн ойлголтод хамаарна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ямар ямар ажил үйлчилгээ үзүүлснийхээ төлөө зохицуулалт үйлчилгээний хөлс авсан талаараа дурдсан. Үүнд:

а/. Тусгай зөвшөөрөл 474-г олгосон.

Энэ бол яах аргагүй хураамж мөн боловч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18.1.1, 18.1.2; 18.1.3; 18.1.4; 18.1.5; 18.1.6; гэх мэт маш олон төрлөөр тусгай зөвшөөрөл олгоход хураамж төлөхөөр хуульчилсан. Энэ хуультай журам давхардуулан тусгай зөвшөөрөл олгосны төлөө хөлс авахаар зохицуулсан.

б/. Хорооны тогтоол 51-г гаргасан гэжээ.

Энэ нь Төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ биш бөгөөд тогтоол гаргах бүрд тэдэн төгрөгийн хураамж төлнө гэсэн хуулийн заалт байхгүй.

в/. Журам заавар шинэчлэн баталсан, тушаал гаргасан, албан бичиг явуулсан, авсан, хяналт шалгалт хийсэн, иргэдээс ирсэн өргөдөл гомдол шийдвэрлэсэн, сургалт явуулсан, сурталчилгаа хийсэн гээд олон ажлуудыг дурджээ.

Эдгээр ажлууд төрийн байгууллагын өдөр тутмын заавал хийх ажлууд бөгөөд үүнийг хийлгэсний төлөө ард түмний төлсөн татварын мөнгөнөөс буюу төсвөөс хариуцагч байгууллагыг санхүүжүүлж байгаа.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1.1,5 дугаар зүйлд хураамж авах заалт мөн алга. Иймд зохицуулалтын үйлчилгээний хөлс нь хуульд заасан хураамж гэсэн ойлголтод хамаарахгүй ойлголт болж байна.

Нэгэнт хуульд заасан хураамж гэх ойлголтод хамаарахгүй төрийн байгууллагын өдөр тутам хийх ажлын төлөө хөлс авч байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд 12.1-д Даатгалын уйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ, 12.2. Зохицуулах хорооны үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын бүтцийг Улсын Их Хурал баталж, улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасан.

Гэтэл амьдрал дээр Санхүүгийн зохицуулах хороо төсвөөс санхүүжилт авахын зэрэгцээ даатгалын компаниудаас жил бүр зохицуулалт үйлчилгээний хөлсийг орлогоос нь хамааруулан авдаг.

Санхүүгийн Зохицуулах Хороо энэхүү зохицуулалт үйлчилгээний хөлсийг Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасны дагуу авч байгаа.

Гэвч дээрх 2 хуулийн заалтаар даатгалын компаниудын олж буй орлогоос нь хамааран жил бүр, тодорхой хувиар, татвар мэтээр авч бай гэсэн эрхийг хуулиар олгоогүй. Харин хүчингүй болгуулахаар хандаад буй журмын тухай бүр төвлөрүүлэх хэсэгт заасан зохицуулалтын хөлсний хэмжээг тогтоож түүгээр санхүүжих эрх нь хороонд хуулиар олгогдсон. Үүнтэй хэн ч маргахгүй.

Хувь тогтоох, хэмжээг тогтоох гэсэн 2 ойлголт энэхүү захиргааны актыг хууль бус захиргааны акт мөн эсэхийг тогтооход ач холбогдолтой ойлголт болж байна.

Санхүүгийн зохицуулах хороонд зохицуулалт үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрх олгогдсон.

Харин "зохицуулалт үйлчилгээний хөлсний хувийг тогтооно" гэсэн үг үсэг хуульд байхгүй.

Яг энэ утга агуулгаар Харилцаа холбооны зохицуулах хороо зохицуулалт үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоохдоо тогтмол байдлаар, хувьсан өөрчлөгдөхгүй, орлогоос нь хамааран хувиар авдаггүй тухай бүрт үйлчилгээ үзүүлсний төлөө авч байх журам гаргасан.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт үйлчилгээний хөлсийг хувиар тооцон авах журам гаргаж хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн.

Татварын ерөнхий хуулийн 3.1-д "Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй" гэж заасан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо УИХ-ын энэ эрхийг эдэлж байна.

Яагаад бид татвар гэж үзэж байна вэ гэхээр Татварын ерөнхий хуулийн 5.2-д заасан татвар гэх ойлголтын бүх шинжийг Зохицуулалтын хөлс гэх ойлголт өөртөө бүрэн агуулж байна. Тодруулбал: Даатгалын компаниудын орлогоос тодорхой хугацаанд буюу жил бүр тодорхой хувиар буюу 0,5 хувь, мөн 0,55-0,65 хувиар ногдуулж Санхүүгийн зохицуулах хорооны дансанд хариу төлбөргүйгээр авч байгаа.

Татварын ерөнхий хуулийн 5.2-д хувь, хэмжээ гэсэн хоёр ойлголт байгааг тодруулан заасан байгааг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна уу.

Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд даатгалын компаниудын хүлээх эрх, үүргийг хуульчилсан байх бөгөөд энэ зүйлд даатгалын компаниуд "Зохицуулалт үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй" гэж хуульчлаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М д х ТББ нь нэр бүхий 8 даатгалын компанийг төлөөлөн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор баталсан “Даатгалын компани болон мэргэжлийн оролцогчоос төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох” журмын 2.1, 2.2, 2.3, 2.6, 2.7 дахь заалтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Энэхүү журмын холбогдох хэсгээр Санхүүгийн зохицуулах хороо нь ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгалын компаниас жил бүр зохицуулалт үйлчилгээний хөлсийг даатгалын үйл ажиллагааны орлогоос хувиар тооцож авахаар тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчээс “Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тогтоохдоо хувиар буюу үйл ажиллагааны орлогоос хувиар тооцож авах эрхгүй” хэмээн маргажээ.

Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгожээ. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хянах чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор даатгалын компаниас зохицуулалт үйлчилгээний хөлс авах журмыг баталжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлэх зохицуулалт үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхтэй байна. Энэ хүрээнд захиргааны байгууллагаас журам гаргаж, зохицуулалт үйлчилгээний хөлсийг даатгалын цэвэр хураамжийн орлогоос хувиар тооцож авахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийн 5.3-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх хөлсний хэмжээг тогтоохдоо зах зээлийн хөгжлийг дэмжих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, даатгалын үйл ажиллагаанд оролцогчдын санхүүгийн чадавхад нийцүүлэх зарчмыг баримталж тооцохоор зохицуулжээ.

Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь зохицуулалт үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоохдоо орлогоос хувилан тооцох аргыг сонгон хэрэглэсэн нь дээрх зарчмууд буюу санхүүгийн чадавхад нь нийцүүлэх зарчимд тохирсон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр 1.1, 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын шийдвэрийг хянахдаа хуулиар тогтоосон эрхээ хэтрүүлсэн эсэх, хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн эсэхийг хянах ба энэ тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар эрх олгогдсон хүрээнд зохицуулалт үйлчилгээний хөлсийг тооцох журмыг баталж, шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь ямар аргыг хэрэглэн зохицуулалт үйлчилгээний хөлсийг хэрхэн тооцож, тогтоохоо өөрөө шийдвэрлэх болохоос шүүх хөндлөнгөөс оролцож, тухайлбал “орлогоос хувиар тооцох аргыг хэрэглэсэн нь буруу” гэж дүгнэх боломжгүй. Иймээс нэхэмжлэгчийн “Хороо нь хөлсийг хувиар тооцон авах журам гаргаж, хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “зохицуулалт үйлчилгээний хөлс гэх ойлголт нь албан татвар, хураамж, төлбөрийн алинд ч хамаарахгүй тул хуулиас гадуур авч байгаа татвар" гэх гомдлын тухайд: Энэхүү зохицуулалт үйлчилгээний хөлс нь Санхүүгийн зохицуулах хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зориулсан санхүүжилт бөгөөд даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах чиг үүргийг хэрэгжүүлэхэд зориулагдсан, даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий компаниас авч байгаа төлбөр бөгөөд энэ нь Татварын хуульд заасан татвар биш байна.

“Тусгай зөвшөөрөл авсны төлөө тэмдэгтийн хураамж төлсөн атал давхардуулан зохицуулалт үйлчилгээний хөлс авч байгаа” гэх гомдлын тухайд ч зохицуулалт үйлчилгээний хөлсийг хуулиар тусгайлан зохицуулсан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаас ялгаатай, даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс авах төлбөр тул дээрх гомдол үндэслэлгүй.

Зохицуулалт үйлчилгээний хөлсний зорилго нь даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгалын компаниас төлбөр авч, уг төлбөрөөр даатгалын үйлчилгээг зохицуулах, хянах чиг үүргээ хэрэгжүүлдэг байна.

Нэхэмжлэгчийн “Журам заавар шинэчлэн батлах, хяналт шалгалт хийх, сургалт хийх зэрэг нь төрийн байгууллагын өдөр тутмын ажил бөгөөд өдөр тутам хийх ажлынхаа төлөө хөлс авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэх гомдлын тухайд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар зохицуулалт үйлчилгээний хөлс нь Санхүүгийн зохицуулах хорооны санхүүжилтийн эх үүсвэр болж байх ба уг байгууллага нь улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө болон зохицуулалт үйлчилгээний хөлсний аль алинаар нь зэрэг санхүүжигдэж байх тул “төрөөс санхүүждэг” гэх үндэслэлийг салгаж ойлгох, улмаар даатгалын үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зохицуулалт үйлчилгээний хөлс авахгүй гэж үзэх үндэслэлгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан хэргийн оролцогчид хурлын тов мэдэгдэх үүрэгтэй ба нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаагүй боловч шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч талд 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр буюу мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан байна.

Гэвч шүүх хуралдаан болох өдөр буюу 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг нотлох баримтгүйгээр ирүүлсэн байгаа нь хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэл болж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдаж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧИД

Ц.ЦОГТ

Д.БАТБААТАР

П.СОЁЛ-ЭРДЭНЭ