Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 118/2015/0031/з |
Дугаар | 221/МА2016/0485 |
Огноо | 2016-07-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0485
“*******” хоршооны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “*******” хоршооны нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн11 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.1.10, 15.1.11, 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1, 52.3, 5.9.1, 5.9.2, 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “*******” хоршооны дарга С.*******гийн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч З.*******ийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-07-003/207 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч төлөөлөгч С.******* давж заалдах гомдолдоо: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр”, 34.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагын дагуу үнэлээгүй, хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тухайлбал:
1. Миний бие нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч З.*******ийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-07-003/207 дугаар дүгнэлт бол “*******” хоршооны дарга С.******* намайг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж мөн шүүх уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Ингэхдээ өөрийн эзэмшлийн бохир ус зайлуулах шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах ёстой гэж үзэж миний үйлдлийг буруутгаж байна.
Гэтэл миний маргаан үүсгэсэн гол үндэслэл бол Б.*******, Б.*******, Д.*******, Н.*******, Ө.******* зэрэг бусад хэрэглэгчдийг өөрийн эзэмшлийн бохирын шугамаас холболт хийхийг огт зөвшөөрөхгүй байгаа асуудал биш бөгөөд холболт хийж болно, гэхдээ Иргэний хуулийн дагуу өмчлөгч, эзэмшигч надтай зөвшилцөж тохиролцсоны үндсэн дээр барилгын норм дүрэм стандартын дагуу тавигдсан шаардлага хангасан /БНбд-40-01-06 стандартын дагуу 0-150 мм-ийн стандартын хоолой/ хоолойгоор өмнө тавьсан 0-100 мм-ийн хоолойг сольж тавьсны дараа холболт хийж хамтран ашиглаж болох шаардлагыг тавьж байгаа.
Гэтэл миний энэхүү шаардлагыг мэргэжлийн хяналтын байцаагч болон шүүхээс намайг өөрийн эзэмшлийн бохирын шугамаас бусад хэрэглэгч нарт холболт хийхийг огт зөвшөөрөхгүй байгаа мэтээр ташаа тайлбар хийж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, Иргэний хуулийн 138.1 дэх заалтуудаар нэхэмжлэгч намайг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хэдийгээр дээрх хуулийн дагуу гуравдагч этгээдүүд нь манай эзэмшлийн газар болон бохирын шугамаар дамжин төв шугамд холбогдох эрхтэй ч гэсэн энэ бохирын шугамын холболтын ажил нь барилгын тусгай норм, дүрэм, стандартын дагуу хийгдэх ажил учраас тэр л зөвшөөрөгдсөн норм, дүрэм, стандартынхаа дагуу хийгдэх ёстой. Хуулиар эрх олгогдсон байлаа гээд тэр эрхээ ямар ч аргаар хамаагүй хэрэгжүүлж болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч миний шаардлага хууль зүйн үндэслэлтэй бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагчийн 07-07-003/207 дугаар дүгнэлт болон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийн 2-т “... БНбд 40-01-06 2-н 33 дугаар үндэслэлийн дагуу Завхан аймгийн Улиастай хотын инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санд бүртгэгдсэн схемийн 2 дугаар худгаас 4 дүгээр худаг хоёрын хооронд 51.2 м шугамыг D-150 мм-ийн стандартын хоолойгоор солих нь зүйтэй” гэж заасан.
Гэтэл 2016 оны 05 сарын 03-ны нэмэлт шинжээчийн дүгнэлтээр “... Стандартын хоолойг солих асуудал нь талууд тохиролцож шийдэх асуудал юм. Гэхдээ солихгүй ч байсан болно” гэж ямар ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан. БНбд 40-01-06 норм, стандартад 150 мм-ийн стандартын хоолой байхаар зааснаас биш хоорондоо тохиролцож шийдэж болох, сольж ч болно, солихгүй ч байж болно гэсэн үндэслэлгүй, утгагүй заалт барилгын ямар ч норм, дүрэм стандартад байхгүй болно. Хэрвээ хоорондоо тохиролцоод шийдчихдэг, дуртайгаа хийж болдог зүйл байсан бол барилгын норм, дүрэм, стандарт гэж байх шаардлагагүй юм.
Инженерийн шугам сүлжээний ажил бол хоорондоо тохиролцож шийддэг ажил биш бөгөөд тусгай тооцоолол, норм дүрмийн дагуу хийгддэг ажил юм. Гэтэл ингэж хоёр зөрүүтэй шинжээчийн дүгнэлт гарсаар байтал энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр, аль шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн, аль дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн талаар дүгнэлт хийж нотлох баримтыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь бодитой үнэлэлгүй зөвхөн С.******* гэдэг хүн бусад хэрэглэгч нарын эрхийг эдлүүлэхгүй байна гэсэн өнгөцхөн зүйлд хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт ингэж илт зөрүүтэй байгаа тохиолдолд дахин шинжээч томилох ёстой. Гэтэл шүүх дахин шинжээч томилуулах тухай гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг мөн үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.
3. Мөн шүүхээс “... нэхэмжлэгчид бодитой хохирол учраагүй, ... зөвхөн ирээдүйд бий болж болзошгүй хохирлын талаар буюу бохир усны шугамын ачаалал даахгүй гэх таамаглалаар хөрш газрын өмчлөгч болох гуравдагч этгээдийн бохир усны шугамыг тасалсан үйлдэл нь хуульд нийцэхүй байна” гэж дүгнэсэн.
Гэтэл барилгын хүчин төгөлдөр норм дүрэм стандарт /БНбд 40-01-06/ зөрчигдсөөр байтал заавал бохирын шугам нь ачааллаа даахгүй битүүрэхийг нь, задрахыг нь хүлээж байгаад ийм бодитой нөхцөл байдал үүсч хохирол учирсных нь дараа арга хэмжээ авах ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрх байдлаар хууль зүйн үндэслэлгүй, хуулийн шаардлага хангаагүй Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч З.*******ийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-07-003/207 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “*******” хоршооноос “Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-07-003/207 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
“*******” хоршоо нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 269 дүгээр захирамжийн дагуу Улиастай сумын Жинст багийн Явуугийн гудамж хэсэгт 1428 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байхдаа өөрийн хөрөнгөөр бохир усны гадна шугам сүлжээг барьж угсран, “Өргөө” зочид буудал, зоогийн газрын барилгыг Улиастай сумын бохирын нэгдсэн шугам сүлжээнд холбуулжээ.
“Тэгш хэм” дунд сургуулиас бохир усны шугамын холболтоо “Өргөө” зочид буудлын анхны худагт холбуулахаар 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөлийг “Амь-Ус трейд” ОНӨААТҮГ-аар гаргуулсан, “Өргөө” зочид буудлын зүүн өмнө орших 1 дүгээр худагт дээрх сургуулийг бохирын худагт холбохыг “*******” хоршооны дарга С.******* зөвшөөрснөөр “Тэгш хэм” дунд сургууль дээрх бохирын шугамд холбогдсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар захирамжаар 1186 м.кв талбай бүхий газрыг сургалтын үйл ажиллагааны зориулалтаар эзэмшиж, уг газарт байрлах “Тэгш хэм” сургуулийн барилгыг иргэн Б.******* өмчилж байсан бөгөөд Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/137 дугаар захирамжаар уг эзэмшил бүхий газраасаа 724 м.кв газрыг өмчлөх болж дээрх газрын болон сургуулийн барилгын тодорхой хэсгийн өмчлөх эрхийг иргэн Б.*******, Д.*******, Н.*******, Ө.******* нарт шилжүүлжээ.
Үүнээс өмнө тухайн барилга бохирын шугамд холбогдсоноор үйл ажиллагаа хэвийн байсан бөгөөд “*******” хоршооны дарга С.******* нь өөрийн хоршооны эзэмшил газар дахь иргэн Б.*******, Б.*******, Д.*******, Н.******* нарын ашигладаг газар доогуурх бохирын худаг, шугам сүлжээг тасалсан нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Хэдийгээр “*******” хоршоо нь бохирын худаг, шугам сүлжээг өөрийн зардлаар хийлгэсэн боловч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10 /хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах/-д заасны дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэйгээс гадна “*******” хоршооны дарга С.******* нь 2010 онд өөрийн эзэмшлийн сүлжээнд зөвшөөрөл өгч холбуулсан атлаа хожим үүсэх эрсдэлээс хамгаалсан гэх үндэслэлээр гуравдагч этгээдүүдийн бохирын шугамыг тасалсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.
Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хангагч дор дурдсан нөхцөлд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийж болно“, 16.2-т “Хангагч дор дурдсан нөхцөлд хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах буюу зогсоох хүртэл арга хэмжээ авна“ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “*******” хоршооны дарга С.*******д бохир ус татан зайлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийх, зогсоох хүртэл арга хэмжээ олгогдоогүй байна.
Иймд “*******” хоршооны дарга С.*******гийн бохирын шугамыг тасалсан үйлдэл хууль бус бөгөөд энэ талаар дүгнэсэн хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 /Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно/-т заасан хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ талаар гаргасан “шинжээчийн зөрүүтэй дүгнэлтүүд гарсан байтал хэргийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг” “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.9.8, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР